Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1334

 

 

 

 

 

      2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2018/01334

           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26-557 тоотод оршин суух Боржигон овогт Галбадрахын З /РД: /-ийн төлөөлөгч Б.Алтансүхийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул голын гудамжны 73 дугаар байрны 32 тоотод оршин суух Цоохор овогт Тойныжавын Б /РД: /-д холбогдох

            хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.З нь 2004 онд Бтэй танилцаж, 2007 оны 03 дугаар сараас 2010 хүртэл хамтдаа Финлянд улсад ажиллаж амьдарч байсан. 2007 онд охин Есүй төрсөн. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байдаг. 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Иймд Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо үйлдвэрийн 17-041 туул гол гудамжны 73-32 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг байр нь 45.630.000 төгрөгөөр үнэлэгдэж байрны урьдчилгаа төлбөрийг 07 дугаар сарын 03-ны орон сууцны 8 хувьд хамрагдаж төлсөн. Худалдан авсан байрандаа Т.Б ганцаараа амьдарч байгаа нь шударга ёсонд нийцэхгүйгээс гадна Т.Б нь банкны зээлээ төлөхгүйгээс болоод Г.З нь найдваргүй зээлдэгч болсон. Иймд охин Есүй болон Г.З нарыг уг байрны хамтран өмчлөгчөөр тогтоож, Т.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

            Хариуцагч Т.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Б нь охин З овогтой Есүйг миний төрсөн охин болохыг хуулийн дагуу баталгаажуулан төрсний гэрчилгээ олгон иргэний бүртгэлд эцгийн нэрээр овоглон баримтжуулан баталгаажуулсаны үндсэн дээр хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн хүлээн авч шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. З овогтой Есүй нь Б миний төрсөн охин мөн бөгөөд хуулийн дагуу төрсөний гэрчилгээ, иргэний бүртгэлд эцгийн нэрээр овоглон бүртгүүлэх болон баримтжуулж өгөхийг хүсч байна. Шүүхийн үйл ажиллагааг З овогтой Есүйг миний төрсөн охин болохыг баримтжуулсаны үндсэн дээр эхлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

            Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Тойныжав овогтой Б нь эхнэр Галбадрах овогтой Згийн хамт 2007 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Есүйгээ төрүүлэн эцэг эх нь болсон болно. Бид охиноо төрсөн нутаг Финлянд улсад зөвшилцөн эцэг Б эх З нэрээр Б овогтой Елиса нэрээр бүртгүүлсэн болно. 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний охиныг Монгол улсын иргэний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байдаг. Энэ нь эцэг Б охин Есүй бидний эцэг охин болох, гэр бүл байх, өвлөх өвлүүлэх, сурган хүмүүжүүлэх, тэтгэн асрах, хайрлан хамгаалах эрхийг зөрчин хязгаарлаж байгаа ба үүнийг бидний амьдрах эрхэд сөргөөр ашиглах болсон тул миний бие охиноо Монгол улсын иргэний бүртгэлд өөрсдийн нэрээр овоглон Б овогтой Есүй нэрээр бүртгүүлэн баталгаажуулж охиныхоо эцгээрээ овоглох өвлөх өвлүүлэх, хамтран амьдрах, сурч хүмүүжих, тэтгүүлэх, хайрлуулан хамгаалуулах, амьдралын асуудлаа хамтран шийдэх эрхийг нь ханган хамгаалах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу охиноо Б овогтой Есүй нэрээр бүртгүүлэн баталгаажуулах хүсэлтэй байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Овог, нэрийг өөрчилж бүртгэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд охин Есүйг Бээр овоглуулна гэсэн байх тул энэ нь шүүхэд хамааралгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ   нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Т.Бд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтансүх нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Т.Бээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн охин З.Есүй болон нэхэмжлэгч Г.З нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041, Туул гол гудамжны 73 дугаар байрны 32 тоотын 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.  

             Зохигчид 2004 онд танилцан улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин З.Есүй төрсөн болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.

Гэвч талууд зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос тусдаа амьдарч, түүнээс хойш охин З.Есүйг эх Г.З нь асран халамжилж ирсэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр эцэг Т.Бээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу хариуцагч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх үндэстэй юм.

        Охин З.Есүйг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Финланд улсад төрсөний дараа Монгол улс руу явуулсан, эцэг Т.Б нь байхгүй байсны улмаас эх Г.Згаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд зохигчид хэн аль нь охин З.Есүйн эцэг нь Т.Б болохыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр хүүхдийн эцгийг тогтоож шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

            Зохигчид хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 03 дугаар сараас 2010 оны 4 дүгээр сар хүртэл Финлянд улсад хамт ажиллаж амьдрарч, цуглуулсан мөнгөө  нэхэмжлэгч Г.Згийн ээж Д.Оюунчимэгт явуулж  хуримтуулсаны үндсэн дээр орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлж, Худалдаа хөгжлийн банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041, Туул гол гудамжны 73 дугаар байрны 32 тоотын 2 өрөө орон сууцыг худалдан авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр зөвхөн хариуцагч Т.Б тогтоогдсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ, дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна.

            Иймд дээрх орон сууцыг худалдан авахад хэн аль нь оролцож, тус тусын хөрөнгийг нийлүүлсний үндсэн дээр салгах боломжгүй эд хөрөнгө буюу орон сууц шинээр бий болсон байх тул тус эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Зг тогтоох үндэслэлтэй байна.

            Зохигчдын дундаас төрсөн охин З.Есүй нь маргаан бүхий эд хөрөнгийг бий болгоход оролцоогүй хэдий ч хариуцагч Т.Бээс хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүлээн зөвшөөрсөн тул орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох нь хуульд харшлахгүй гэж үзэв.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

              Хариуцагч Т.Бээс нэхэмжлэгч Г.Зд холбогдуулан охин З.Есүйг өөрийн нэрээр овоглон бүртгүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасныг хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл илэрлээ.

            Учир нь Иргэний бүртгэлийн тухай хуульд зааснаар овог, эцгийн нэр, нэр өөрчлөн бүртгэхтэй холбоотой асуудлыг иргэний бүртгэлийн байгууллага шийдвэрлэх тул шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

            Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 456.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 65.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин З.Есүйн эцэг нь хариуцагч Т.Б болохыг тогтоосугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин З.Есүйг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Б нь тэжээн тэтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.З болон зохигчдын дундаас төрсөн охин З.Есүй нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041, Туул гол гудамжны 73 дугаар байрны 32 тоотын 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Бээс гаргасан охин З.Есүйг өөрийн нэрээр овоглон бүртгүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 456.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

        6. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041, Туул гол гудамжны 73 дугаар байрны 32 тоотын 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.З, охин З.Есүй нарыг нэмж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                        

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР