Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00617

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00441 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар магадлалтай, 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******нд холбогдох, 

Урамшуулал, амралтын мөнгө 15,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

20,692,482 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 04 сарын 01-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гишүүдийн хурлын сонголтоор Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хороон даргаар орж ажилласан бөгөөд 2017 оны 10 сарын 27-ны өдөр 07 тоот Үйлдвэрчний эвлэлийн холбооны бага хурлын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар дэвшин ажилласан. 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ажлаас чөлөөлөгдсөн.

Намайг чөлөөлөгдөх үед амралтын тооцоо хийж цалин бодож өгөөгүй. Мөн ажлаас чөлөөлсөн тухай тогтоолыг өгөөгүй учир би нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй. Миний тухайн жилийн ажилласан хугацаа 6 сар байсан бөгөөд амралтын мөнгө 1,200,000 төгрөг авах байсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 3-р зүйлийн 3.3-т заасны дагуу 4-8 жил ажилласан бол 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгохоор заасны дагуу 14,400,000 төгрөг авах ёстой. Миний бие Орхон аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 142/Ш32020/00256 тоот захирамжийн дагуу Орхон аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандсан болно. Энэхүү хорооноос гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2018 оны амралтын мөнгө /хагас жилээр/ 1,200,000 төгрөг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын дагуу 14,400,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг *******ноос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******д 1,200,000 төгрөгийн ээлжийн амралтын олговор олгох ямар ч үндэслэл байхгүй. ******* 2017 оны 10 дугаар сарын 27-оос 2018 оны 5 дугаар сарын 22 хүртэл ажиллаад тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолоор үүрэгт ажлаа хангалттай хийж чадаагүй, Холбооны дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Холбооны даргын ажил, албан тушаалаас огцорсон. Өөрөөр хэлбэл тэрээр 6 сар гаруй ажилласан. ******* нь Холбооны даргаар нэг сар гаруй ажиллаад 2017 оны 12 дугаар сард ээлжийн амралтаа бүтэн бодуулж амралтын олговорт 2,126,456 төгрөг авсан байна. ******* нь ҮЭ-ийн Холбооны даргаар 6 сар ажиллаад огцрох үедээ тус Холбооны автомашин, ажлын компьютер, тэмдгийг авч зугтаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 08 дугаар сарын 03-нд буцаан өгсөн, өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлаа хүлээлгэж өгөх, санхүүтэй тооцоо хийхээс татгалзсан ба шүүхэд цалин хөлстэй холбоотой 12 сая орчим төгрөгийн нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний 00921 тоот, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны 129 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны 0433 тоот тогтоолоор нэхэмжлэл нь бүхэлдээ хэрэгсэхгүй болсон тул одоо цалин хөлсний талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болно. ******* нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан биш Холбооны Дэмжлэг урамшуулал олгох журмын 3.3-д дэмжлэг урамшууллыг санхүүгийн сахилга бат, ажлын үр дүнг харгалзан олгох тул энэ шаардлагыг хангаагүй гэж огцорсон этгээдэд урамшуулал олгох үндэслэл байхгүй. ******* Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан биш тус Холбооны дүрмийн дагуу Бага хурлаар сонгогдсон Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга байсан тул түүнд тушаал шийдвэр гардуулж өгөх асуудал байхгүй. Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус Холбооны даргаар ажиллаж байсан ******* нь үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж Т.Ариунзаяаг тус Холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаас халсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэр, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 60 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтоолоор тогтоогдсон. Эдгээр шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн холбоо Т.Ариунзаяад 4,375,822 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин төлсөн.

Мөн Т.Ариунзаяа нь анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэр гарснаас хойш 2019 оны 01 дүгээр сарн 19-нийг дуусталх цалингийн олговорт 16,316,660 төгрөг нэхэмжилсэн ба үүнийг анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны 00232 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний 56 тоот магадлалаар хангаж шийдвэрлэсэн. Т.Ариунзаяагийн хоёр удаагийн нэхэмжлэлээр шүүхийн шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн Холбоо /4,375,822 + 16,316,660/ 20,692,482 төгрөг төлж хохирсон нь Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргаар ажиллаж байгаад огцорсон *******ийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай шууд холбоотой тул 20,692,482 төгрөгийн энэ хохирлыг *******өөс гаргуулж манай Холбоонд олгоно уу гэжээ. 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Т.Ариунзаяа нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан ******* миний 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж 01402 тоот Тогтоол гарсан байх бөгөөд энэ үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ дарга Т.Төгсбаяр эрх хэмжээнийхээ хүрээнд Төлөөлөгч томилж хяналтын шатны шүүх хуралд гомдол гаргаж оролцсон. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 01402 дугаар тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэрэгжүүлсэн баримт хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №Б/02 тоот тушаалаар Т.Ариунзаяагийн хөдөлмөрийн эрхийг сэргээж, нөхөн олговор болох 4,375,822 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Т. Ариунзаяаг ажилд нь эгүүлэн томилохгүй байсан шалтгааны улмаас тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон 16,316,660 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00232 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан *******ийг хамтран хариуцагчаар татуулах шүүхэд хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 -т заасныг үндэслэн хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээд нь ******* биш хэмээн дүгнэж 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 00719 дугаартай Захирамж гаргасан байна. Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаярт Т.Ариунзаяагийн хөдөлмөрийн гэрээний асуудлыг ҮЭ-ийн холбоонд хохирол багатайгаар хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх боломж байсан атал хэрэгжүүлээгүй үйлдэл эс үйлдэл байгаа болох нь дээр дурдсан үйл баримтаар хангалттай нотлогдож байна гэжээ. 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00441 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос 15,600,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгч *******өөс 4,375,822 гаргуулж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16,316,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,413 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 229,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 84,963 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00441 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос 15.600.000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгч *******өөс 4,375,822 гаргуулж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16.316.660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 128 дугаар зүйлийн 128.1.3-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос буцалтгүй тусламж, амралтын олговор 6,788,816 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,811,184 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 20.692.482 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг ... хариуцагчаас 229,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 84,963 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай ... гэснийг ... хариуцагчаас 123,571 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны 68 тоот магадлалыг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

*******ийн 15,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 болон 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг зөрчсөн. Дээрх дүгнэлтийн үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж хавсарган өгсөн журмын 1.1 дэх заалтаар уг журмын дагуу буцалтгүй тусламж олгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж тогтоол гаргах замаар шийдвэрлэхээр, мөн журмын 3.3-д зааснаар ийнхүү шийдвэрлэхдээ ямар шалгуур үзүүлэлтийг харгалзахыг зохицуулсан байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан ҮЭ-ийн байгууллагын чөлөөт эрхийн хүрээнд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийн /Хэргийн 119-136 дахь тап/ 4.1.8, 18.1.9, 31.1-д зааснаар тодорхой зохицуулагдсан хуулийн этгээдийн хамтын удирдлагын эрх хэмжээг шүүх шууд хэрэгжүүлсэн нь хууль бус байна. ******* нь Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 2 удаа өргөдөл хүсэлт өгсөн гэж шүүх хурал дээр худал ярьдаг боловч хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд бичгээр гаргасан, шуудангаар болон цахимаар илгээсэн *******ийн ямар ч өргөдөл хүсэлт байдаггүй. Шүүх энэ мэтчилэн байгууллагын буцалтгүй тусламжийн асуудал, ээлжийн амралтын асуудлыг шууд хүлээн авч шийдвэрлээд түүний дүрмээрээ тогтоосон дотоод хэм хэмжээг үгүйсгээд байвал зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хөндлөнгийн байх шүүхийн үндсэн зарчим алдагдана. ******* Холбооны даргаас огцорчхоод түүнийгээ чөлөөлөгдсөн гэж үзээд буцалтгүй тусламж нэхэж байгаа асуудлыг Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзвэл тэрээр шүүхэд хандах эрх нь нээлттэй байх ёстой.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн Тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу. Байгууллагын дотоод журмын дагуу олгож байгаа буцалтгүй тусламж нь цалин, хөлсний бүрэлдэхүүнд орохгүй. Үүний хууль зүйн баталгаа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Шууд бус орлого-д хамаарахгүй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 чөлөөлөгдөх орлого -д буцалтгүй тусламжийг хамааруулсан явдлаар батлагдана.

Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо сөрөг нэхэмжлэлийн хариуцагч *******ийн ямар ч нотлох баримтаар батлагдахгүй, угаасаа хамтын шийдвэр гаргасан тийм үйл явдал болоогүй, тийм нотлох баримт байхгүй зүйлээр дүгнэлт хийсэн, сөрөг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хууль хэрэглэж шийдвэрлэхийн оронд дотоод журмаараа зохицуулаагүй гэж буруутгасан нь дараах байдлаар хууль бус байна.

а.Сөрөг нэхэмжлэгч бол тухайн нэхэмжлэлийнхээ хувьд иргэний хэргийг үүсгэгч ба хариуцагчийг өөрөө тодорхойлно. Гэм хорын хохирол нэхэмжилж байгаа тохиолдолд хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан гэм буруугүйгээ нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Үйлдвэрчний эвлэлийн холбооны мөнгөн хөрөнгөд хохирол учруулсан хохирлыг арилгуулах асуудлыг дүрмийнхээ 29.7 дахь заалтаар зохицуулсан ба дүрэм хэрэгт авагдсан.

б.*******ийн огт худлаа ярьсан, Т.Ариунзаяагийн талаар Холбооны Тэргүүлэгчдийн хурлаар огт танилцуулж хэлэлцүүлээгүй бодит байдалд нийцээгүй тайлбарыг Үйлдвэрчний эвлэлийн Холбоо нотлох боломжгүй

в.Т.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй хэргийг Холбооны дарга байсан ******* өмгөөлөгчөөрөө /2.0 сая төгрөгийн хөлс авсан Х.Оюунбат/ дамжуулан давж заалдаж, хяналтын шатны шүүхэд хандсан байдаг бөгөөд хэрвээ өмгөөлөгч ажил, мэргэжлийн алдаа гаргасан гэж үзвэл тэрээр өөрт учирсан хохирлоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.14-т зааснаар Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалаас нөхөн төлүүлэх ёстой.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны 68 тоот магадлалд өөрчлөлт оруулж: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг үндэслэн *******ийн нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн Холбооноос 15,600,000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 497.2 дахь заалт, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн *******өөс 15,797,484 төгрөгийг гаргуулан Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд олгуулахаар шийдвэрлэнэ үү гэжээ. 

ХЯНАВАЛ

 ******* нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 15,600,000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар 20,692,482 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлээс 6,788,816 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* нь 2014.01.17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-ны Хүдрийн ил уурхайн эвлэлийн хороо болон ҮЭХ-ны даргаар сонгогдон ажиллаж байгаад 2018.05.22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...хорооны даргаар 3 жил 10 сар холбооны даргаар 7 сар ажилласан тул 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 14,400,000 төгрөгийн урамшуулал, ...2018 оны ээлжийн амралтын олговор 1,200,000 төгрөг гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...6 сар ажиллаад огцорсон тул урамшуулал олгох үндэслэлгүй, ...2017 оны 12 сард амралтын олговор 2,126,456 төгрөг авсан гэжээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 3.3-т зааснаар холбооны дарга 4-8 жил ажилласан бол 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авах эрхтэй боловч энэхүү тусламжийг санхүүгийн сахилга бат, гишүүнчлэлийн тоо, ажлын үр дүнг харгалзан тогтоохоор заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Буцалтгүй тусламж олгоход шаардлагатай дээрх шалгуур үзүүлэлтийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо үндсэн нэхэмжлэлийн энэ шаардлагаас 6,080,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, улмаар шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж тайлбар гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх нь нэхэмжлэлийг энэ хэмжээгээр үндэслэлтэй гэж үзэх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан нэхэмжлэлээс энэ хэсгийг хангасныг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацааны 8 хоногийн ээлжийн амралтын хөлс 708,816 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-г зөрчөөгүй гэж үзлээ.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч ...хорооны даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргаж Т.Ариунзаяаг ажлаас халсан тул шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт төлсөн төлбөрийг гаргуулна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх ...холбооны ажилтныг ажлаас чөлөөлөхөд дангаар шийдвэр гаргадаггүй, тэргүүлэгчдийн гаргасан хамтын шийдвэрийг үндэслэн тушаал гаргадаг, шүүхийн шийдвэр гараагүй байхад ажлаа өгсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, холбооны даргын эрх хэмжээ, хүлээх хариуцлагын талаар дүрэмд тусгайлан заагаагүй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, ******* нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ байгууллагад гэм хор учруулсан гэх байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй, хариуцагч өөрийн сөрөг шаардлагыг баримтаар нотлоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1.-т заасан.  

*******ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн, урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх шаардлагагүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.  

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 270,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ