Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0135

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

 

Н.А-н нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

            Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

            Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

            Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н

            Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгохдоо дутуу олгосон Шүүхийн ерөнхий өвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хохиролд тэтгэмжийн зөрүү 73.488.705 төгрөгийг олгохыг даалгах”,

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 992 дугаар

            Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

            Хэргийн индекс: 128/2023/0870/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Н.А-гаас ШЕЗ-д холбогдуулан “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгохдоо дутуу олгосон Шүүхийн ерөнхий өвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хохиролд тэтгэмжийн зөрүү 73.488.705 төгрөгийг олгохыг даалгах”-аар маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 992 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмжийг дутуу олгосон ШЕЗ-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 73.488.705 төгрөгийг олгохыг ШЕЗ-д даалгаж  шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Дээрх шийдвэрийг гаргахдаа дурдсан үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... сарын дундаж цалин ..." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... сарын дундаж цалин ..." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.Үүнд: Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл / Улсын Их Хурлын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

3.2. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин..." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг ШЕЗ-өөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн Н.Агаас ШЕЗ-д холбогдуулан гаргасан “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгохдоо дутуу олгосон Шүүхийн ерөнхий өвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хохиролд тэтгэмжийн зөрүү 73.488.705 төгрөгийг олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:       

3.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар зарлигаар Н.Аг Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ.

            3.2. ШЕЗ-ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дүгээр тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 234, 235, 236, 237 дугаар зарлигийг тус тус үндэслэж өндөр насны тэтгэвэрт гарсан Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр   ажиллаж байсан Н.Ад 100.800.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна.

            3.3. Нэхэмжлэгчээс “... шүүгчийн цалин хөлсөнд албан тушаалын цалин, онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл орохоор хуульчилсан байхад тэтгэмжийг зөвхөн албан тушаалын цалингаас бодож олгон зөрүүг олгохгүй байгаа нь хууль бус ...” гэж маргасан нь үндэслэлтэй байна.  

            3.4. Анхан шатны шүүх “... Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ гэсэн нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасан шүүгчийн цалин хөлс гэх ойлголтууд нь агуулгын хувьд ижил гэж үзэхээр байна, ... хуульд нэгэнт тэтгэмжийг бодохдоо шүүгчийн авч байсан сарын цалингаас тооцохоор заасан, тодорхой тохиолдолд нэг удаа олгодог нь тэтгэмжийн хэмжээ буурах үндэслэл болохгүй, ... шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн нь  нарийвчилсан зохицуулалттай  хуулиар тогтоосон хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь,

            3.5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”,  46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй”, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус зааснаас үзвэл шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхойлон заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдсэн хэмжээгээр шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас  “... Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин ...” гэж буруу тайлбарлан хэрэглэж шүүгчийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох тэтгэмж бодох цалингийн хэмжээг бууруулсныг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

            3.6. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг  энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж,  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1-т “Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно”, 2.1.1-т “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” гэж тус тус зааснаар тухайн төрийн албан хаагчийн албаны чиг үүрэг, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хүрээнд шийдвэрлэхээр, тухайн албан хаагчийн албаны чиг үүрэгтэй холбоотой нарийвчилсан хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар ерөнхийлөн зохицуулах байдлаар хууль хэрэглээний дараалал тогтоож журамласан байх тул шүүх, шүүгчийн албаны эрх зүйн харилцааг зохицуулсан тусгайлсан хууль болох Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгчид нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            3.7. Өөрөөр хэлбэл, дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор заасан байх боловч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож, нэг удаагийн тэтгэмж  олгох”-оор нарийвчлан зааж хуульчилсны дагуу мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т шүүгчийн цалин хөлс нь  “шүүгчийн албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс” бүрдэхээр заасан хүрээнд нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлснөөс нь тооцоогүй, зөрүү тэтгэмжийг олгоогүй хариуцагч ШЕЗ-ийн эс үйлдэхүй хууль бус, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байх тул анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 73.488.705 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

            3.8. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0021 дүгээр тогтоолд “... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар шүүгчийн аван цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн авч байсан цалин, албан тушаалын цалин гэх ойлголтыг тодорхойлоогүй, харин цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байна” гэж  энэ талаарх хуулийн зохицуулалтыг тайлбарласан, уг шүүхийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ