Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2018/00123

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С ХХК -ийн нэхэмжлэлтэй ,

 

Хариуцагч: Ш ХК-д холбогдох 

 

дизель түлшний үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр,

 

Хариуцагч Ш ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-н гаргасан нэхэмжлэгч С ХХК-аас алданги 489 435 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ж, тэдгээрийн өмгөөлөгч М,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Н, М, О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК болон Ш ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх СШ.№05-01.ШОХК.2015 тоот тендер-ийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан бөгөөд Ш ХК-д нийт 6 тэрбум гаруй төгрөгийн шатахуун зээлээр нийлүүлсэн. Нийлүүлсэн шатахууныхаа төлбөрийг Ш ХК-аас удаа дараа шаардсан боловч төлбөр болон алдангийг төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Ш ХК нь шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь манай компанид хүндээр тусч шатахууны гадаад татан авалтын төлбөрөө төлж чадахгүй, цаашлаад шатахууны нөөцгүй болоход хүрээд байна. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус компанийн шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 605 187 066 төгрөг байна. Иймд Ш ХК-аас зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөгийг гаргуулан өгч манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч үндсэн төлбөр, алдангийг шаардах эрхтэй. Хариуцагч нь нэмэлт гэрээ байгуулахаас өмнөх буюу 2015 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд нийлүүлсэн түлшийг 1500 төгрөгөөр тооцож, хасна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг бодохдоо 2015 оны 12 дугаар сарын 18-наас хойш нийлүүлсэн шатахууны тооцоогоор бодсон ба үүнээс хойш Ш ХК-ийн төлсөн төлбөрөөс буюу 2016 онд төлсөн төлбөрийг урьд нийлүүлсэн шатахууны тооцооноос хасаж, бусдыг нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-нд төлсөн 100 000 000 төгрөгөөс эхлээд алданги тооцсон үнийн дүнгээс хасч тооцож бодож гаргасан болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, А, О, М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С компани манай компанид холбогдуулан шатахууны төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 624 469 481 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаанд 4 343 399 литр дизель түлш, 14 550 литр А-80 авто бензин нийлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан вагоноос түлш хүлээн авсан акт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хүү, алдангийн тооцоонд туссан түлшний хэмжээ зэрэг баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. А-80 авто бензин дээр талууд ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс дизель түлшний талаар л яръя. Талуудын хооронд хийгдсэн нэмэлт гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 25-наас хойш шатахууны үнэ 1650 төгрөгөөр бодогдох байтал 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд нийлүүлэгдсэн 85350 литр шатахууны үнийг 1650 төгрөгөөр тооцож гэрээнд оруулсан. Үүний үнийн зөрүү 12 802 500 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдах ёстой. Дээрээс нь 2 компани гэрээнд заасны дагуу тооцоо нийлсэн акт үйлдээгүй учир үлдэгдэл 19 282 415 төгрөг яаж бодогдож байгаа нь тодорхойгүй байх тул үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн хувьд нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 15-наас 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийлүүлсэн дизель түлшний үнээс тооцсон. Гэтэл гэрээнд зааснаар гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иргэний хуульд алдангийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш талуудын хооронд ямар нэгэн нэмэлт гэрээ хийгдээгүй тул алданги шаардах эрхгүй. Мөн гэрээнд заасан хугацаанд өөрсдөө үүргээ биелүүлээгүй байж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д Нийлүүлэгч нь дизель түлшийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл графикийн дагуу Ш ХК-ийн ажлын талбар дахь Шатахуун түгээс станцын агуулахад нийлүүлнэ гэж заасны дагуу графикт хугацаандаа нийлүүлэх ёстой түлшээ бүрэн нийлүүлж байгаагүйгээс өнөөдрийн байдлаар 86021 литр түлш дутуу нийлүүлсэн байдалтай байна. Учир нь гэрээний хавсралтад үүрэг гүйцэтгэх хугацаа буюу гүйцэтгэх ёстой үүргийн хэмжээг сар бүрийн эхний 15 хоногт болон сүүлийн 15 хоногт тус бүр 221 471 литр гэж тодорхой заасан. Мөн гэрээний 7.1-т Нийлүүлэгчийн буруугаас дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлэгдээгүй дизель түлшний үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцож худалдан авагчид төлнө гэж тохиролцсон. Ийнхүү гэрээнд заасан байхад гэрээ байгуулагдсан цагаас эхлэн дутуу нийлүүлж ирсэн. Иймд Иргэний хуулийн 186.1, 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлээр манай компани алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Алдангийг тооцоолохдоо манай компанид нийлүүлэгдээгүй 86021 литр түлшний үнэ 141 939 650 төгрөгөөс тооцож 124 192 818 төгрөг болсоныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож гаргасан болно. Иймд С ХХК-аас хугацаа хэтрүүлсний алданги 489 435 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани дутуу нийлүүлсэн түлшийг доголдолтой эд хөрөнгө гэж үзээгүй. Гэрээнд заасны дагуу үүргээ хугацаанд гүйцэтгээгүйгээс гэрээнд зааснаар алданги шаардах эрх үүссэн гэв.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Ж нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд манай зүгээс үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С ХХК нь гэрээний худалдагч тал буюу бараа материалыг нийлүүлэгч тал байна. Энэ хүрээндээ худалдан авагчид бараа материалыг хүлээлгэж өгч худалдан авагч хүлээн авч байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т ...захиалгын хугацаанд нийлүүлэхийг нийлүүлэгчид шаардана гэсэн бөгөөд С ХХК бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг дутуу нийлүүлж байхад доголдолтой болохыг мэдсээр байж шаардлага гаргаагүй нь худалдан авагчийн зүгээс үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж дээрх шаардлагаа гаргаагүй гэж үзэж байна. Бараа материалыг дутуу нийлүүлж байгаа нь доголдолтой эд хөрөнгөд хамаарна. Өөрөөр хэлбэл хэмжээндээ хүрэхгүй гэдгийг вагон хүлээлцсэн акт үйлдэхэд мэдсээр байж шаардлага гаргаагүй нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн одоо нийлүүлээгүй байгаа шатахуун дээр алданги тооцох нь үндэслэлгүй. Яагаад гэвэл гэрээ цуцлагдсанаас хойш гэрээний өмнөх үүрэг хэвээр үлдэж, цуцлагдсанаас хойшхи үр дагавар өөрөө цуцлагдана. Тиймээс одоо нийлүүлээгүй байгаа 86021 литр түлшийг нийлүүлэх ёстой байсан гэдгээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ цуцласнаас хойш гэрээний үүрэг үйлчлэхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ш ХК-д холбогдуулан дизель түлшний үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 178 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 

хариуцагч Ш ХК нь нэхэмжлэгч С ХХК-аас хугацаа хэтрүүлсний алданги 489 435 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж дараах үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч Сод монгол групп ХХК нь хариуцагч Шивээ-Овоо ХК-тай 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр СШ.05-01.ШОХК.2015 тоот Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч нь дизель түлш, А-80 бензинийг биет байдлын доголдолгүй худалдан авагчийн талд шилжүүлэх, худалдан авагч нь дизель түлш, А-80 бензинийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-10/

 

Уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн бөгөөд мөн хуулийн 42,189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэхэд:

Хариуцагч Ш ХК нь дизель түлшний үлдэгдэл төлбөр болох 19 282 415 төгрөгөөс нэмэлт гэрээ байгуулахаас өмнөх буюу 2015 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд нийлүүлсэн дизель түлшийг 1 650 төгрөгөөр тооцож, 12 802 500 төгрөгийн зөрүү гарсан тул үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах, мөн үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөгийн тооцоо нийлсэн акт үйлдээгүй учир төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн гэрээнд түлш нийлүүлэх хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31 гэж тодорхой заасан, үүнээс хойш бичгээр нэмэлт гэрээ хийгээгүй байхад гэрээний хугацаа дууссанаас хойш алданги нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй хэмээн маргана.

 

Харин гэрээний хугацаанд нийлүүлсэн А-80 бензин нийлүүлэлтийн талаар талууд маргаагүй байна.

 

1.Талуудын хэн алиных нь гаргасан шатахууны тооцоонуудыг вагоноос түлш хүлээн авсан актууд, Ш ХК-ийн орлогын баримтуудтай харьцуулан үзэхэд гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн хооронд хариуцагч Ш ХК-д нийт 4 343 399 литр дизель түлш нийлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Гэрээний 1.3-т зааснаар анх нэг литр түлшний үнийг 1500 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн гэрээний өөрчлөлтөөр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нэг литр түлшийг 1650 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээний үнийг өөрчлөн тохиролцсон нь хууль зөрчөөгүй, талуудын хүсэл зоригт нийцсэн байна.

 

Ийнхүү дээрх баримтуудаас дүгнэхэд гэрээ байгуулснаас хойш нийлүүлсэн 4 343 399 литр түлшний 2 904 136 литрийг 1500 төгрөгөөр /нийт 4 356 204 000 төгрөг/, 1 439 263 литрийг 1650 төгрөгөөр /нийт 2 374 783 950 төгрөг/ нийт 6 730 987 950 төгрөгийн түлшийг гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХК нийлүүлсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс хариуцагч Ш ХК нь 6 724 848 349 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан С ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Ш ХК-ийн төлбөр төлсөн жагсаалт, шилжүүлсэн мөнгөний тооцоо, төлбөрийн даалгаварууд зэрэг баримтаар нотлогдож байх тул үндсэн үүргээс 6 139 601 төгрөг /6 730 987 950-6 724 848 349/ үлдсэн, уг үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ хариуцагч Ш ХК нь биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Ш ХК-аас дизель түлшний үлдэгдэл төлбөр 6 139 601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 13 142 814 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч С ХХК нь гэрээний 4.2-т заасан хугацаанд түлшний үнийг төлөөгүй үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 18-наас хойш нийлүүлсэн түлшний үнэнд тооцож алданги 605 187 066 төгрөгийг шаарджээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, гэрээний 4.2-т худалдан авагч нь худалдан авсан дизель түлшний төлбөрийг дизель түлшийг хүлээн авсан акт үйлдсэнээс хойш хуанлийн 45-60 хоногийн дотор хийнэ гэж талууд тохиролцсон боловч хариуцагч Ш ХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд үнийг төлөөгүй ба хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан вагон хүлээлцсэн акт, төлбөрийн даалгавруудаар нотлогдож байна.

 

Гэрээний 7.1-д ...Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцож нийлүүлэгчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь алдангийг 2017 оны 02 дугаар сарын 06, 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгосон 2 тооцоог гаргаж ирүүлсэн бөгөөд үүнийгээ харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, нийлүүлсэн түлшний тооцоонд үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд шүүх алдангийг бодоход үүрэг гүйцэтгэх байсан хугацаа, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, үүрэг гүйцэтгэх хугацаа болсоноос хойш төлсөн төлбөрийн дүн, төлбөр төлсөн хугацаа зэрэг нөхцлүүд тодорхой мэдэгдэж байгаа нөхцөлд алданги тооцоолох боломжтой болно.

 

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ш ХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө төлөөгүй байсан үүргийг оролцуулахгүйгээр алданги нэхэмжлэхдээ түүний сүүлд төлсөн буюу 2016 онд төлсөн мөнгийг хасаж тооцолгүй алдангийг бодож тооцоо гаргасан нь үндэслэлгүй, учир нь Ш ХК-аас шилжүүлсэн төлбөрүүдийн аль нь өмнөх гэрээний, аль нь алданги тооцсон хугацаанаас хойш төлж байгаа төлбөр гэдгийг нотлох баримтаас ялгаж харах боломжгүй байна.

 

Тухайлбал С ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Ш ХК-д нийт 1 209 273 литр буюу 1 995 300 450 төгрөгийн дизель түлш нийлүүлсэн байхад худалдан авагч Ш ХК нь алданги тооцоолсон 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 2 762 779 539 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү төлбөр төлсөн байна.

 

Түүнчлэн талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнөх үүргээс гадна өөр гэрээний үүрэг дуусгавар болоогүй, нийт төлсөн 7 079 585 849 төгрөгт орж тооцогдож байгаа гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа нь алдангийг тооцоолох боломжгүй нөхцлийг үүсгэж байна.

 

Иймд нэхэмжлэгч хууль болон гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар алдангийг бодохтой холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөөгүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч талаас гэрээний 2.1-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссан, 2015 оны 12 дугаар сарын 18-наас хойш бичгээр гэрээ хийгдээгүй, гэрээ сунгагдаагүй тул алданги шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчиж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Учир нь гэрээний 2.1-т талууд дизель түлшийг нийлүүлэх хугацааг тохиролцсон байх ба гэрээ дуусгавар болох хугацааг гэрээний 2.2-т энэхүү гэрээ нь дизель түлшийг гэрээнд тохиролцсон үнэ, биет хэмжээгээр нийлүүлэгдэж дуустал, мөн хүлээн авсан дизель түлшнээс үүссэн төлбөр тооцоог бүрэн барагдуулж дуустал хүчин төгөлдөр хэвээр байна гэж, 11.1-т гэрээний үйлчлэх хугацаа гэрээ дүгнэж акт үйлдэн тооцоо нийлэлт хийгдсэнээр гэрээ дуусгавар болно гэж тодорхойлсноос үзэхэд гэрээний хугацаа дуусгавар болоогүй байх ба хэрэгт гэрээнд зааснаас өөр үндэслэлээр гэрээ дуусгавар болсон гэсэн нотлох баримтууд авагдаагүй байна.

 

                        Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэхэд:

Хариуцагч Ш ХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч С ХХК-аас гэрээнд заасан графикт хугацаанд нийлүүлээгүй түлшний алданги нийт 489 435 000 төгрөгийг шаардсаныг шүүх дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

 

Талууд гэрээний 7.1-т Нийлүүлэгчийн буруугаас дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлэгдээгүй дизель түлш, А-80 бензиний үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцож худалдан авагчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний хавсралтаар тохиролцсон графикт хугацаанд нийлүүлэх түлшийг бүрэн нийлүүлээгүй дутуу нийлүүлсэн гэж тодорхойлсон.

 

Иргэний 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж тус зохицуулсан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдан авагч тал Иргэний хуулийн 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу худалдагч гэрээнд заасан үүргээ тохиролцсон хугацаандаа огт гүйцэтгээгүй бол түүнээс алданги шаардах эрх үүснэ. Харин гэрээний дагуу нийлүүлэх эд хөрөнгийг тоо, хэмжээний хувьд дутуу шилжүүлсэн бол Иргэний хуулийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой эд хөрөнгөд тооцож мөн хуулийн 253, 254, 256-т зааснаар шаардах эрхүүд үүснэ.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, талуудын маргаангүй тайлбараас үзэхэд С ХХК нь дизель түлшийг гэрээний хавсралтад заасан хэмжээнээс дутуу нийлүүлсэн болохоос огт нийлүүлээгүй үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймээс хариуцагч нь 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй.

 

Тухайлбал Иргэний хуулийн тусгай ангид заасан гэрээний эрх зүй буюу худалдах худалдан авах гэрээний зохицуулалтаар шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан байгаа нөхцөлд шүүх маргааныг ерөнхий ангид заасан нийтлэг зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй.

 

Нөгөөтэйгүүр хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ доголдолтой эд хөрөнгө гэж үзээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн болох нь вагон хүлээлцсэн актуудаар тогтоогдож байх тул доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ ч алдсан байна.

 

Ийнхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 3 280 298 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 113 184 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох,

 

сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 605 130 төгрөгийн 2 605 125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш ХК-аас дизель түлшний үлдэгдэл төлбөр 6 139 601 /зургаан сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас дизель түлшний үлдэгдэл төлбөр, алданги нийт 618 329 880 /зургаан зуун арван найман сая гурван зуун хорин есөн мянга найман зуун наян/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш ХК-ийн хугацаа хэтрүүлсний алданги 489 435 000 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3 280 298 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 113 184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 605130 төгрөгний 2 605 125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ