Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 216/МА2018/00014

 

   “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

   хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Т даргалж, шүүгч О.О, шүүгч Х.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 134/ШШ2018/00123 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө В корпуст байрлах “С” ХХК /РД:2577739, утас 324202, 70110196, 99992499/-ийн нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Ш” ХК /РД:2004879, утас 70546464/-д холбогдох дизель түлшний үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч “С” ХХК-с алданги 489 435 000 төгрөг гаргуулах хариуцагч талын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэргийн оролцогчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ма, Б.Г, М.А, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК болон Ш ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх СШ.№05-01.ШОХК.2015 тоот тендер-ийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан бөгөөд Ш ХК-д нийт 6 тэрбум гаруй төгрөгийн шатахуун зээлээр нийлүүлсэн. Нийлүүлсэн шатахууныхаа төлбөрийг Ш ХК-аас удаа дараа шаардсан боловч төлбөр болон алдангийг төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Ш ХК нь шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь манай компанид хүндээр тусч шатахууны гадаад татан авалтын төлбөрөө төлж чадахгүй, цаашлаад шатахууны нөөцгүй болоход хүрээд байна. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус компанийн шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 605 187 066 төгрөг байна. Иймд Ш ХК-аас зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөгийг гаргуулан өгч манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч үндсэн төлбөр, алдангийг шаардах эрхтэй. Хариуцагч нь нэмэлт гэрээ байгуулахаас өмнөх буюу 2015 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд нийлүүлсэн түлшийг 1500 төгрөгөөр тооцож, хасна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг бодохдоо 2015 оны 12 дугаар сарын 18-наас хойш нийлүүлсэн шатахууны тооцоогоор бодсон ба үүнээс хойш Ш ХК-ийн төлсөн төлбөрөөс буюу 2016 онд төлсөн төлбөрийг урьд нийлүүлсэн шатахууны тооцооноос хасаж, бусдыг нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-нд төлсөн 100 000 000 төгрөгөөс эхлээд алданги тооцсон үнийн дүнгээс хасч тооцож бодож гаргасан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, А, О, М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С компани манай компанид холбогдуулан шатахууны төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 624 469 481 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаанд 4 343 399 литр дизель түлш, 14 550 литр А-80 авто бензин нийлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан вагоноос түлш хүлээн авсан акт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хүү, алдангийн тооцоонд туссан түлшний хэмжээ зэрэг баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. А-80 авто бензин дээр талууд ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс дизель түлшний талаар л яръя. Талуудын хооронд хийгдсэн нэмэлт гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 25-наас хойш шатахууны үнэ 1650 төгрөгөөр бодогдох байтал 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд нийлүүлэгдсэн 85350 литр шатахууны үнийг 1650 төгрөгөөр тооцож гэрээнд оруулсан. Үүний үнийн зөрүү 12 802 500 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдах ёстой. Дээрээс нь 2 компани гэрээнд заасны дагуу тооцоо нийлсэн акт үйлдээгүй учир үлдэгдэл 19 282 415 төгрөг яаж бодогдож байгаа нь тодорхойгүй байх тул үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн хувьд нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 15-наас 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийлүүлсэн дизель түлшний үнээс тооцсон. Гэтэл гэрээнд зааснаар гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иргэний хуульд алдангийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш талуудын хооронд ямар нэгэн нэмэлт гэрээ хийгдээгүй тул алданги шаардах эрхгүй. Мөн гэрээнд заасан хугацаанд өөрсдөө үүргээ биелүүлээгүй байж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д Нийлүүлэгч нь дизель түлшийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл графикийн дагуу Ш ХК-ийн ажлын талбар дахь Шатахуун түгээс станцын агуулахад нийлүүлнэ гэж заасны дагуу графикт хугацаандаа нийлүүлэх ёстой түлшээ бүрэн нийлүүлж байгаагүйгээс өнөөдрийн байдлаар 86021 литр түлш дутуу нийлүүлсэн байдалтай байна. Учир нь гэрээний хавсралтад үүрэг гүйцэтгэх хугацаа буюу гүйцэтгэх ёстой үүргийн хэмжээг сар бүрийн эхний 15 хоногт болон сүүлийн 15 хоногт тус бүр 221 471 литр гэж тодорхой заасан. Мөн гэрээний 7.1-т Нийлүүлэгчийн буруугаас дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлэгдээгүй дизель түлшний үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцож худалдан авагчид төлнө гэж тохиролцсон. Ийнхүү гэрээнд заасан байхад гэрээ байгуулагдсан цагаас эхлэн дутуу нийлүүлж ирсэн. Иймд Иргэний хуулийн 186.1, 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлээр манай компани алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Алдангийг тооцоолохдоо манай компанид нийлүүлэгдээгүй 86021 литр түлшний үнэ 141 939 650 төгрөгөөс тооцож 124 192 818 төгрөг болсоныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож гаргасан болно. Иймд С ХХК-аас хугацаа хэтрүүлсний алданги 489 435 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани дутуу нийлүүлсэн түлшийг доголдолтой эд хөрөнгө гэж үзээгүй. Гэрээнд заасны дагуу үүргээ хугацаанд гүйцэтгээгүйгээс гэрээнд зааснаар алданги шаардах эрх үүссэн гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Ж нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд манай зүгээс үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С ХХК нь гэрээний худалдагч тал буюу бараа материалыг нийлүүлэгч тал байна. Энэ хүрээндээ худалдан авагчид бараа материалыг хүлээлгэж өгч худалдан авагч хүлээн авч байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т ...захиалгын хугацаанд нийлүүлэхийг нийлүүлэгчид шаардана гэсэн бөгөөд С ХХК бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг дутуу нийлүүлж байхад доголдолтой болохыг мэдсээр байж шаардлага гаргаагүй нь худалдан авагчийн зүгээс үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж дээрх шаардлагаа гаргаагүй гэж үзэж байна. Бараа материалыг дутуу нийлүүлж байгаа нь доголдолтой эд хөрөнгөд хамаарна. Өөрөөр хэлбэл хэмжээндээ хүрэхгүй гэдгийг вагон хүлээлцсэн акт үйлдэхэд мэдсээр байж шаардлага гаргаагүй нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн одоо нийлүүлээгүй байгаа шатахуун дээр алданги тооцох нь үндэслэлгүй. Яагаад гэвэл гэрээ цуцлагдсанаас хойш гэрээний өмнөх үүрэг хэвээр үлдэж, цуцлагдсанаас хойшхи үр дагавар өөрөө цуцлагдана. Тиймээс одоо нийлүүлээгүй байгаа 86021 литр түлшийг нийлүүлэх ёстой байсан гэдгээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ цуцласнаас хойш гэрээний үүрэг үйлчлэхгүй гэжээ.

 

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ХК-аас дизель түлшний үлдэгдэл төлбөр 6 139 601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас дизель түлшний үлдэгдэл төлбөр, алданги нийт 618 329 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ХК-ийн хугацаа хэтрүүлсний алданги 489 435 000 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3 280 298 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 113 184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 605130 төгрөгний 2 605 125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М давж заалдах гомдолдоо: Гомдлын шаардлага нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.03-ны өдрийн 134/ШШ2018/00123 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан хэсэгт өөрчлөлт оруулах юм. Үндэслэл нь “С” ХХК-ийн зүгээс “Ш” ХК-тай 2015.03.10-ны өдөр Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх СШ.№05-01.ШОХК.2015 тоот гэрээ байгуулж 6.730.987.950 төгрөгийн дизель түлш нийлүүлсэн байдаг. Талууд гэрээгээр төлбөр төлөх нөхцөл, хугацааг тохиролцсон байдаг ба тухайн хугацаанд хэн аль нь үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцохоор талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас  ХХК-ийн зүгээс үүргээ зохих ёсоор биелүүлэх шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Энэ хүрээнд үндсэн үүргийн гүйцэтгэл 19.282.415 төгрөг хугацаа хэтрүүлсэн алданги 605.187.066 төгрөгийг нэхэмжилдэг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэсэн ба үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1.Үндсэн үүргийн гүйцэтгэлээс хэрэгсэхгүй болгосон тооцоолол буруу болох нь: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...6.730.987.263 төгрөгийн түлшийг гэрээний дагуу нэхэмжлэгч ХХК нийлүүлсэн”, “...6.724.848.349 төгрөгийг төлсөн” гэж үзэж үндсэн үүргийн гүйцэтгэлээс 6.139.601 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэсэн байна. Энэхүү хэсэгт шүүх арифметикийн алдаа гаргасан бөгөөд нийлүүлсэн барааны үнэ шилжүүлсэн мөнгөн дүнгийн  зөрүү 6.138.914 төгрөг болж байна.

2.Алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болох нь: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үүргийн гүйцэтгэлийг хангах аргад нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна” гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эрхийн хүрээнд шаардлагаа тодорхойлоод асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Шүүхийн зүгээс “...харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, нийлүүлсэн түлшний тооцоонд үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна”, “...шүүх алдангийг бодоход үүрэг гүйцэтгэх байсан хугацаа, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, үүрэг гүйцэтгэх хугацаа болсоноос хойш төлсөн  төлбөрийн дүн, төлбөр төлсөн хугацаа зэрэг нөхцлүүдийг тодорхой мэдэгдэж байгаа нөхцөлд алданги тооцох боломжтой” гэж үзсэн. Энэ нь утга агуулгын хувьд харилцан бие биенээ үгүйсгэсэн хэрхэн ойлгох нь мэдэгдэхгүй байдлаар дүгнэсэн байна. Үүрэг гүйцэтгэх байсан хугацаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т “...хүлээн авч акт үйлдсэнээс хойш хуанлийн 46-60 хоногийн дотор хийнэ”

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн: Талуудын хооронд 2015 оны 12 сарын 01-2015 оны 12 сарын 31-ний тооцоо нийлсэн актаар ХК нь ХХК-д 1.979.557.253 төгрөгийн өртэй болохыг зөвшөөрсөн. Үүнээс хойш нийлүүлсэн барааны үнэ төлсөн төлбөрийг харьцуулаад энэхүү тооцоолол гарч ирнэ. Үүрэг гүйцэтгэх хугацаа болсоноос хойш төлсөн төлбөрийн дүн, төлбөр төлсөн хугацаа: Гэрээний 4.2-д заасан хугацаанаас хойш мөнгө шилжүүлсэн баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар тогтоогдоно. Хэрэгт эдгээр баримтууд байсаар байтал дээрх нөхцөл байдлуудыг “нэхэмжлэгчийн зүгээс алданги авах эрхтэй юм байна. Гэхдээ энэхүү тооцооллыг би гаргаж чадахгүй байна” гэдэг байдлаар шийдвэрлэх нь үндэслэлгүй байна. Хэрвээ хэрэгт авагдсан баримтуудаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” бүрэн эрх нь байсаар байтал энд байгаа баримтуудаар энэхүү шаардаж авах эрхтэй алдангийг тооцоолох боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйгээр хамгаалагдаж байгаа эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2015 оны 12 сарын 31-ний өдөр хариуцагч тал нэхэмжлэгч талд 1.979.557.253 төгрөгийн өртэй байсан ба үүнээс хойш 2016 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл 1.452.779.539 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн байдаг бол нэхэмжлэгч тал 1.652.504.700 төгрөгийн дизель түлш нийлүүлсэн байна. Нийлүүлсэн түлш, шилжүүлсэн төлбөрийн зөрүү 199.725.161 төгрөг ба үүн дээр өмнөх 1.979.557.253 төгрөгийн өр буюу нийлбэр 2.179.282.414 төгрөгийн өртэй байгаа гэдгийг энэ мэтчилэн тооцоолж нэхэмжлэл гаргах хүртэл хэдэн төгрөгний төлбөр тооцоотой байгаа түүнийг шилжүүлэх ёстой хугацаанаас хэд хоногоор хэтрүүлсэн гэдгийг харж болохоор байтал тооцоолох боломжгүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдалд шүүх хөндлөнгийн байх зарчимыг баримталж талуудын хооронд үүссэн маргааныг хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гэтэл энэхүү үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийж алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.03-ны өдрийн 134/ШШ2018/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн хуулийг буруу тайлбарлаж үндсэн нэхэмжлэлийн алдангийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж бүхэлд нь буюу 605.187.066 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Э.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэлгүй хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: “...дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдан авагч тал Иргэний хуулийн 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч гэрээнд заасан үүргээ тохиролцсон хугацаандаа огт гүйцэтгээгүй бол түүнээс алданги шаардах эрх үүснэ. Харин гэрээний дагуу нийлүүлэх эд хөрөнгийг тоо, хэмжээний хувьд дутуу шилжүүлсэн бол Иргэний хуулийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой эд хөрөнгөд тооцож, мөн хуулийн 253, 254, 256-т зааснаар шаардах эрхүүд үүснэ. Иймээс хариуцагч нь 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй. Тухайлбал Иргэний хуулийн тусгай ангид заасан гэрээний эрх зүй буюу худалдах худалдан авах гэрээний зохицуулалтаар шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан байгаа нөхцөлд шүүх маргааныг ерөнхий ангид заасан нийтлэг зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан ”хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн заалтаас үзэхэд “хугацаа хэтрүүлсэн”, “гүйцэтгээгүй үүргийн” гэснээс үзэхэд гэрээний нэг тал үүргээ огт гүйцэтгээгүй, эсхүл зарим хэсгийг гүйцэтгээгүй гэсэн ойлголт хамаарах ба тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох зохицуулалт байх бөгөөд харин үүрэг гүйцэтгэх хугацаа болон гүйцэтгэх үүргийн хэмжээ, хугацаа хэтрүүлсэн тал нь анз төлөхөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тодорхой заасан байх урьдчилсан нөхцөлийг хуульчилсан байтал үүргээ огт гүйцэтгэхгүй байхыг ойлгоно” хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 186.1, 222.1.1, 232.6-д зааснаар гаргахаас гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д заасан алдангийн талаарх зохицуулалтыг үндэслэсэн байтал анхан шатны шүүх уг заалтын талаар болон нэхэмжлэгч талын нэхэмжлэл гаргах үеийн гүйцэтгээгүй үүрэг болох 86 021 литр түлш нийлүүлэх үүргийн талаар, түүнийг хэрхэн үгүйсгэж буй талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ иргэний эрх зүйн харилцааны оролцогч худалдах -худалдан авах гэрээ хийсэн бол иргэний эрх зүйн ерөнхий ангийн үүргийн эрх зүйн зохицуулалтууд хамааргүй, ерөнхий ангийн зохицуулалтыг шүүх хэрэглэж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй...” гэж Иргэний хуулийн 1.2-т заасан “...эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх...” гэсэн үндсэн зарчмыг болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын эрхийг ноцтой зөрчсөн дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 252-256 дугаар зүйлд эд хөрөнгийн доголдол, доголдолтой эд хөрөнгө худалдсаны улмаас үүсэх худалдан авагчийн шаардах эрх, хүсвэл гэрээг цуцалж болох тухай зохицуулалт байх ба эдгээр заалтууд нь хэрэг маргаанд хамааралгүй заалт бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээнд заасан сар бүр нийлүүлэх ёстой түлшний хэмжээг дутуу нийлүүлсэн буюу гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээнд заасан үүрэг болох нийлүүлэх ёстой түлшний хэмжээг дутуу нийлүүлсэн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээний 7.1 болон Иргэний хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг үндэслэн алданги шаардаж байгаа юм.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.03-ны өдрийн 134/ШШ2018/00123 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч  ХК-д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 19,282,415 төгрөг, мөн гэрээний хариуцлага болох алданги 605,187,066 төгрөг, нийт 624,469,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж, улмаар нэхэмжлэгчид холбогдуулан алданги 489,435,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу нийлүүлсэн шатахууны төлбөрийн үлдэгдэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийн үлдэх хэсэг болон алданги, мөн хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч ХХК, хариуцагч ХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр СШ,№05-01, ШОХК.2015 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээ /түүний хавсралт/ байгуулагдсан байна. /1-р хх-6-15/

            Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч ХХК нь ХК-д 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 4 343 399 литр буюу 6,730,987,950 төгрөгийн дизель түлш /шатахуун/ нийлүүлсэн, хариуцагч ХК нь хүлээн авсан, хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 4 343 399 литр шатахууны төлбөрт нийт 6,724,848,349 төгрөг төлсөн болох нь ХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо /1-р хх-26/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /1-р хх-51/, ХК-ийн 2016 онд худалдан авсан шатахууны тооцоо болон төлсөн төлбөрийн жагсаалт /1-р хх-62/, ХК-ийн 2015 онд худалдан авсан шатахууны орлогын жагсаалт /1-р хх-63/, ХК-ийн 2017 онд төлсөн төлбөрийн жагсаалт /1-р хх-64/, 2015-2017 онд шатахууны төлбөр шилжүүлсэн төлбөрийн даалгаварууд /1-р хх-208-248/,” ХХК-руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт /1-р хх-249/, орлогын баримтууд /2-р хх-36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаангүй болно.

            Түүнчлэн хэргийн 1-р хх-51 дүгээр талд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 8 дугаар сарын 2 хүртэлх хугацааг хамаарсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт авагдсан байна. Үүнээс эхний үлдэгдэл нь 1 979 557 254.25 төгрөг байсан, үүн дээр нийлүүлсэн шатахууны үнэ, шатахууны төлөгдсөн төлбөр зэрэг авлага, орлогын тооцоог харьцуулж тооцож үзвэл нийт нийлүүлсэн шатахууны төлбөрөөс төлөөгүй үлдэгдэл нь 19 282 415 болох нь тогтоогдож байна.

            Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ХХК-ийг 4 343 399 литр буюу 6 730 987 950 төгрөгийн дизель түлш нийлүүлсэн, хариуцагч “Шивээ Овоо” ХК нь 4 343 399 литр шатахууныг хүлээн авч шатахууны үнэд 6,724,848,349 төгрөг төлсөн, харин 6 139 301 төгрөгийн төлбөрийг төлөөгүй /6,730 987 950 – 6 724 848 349 = 6 139 601/ гэж үзэж, шатахууны төлбөрийн төлөөгүй үлдэгдэл гэж нэхэмжилсэн 19 282 415 төгрөгийн шаардлагаас 6 139 601 төгрөгийг хангаж, үлдсэн 13 141 814 төгрөгийг /19,282,415-6,139,601/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Гэвч анхан шатны шүүх нь маргааны харилцааг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Учир нь хэргийн материалаас үзэхэд: 1. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн СШ№05-01,ШОХК.2015 тоот дизель түлш, А-80 бинзен нийлүүлэх тендерийн гэрээний 1.3-т “гэрээгээр нийлүүлэгдэх дизель түлшний нэгж үнэ 1,500 төгрөг” гэж,

Гэрээний 2.1-т “нийлүүлэгч нь дизель түлшийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл графикын дагуу ХК-ийн ажлын салбар дахь ШТС-ын хадгалах агуулахад нийлүүлнэ” гэж,

Гэрээний 4.2-т “худалдан авагч нь худалдан авсан дизель түлшний төлбөрийг дизель түлшийг хүлээн авч акт үйлдсэнээс хойш хуанлийн /45-60/ хоногийн дотор хийнэ” гэж,

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тендерийн гэрээний өөрчлөлт №01-т гэрээний үнийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 1,650 төгрөгөөр нийлүүлэхээр талууд тус тус тохиролцсон байна. /2-р хх-46/

            Гэтэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “худалдах – худалдан авах” гэрээний харилцаа үүссэн гэж үзэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “зээлээр худалдах – худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

            Зээлээр худалдах – худалдан авах гэрээнд заавал тусгагдах нөхцөлүүдийг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2.1-263.2.4 дэх хэсгүүдэд заасан бөгөөд дээр дурдсан нөхцөлүүдийн аль нэг нь талуудын гэрээнд тусгагдаагүй, эсхүл гэрээг бичгээр байгуулаагүй бол талуудын байгуулсан гэрээ нь зээлээр худалдах – худалдан авах төрлийн гэрээ биш харин худалдах – худалдан авах төрлийн эд хөрөнгө шилжүүлснээр өмчлөх эрх шилждэг гэрээ болно.

            Зээлээр худалдах – худалдан авах гэрээнд хүү тооцох нь худалдах – худалдан авах гэрээний энгийн төрлөөс ялгагдах гол үндсэн шинж гэж үздэг. Хүү гэдэг нь үндсэн үнэ дээр нэмэгдэж очиж байгаа мөнгөн дүн. Талууд гэрээндээ “хүү”-г заавал тодорхой хувиар тогтоож тусгаснаар “хүү” тохирсон гэж үзэхгүй юм.

            Талуудын хооронд байгуулагдсан дизель түлш болон А-80 бинзен нийүүлэх тендерийн гэрээний 1.3, 2.1, 4.2-т зааснаар үзэхэд худалдан авагч буюу ХК нь худалдан авч буй шатахууны төлбөрийг уг  шатахууныг хүлээн авснаас хойш тодорхой хугацааны дараа төлөх, мөн талууд нийлүүлэгдэх дизель түлшний нэгж үнийг анх 1,500 төгрөгөөр тохиролцсон байх ба 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийлүүлсэн шатахууны үнийн төлбөрийг 1,500 төгрөгөөр тооцож нэг тал нь нийлүүлж, нөгөө тал нь хүлээн авч байгаад тодорхой хугацааны дараа буюу 2015 оны 11 дүгээр  сарын 25-ны өдрөөс талууд шатахууны үнийг 1,650 төгрөг болгон нэмэгдүүлж өөрчилсөн байна.

Энэ хугацаанаас хойш шатахууны үнийг нэмэгдүүлсэн үнээр тооцон нийлүүлсэн, шатахууны төлбөрийг ч төлсөн байна. Энэ нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд худалдсан шатахууны хэмжээ, үнийн мөнгөн дүн, төлөх хугацаа, нэгж үнийн өсөлт зэргийн талаар маргахгүй байгаа болно.

            Тиймээс гэрээний үнийг гэрээ байгуулагдах үеийн үнээр биш уг үнийг нэмэгдүүлэн тооцож авч байгааг “хүү” тохиролцсон гэж үзэх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах – худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээг бичгээр хийсэн ба Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан хэлбэр, шаардлагыг хангасан гэрээ байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талын алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

            Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 605,187,066 төгрөгийг төлөхөөс татгалзаж, алдангийн гэрээ нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй, гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хүчин төгөлдөр тул анз төлөх хугацаа дуусгавар болсон, мөн нэхэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 15-наас буюу шатахуун нийлүүлж эхэлсэн өдрөөс эхлэн гэрээгээр тохирсон хэмжээнээсээ 86,021 литр шатахуун дутуу нийлүүлсэн, үүнд алданги тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг шаардлагыг хангуулах гэсэн тайлбаруудыг гаргаж мэтгэлцсэн болно.

Нэхэмжлэгч буюу ХХК-ийн нэхэмжилж буй алдангийн тооцоог хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудад үндэслэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд: 1. Талуудын хооронд байгуулагдсан СШ.№05-01 ШОХК.2015 дугаарын дизель түлш, А-80 бинзен нийлүүлэх тендерийн гэрээ, түүний хавсралт /1-р хх-6-15/, 2. ХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо/1-р хх-26/, 3. алданги тооцсон тооцоо /1-р хх-27,52/ 4.” ХХК -ийн Эрчим хүчний яаманд хандсан 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн “өр авлагын тухай “ албан бичиг/1-р хх-28/, 5. ХХК-ийн ХК-д хандсан 2017 оны 1 дүгээр сарын  26-ны өдрийн 17/320 тоот төлбөр тооцооны талаарх албан бичиг /1-р хх-31/, 6. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17/278 тоот төлбөр барагдуулах тухай албан бичиг /1-р хх-32/, 7. 2017 оны 2 дугаар сарын 6-ны 17/321 тоот “албан шаардлага хүргүүлэх” тухай албан бичиг /1-р хх-33/, 8. харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ/1-р хх-51,18/, 9. “Шивээ Овоо” ХК-ийн 2016 онд худалдан авсан шатахууны тооцоо болон төлсөн төлбөрийн жагсаалт /1-р хх-62/, 10. ХК-ийн 2015 онд худалдан авсан шатахууны орлогын жагсаалт /1-р хх-63/, 11. “Шивээ Овоо” ХК-ийн 2017 онд төлсөн төлбөрийн жагсаалт /1-р хх-64/, 12. 2015-2017 онд шатахууны төлбөр шилжүүлсэн төлбөрийн даалгаварууд /1-р хх-208-248/, 13. “Сод Монгол групп” ХХК-руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт /1-р хх-249/, 14. орлогын баримтууд /2-р хх-36/, 15. нэхэмжлэгч талын алдангийн тооцооны тайлбар /1-р хх-68-70/ зэрэг болно.

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т худалдан авагч нь худалдан авсан дизель түлшний төлбөрийг дизель түлшийг хүлээн авч акт үйлдсэнээс хойш хуанлийн 45-60 хоногийн дотор хийх, мөн худалдан авагч нь гэрээний 6.3-т нийлүүлэгчийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу нийлүүлэгч талд гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй, гэрээний 7.1-д худалдан авагч нь шатахууны үнийг гэрээний 4.2-т заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0.1 хувиар тооцож нийлүүлэгч буюу худалдагчид алданги төлнө гэж тус тус заасан байна.

            Гэрээний дагуу хүлээн авсан шатахууны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлж төлсөн нь алданги тооцсон тооцоо /1-р хх-27, 52/, “Шивээ-Овоо” ХК-ийн 2017 онд төлсөн төлбөрийн жагсаалт /1-р хх-64/, 2015-2017 онд шатахууны төлбөр шилжүүлсэн төлбөрийн даалгаврууд /1-р хх-208-248/, “Сод Монгол Групп” ХХК-руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт /1-р хх-249/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Дээрх нотлох баримтуудаар худалдан авагч тал нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байдал тогтоогдож байх тул 2015 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 3 дугаар сарын 29-ний хугацаанд нийлүүлсэн буюу хүлээн авсан шатахууны төлөөгүй үнийн үлдэгдэл 1,950,882,415 төгрөг /уг нь 1,950,882,450 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн гаргаснаар тооцов/ байна.

            Өөрөөр хэлбэл үндсэн гэрээний буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 1,950,882,415 төгрөг ба гэрээнд зааснаар уг төлбөрийг худалдан авагч тал нь 2016 оны 5 дугаар  сарын 28-нд төлж дуусгах байсан байх боловч 2017 оны 2 дугаар сарын 28 хүртэл хугацаанд бүрэн төлөлгүй 275 хоногийн хугацаа хэтрүүлсэн, энэ хугацааны алданги нь 536,492,664 төгрөг болж байна. /1,950,882,415 x 0,1% = 1,950,882 x 275 хоног = 536,492,664 төгрөг/.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д зааснаар алданги төлөх нь худалдан авагчийн хүлээх гэрээний хариуцлага бөгөөд хууль болон гэрээнд зааснаар худалдагч тал алданги шаардах эрхтэй болно.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болдог тул зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй “Шивээ-Овоо” ХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн хариуцлага болох алдангийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан тохиолдолд биелүүлэх ёстой тул хариуцагч буюу “Шивээ-Овоо” ХК-иас алданги 536,492,664 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Мөн алдангид төлөх 536,492,664 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнин дүн болох 1,950,882,415 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

            Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, түүний хавсралтаар 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 4,429,420 литр дизель түлш нийлүүлэх, худалдан авагч тал нь шатахууныг хүлээн авснаас хойш 45-60 хоногийн дотор үнийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасныг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар анзын алдангийг сонгож, гэрээний 7.1-т тусгасан байх тул алдангийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

            Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн тайлбар татгалзал няцаагдаж байна гэж үзлээ.

            Хариуцагч тал гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон хэмээн тайлбарлан маргаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т “энэхүү гэрээ нь дизель түлшийг гэрээнд тохиролцсон үнэ, биет хэмжээгээр нийлүүлэгдэж дуустал, мөн хүлээн авсан дизель түлшнээс үүссэн төлбөр тооцоог бүрэн барагдуулж дуустал хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, гэрээний 11.1-д “гэрээний үйлчлэх хугацаа гэрээ дүгнэж, акт үйлдэн, тооцоо нийлэлт хийгдсэнээр гэрээ дуусгавар болно” гэж тус тус тусгасан байх бөгөөд талууд гэрээг дүгнэж, акт үйлдэн, тооцоо нийлэлт хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээний 2.2-т заасны дагуу шатахуун нийлүүлэгдэж дуусах хүртэл хугацаанд хэвээр үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсэг буюу алданги гаргуулахтай холбоотой хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Харин хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            Талууд гэрээний 7.1-т “нийлүүлэгчийн буруугаас дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлэгдээгүй дизель түлш, А-80 бинзений үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцож худалдан авагчид төлнө” гэж тохиролцсон байна.

            Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний хавсралтаар тохиролцсон графикт хугацаанд нийлүүлэх шатахууныг анх нийлүүлсэн үеэсээ л дутуу нийлүүлж эхэлсэн ба өөрөөр хэлбэл, нийлүүлэх ёстой нийт шатахууны хэмжээнээс 86,021 литр шатахуун нийлүүлээгүй дутуу нийлүүлсэн гэж тодорхойлжээ.

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д зааснаас үзэхэд нийлүүлэгчийн буруугаас дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон байх ба энэхүү “нийлүүлэгчийн буруу”-г хэрхэн яаж тогтоосон болон нийлүүлэгч талын ямар буруутай үйл ажиллагаанаас болж шатахуун хугацаандаа нийлүүлэгдээгүй талаарх үйл баримт тогтоогдоогүй, мөн энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүх тодруулж асуухад тодорхой тайлбарыг хариуцагч тал гаргаагүй байна. /шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хх-106/

            Худалдан авагч буюу хариуцагч “Шивээ-Овоо” ХК нь 2015 оны 3 дугаар  сарын 15-н өдрөөс буюу анх дизель түлш нийлүүлсэн хугацаанаас эхлэн дутуу шатахуун нийлүүлж байсан талаар мэдэж байсан гэх атлаа энэ талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг 254.1, 254.3 болон гэрээний 6.1-т зааснаар шаардлага гаргаж байгаагүй байна.

            Мөн шатахуун нөөцлөх савны багтаамж муу, савны багтаамждаа захирагдаад хоёр тал хоорондоо утсаар захиалгаа өгдөг байсан, савны багтаамжаас шалтгаалж бага хэмжээгээр нийлүүлдэг байсан, талууд савны багтаамждаа захирагдан гэрээгээ байгуулсан байх гэсэн тайлбаруудыг анхан шатны шүүх хуралдаанд талууд гаргасан байдаг. /2-р хх-106/

            Иймээс дээрх нөхцөл байдлууд болон анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зэргээс дүгнэхэд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

            Харин хэргийн 1-р хх-66, 67-р талд нэхэмжлэгч талын 134/2017/0004/И дугаартай хэргээс нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт авагдсан байна.

Энэ хэрэг нь Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шийдвэр, магадлал хүчингүй болж хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ба анхан шатны шүүх хэргийг 2018 оны 5 дугаар  сарын 7-нд хүлээн авч 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан шийдвэрлэсэн байна.

            Дээрх хугацаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нотлох баримт шинжлэн судлуулахаар гаргасан дээрх хүсэлтээсээ татгалзаагүй, уг хүсэлтийнхээ дагуу ямар ажиллагаа хийлгэх, ямар нотлох баримтад үзлэг хийлгэх талаар дахин санал хүсэлт гаргаагүй байсан тул анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар 134/2017/0004/И дугаартай хэргийг шинжлэх судалж “2015-2017 оны тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтуудыг /2-р хх-108-110/ хуулбарлан хэрэгт хавсаргасан байна. /шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хх-95/

            Иймд хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх хэрэгтэй тул 134/2017/0004/И дугаартай хэргээс нотлох баримтуудыг шинжлэн судалсныг буруутгах үндэслэлгүй, харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар ажиллагааг хийсэн гэж үзэх тул нэхэмжлэгч талын хүсэлт хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй гэх гомдол нь шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 134/ШШ2018/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ХК-иас дизель түлшний үлдэгдэл төлбөр 6 139 601 /зургаан сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун нэг/ төгрөг, алданги 536 492 664 /таван зуун гучин зургаан сая дөрвөн зуун ерөн хоёр мянга зургаан зуун жаран дөрвөн/ төгрөг, нийт 542 632 265/таван зуун дөчин хоёр сая зургаан зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас дизель түлшний үлдэгдэл төлбөр болон алданги нийт 81 837 216 /наян нэгэн сая найман зуун гучин долоон мянга хоёр зуун арван зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...хариуцагчаас ”113 184  төгрөгийг” гэснийг “2 871 111 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 183 886 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 2 605 125 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                         Х.БАЙГАЛМАА