Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00770

 

Т.Намхайнямбуугийн нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1937 дугаар магадлалтай, 

Т.Намхайнямбуугийн нэхэмжлэлтэй,

Ай Си Ти Сайн консалтинг ХХК-д холбогдох, 

Дутуу олгосон цалин, хохиролд 19,661,561 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов. 

Нэхэмжлэгч Т.Намхайнямбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ай Си Ти Сайн консалтинг ХХК-ийн хамтран ажиллагч Тэнхлэг зууч ХХК нарын хооронд байгуулагдсан Гэр хорооллыг хөгжүүлэх, Хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-ийн Хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх зөвлөхийн багийн мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллахаар Ай Си Ти Сайн консалтинг ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 19/03 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ-г 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар бид сарын ажлын хөлсийг 2.400 америк доллараар харилцан тохиролцсон. Ай Си Ти Сайн консалтинг ХХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн чадавхыг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээний нэмэлт өөрчлөлтөөр орон тоог өөрчилсөнтэй холбогдуулан намайг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар маргаангүй. Харин Ай Си Ти Сайн консалтинг ХХК бидний хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, надтай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, нэмэлт гэрээ байгуулаагүй атлаа 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд гэрээгээр тохиролцсон сарын 2.400 америк долларын ажлын хөлсийг надад үндэслэлгүйгээр дутуу олгож, олгосон цалингийн үнийн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг.

Иймд Ай Си Ти Сайн консалтинг ХХК-аас 2019 оны 11,12 дугаар сарын цалинд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 4.358.589 төгрөг олгосон. Уг өдрийн Монголбанкны ханшаар тооцвол 13.124.784 төгрөг, үүнээс Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хасвал 10.499.827 төгрөг олгох ёстой байснаас олгосон 4.358.589 төгрөгийг хасч, зөрүү 6.141.237 төгрөг,

2020 оны 01 дүгээр сарын цалингийн зөрүү 2.681.223 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын цалингийн зөрүү 1.772.709 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын цалингийн зөрүү 2.673.884 төгрөг, нийт 13.269.054 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандахад 7.374.065 төгрөгийг олгохоор болсон. Хариуцагч байгууллага ажлын хөлсийг надад дутуу олгосноос тэтгэмж багаар бодогдсон. Нийт тэтгэмжид 13.766.571 төгрөг авах ёстой байтал Ай Си Ти Сайн консалтинг ХХК-ийн буруугаас 6.392.506 төгрөгийн зөрүү буюу хохирол үүссэн тул уг зөрүүг гэм хорын хохирлоор тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Нийт 19.661.561 төгрөгийг хариуцагч Ай Си Ти Сайн консалтинг ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01, 02, 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс тооцуулж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ай Си Ти Сайн консалтинг ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн чадавх бэхжүүлэх зөвлөх багтай гэрээ байгуулан ажилладаг. Нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлтэй байгуулсан Ажлын даалгавар буюу TOR гэрээтэй салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлтэй манай компанийн байгуулсан гэрээнд үндэслэн Т.Намхайнямбуутай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс манай зөвлөх багийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэлд тулгуурлан шилжүүлдэг бөгөөд Т.Намхайнямбуугийн ажлын хөлсийг нэхэмжлэлд дурдагдсан саруудад түүний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан ажлын хөлсийг шилжүүлж байсан.

Хөлсөөр ажиллагч Т.Намхайнямбуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс удаа дараа нэхэмжлэгчтэй холбоотой гомдол ирж, төсөл хэрэгжүүлэх нэгж дээр алдаа дутагдал гаргаж байсан. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх,хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн сүлжээний төхөөрөмж албан ёсны лицензгүй, сүлжээний аюулгүй байдлын тал дээр хамгаалалтгүй, файлуудыг нөөцөлдөггүй зэрэг сул талуудаас үүдэн дундын бүх файлууд вирус буюу хорт кодонд өртөж бүх файл мэдээллүүд түгжигдсэн. Үүнд ажиллах хугацаандаа нэхэмжлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, вируст өртсөн серверийг асаалттай чигээр харагдах төдий байлгаж ирсэн. Эдгээр байдал нь түүний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотолж байна. Смарт код ХХК-ийн хөндлөнгийн дүгнэлтээр энэ байдал нотлогдоно. Албан бичгийн хувьд баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Түүнд тохирсон ажлын хөлсийг төлөхөөр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан. Иймд зохих ёсны хөлсийг нэхэмжлэгчид олгосон болно. Ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүний тухайд Нийгмийн даатгалын шимтгэлийг 4.200.000 төгрөгөөр дээд хэмжээгээр тооцож төлдөг тул тэтгэмжийн зөрүү үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Ай Си Ти Сайн консалтинг ХХК-иас 14.928.949 /арван дөрвөн сая есөн зуун хорин найман мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, Т.Намхайнямбууд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.732.612 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар Т.Намхайнямбуугийн 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарыг хүртэл хугацааны авбал зохих хөлсний хэмжээнд ногдох шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт энэ тухай бичилт хийхийг Ай Си Ти Сайн консалтинг ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232.595 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1937 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,595 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах атны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1937 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллагч гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хөлсөөр ажиллагч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн тохиролцсон ажил үйлчилгээг бүрэн биелүүлсэн талаар баримт шүүхэд ирүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Ай Си Ти Сайн Консалтинг ХХК-ний зүгээс хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг нэхэмжлэгч Т.Намхайнямбуу хангалттай хийж гүйцэтгээгүй талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллагч гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээ хийж гүйцэтгэснийхээ төлөө хөлс авах бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар 1 сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1937 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Т.Намхайнямбуугийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Т.Намхайнямбуу нь Ай Си Ти Сайн консалтинг ХХК-д холбогдуулан 19,661,561 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа дутуу олгосон хөлс 13,269,054 төгрөг, хохирол 6,392,506 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2019.01.29-ний өдөр байгуулагдсан гэрээгээр Т.Намхайнямбуу нь Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөлд мэдээлэл, технологийн мэргэжилтнээр 36 сарын хугацаагаар ажиллах, Ай Си Ти Сайн консалтинг ХХК нь сарын 2,400 ам долларын хөлс төлөхөөр тохирсон ба 2020.03.31-ний өдөр ажлаас чөлөөлсөн, энэ хүртэл хугацаанд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн нь тогтоогдсон, ажилласан хугацааны талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсийг тохирсон ёсоор төлсөн эсэх, хохирол шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. 

Гэрээний агуулга болон хэргийн баримтаас үзвэл зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т нийцжээ.  

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.  

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хөлсөөр ажиллах гэрээний 5.1-т ажлын хөлсийг сар бүр 2,400 ам доллар гэж заасан, нэхэмжлэгч  2019 оны 11,12, 2020 оны 1, 2, 3 дугаар сарын хөлсийг дутуу олгосон гэж тодорхойлон нэхэмжилжээ. 

Дурдсан хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 13,171,012 төгрөгийн хөлс олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон ба харин тохиролцсон хөлснөөс 13,269,054 төгрөгийг олгоогүй байна.

 Иймд хариуцагч нь дутуу олгосон ажлын хөлсийг төлөх, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.дэх хэсгийн 1-т зааснаар хөдөлмөрийн хөлснөөс оногдох шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй болно.  

Ай Си Ти Сайн консалтинг ХХК нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг 2020 оны 1 сард 2,751,570 төгрөгөөр тооцож 687,892 төгрөг, 2 дугаар сард 4,410,432 төгрөгөөр тооцож 1,078,408 төгрөг, 3 дугаар сард 3,333,288 төгрөгөөр тооцож 833,322 төгрөгийн шимтгэлийг тус тус төлсөн, нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг дээрх 3 сарын дунджийн 60 хувиар тооцон, 7,374,065 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон нь тогтоогджээ /хэргийн 56-57, 176-187 дугаар тал/. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулснаас шаардах эрх үүссэн эсэхийг тогтооход бусдын хуулиар хамгаалагдсан эрхийн зөрчил, хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэл, эдгээрийн шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдох учиртай.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлэх журамтай ба хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.  

Тодруулбал, хариуцагч нь олговол зохих хөлсийг дутуу олгосноор нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувь хэмжээгээр төлөгдөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ буурсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч тэтгэмжийн зөрүүг хохиролд тооцон шаарджээ.  

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар тооцвол нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжид 9,033,962 төгрөг авах эрхтэй байсан ба ажил олгогчийн буруугаас 1,659,895 төгрөгийг авч чадаагүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна. 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган, нэхэмжлэлээс 14,928,949 төгрөгийн шаардлагыг хангаж, хөлсний хэмжээнд ногдох шимтгэлийг нөхөн төлж, дэвтэр бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар нь маргааны үйл баримтад хамааралгүй, 2020.04.06-ний өдрийн Смарт код ХХК-ийн ажлын тайлан нь гэрээг цуцалснаас хойш үйлдэгдсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн ...гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг нэхэмжлэгч хангалттай хийж гүйцэтгээгүй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн... гэх гомдол үндэслэлгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1937 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболдын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 256,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА 

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ