Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2018/00117

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б.М, Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Н.А-д холбогдох

Гаражийн үнэ болох 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б түүний өмгөөлөгч Ц.Г хариуцагчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Б.М Б.Б болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Иргэн Б.М Б.Б бид хоёр эхнэр, нөхөр бөгөөд 2011 оны 03 дугаар сард Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 81А дугаар байранд орон сууц худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2014 оноос бид хоёр машинаа тавих авто зогсоол хайж эхэлсэн бөгөөд энэ талаараа хажуу байрныхаа орцны жижүүр Ч.Цагаансарнайд хэлж байсан юм. Гэтэл 2014 оны 05 дугаар сард Ч.Цагаансарнай нь манай хажуу талын 81 дүгээр байрны зоорийн давхар 3 тоотод байршилтай авто зогсоолыг Б.Манлайжав нь 18 000 000 төгрөгөөр худалдах гэж байгаа талаар хэлсэн. Бид гаражийг нь худалдан авахаар болж, тохиролцсоны дагуу Б.Манлайжавд бэлнээр 2 000 000, ХААН банкин дахь 5027652484 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-нд 6 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 18-нд 5 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн. 13 000 000 сая төгрөг авсан талаараа Б.Манлайжав нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө хүртэл хэлсэн байдаг. Мөн Ч.Цагаансарнайд 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Ч.Цагаансарнайн дүү Ч.Цэрэндорж нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.М миний ажил дээр ирээд 2 000 000 төгрөг аваад явсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл бид гараж болон Б.Манлайжавд өгсөн 13 000 000 төгрөг, Ч.Цагаансарнайд өгсөн 2 000 000 төгрөгөө аль алийг нь аваагүй хохирч байна. Энэ талаар Цагдаагийн газарт хандаж шалгуулсан боловч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 тоот прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагдаагийн газраас тус хэргийг шалгаад зөвхөн Ч.Цагаансарнайгийн үйлдсэн гэмт хэрэг гэж үзсэн төдийгүй Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн дагуу Ч.Цагаансарнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Манлайжав нь гаражаа зарахаа больсон тухайгаа бидэнд хэлээгүй Ч.Цагаансарнайн дүү Н.А гэх үл таних хүний данс руу бидний гараж авахаар шилжүүлсэн мөнгийг хийсэн байсан.        Иймд бид Ч.Цагаансарнай, Б.Манлайжав нарт холбогдуулсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөнгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 595 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугар сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00808 дугаар тогтоол тус тус гарч хариуцагч Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Б.Манлайжавд холбогдох 13 000 000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байдаг. Улсын дээд шүүхээс Б.Манлайжавыг гаражийн үнэ 11 000 000 төгрөгийг Н.А дансанд буцаан шилжүүлсэн нь тогтоогдсон тул үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж үнэлж дүгнэсэн. Мөн Ч.Цагаансарнай нь гараж авахаар шилжүүлсэн мөнгийг 3 хувааж Н.А дансаар Б.Манлайжав буцаан өгснийг дүү хэрэглээд буцааж өгнө гээд аваад одоо хүртэл төлөөгүй байгаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Б.М буцаан өгөх ёстой мөнгийг Б.А өөрийн дансанд ормогц өөртөө хувьдаа ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдаг.

Тиймээс Н.А11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

    

     Хариуцагч Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

     Иргэн Н.А миний бие нь Б.М, Б.Б нарын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Татгалзсан учир нь:

     Иргэн Н.А миний бие 2014-2015 онд оюутан  байсан бөгөөд иргэн Ч.Цагаансарнай нь миний ээж Ч.Туяагийн төрсөн дүү учир тэднийхээр орж, гарч зарим тохиолдолд хонож байсан нь үнэн болно. Ч.Цагаансарнай нь 2014 оны 11 дүгээр сарын үед эгч нь хүнээс мөнгө авах ёстой юм аа, надад данс байхгүй болохоор чиний дансыг ашиглая гээд миний ХААН банкны 5058156171 тоот дансыг авсан. Данс авснаас хойш 7-14 хоногийн дараа Б.Манлайжав гэх хүнээс хэд хэдэн удаа их хэмжээний мөнгө орж ирсэн бөгөөд би тухайн үед ямар учиртай мөнгө болохыг огт мэдээгүй болно. Сүүлд нь хүний гараж худалдаж авах гэж байсан мөнгө гэдгийг мэдсэн. Тэрхүү мөнгийг миний дансанд орж ирэх болгонд би Норжин худалдааны төвийн ХААН банкны АТМ болон Жуковын ХААН банкны салбараас Ч.Цагаансарнайд авч өгдөг байсан нь үнэн. 2015 оны 09 дүгээр сард энэхүү хэргийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаалт өгөх явцад иргэн Ч.Цагаансарнай нь миний дансаар дамжуулан тэрхүү мөнгийг авч байснаа хүлээн зөвшөөрсөн болно. Ч.Цагаансарнай нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө миний нэрийг барьж худал мэдүүлсэн байна. Би Б.М Б.Б гэх хүмүүсийг танихгүй бөгөөд огт харьцаж ярьж үзээгүй юм. Уг мөнгүүдийг Ч.Цагаансарнай авсан. Би нэг ч төгрөг хэрэглээгүй. Ч.Цагаансарнай төлөх ёстой. Иймээс Ч.Цагаансарнайг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйлээс харахад тодорхой байгаа. Б.Манлайжав гэдэг хүний данснаас 5 удаагийн үйлдлээр нийт Н.А дансанд 11 000 000 төгрөг данснаас данс руу шилжин орсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Мөн хариуцагчийн өмгөөлөгч өөрөө энэ зүйлийг хэлсэн байдаг. Энэ 11 000 000 төгрөгийг Ч.Цагаансарнай авсан нь үнэн юм бол хариуцагч үүнийгээ нотлох үүрэгтэй. Хуульд бол ингээд заагаад өгсөн байдаг. Н.А тухайн 11 000 000 төгрөгийг яасан бэ? гэдэг талаараа хэлэх ёстой. Н.А бичгээр гаргаж өгсөн тайлбар дээр энэ мөнгийг бэлнээр болон банкнаас, АТМ-ээс Ч.Цагаансарнай эгчийг дагуулж очиж бүх мөнгийг өгсөн гэдэг мэдүүлэг байдаг. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй. Үүнээс харахад Н.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль зүйн бодит үндэслэл байгаа. Үндэслгүйгэээр хөрөнгөжинө нь гэдэг бол 2-3 үндсэн шинж байдаг. Хамгийн гол нь шинж нь талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч хоёр иргэн, Н.А хооронд ямар ч зээлийн, гараж худалдан авах харилцаа үүсээгүй. Тиймээс энэ хоёрын хооронд бие биедээ хүлээх үүрэг үүсээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч хоёр иргэний мөнгийг Б.Манлайжав нь Н.А ХААН банкны данс руу шилжүүлсэн. Үүнийг бол шат шатны шүүх тогтоосон. Хариуцагчийн өмгөөлөгчийн холбоотой прокурорын тогтоол дээр үүнийг иргэний журмаар шийдвэрлэхэд саад болохгүй байх гэж үзэж байна. Хавтаст хэргийн 97-101 хуудсанд Н.А ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Н.А гэдэг хүн энэ мөнгийг захиран зарцуулсан болох нь харагдана. Гэрч Ч.Цагаансарнай мэдүүлэг өгөхдөө энэ мөнгийг би Н.А аваагүй гэдэг зүйлээ хэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эхний мөнгө 2014 оны 08 дугаар сарын 27-нд 2 000 000 төгрөг орж ирсэн. Хариуцагчийн өмгөөлөгч хэлэхдээ 5 000 000, 6 000 000 төгрөгөөр 2 удаа орж ирсэн юм шиг ярьж байна. Энэ мөнгийг шууд бэлнээр авсан. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500 000, 500 000 төгрөгөөр хоёр удаа Н.А дансанд мөнгө орж ирсэн. Тухайн өдөр мөнгийн Н.А 500 000, 500 000 төгрөгөөр авчихсан. 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг Н.А дансанд орж ирсэн. Тухайн өдөр АТМ-ээс 500 000 төгрөг аваад дахин АТМ-ээс 900 000 төгрөг аваад, мөн АТМ-ээс 100 000 төгрөг аваад, дараа нь 450 00, 45 000 төгрөг авсан байгаа. Түүний дараа Залуу элит гэдэг газраас 2 200 төгрөгийн картаар үйлчилгээ үзүүлсэн. Мөн Хэрлэн хүү гэдэг газраас 1 800 төгрөгийн гүйлгээ хийсэн. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөг орж ирээд мөнгө орсон өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр аваад, мөн өдөр Пиптий шоп гэдэг газраас 28 120 төгрөгийн гүйлгээ, Мушпана ко гэдэг газраар 32 000 төгрөгийн гүйлгээ, АТМ-ээс 150 000, 400 000, 400 000, төгрөг авсан. Мөн Бридж паб гэдэг газраар 12 000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгээд 5022639309 гэдэг данс руу 200 000 төгрөг шилжүүлсэн. Мөн Мушпана ко гэдэг газраар 33 300 төгрөгийн гүйлгээ, Дэлгэр хас гэдэг газраар 30 500 төгрөгийн гүйлгээ, Голомт банкны зах салбараас 270 500 төгрөг, АТМ-ээс 100 000, 350 000, 100 000 төгрөг, Голомт банкнаас 200 500, 500 000, 50 000 төгрөг, Сандэй гэдэг АМТ-ээс 500 000 төгрөг, хамгийн сүүлийн салбар нь Хэнтий аймгийн АТМ-ээс 2000 төгрөг авсан асуудал харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, зарцуулсан байдлыг харахад шууд бэлнээр юм уу, АТМ-ээс Ч.Цагаансарнайд өгөх гэж байсан гэдэг зүйл харагдахгүй. Энэ мөнгийг тодорхой хэмжээгээр зарцуулчихсан. Н.А карт бол хэзээ ч Ч.Цагаансарнайд байгаагүй гэдгээ мэдүүлгээр хэлсэн. Энэ мөнгийг бүгдийг яагаад зарцуулсан бэ? гэхээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлахад гарах байх. Өөрөөр хэлбэл, Н.А дансанд мөнгө байгаагүй. Энэ мөнгө орж ирэхэд нь шууд шууд зарцуулчихсан, мөнгө дуусан дуустал Н.А дансанд ямар ч газраас мөнгө орж ирээгүй. Тэгээд Б.Манлайжав гэдэг хүний 11 000 000 төгрөгийг үрээд дууссаны дараа Бор-Өндөр сумаас Наранбаатар гэдэг Н.А аав нь Н.А дансанд мөнгө шилжүүлээд зохих журмын дагуу аваад хэрэглэсэн зүйл харагдаж байгаа. Нэг газар байсан хүн бол нэг газраас бөөнд нь мөнгийг бэлэн аваад Ч.Цагаансарнайд өгнө. Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйл үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

    Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч Б.М нь Б.М ХААН банкны 5027652484 дугаартай дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Б.Манлайжав нь хариуцагч Н.А ХААН банкны 5058156171 дугаартай дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг шилжүүлсэн нь хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа хэдий ч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Цагаансарнай нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Манлайжавын эзэмшлийн 03 тоот авто машины зогсоолыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн Б.б 15 000 000 төгрөгөөр зарч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байдаг. Энэ нь хавтаст хэргийн 53-54 хуудсанд авагдсан байгаа. Тиймээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Цагаансарнайд холбогдох хэргийн анхны Ардчилсан сонгууль болон байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын тогтоолоор Н.Ат холбогдох хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар буцааж хэрэгсэхгүй болгосон. Харин хариуцагч Н.А Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд дараах нөхцөл байдалд хүрсэн байх шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч хооронд эсвэл үүргийн гүйцэтгэл хүчин төгөлдөр бус үүрэг гүйцэтгэл нь дуусгавар болсон нь тогтоогдож байх бол гэж байгаа. Тэгтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. 11 000 000 төгрөг Ч.Цагаансарнай авсан нь тогтоогдож байх тул хариуцагч Н.Аыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хөрөнгө олж авсан этгээд буюу Ч.Цагаансарнайгаас 11 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Зөвхөн Н.Аын дансаар мөнгө авсан нь Н.Аг хөрөнгө авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Ч.Цагаансарнай нь Б.Манлайжавын шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг 2014 оны 08, 09 дүгээр сард Н.А ХААН банкны дансаар дамжуулсан авсан гэдэг нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2014 оны 12 дугаар сарын 24-ний тогтоол , Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.Б, Б.М хариуцагч Н.А хооронд гэрээний үүрэг үүсээгүй. Үүргийн гүйцэтгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байсан нь тогтоогдсон. Б.Манлайжавын шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг Ч.Цагаансарнай нь Н.А дансаар шилжүүлэн авсан болохыг тогтоогдсон тул Н.А үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

    Тиймээс Б.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй Н.А холбогдох 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

    Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М Б.Б нар хариуцагч Н.А холбогдуулан “гаражийн үнэ болох 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Н.А “... Ч.Цагаансарнай нь 2014 оны 11 дүгээр сард чиний дансыг ашиглая гээд миний ХААН банкны 5058156171 тоот дансыг авсан, “... Б.Манлайжав гэх хүнээс хэд хэдэн удаа их хэмжээний мөнгө орж ирсэн, ирэх болгонд Ч.Цагаансарнайд авч өгдөг байсан, би нэг ч төгрөг хэрэглээгүй, Ч.Цагаансарнай төлөх ёстой ...” хэмээн маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.М Б.Б нар нь хариуцагч Н.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Н.А ХААН банкны 505815671 тоот дансанд гаражийн үнэ болох 11 000 000 төгрөгийг Б.Манлайжаваас 2014 оны 8, 9 дүгээр сард тус тус шилжүүлсэн болох нь хариуцагч Н.Аын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын №87-д “Манлайжаваас гаражийн буцаалт 2 000 000 төгрөг, №90, 91-д “Манлайжаваас” гээд тус бүр 500 000 төгрөг, №97-д “Манлайжаваас гаражийн мөнгөний буцаалт” 2 000 000 төгрөг, №110-д “Манлайжаваас гаражийн үлдэгдэл төлбөр” 6 000 000 төгрөг” гэж бичигдсэн  хуулгаар тогтоогдож байх ба энэ үйл баримтад талууд маргаагүй. /хх98-99/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” хэмээн заажээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М Б.Б хариуцагч Н.А нарын хооронд эрх, үүрэг бүхий гэрээний харилцаа болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нар нь хариуцагч Н.А дансанд шилжүүлсэн гаражийн үнэ болох 11 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэсэн зохицуулалтад үндэслэсэн тул шүүх энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасантай нийцнэ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “... 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2708 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд Ч.Цагаансарнай нь Б.Манлайжавын эзэмшлийн 3 тоот авто машины зогсоолыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн Б.Б 15 000 000 төгрөгийн хохирол учруулж, Ч.Цагаансарнай нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаар тогтоолоор Н.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч Н.Аг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, хөрөнгө олж авсан этгээд буюу Ч.Цагаансарнайгаас 11 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж” шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцэнэ.

Хэдийгээр Ч.Цагаансарнай нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хариуцагч Н.А нь уг гаражийн мөнгийг Ч.Цагаансарнайд тухайн үед өгч байсан гэж маргах боловч Ч.Цагаансарнайд хэрхэн, хэдийд, яаж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Нэг газар байсан хүн бол нэг газраас бөөнд нь мөнгийг бэлэн аваад Ч.Цагаансарнайд өгнө, бөөнөөр нь авсан зүйл дансны дэлгэрэнгүй хуулгаар харагдахгүй байгаа, “... хуулгын №113-д “Fifth shop” 28 000 төгрөг, №114-д “mushbana ko” 32 000 төгрөг гэх мэтээр ...” зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, зарцуулсан байдлыг харахад шууд бэлнээр юм уу, АТМ-ээс Ч.Цагаансарнайд өгөх гэж байсан гэдэг зүйл харагдахгүй. Энэ мөнгийг тодорхой хэмжээгээр зарцуулчихсан байдаг ...” гэж шүүх хуралдаанд тайлбарлана.

            Хариуцагч Н.А нь уг мөнгийг Норжин худалдааны төвийн ХААН банкны АТМ болон Жуковын ХААН банкны салбараас авч Ч.Цагаансарнайд өгдөг байсан гэх боловч түүний ХААН банкны дансны хуулгаас харахад ATM Bayanzu, зарлага СФ96021115, АТМ ikh zak, zaluu elit, kherlen khu, “Fifth shop”, mushbana ko, АТМ Sunday гэх мэт олон газруудаас зарлагын гүйлгээ хийсэн нь тогтоогдож байх ба гэрч Ч.Цагаансарнай нь ... би Н.А мөнгийг аваагүй, Н.А виза карт нь надад байдаггүй, өөрт нь байдаг байсан ...” гэх мэдүүлэг зэргээр хариуцагч нь Ч.Цагаансарнайд гаражийн үнийг өгсөн гэх тайлбар нь няцаагдаж байна. 

Иймд, гаражийн үнэ болох 11 000 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ааас гаражийн үнэ болох 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М, Б.Б нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 /нэг зуун ерөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А улсын тэмдэгтийн хураамжид 190 950 /нэг зуун ерөн мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Б нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЦОГЗОЛМАА