Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” шашны байгууллагын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М;

 

Нэхэмжлэгч: “Х” шашны байгууллага

Хариуцагч: БОАЖС

 

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/486 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0054 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0917/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” шашны байгууллага нь БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/486 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Х” шашны байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/486 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо:

 

3.1. БОАЖС-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/486 дугаар тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч “Х” шашны байгууллага нь 2020 оны 05 дугааp capaac газар ашиглах эрхтэй болсон боловч 2022 оны 01 дүгээр сард буюу 1 жил 6 сарын дараа газар ашиглах гэрээ байгуулсан байна. Мөн нэхэмжлэлдээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулж, ашиглалтын газартаа хашаа татсан гэж тайлбарлах боловч энэ нь газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй ба үүнийг шүүх харгалзан үзээгүй байна.

3.2. Маргаан бүхий газар дээр байгаа барилгын ажил эхэлсэн 2 суурь тавьсан зэрэг нь тус ашиглах эрхтэй газартай хамаарахгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын тухайд: Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээ олгогдсон боловч гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүй тул газрын төлбөрийг төлөхгүй гэж тайлбарладаг. Гэтэл Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлөх үүрэгтэй. Гэрээ байгуулах эсэхээс үл хамаарч газрын төлбөрөө төлөх үүрэгтэй байсан. Мөн газар ашиглах гэрчилгээ нь 2020 онд олгогдсон боловч 2022 онд гэрээ байгуулж байгаа нь дан ганц хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0054 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 3.10 дахь хэсэгт “Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, нотолгоо гаргах боломж олгоогүй гэх үндэслэлийг нотлогдсон гэж үзлээ.” гэжээ.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.” гэж заасан. Тус мэдэгдлийг нэхэмжлэгч “Х” шашны байгууллага хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2023/39 дугаар “Хариу тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр БОАЖЯны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн Сонсох ажиллагааг огт хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн энэ талаарх баримт нь БОАЖЯ-аас гарахгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гарах байсан боловч энэ талаарх баримтыг бүрэн цуглуулалгүйгээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0054 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, БОАЖС-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/486 дугаар тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад нийцээгүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгч “Х” шашны байгууллагын газраа хууль болон гэрээнд заасны дагуу ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

 

3. БОАЖС 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Чандманы ам нэртэй газарт орших, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн бүсэд “аялагч түр буудаллах, отоглох“ зориулалтаар 24127 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч “Х” шашны байгууллагад ашиглах эрх олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр газар ашиглах 0201641 дугаартай гэрчилгээ олгогдож, уг газрыг 17899,20 м.кв, 6234,02 м.кв хэмжээгээр 2 нэгж талбар болгон солбицлыг тогтоож өөрчилжээ.

4. Дээрх тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч “Х” шашны байгууллага нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай гурван талт газар ашиглах тухай гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан байна. /1-р хх-ийн 19 дэх тал/

5. Үүнээс үзвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зохицуулалтын дагуу 2 жилийн хугацааг гурван талт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш тооцоход нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болоогүй, энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хариуцагч БОАЖС “...ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэж дүгнэн газар ашиглах эрхийг /эрхийн гэрчилгээг/ хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

6. Мөн хариуцагчаас ашиглуулахаар олгосон газарт “Х” шашны байгууллагын боловсруулж хүргүүлсэн гэх “ЦЭЛБ” бурханы цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж, БОАЖЯ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/5729 дүгээр албан бичгийн хамт, Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсыг “Х” шашны байгууллагад хүргүүлсэн, Нийслэлийн ерөнхий архитектораас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МХЗ2022/35-020 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан, шүүхийн үзлэгээр “Х” шашны байгууллагын ашиглаж байсан гэх газарт 1 барилгын ажил эхэлсэн, 2 суурь тавьсан, зам дагуу олон тооны мод тарьсан, уг модоо хамгаалах зорилгоор хашаа барьсан зэргээс үзвэл нэхэмжлэгч “Х” шашны байгууллага маргаан бүхий тушаалд дурдсан “...газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... ашиглаагүй” гэх байдал тогтоогдохгүй байна.

7. Газрын төлбөрийн хувьд БОАЖС-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/486 дугаар тушаал гаргахаас өмнө Газрын тухай хууль болон гурван талт гэрээнд заасны дагуу “Х” шашны байгууллага нь газар ашигласны төлбөрийн тооцоогоор 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй, 2022-2023 оны газрын төлбөрт нийт 140 593 871 төгрөг төлсөн болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20/1331 дүгээр албан бичиг, газрын төлбөр төлсөн жагсаалт, тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогджээ. /1хх-177-182 дахь тал/,

8. Үүнээс үзвэл, “Х” шашны байгууллага нь газрын төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний “Хоёр. Гэрээний нөхцөл.”-ийн 2.3-д заасны дагуу газрын төлбөрийг төлсөн бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг “газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

9. Дээрх байдлуудаас дүгнэн үзэхэд, анхан шатны шүүхээс “...БОАЖС-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/486 дугаар тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад нийцээгүй, нэхэмжлэгч “Х” шашны байгууллагыг газрын төлбөрөө хугацаанд нь төлөх боломжтой байсан эсэх, газраа 2 жилийн хугацаанд зориулалтаар ашигласан эсэх үйл баримтыг зөв тогтоож шалгаагүй болох нь нотлогдсон бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газраа хуульд заасан журмын дагуу ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                                    Н.ДОЛГОРСҮРЭН  

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН   

                ШҮҮГЧ                                                                 Т.ЭНХМАА