Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00768

 

 Ф.Зоригоогийн нэхэмжлэлтэй

                   иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01199 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2105 дугаар магадлалтай, 

Ф.Зоригоогийн нэхэмжлэлтэй,

Скайтел ХХК-д холбогдох, 

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ф.Зоригоо, өмгөөлөгч Н.Нямдорж, Б.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов. 

Нэхэмжлэгч Ф.Зоригоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2000 оны 08 сараас эхлэн Скайтел ХХК-нд 2000-2002 онд гар утасны засварын техникч, 2002-2006 онд радио инженер, 2006-2009 онд төлөвлөлтийн инженер, 2009-2019 онд хэлтсийн менежер зэрэг албан тушаалуудад дэвшин ажиллаж ирсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өглөө хариуцсан хэсгийн инженер С.Жаргалсүрэнд ажлын даалгавар өгөхөд ажлыг хийж чадахгүй гэх зэргээр өөдөөс хэл амаар доромжилсон ба улмаар зодолдоё гэж босч ирсэн бөгөөд миний бие босож албан өрөөнөөс гарах замдаа түүнийг түлхэж унагасан явдал болсон. Улмаар 4 давхрын коридорт гарч маргалдахад бид 2-ыг салгах гэж байсан хүнийг С.Жаргалсүрэн шанаадсан ба энэ үед түүнийг согтуу байсныг мэдсэн. 2019 оны 10 сарын 11-ний орой хүний нөөц, хууль эрх зүй хариуцсан захирал Ө.Жамбалсүрэн намайг дуудаж халагдах тушаал өгсөн. Ажлаас халсан тушаалыг хууль бус шударга бус тушаал гэж үзэж байгаа. Тухайн үед анхан шатны арга хэмжээ аваад асуудал шийдэгдэх байх гэж тайлбар өгч байсан. Харамсалтай нь шууд ажлаас халах шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Намайг Технологийн газрын Мобайл сүлжээний ашиглалтын албаны Радио дамжуулах сүлжээ, дэд бүтцийн хэлтсийн менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн энэхүү шаардлага дээрээ нэмэгдүүлж Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Скайтел ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үдээс өмнө өглөө тухайн үед мобайл сүлжээ, ашиглалтын албаны радио дамжуулах сүлжээ, дэд бүтцийн хэлтсийн менежерээр ажиллаж байсан Ф.Зоригоо компанийн төв оффисын нийт 20 хүн ажиллаж байсан ажлын байранд хамт ажиллагсдын өмнө Жаргалсүрэнгийн биед халдаж, танхайрч, нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь хөдөлмөрийн гэрээний 9.4.13-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан энэ нь компанийн дотоод хяналтын камерын дүрс бичлэгээр тогтоогдсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Ф.Зоригоогийн гаргасан зөрчилд 100,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцож ажилласан байдаг. Манай албанд тухайн зөрчил гарснаас 7 хоногийн дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх удирдлагын зүгээс энэ мэдээллийг шалга гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт С.Жаргалсүрэн, Ф.Зоригоо нараас мэдүүлэг, тайлбар авсан. Ингээд тухайн үеийн камерын бичлэгийг удирдлагуудтай үзэж танилцаад дүн шинжилгээ хийсэн. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 57 тоот хөдөлмөрийн гэрээний 9.4.13-т ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг нь гутаах айлган сүрдүүлэх, зодолдох зэргээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн тохиолдлын дагуу тооцохоор нэрлэж заасан. Нэхэмжлэгч энэхүү тохиолдлыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ийм учраас гүйцэтгэх захирлын тушаалын эрх зүйн үндэслэл бол тухайн маргааныг шийдвэрлэх тушаал гарах болсон хамгийн чухал үндэслэл бол 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэж байгаа. Энэ зөрчил, үйл баримтыг камерын бичлэгийг судлаад дараа нь зөрчил гаргасан этгээд, хохирогч нараас тайлбар аваад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б-477 тоот тушаал гарсан. Энэ тушаалыг миний бие нэхэмжлэгчид гардуулж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 тушаал дээр ажил хүлээлцэх сүүлийн хугацааг 10 дугаар сарын 18-ны өдрөөр тогтоосон байсан. Нэхэмжлэгч дараагийн 7 хоногт буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэтрүүлсэн. Тийм учраас надтай өөрийн биеэр ирж уулзаад нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа өнгөрчихлөө засвар хийж өгч тус болооч гэсэн хүсэлт хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил хүлээлцэх хугацааг өөрийн буруугаар хэтрүүлэх гэсэн зохицуулалт байдаг. Өөрөө ажлын 5 хоногт ажлаа хүлээлгэж өгөөгүй. Хэтрүүлсэн гэдэг нь тойрох хуудсаар нотлогддог.

Манай компанийн удирдлага эмэгтэй хүн байдаг.Тийм учраас ажлын байранд тэвчиж болохгүй хүчирхийлэл учраас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ цааш цаашдаа ч гэсэн манай компанид ямар нэгэн байдлаар эрх мэдэлтэй, удирдах албан тушаалтан ийм зөрчил гаргавал халагдах хүртэл арга хэмжээ авч болдог юм байна гэдгийг нийт ажилтан, албан хаагчдад ойлгуулахад маш чухал зүйл болох ёстой гэж харж байгаа. Ажлаас халсан тушаалыг өөрөө 10 дугаар сарын 11-ний өдөр авсан. 1 сарын хугацаа байхаас 1 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл харагдаж байна. Ажилгүйдлийн тэтгэмж авсан. Халагдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Иймд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 тоот тушаалыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01199 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф.Зоригоог Скайтел ХХК-ийн Технологийн газрын Мобайл сүлжээний ашиглалтын албаны Радио дамжуулах сүлжээ, дэд бүтцийн хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Скайтел ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б-477 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Скайтел ХХК-иас 16,800,000/арван зургаан сая найман зуун мянга/ төгрөг олговорт тооцон гаргуулж, нэхэмжлэгч Ф.Зоригоод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 16,800,000 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь хуульд заасан журмын дагуу төлж, Ф.Зоригоогийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Скайтель ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Скайтель ХХК-иас үндсэн шаардлагад 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг дээр олговорт олгогдох дүнгээр 241950 төгрөг бүгд 312150/гурван зуун арван хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2105 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01199 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Скайтел ХХК-д холбогдох ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ф.Зоригоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09 өдрийн 2105 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ф.Зоригоог Скайтел ХХК 2019 оны 10 сарын 11-ний өдрийн Б-477 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан байдаг. Ингэхдээ тухайн компани өөрийн хөдөлмөрийн дотоод журмаа зөрчиж шууд удирдлагууд саналаа өгөөд байхад /гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно/ түүний харгалзаж үзэлгүй нэг хүний хувийн өс хонзонд үндэслэн ажлаас халсан байдаг. Мөн ажлаас халах тушаал гаргахдаа 2 өөр буюу тушаалын нэг дэх заалтад нийгмийн хэв журам алдагдуулсан гэдэг үг нэмж оруулсан байдаг. Гэхдээ энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нийгмийн хэв журам болон байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдал алдагдсан талаар нэг ч нотлох баримт ирүүлээгүй байдаг. Харин 2 дах заалтад ажил хүлээлгэн өгөх сүүлчийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож огноог өөрчилсөн, 3 дахь заалтад ажил хүлээлцэх ажлыг удирдан зохион байгуулахыг технологи хариуцсан дэд захирал Ч.Даваажамц гэснийг өөрчилсөн дээр маргаагүй байна гэж анхан шатны шүүх үзжээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед явагдсан хурлуудын тэмдэглэлүүдээр дээрх бүх заалтууд дээр маргаж оролцож байсан нотлох баримт байж байхад маргаагүй байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний тухайд Ф.Зоригоог ажлаас халсан эрх зүйн актыг гаргахдаа үндэслэх хэсэгт ноцтой зөрчилд тооцоод байгаа Хөдөлмөрийн гэрээний 9.4.13 дахь заалтыг бариагүй, зөвхөн 1-р заалтандаа дурдсан. Тухайн байгууллага нь Ф.Зоригоотой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.4.13 дахь заалтад Ажлын байранд /томилолт, амралт, зугаалга, тэмцээн, уралдаан г.м үед/ бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг нь гутаах, айлган сүрдүүлэх, зодолдох зэргээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж заасан байдаг ба тухайн хэрэг маргаан нь ажлын цагаар удирдах албан тушаалтан нь шууд удирдлагын ажилтандаа ажлын албан ёсны шаардлага тавьснаас үүдэж гарсан байдаг. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд тодорхойлон заасан томилолт, амралт, зугаалга, тэмцээн, уралдаан гэх мэт үеүдийн алинд ч хамаарахгүй байх тул ажлаас шууд халах ноцтой зөрчилд тооцогдохгүй байна. Тухайн хэрэг маргаанаас болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон нийгмийн хэв журам зөрчигдсөн асуудал тогтоогдоогүй байна. Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.4, 6.4.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон нь ажилтны гэрээг цуцлахдаа гүйцэтгэх захирал, холбогдох газар удирдлагуудын саналуудыг харгалзан үзэж , гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэхээр дотоод журамдаа зохицуулсан байдаг. Гэтэл Ф.Зоригоог ажлаас халахдаа энэхүү дотоод журмын заалтаа зөрчиж тушаал гаргасан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн тушаалын Үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт барьж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. МУ-ын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 0,3-ны өдрийн №33 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг тайлбарласан байна. Үүнээс харахад Ф.Зоригоо нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй, давтан гаргаагүй байтал энэхүү 40.1.4 дэх заалтыг баримталж байгаа нь хуулийг буруу хэрэглэж ажлаас халсан гэж үзэж байна. Мөн нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг анхан шатны шүүгч үнэлсэн нь хууль зөрчиж байна гэжээ. 2 өөр тушаал гаргаснаа хариуцагч өөрсдөө удаа дараа хүлээн зөвшөөрсөн хурлын тэмдэглэл байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүд асууж байхад гэрчүүдийг хөтөлж асуух болон өөрийн хүссэн хариулт өгөхгүй бол загнаж дарамталж байсан үйлдлийг хүртэл хүний нөөц Ө.Жамбалсүрэн удаа дараа гаргаж байсан. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 2105 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Ф.Зоригоо нь Скайтел ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

Ф.Зоригоо нь Скайтел ХХК-ийн радио дамжуулах сүлжээний хэлтсийн менежерээр ажиллаж байсан, ажил олгогч 2019.10.11-ний өдөр Б-477 дугаар тушаал гаргаж, түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4., 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн дотоод журмын 6.4.4, 6.4.6, хөдөлмөрийн гэрээний 9.4.13 дах заалтыг дурджээ /хэргийн 6 дугаар тал/. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.  

Хуулийн дээрх зохицуулалт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хоёр нөхцлийг тодорхойлсон ба хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.  

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.13-т ажлын байранд /томилолт, амралт, зугаалга, тэмцээн, уралдаан гэх мэт/ бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг нь гутаах, айлган сүрдүүлэх, зодолдох зэргээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан.  

Анхан шатны шүүх ...гэрээний энэ заалтын ямар үндэслэлд хамруулан буруутгасан, гэрээнд талууд тохиролцон нэрлэн заасан ямар зөрчлийн тохиолдол болох нь ойлгомжгүй, ажилтны гэм буруу хэрхэн буруутгасан үндэслэл тодорхойгүй, олон жил тогтвортой ажиллаж, шагнал урамшуулал олгогдож байсан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан бүрэн тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ф.Зоригоо нь 2019.10.04-ний өглөө ажлын байран дээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар хамт ажилладаг С.Жаргалсүрэнгийн толгойг мөргөж, биед нь халдаж, зодсон нь тогтоогдсон байх ба тэрээр энэхүү үйл баримтыг үгүйсгэж чадаагүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг эрх зүйн хувьд алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй, нэхэмжлэгчийн нэр бичээгүйг залруулж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч ...ажлаас халахдаа 2 өөр тушаал гаргасан гэсэн, хариуцагч ...2019.10.11-ний өдрийн тушаалаар ажлаас халж, ажил хүлээлцэх хугацааг 2019.10.18-ний өдрөөр тогтоосон, нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа өнгөрчихлөө, засаад өгөөч гэж хүссэн тул ажил хүлээлцэх хугацааг 2019.10.31 гэж зассан, агуулга өөрчлөгдөөгүй гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.  

Хэрэгт авагдсан 2019.10.11-ний өдрийн Б-477 дугаар тушаалыг нэхэмжлэгч 2019.11.01-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн байх ба энэ нь Скайтел ХХК-ийн архивт хадгалагдаж байгаа эх хувьтай тохирч байгаа нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.  

Харин хэргийн 64, 108 дугаар талд авагдсан тушаал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2105 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хариуцагч Скайтел ХХК-д холбогдох ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Скайтел ХХК-д холбогдох ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Ф.Зоригоогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА 

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ