Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2056

 

 

Х.Г, Н.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01577 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Г, Н.М нэхэмжлэлтэй, хариуцагч “Ай” ХХК-д холбогдох, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.Г, Н.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ай" ХХК болон иргэн Х.Г, Н.М нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Ажлын байрны түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 29 байрны 27 тоот хаягт байрлах 80 м.кв талбай бүхий байрыг ажлын байрны зориулалтаар түрээслүүлсэн байдаг. Энэхүү 27 тоот байр нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар бус орон сууцны зориулалтаар баригдсан байр, мөн барилга байгууламжийг ашиглагчдын аюулгүй байдлыг хангах наад захын шаардлага хангаагүй байгаа нь хэргийн материалд авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр батлагдсан байгаа. Анх бид харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах болохоо хэлэхэд санаа зоволтгүй манайх ажлын байрны дүгнэлт, галын дүгнэлт зэргийг гаргаад өгнө. Угаасаа үйлчилгээний зориулалтаар ашигладаг байр гэх зэргээр тайлбарлаж байсан хэдий ч энэхүү түрээсийн байр нь үйлчилгээ явуулах биш хүн амьдрахад хүртэл чанарын шаардлага хангахааргүй байр болохыг олж мэдсэн зэргээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нийт 5 848 800 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа гэжээ.

 

Хариуцагч "Ай" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ай" ХХК болон иргэн Х.Г, Н.М нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "Ажлын байрны түрээсийн гэрээ" байгуулагдсан. Уг гэрээгээр Түрээслүүлэгч талын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Түрээслэгч  нь түрээслүүлэгчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 29 дугаар байрны 27 тоот хаягт байрлах, 80 орчим м.кв талбайтай Ажлын байр /Ү-2203000073/-ЫГ хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, үүргээ биелүүлсэн. Түрээслэгч тал уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т "2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээслэнэ", 3 дугаар зүйлийн 3.1-т "Ажлын байрны нэг сарын төлбөр 1 800 000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөг байна", 3.2-т Түрээслэгч нь 1 /нэг/ сарын ажлын байрны түрээсийн төлбөртэй тэнцэх төгрөгийн барьцаа төлбөр мөн 1 сарын түрээсийн төлбөрийн хамт гэрээнд гарын үсэг зурсан өдөр түрээслүүлэгчид төлөх ба гэрээг дуусгавар болоход орон сууц, тавилга бусад эд зүйлс бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болохыг актаар хүлээлцэж, мөн түрээслэгч түрээсийг бүрэн төлж барагдуулсан, ашиглалтын төлбөрүүд бүрэн төлөгдсөн эсэхийг баримтаар хүлээлцсэн тохиолдолд барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгоно." гэсэн үүрэг хүлээсэн. Гэтэл түрээслэгч талаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр санал хүсэлт тавьсан бөгөөд манай зүгээс уг саналыг шийдвэрлэх боломжгүй, гэрээнд тусгагдаагүй асуудал байсан тул 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзаж гэрээг 11 дүгээр сарын25-ны өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Түрээслэгч ажлын байрыг хүлээлгэн өгөлгүй ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан тул 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай компаниас түрээслэгч талд хандан түрээсийн гэрээ хэвийн үргэлжилж байгааг, төлбөр тооцоо гэрээний дагуу үргэлжлүүлэн тооцогдож байгааг мэдэгдсэн бөгөөд энэ асуудлаар түрээслэгчдээс ямар нэгэн хариу мэдэгдээгүй болно. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан "Ажпын байрны түрээсийн гэрээ" 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болсон учраас дахин цуцлах боломжгүй. Иргэний хуулийн 196 дугаар зййлийн 196.1.1-т зааснаар уг гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийн шилжүүлсэн байх тул бидний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч тал уг түрээсийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах санал гаргасанд л Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, заасан журам үйлчлэх юм. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжпэгчээс гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Засвар үйлчилгээнд хийгдсэн зардал, ажлын хөлсний нийт зардал 2 248 800 төгрөг гаргуулах тухайд түрээслэгчийн зүгээс тодорхой хугацаанд засвар үйлчилгээ хийж ажлын байраа бэлтгэсэн тул бид түрээсийн төлбөр тооцоог 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч "Ай" ХХК-иас нийт 3 148 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г, Н.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ай" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 65 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г, Н.М нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан анхан шатны шийдвэрт бидний гэрээгээр тохиролцсон үүргийг үл харгалзан нэхэмжлэгч талын нэхэмжлэсэн засварын зардлыг ханган шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, засварын үйл ажиллагааг сайн дураараа өөрөө мэдэж эсвэл андуурч зардал гаргаагүй. Нэхэмжлэгч талын бизнесийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой учир засварын ажлыг гүйцэтгэсэн. Мөн барьцааны төлбөр болох 1 800 000 төгрөгийг буцаан олгох эрх зүйн үндэс байхгүй байтал олгох шийдвэр гаргасан. Үйл ажиллагаа эхэлсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүртэл түрээслэгч нь үйл ажиллагаа хэвийн явуулсан нь ОСНААУГ-ын ашиглалтын төлбөр тооцооны нэхэмжлэх, УБЦТС ХК-ийн төлбөрийн нэхэмжлэх зэрэг тооцооны баримтуудаар батлагдаж байгаа юм. 12 сарын 23-ны өдөр байрнаас өөрсдийн эд хөрөнгийг нүүлгэж, манай ажилтан Б.Аззаяа, Цогтбаатар нартай байр хүлээлцсэн акт үйлдсэн байгаа нь баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийлвэрээр олгосон 3 148 800 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2017 оны 09 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ, хариуцагч давж заалдах гомдлоосоо татгалзсан баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч тал “...шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, хариуцагч тал “нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр давж заалдах гомдлоосоо татгалзах шийдвэр гаргасан тул хүлээн авна уу” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул уг татгалзлыг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн хуулийн заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө гомдлоосоо татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийг гомдол гаргаагүйд тооцож давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, , 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Г, Н.М нарын, хариуцагч “Ай” ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 5 848 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч “Ай” ХХК-ийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дугаар зүйлийн 164.1 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 65 331 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                   

                                 ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ