Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00769

 

Ч.Жавзандуламын нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02697 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дүгээр магадлалтай, 

Ч.Жавзандуламын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Боловсролын их сургуульд холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг, Д.Хишигбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг, Д.Хишигбаяр, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов. 

Нэхэмжлэгч Ч.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монгол-Улсын боловсролын их сургуульд 2010-2014 он хүртэл хичээлийн туслах ажилтан, 2014-2017 онд захирлын нарийн бичиг, 2017 оноос хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр тус тус амжилттай ажиллаж ирсэн. МУБИС-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан удирдлага мэдээллийн системд оюутны дүнг оруулах, бусдаар оюутны судлаагүй кредит цагийг тооцуулж дүнг нөхөн бичүүлэх гэх ноцтой зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас гэнэт халсан. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан статистик мэдээ, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төгсөлт хариуцсан мэргэжилтнийхээ хүрээнд оюутнуудын дүнг мэдээллийн системд оруулсан, дур мэдэн өөрчилж оруулаагүй, багш нартай ярьж, хэлэлцсэний үндсэн дээр оюутнуудын дүнг оруулсан. Сахилгын зөрчлийг давтан үйлдсэн ноцтой зөрчил гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2017-2018 оны хичээлийн жилд суралцаж байсан Усгал гээд оюутны болон Баттөгөлдөр гээд оюутны дүнгийн асуудалд, мөн Баттөгөлдөрийн тэтгэлэгтэй холбоотой асуудалд буруутгаж байна. Тэтгэлэг олгож байгаа тушаалыг би гаргаагүй, 1 төрлийг зөрчил дээр 5 хүн байхад 1-ийг нь ажлаас халсан нь хүндэдсэн шийтгэл гэж үзэж байна, зүй нь бүгдэд нь ижил төрлийн арга хэмжээ авах ёстой. Засгийн газраас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан хэрэгжүүлж байхад Монгол улсын Боловсролын Их сургууль дотоод журам гэх нэрийдлээр ажлаас шууд халсан нь дээрх хууль болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Монгол улсын Боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын боловсролын их сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Дүрслэх урлагийн сургуулийн захирал А.Энхмаатай холбоотой гомдлыг шалгах явцад тус сургуулийн мэргэжилтэн Ч.Жавзандуламын оюутан Б.Баттөгөлдөрийн суугаагүй буюу ирц байхгүй хичээлийн дүнг багшийн компьютер, код ашиглан тавьсан, шалгалтын дүнг тавиулсан, захирлын нэрэмжит тэтгэлгийг давхардуулж олгуулсан зэрэг зөрчил нь холбогдох баримт, багш, мэргэжилтний тайлбараар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ч.Жавзандуламд ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа болно. Хичээлд огт суугаагүй, суралцаагүй оюутны дүнг цахимд оруулсан байсан. Мөн Баттөгөлдөрт тэтгэмжийг давхардуулан олгосон байдаг. Манай сургуульд өндөр онооны тэтгэлэг, тэмцээн уралдаанд медаль авсан тохиолдолд олгох тэтгэлэг гэж байдаг. Бүрэлдэхүүн сургуулиудаас захиралд бичиг ирээд түүнийг нь захирал шийдээд санхүүд хүргүүлж байж тэтгэлэг олгогддог. Гэтэл Баттөгөлдөрт захирлын нэрэмжит цалин давхардуулан олгуулсан. Баттөгөлдөр нь бөхийн чиглэлээр улсын аварга медаль хүртсэн гэсэн амжилтаар хамрагдсан байна. Дүрслэх урлаг технологийн сургуулийн захирлаар батлуулсан хуудсанд их дээд сургуулиудын англи хэлний олимпиадын аварга гэж амжилтыг нь дурдсан байхад МУБИС-ийн захирлын тушаалд бөхийн чиглэлээр улсын аварга гэж бичсэн нь хоорондоо зөрчилдөж, аль алиныг нь нотлох баримтгүй байдаг. БНХАУ-ын иргэн Ус гал /Wusihala/ нь 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд 22 кредит, 2017-2018 оны хичээлийн жилийн өвлийн улиралд 16 кредитийн дүн орсон байгаа нь уг заалтыг зөрчиж нэг улиралд хэт их хичээл судалж 2018 оны 1 дүгээр сард төгссөн. МУБИС-д 6 сарын хугацаанд суралцаж магистрын ажлаа бичиж, хамгаалан диплом авсан нь тус сургуулийн сургалтын журмыг зөрчсөн үйлдэл болж байна. Нэхэмжлэгчийн дурдсан хуулийн зорилт нь Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Нэхэмжлэгчийн дурдсан хуульд хэн нэгнийг хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02697 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Ч.Жавзандуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ч.Жавзандулам нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02697 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар Ч.Жавзандуламыг МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 6,352,845 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Жавзандуламд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУБИС-д даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч МУБИС-иас 116,595 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг, Д.Хишигбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнд гомдолтой байна. Шүүх "...зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан эсэх талаар талууд маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна ... гэх дүгнэлтийг хийхдээ тус үйл баримтыг нотолсон хариуцагчийн зөрчил илрүүлснээс хойш нэхэмжлэгч захиргааны чөлөө болон ээлжийн амралт авсан, шийдвэр гаргахдаа Захирлуудын зөвлөлийн хуралд танилцуулж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч багш нарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж бакалаврын оюутан Б.Баттөгөлдөр, магистрант н.Усгал нарын шалгалтын дүнг хууль тогтоомж, дүрэм, журам зөрчин хийсвэр байдлаар тавиулсан, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч бусдын кодыг ашиглан дүн тавьсан зэрэг үйлдэл нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, байгууллагын үнэлэмжийг сулруулах нийгмийн хор уршигтай, оюутнуудын шударгаар үнэлүүлэх эрхэд халдсан ноцтой үйлдэл тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн тайлбарыг бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Ч.Жавзандулам нь МУБИС-д холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ч.Жавзандулам нь 2018.01.02-ны өдрөөс МУБИС-ийн харьяа Дүрслэх урлаг, технологийн сургуульд хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байжээ.  

Хариуцагч буюу ажил олгогч 2020.08.17-ны өдөр Б/96 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, МУБИС-ийн дүрмийн 4.4.1, дотоод журмын 7.2.7, дэх заалтыг баримтлан, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан удирдлага мэдээллийн системд оюутны дүнг оруулах, бусдаар оюутны судлаагүй кредит цагийг тооцуулж, дүнг нөхөн бичүүлэх зэрэг ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 4 дүгээр тал/.  

Нэхэмжлэгч нь 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан Б.Баттөгөлдөрийн хар зураг-1, барилгын зураг зүйн үндэс зэрэг хичээлд танхимын сургалтад огт суугаагүй, багш дүгнээгүй байхад тус сургуулийн хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаярын эрхээр удирдлага мэдээллийн системд нэвтэрч дүн оруулсан, мөн Ус галыг хичээлд суугаагүй, судлаагүй байхад нь дүнг системд оруулсан зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.10-т зааснаар бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх, ажил, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан эсвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж шаардсан, авсан, зуучилсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ /хэргийн 6-8 дугаар тал/.  

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч ажил олгогч сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан эсэхийг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт байгаа баримтад дүгнэлт хийж, шийдвэр гаргана.  

МУБИС-ийн Чанарын баталгаажуулалт, хяналт үнэлгээний алба, Дотоод ажлын алба хамтран 2020.06.10-ны өдрөөс холбогдох бичиг баримт, удирдлага, мэдээллийн системд үзлэг хийж, ажлын тайланг 2020.06.29-ний өдөр Захирлуудын зөвлөлийн хуралд танилцуулсан байна /хэргийн 30-57 дугаар тал/. 

Хариуцагч нь Ч.Жавзандуламыг 2020.08.17-ны өдөр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэнтэй нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж, Ч.Жавзандуламыг МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохдоо хэргийн баримтад үндэслэсэн, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-г зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,352,845 төгрөг хариуцагчаас гаргуулсан нь Дундаж цалин хөлс тооцох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан журамд харшлаагүй байна.  

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА 

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ