Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/02697

 

 

 

 

 

2020 11 02

181/ШШ2020/02697

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ж -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУБИС-д холбогдох

Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.Ж Дүрслэх урлаг, технологийн сургуульд 2006-2010 онд Технологийн багшийн мэргэжлээр суралцаж төгссөн. МУБИС-ийн шилдэг оюутан шагналтай. Улмаар 2010-2014 он хүртэл хичээлийн туслах ажилтан, 2014-2017 онд захирлын нарийн бичиг, 2017 оноос хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр тус тус амжилттай ажиллаж ирсэн.

МУБИС-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан удирдлага мэдээллийн системд оюутны дүнг оруулах, бусдаар оюутны судлаагүй кредит цагийг тооцуулж дүнг нөхөн бичүүлэх гэх ноцтой зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас гэнэт халсан. Энэхүү шийтгэл нь миний хувьд маш хүнд шийтгэл болж байна.

Миний бие 2017 оноос хөтөлбөрийн албаны мэргэжилтэн хийх хугацаандаа ажлын цагийг чанд баримталж, МУБИС-ын дотоод журмын дагуу хариуцлагатай, үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа 2013 онд Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар одон, Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн Тэргүүний ажилтан, 2018 онд Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Талархалын бичиг, 2019 онд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Тэргүүний залуу медалиар тус тус шагнуулж байсан.

Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан статистик мэдээ, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төгсөлт хариуцсан мэргэжилтнийхээ хүрээнд оюутнуудын дүнг мэдээллийн системд оруулсан, дур мэдэн өөрчилж оруулаагүй, багш нартай ярьж, хэлэлцсэний үндсэн дээр оюутнуудын дүнг оруулсан. Сахилгын зөрчлийг давтан үйлдсэн ноцтой зөрчил гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Жавзандуламыг 2017-2018 оны хичээлийн жилд суралцаж байсан Ус гал гээд оюутаны болон Баттөгөлдөр гээд оюутаны дүнгийн асуудалд, мөн Баттөгөлдөрийн тэтгэлэгтэй холбоотой асуудалд буруутгаж байна.Тэтгэлэг олгож байгаа тушаалыг Жавзандулам гаргаагүй, 1 төрлийг зөрчил дээр 5 хүн байхад 1-ийг нь ажлаас халсан нь хүндэдсэн шийтгэл гэж үзэж байна, зүй нь бүгдэд нь ижил төрлийн арга хэмжээ авах ёстой.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т Засгийн газраас цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж заасан.

Ийнхүү Засгийн газраас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан хэрэгжүүлж байхад Монгол улын Боловсролын Их сургууль дотоод журам гэх нэрийдлээр ажлаас шууд халсан нь дээрх хууль болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Монгол улсын Боловсролын их сургуулийн захиралын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш Г.Одонпүрэвийн МУБИС-ийн захиргаанд хандан тус сургуулийн захирал А.Энхмаагийн ёс зүйгүй үйлдлийг шалган, холбогдох журмын дагуу шийдэж өгнө үү гэсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч чиг үүргийн дагуу Чанарын баталгаажуулалт, хяналт үнэлгээний алба, Дотоод ажлын алба хамтран холбогдох баримт бичиг, удирдлага мэдээллийн системд үзлэг хийж, багш ажилтнуудтай ярилцлага хийсэн.

Дүрслэх урлагийн сургуулийн захирал А.Энхмаатай холбоотой гомдлыг шалгах явцад тус сургуулийн мэргэжилтэн Ч.Жын оюутан Б.Баттөгөлдөрийн суугаагүй буюу ирц байхгүй хичээлийн дүнг багшийн компьютер, код ашиглан тавьсан, шалгалтын дүнг тавиулсан, захирлын нэрэмжит тэтгэлэгийг давхардуулж олгуулсан зэрэг зөрчил нь холбогдох баримт, багш, мэргэжилтний тайлбараар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Ч.Жд ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.

Хичээлд огт суугаагүй, суралцаагүй оюутны дүнг цахимд оруулсан байсан, Гоцбаяр багш нэг хичээлийн дүн оруулаагүй гэдэг, анги удирдсан багш Сэлэнгэ Баттөгөлдөрийг хичээлд суугаагүй дүнг нь Жавзандулам гуйгаад явж байсан тухай мэдүүлдэг. Тэр дүн нь хөтөлбөрийн албаны эрхээр орсон байсан, Хөтөлбөрийн албаны дарга Энхбаяраас энэ тухай асуухад би оруулаагүй Жавзандулам код мэддэг гэсэн. 2019 оны намрын улирлын хар зураг, барилгын зураг зүйн үндэс хичээлүүдийн дүнг нь Дүрслэх урлаг технологийн сургуулийн хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаярын эрхээр орж дүн тавсан байсан.

Мөн Баттөгөлдөрт тэтгэмжийг давхардуулан олгосон байдаг. Манай сургуульд өндөр онооны тэтгэлэг, тэмцээн уралдаанд медаль авсан тохиолдолд олгох тэтгэлэг гэж байдаг. Бүрэлдэхүүн сургуулиудаас захиралд бичиг ирээд түүнийг нь захирал шийдээд санхүүд хүргүүлж байж тэтгэлэг олгогддог. Гэтэл Баттөгөлдөрт захирлын нэрэмжит цалин давхардуулан олгуулсан. Баттөгөлдөр нь бөхийн чиглэлээр улсын аварга медаль хүртсэн гэсэн амжилтаар хамрагдсан байна. Дүрслэх урлаг технологийн сургуулийн захирлаар батлуулсан хуудсанд их дээд сургуулиудын англи хэлний олимпиадын аварга гэж амжилтыг нь дурдсан байхад МУБИС-ийн захирлын тушаалд бөхийн чиглэлээр улсын аварга гэж бичсэн нь хоорондоо зөрчилдөж, аль алиныг нь нотлох баримтгүй байдаг.

БНХАУ-ын иргэн Ус гал /Wusihala/ 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр МУБИС-ийн магистрын сургалтад элсэн суралцсан. Ус галыг урлагийн философи, уран зураг гэх мэт хичээлд суугаагүй, судлаагүй мөртлөө дүгнэгдсэн байсан үүнийг Жавзан дулам хийлгэсэн.

Ус гал /Wusihala/ нь тус сургуулийн сургалтын журмын дагуу 4 улирал суралцах атал 2017-2018 оны хичээлийн жилийн намар болон өвлийн улирал гэсэн 2 улирал суралцсан. Энэ нь хэт богино хугацаанд суралцаж магистын зэрэг хамгаалсан байна. Мөн сургалтын хөтөлбөр багшийн хөгжлийн албанд сургалтын хугацааг 1 улирлаар богиносгох хүсэлт болон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрсөн хуудас байхгүй байдаг. Мөн тус сургуулийн сургалтын журмын 6.2.10-д Өдрөөр суралцагч нэг улиралд 15, эчнээгээр суралцагч 12-оос илүүгүй кредитийн хичээл судална гэж заасан байдаг.

Ус гал /Wusihala/ нь 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд 22 кредит, 2017-2018 оны хичээлийн жилийн өвлийн улиралд 16 кредитийн дүн орсон байгаа нь уг заалтыг зөрчиж нэг улиралд хэт их хичээл судалж 2018 оны 1 дүгээр сард төгссөн. МУБИС-д 6 сарын хугацаанд суралдцаж магистрын ажилаа бичиж, хамгаалан диплом авсан нь тус сургуулийн сургалтын журмыг зөрчсөн үйлдэл болж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Засгийн газраас Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан хэрэгжүүлж байхад МУБИС дотоод журам нэрийдлээр ажлаас шууд халсан нь дээрх хууль болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн дурьдсан хуулийн зорилт нь Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

Нэхэмжлэгчийн дурьдсан хуульд хэн нэгнийг хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт байхгүй байна.

Коронавирусын цар тархалттай холбоотой улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал нь хэн нэгнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 Нэхэмжлэгч Ч.Ж нь Монгол улсын Боловсролын Их Сургуульд холбогдуулан Монгол улсын Боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Ч.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын боловсролын их сургуультай Хөдөлмөрийн гэрээ байгуулан Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байжээ. /хх-ийн 6-7-р хуудас/

Ч.Жыг Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон Монгол улсын боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 4-р хуудас/

Уг тушаалдаа ажилтан Ч.Жыг ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан удирдлага мэдээллийн системд оюутны судлаагүй кредит цагийг тооцуулж дүнг нөхөн бичүүлэх зэрэг ноцтой зөрчил давтан гаргасан гэж буруутгасан байна.

Ч.Ж нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 2,4-р хуудас/

Ажил олгогч нь ажилтан Ч.Жтай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6-7-р хуудас/

Ажилтан Ч.Жын ажлын байрны тодорхойлолтод Статистик мэдээ гаргаж үр дүнг холбогдох газарт хүргэх, лавлагаа нөхөн олгосон дипломын бүртгэл, төгсөгчдийн судалгаа, тайлан мэдээллийн сан бүрдүүлэх, шилжилт хөдөлгөөн, сургуулиас чөлөөлөгдөх тушаал төлөвлөх, батлуулах ажлын тайлан мэдээ, судалгаа хийх, төгсөлтийн дүн тулгалтын тайлан мэдээ, дүн тулгалтын тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан гаргах, багшлах дадлагыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан ажлын тайлан гаргах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана гэжээ./хх-ийн 8-р хуудас/

Ажил олгогч, ажилтан Ч.Жыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 4, 6-8, 30-46, 53-56, 78-167-р хуудас/

Ажил олгогч Монгол улсын боловсролын их сургууль, ажилтан Ч.Ж нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.4. дүгээр зүйлд: ... Дараах тохиолдлыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: ...

4.4.5. Монгол улсын багшийн их сургуулийн аливаа дүрэм, журам, багш ажилтны ажил үүрэгт шууд холбогдох бусад хэм хэмжээ болох Монгол улсын багшийн их сургуулийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, багшийн ажиллах журамд заасан заалтыг удаа дараа ханган биелүүлээгүй, эсвэл ночтой зөрчсөн бол,

4.4.10. Бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх, ажил албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан эсвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж шаардсан, авсан, зуучилсан бол ... гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-р хуудас/

Тус байгууллагын Дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.7.-д Дараах зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулна. Үүнд: ....

4. Бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх, ажил албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан эсвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж шаардсан, авсан зуучилсан гэжээ.

Монгол улсын боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн багш Г.Одпүрэвийн гомдлын дагуу тус сургуулийн Чанарын баталгаажуулалт, хяналт үнэлгээний алба, дотоод ажлын алба хамтран холбогдох баримт бичиг, удирдлага мэдээллийн системд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдүүдэд үзлэг хийж хяналт, үнэлгээ хийсэн ажлын тайланг гаргаж ажилтан Ч.Жд танилцуулжээ. /хх-ийн 30-40, 108-109-р хуудас/

Ажилтан Ч.Жын гаргасан зөрчлийн талаар:

1.Дүрслэх урлаг технологийн сургуулийн Дүрслэх урлаг, дизайн мэргэжлээр бакалаврт суралцаж буй оюутан Б.Баттөгөлдөрийн 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд хар зураг-1, Барилгын зураг зүйн үндэс хичээлүүдийн танхимын сургалтад огт суугаагүй, багш дүгнээгүй байхад тус сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж нь хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаярын эрхээр системд нэвтэрч дүн оруулсан болох нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүн тулгалтын хуудсын баталгаажуулсан тухай баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 34-36, 49, 53-56, 108-109-р хуудас/

2. БНХАУ-ын иргэн Ус гал /Wusihala/ 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр МУБИС-ийн магистрын сургалтад элсэн 2018 оны 01 дүгээр сард төгссөн байх бөгөөд Ус галыг урлагийн философи, уран зураг гэх мэт хичээлд суугаагүй, судлаагүй байхад нь дүнг Жавзан дулам системд оруулсан болох нь өөрийнх нь мэдүүлэг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хяналт, үнэлгээ хийсэн тайлан, бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 30-33, 56, 108,109-р хуудас/

3. Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаартай тушаалаар батлгаажсан захирлын нэрэмжит тэтгэлэгийг оюутан Б.Баттөгөлдөрт давхардуулан олгоход Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Дээрх бүхнээс дүгнэхэд ажилтан Ч.Жыг хөтөлбөрийн албаны мэргэжилтэнгийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, удирдлага мэдээллийн системд оюутны судлаагүй кредит цагийг тооцуулж дүнг нөхөн бичүүлж Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл ажилтан Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзнэ.

Ажил олгогч Монгол улсын Боловсролын их сургууль нь ажилтан Ч.Жыг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Ж нь хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд Монгол улсын Боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ч.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Ч.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эртэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО