Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Ч.Энэбишийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2017/00981 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Энэбишийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Онцгой байдлын газарт холбогдох,

“Гэм хорын хохирол 13.755.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энэбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Энэбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 1 цаг 15 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг 23-13 тоотод оршин суугч Ч.Энэбишийн байшинд цахилгааны улмаас гал гарч шатаж, эхэлсэн бөгөөд энэ үед галын дуудлага үл таних иргэн өгч Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ирж, галыг унтраагаад явсан боловч галыг дутуу унтрааснаас болж, гал дахин гарч өглөөний 6 цаг гэхэд бүгд шатаж дууссан байсан. Хэрвээ Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн үүрэгт ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр манай гэр бүл эд хөрөнгө, сэтгэл санааны гүн их гарз хохирол учрахгүй байх байсан. Тиймээс аудитын дүнгээр гарсан 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 06 сарын 30-ны шөнө 01 цаг 27 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 23-11 тоотод гал гарч байсан гэсэн дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ, гал унтраах машины жолооч, ахлагч Б.Лхагвасүрэн, ахлах ахлагч П.Даваадорж, ахлагч М.Лхагвадорж нар гал унтраах шуурхай албаны Камаз маркын машинтай 2,5 км замыг 3 минутын хугацаанд туулан очиход 11.5x5.5 харьцаатай шавар байшин шатаж байсан. Төв шугам 20 метр ажлын шугам тус бүр 20 метр, РСБ хушуу, эвхдэг шаттай байлдааны тархалт хийж гал түймрийг унтраах ажиллагаа явагдсан. Галын хайгуулаар тус обьектын дээврийн хөндий болон барилга дотор утаажилт ихтэй, гал барилгын баруун хэсэгт тархсан байдалтай байсныг олж тогтоон гал унтраах удирдагчаас ахлах ахлагч Б.Эрдэнэбаярт цахилгаан хүчдэлийг таслах үүрэг өгч цахилгааныг таслуулан байшингийн урд хэсэгт буюу хаалган талаас эхний цонхыг хагалж эхний хошуугаар гал унтраах бодисыг бөөнөөр болон цацруулсан хэлбэрээр ойр ойрхон өгснөөр гал түймрийн тархалт зогссон байна.

Нийт 51 минут насосыг тасралтгүй ажиллуулж 3 тн ус зарцуулж 02 цаг 23 минутад галыг бүрэн унтраасан ба Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ононтал гал унтраах удирдагч О.Бат-Эрдэний хамт гал бүрэн унтарсан эсэхэд үзлэг хийж, SD250 маркийн дулаан мэдрэгч камераар нягтлан шалгахад гал түймэр бүрэн унтарсан байсан тул гал унтраах бүрэлдэхүүнд буцахыг зөвшөөрсөн.

Хоёр дахь галын дуудлага тухайн өдрийн өглөө 5 цаг 58 минутад ирж гал унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ, гал унтраах машины жолооч О.Гантөгс, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Б.Эрдэнэбаяр, Б.Лхагвасүрэн, П.Даваадорж, ахлагч М.Лхагвадорж нар очиход 11.5х5.5 харьцаатай байшингийн шатаагүй үлдсэн зүүн хэсэг галд өртөж зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсэг нурсан, дотор эд зүйл бүхэлдээ галд өртөж шатсан гал зүүнээсээ баруун тийш чиглэсэн байдалтай байсан. Байшингийн урд хэсэгт Ниссан PXAHA маркийн 2977ОРХ дугаарын машин байсан ба хажуу хэсгээрээ дулааны үйлчлэлээр хаалга, толь, гупер зэрэг хайрагдсан байсан. Гал унтраах бүрэлдэхүүн гал унтраах ажиллагаа явуулсан.

Гал түймрийн хэргийн материалд үндэслэн гал гарсан шалтгаан нөхцлийг тогтооход эхний шатлагад өртсөн баруун талын хэсэг нь 5.5х6 хэмжээтэй, модоор барьж гаднаас нь шавардсан хийц бүтэцтэй байсан ба хөргөгчний ард цахилгааны залгуураас шатлага явагдаж улмаар дээврийн хөндий рүү орсон байгаа нь цахилгаан ашиглалтын дүрэм зөрчигдсөний улмаас үүсвэрлэн гарсан байна. 5.5х5.5 хэмжээтэй дараагийн шатлагад өртсөн зүүн талын хэсэг нь банзаар сунгалт хийж баригдаж, гэрийн эд зүйлс хураасан байсан. Эхний шатлага явагдсан газраас 4-5 метрийн зайд шатлага явагдаагүй газарт шинээр үүсвэрлэн гарсан, дотогш цөмөрч нурсан зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсгийн шатлагын байдлаас үзэхэд байшингийн зүүн урд хэсгээс буюу байшингийн шатаагүй үлдсэн үүдний хэсгээс галын голомт үүсвэрлэн гарсан байгаа нь эхний шатлагаас үүссэн байх үндэслэлгүй юм. Гал түймрийг бүрэн унтраасны дараа байшин доторхи шатаагүй үлдсэн эд зүйлс хараа хяналтгүй цоож цуургагүй үлдсэн нь гадны нөлөөтэй гал түймэр гарсан байх магадлалтай акт тогтоогдсон байна.

Иймд иргэн Ч.Энэбишийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2017/00981 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Онцгой байдлын газраас 6.877.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энэбишд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 6.877.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасаныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 124.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энэбишд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 23-13 тоот хашаа байшинд 2016 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 01 цагт гал гарсан. Би өөрөө хөдөө байсан. Онцгой байдлынхан галыг унтраагаад явсан. Араас нь өглөө 4 цаг болж байхад дахин гал гараад 06 цагт Онцгой байдлын газрынхан ирсэн гэсэн тайлбарыг өгсөн гэж шүүхийн шийдвэрт тэмдэглэсэн ба өглөө 4 цагт гал дахин гарсан гэдэг үгийг нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэл, нотлох байримтууд болон өмнөх шүүх хуралдаануудад дурьдаж байгаагүй, ямар ч үндэслэл, нотолгоогүйгээр шүүхийн шийдвэрт дурьдаж оруулж ирсэн нь шүүх маргааны үйл баримтанд бодит үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн болсон процессыг илтэд гуйвуулсан гэж үзэж байна.

“Орхон аймгийн онцгой байдлын газрын байцаагч Ш.Ононталын гаргасан 2016.07.08-ны өдрийн 92/93/22 дугаартай гал түймэр гарсан тухай актад гал түймрийн шалтгаан хэсэгт тусгагдсан гал түймрийн голомтыг зөв тодорхойлсон гэж үзэж байна”, “Гал унтраах бүрэлдэхүүн галыг унтрааж дуусаад 2 цаг 36 минутад буцсан ба 3 цаг 16 минутын дараа гал дахин өөрөө асах боломжгүй юм. Гал түймрийн нөхцөл байдлыг тодорхойлох хайгуулын ажиллагааг бүрэн хийж дууссан гэж шинжээчийн зүгээс үзэж байна” гэсэн шинжээчийн дүгнэлтэд тусгасан нотлох баримтыг үнэлээгүй.

Анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 981 дугаартай шийдвэрт “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, галыг бүрэн унтраасан, 2 дахь гал өөр эх үүсвэрээс болж гарсан, эхний галыг дутуу унтрааснаас дараагийн гал гарсан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзлаа нотлох баримтаар няцааж чадаагүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй, хэргийн материалд хавсаргасан доорх нотлох баримтуудтай танилцаагүй байх ба ямар үндэслэлээр үнэлээгүй талаараа шийдвэрт тусгаагүй байна. Үүнд:

Галыг унтрааж дууссаны дараа салааны захирагч О.Бат-Эрдэнэ, байцаагч Ш.Ононтал нар ЗР250 маркийн дулаан мэдрэгч камераар шалгахад гал бүрэн унтарсан байсан гэх тайлбар, ЗР250 маркийн дулаан мэдрэгч камерны үзүүлэлт, туршилт, байцаагч Ш.Ононталын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхэд гаргаж өгсөн тайлбар, салааны захирагч О.Бат-Эрдэнэ гал унтраах явцад гар станцаа гал гарсан газар унагасан ба 4 цагт гар станцаа авхуулахаар Л.Энх-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарыг явуулсан. Л.Энх-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нар нь гал гарсан газарт очиж гар станцыг хайх явцад гал гараагүй байсан гэх мэдүүлэг, нотлох баримтуудыг үнэлээгүй байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Гал түймэр унтраах үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг гадны халдлагаас хамгаалах, замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулна” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэний дагуу галын дуудлагаар очсон Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Ононтал Орхон аймгийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн 7035102 дугаарын утсанд дуудлага, мэдээлэл өгсөн болох нь цагдаагийн газрын дуудлага хүлээн авсан тухай бүртгэлийн 43 дугаарт бүртгэгдсэн, гэрчээр шүүх хуралдаанд оролцсон Б.Мөнхтулга нарын тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Энэбишийн байшинд дахин гарсан гал түймэр нь өмнөх галыг дутуу унтрааснаас болж гарсан гэж үзэх үндэслэлгүй байх ба галын дуудлага хүлээн авсан Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зохих журмын дагуу үүргээ гүйцэтгэж галыг бүрэн унтраасан, гал түймэр гарсан гэх галын голомтыг зөв тодорхойлж гал түймрийн нөхцөл байдлын тодорхойлох хайгуулын ажиллагааг бүрэн хийсэн, гал түймрийн тархалтыг зогсоож, унтрааж дуусах ажиллагаа нь Гал түймэр унтраах дүрмийн 52 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу явагдсан болох нь Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №92,93/22 дугаартай акт болон Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2017.06.29-ны 9/217 дугаартай дүгнэлт хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт /заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэжээ.

                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Энэбиш нь хариуцагч Онцгой байдлын газраас гэм хорын хохиролд 13.755.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа Онцгой байдлын газар байшинд гарсан галыг дутуу унтрааж явснаас гал дахин гарч эд хөрөнгө шатаж гэм хор учирсан гэсэн тайлбарт үндэслэн тодорхойлжээ.

2016 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 01 цаг 15 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 23-13 тоотод оршин суугч Ч.Энэбишийн байшинд гал гарч үл таних хүн дуудлага өгснөөр Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн очиж галыг унтраасан. Дараа нь тухайн өдрийн 05 цаг 58 минутад тус Онцгой байдлын газрын гал унтраах аврах 81 дүгээр ангийн салааны захирагч Бат-Эрдэнээр ахлуулсан бие бүрэлдэхүүн дахин очиж галыг унтраасан. Гал гарсан өдөр нэхэмжлэгч Ч.Энэбишийн эзэнгүй байсан, эхний гал байшингийн баруун хэсгээр тархсан байдалтай байсан, цахилгааны хүчдэлийг тасалсан, дараагийн шаталт байшингийн шатаагүй үлдсэн зүүн хэсгээс эхэлсэн, зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсэг нурсан, дотор нь байсан эд зүйл бүхэлдээ шатсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтууд гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч Онцгой байдлын газрыг галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс гал гарсан, албан үүрэгт ажилдаа хайнга хандаж галыг унтраасны дараа нэгэнт эзэнгүй айл үлдсэн үед зохих журмын дагуу холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр гэм хорын хохирлын 50 хувийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч Онцгой байдлын гал унтраагчид галыг дутуу унтрааснаас болж дахин гал гарч байшин бүрэн шатаж дууссан гэж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Харин нэхэмжлэгч Ч.Энэбиш нь галыг дутуу унтрааснаас дахин гал гарсан гэж тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч байгууллага нь галын дуудлага хүлээн авмагцаа 01 цаг 28 минутад 2,5 км замыг туулан 3 минутын дотор очиход 11,5*5,5 м2 харьцаатай шавар байшингийн баруун урд хэсэг шатаж утаажилт ихтэй тархсан байдалтай байсан цахилгааныг тасалж, байшингийн хаалгыг эвдэн ороход зүүн талаар тархаагүй утаажилт ихтэй байсан ба хайгуул хийн гал гарч буй хэсгүүдийн галыг гал унтраах бодисоор цацруулсан хэлбэрээр гаргуулж, гал тархан дэлгэрэх бололцоогүй болгон ажилласны дараа гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Ш.Ононталтай хамтарч дулаан мэдрэгч камерийг ашиглан галыг бүрэн унтраасан эсэхийг шалгаж ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч байгууллагын тайлбар, /хх-24/, гал түймэр гарсан тухай акт /хх25-26/, гал унтраасан тухай нотломж хх-33, үзлэг хийсэн тэмдэглэл/ хх37-39, 161-163/ гэрч Л.Энх-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарын /хх56-68/ обьектын болон ой хээрийн гал түймрийн үед хамтран ажиллах журам /хх115-118/ гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт /хх183-185/-аар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд хариуцагч байгууллагыг хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2017/00981 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Энэбишийн гэм хорын хохирол 13.755.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Онцгой байдлын газар давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ