Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2023/1028/З |
Дугаар | 221/МА2024/0209 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2024/0209
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: “О” ХХК
Хариуцагч: МУЕП
Нэхэмжлэлийн шаардлага: “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0097 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/1028/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК нь МУЕПт холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0097 дугаар шийдвэрээр: Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Тус ББСБ нь 2024 оны 01-р сарын 29-ний өдрийн Нийслэл Дэхь Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 128/ШШ2024/0097 дугаарт шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Энэхүү Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдагдаад буй 2023 оны 08-р сарын 03-ны өдрийн 14/1716 дугаарт Хариу Мэдэгдэх Хуудас нь Улсын Ерөнхий Прокурорын шийдвэр биш, Прокурорын Ёс Зүйн Зөвлөлийн даргаас тус ББСБ-ын гомдолд өгч буй хариу юм. ПЁЗЗАЖурмын 6.13-т "Заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана.", 6.14-т "Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно." гэж тус тус зааснаас үзвэл УЕПрокурор нь ПЁЗЗөвлөлийн 13 дугаарт дүгнэлтэнд холбогдуулан өөрийн бүрэн эрхийн дагуу шийдвэр гаргах ёстой юм. Гэтэл УЕПрокурор ПЁЗЗАЖурмын 6.13-т заасан шийдвэрийггаргахгүйгээр шүүхэд гомдол гаргах тус ББСБ-ын эрхийг зөрчиж байна.
3.2. Тус ББСБ өмнө нь ПЁЗЗөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байсан. Харин 2 шатны шүүхээс УЕПрокурор ПЁЗЗөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ПЁЗЗАЖурмын дагуу шийдвэр гаргах ёстой хэмээн дараах байдлаар дурьдаж хэргийг хэлэлцэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнд: НДЗХАШШүүх 7268 дугаарт захирамжиндаа " Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд холбогдох гомдлыг гагцхүү Улсын ерөнхий прокурор хянан шийдвэрлэхээр, харин Улсын ерөнхий прокурорын шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэх талаар нарийвчилсан журмаар зохицуулсан тохиолдолд Прокурорын ёс зүйн зөвлөлд гомдол гаргагчаас дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна...."ЗХДЗШШүүх 221/ШТ2023/0793 дугаарт тогтоолдоо "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ын 6.13-д "Заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана.", 6.14-д "Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно." гэж тус тус заажээ.
Дээрх журмын зохицуулалтын дагуу Улсын Ерөнхий прокурор нь прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 13 дугаар дүгнэлттэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байх бөгөөд... 14/1716 дугаартай албан бичгээр өгсөн хариуг Улсын Ерөнхий прокурорын шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна....." гэж.
3.3. УЕПрокурор нь ПЁЗЗөвлөлийн дүгнэлттэй, дүгнэлтгүйгээс үл хамаарч сахилгын шийтгэл оногдуулах болон сахилгын шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах бүрэн эрхтэй болох нь дараах хууль зүйн үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд: Прокурорын тухай хуулийн 48-р зүйлийн 48.1-т "Улсын ерөнхий прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", энэ зүйлийн 48.1.5-д "... сахилгын шийтгэл оногдуулах;" гэж зааснаас үзвэл УЕПрокурор нь ПЁЗЗөвлөлийн дүгнэлтгүйгээр тухайн прокурорт сахилгын шийтгэл оногдуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Прокурорын тухай хуулийн 48-р зүйлийн 48.1-т "Улсын ерөнхий прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", энэ зүйлийн 48.1.13-т "хуульд заасан бусад.", мөн энэ хуулийн 66- р зүйлийн 66.3-т "Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ." гэж тус тус зааснаас үзвэл УЕПрокурор нь ПЁЗЗөвлөлийн дүгнэлт ямар гарсанаас үл хамаарч тухайн прокурорт сахилгын шийтгэл оногдуулах, эсхүл сахилгын шийтгэлээс чөлөөлөх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй.
3.4. Хэргийн материалд эрх бүхий албан тушаалтнаас ёс зүйн зөвлөлийн даргад цохон шилжүүлсэн гэх албан бичгийг шүүх хуралдааны үед хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн. Уг албан бичгээс үзвэл хэний, ямар, хэдэн тоот гомдлыг ёс зүйн зөвлөлийн даргад шилжүүлсэн нь тодорхойгүй, зөвхөн шилжүүлж буй албан тушаалтан болон ПЁЗЗөвлөлийн даргын нэр дурьдагдсан байдаг. Гэтэл ийм тодорхойгүй албан бичгийг УЕПрокурорын шийдвэр гэж шүүх үнэлэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Хариуцагч нь "... Улсын Ерөнхий Прокуророос зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй..." гэх хариу тайлбар хэлсэн байтал шүүхээс УЕПрокурорыг ПЁЗЗАЖурмын 6.13-т заасан шийдвэр гаргасан байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. УЕПрокурор ПЁЗЗөвлөлийн дүгнэлтээс үл хамаарч хариуцлага тооцох эрхтэй эсэхийг шүүх дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл ПЁЗЗөвлөлийн дүгнэлтийн эсрэг шийдвэрийг УЕПрокурор гаргах бүрэн эрхтэй эсэх шүүх дээр гарсан маргаанд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.5. Дээрхээс үзвэл УЕПрокурор өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд ПЁЗЗөвлөлийн дүгнэлтийг үл хамаарч хариуцлага тооцох эсэх шийдвэр гаргах ёстой болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүхээс эрх бүхий албан тушаалтны ПЁЗЗөвлөлийн даргад цохон шилжүүлсэн тодорхойгүй албан бичгийг УЕПрокурорын шийдвэр гэж үзэж, мөн УЕПрокурор ПЁЗЗөвлөлийн дүгнэлтээс үл хамаарч хариуцлага тооцох эрхтэй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгааг нь эсэргүүцэж танай шүүхэд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд НДЗХАШШүүхийн 2024 оны 01-р сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0097 дугаарт Шийдвэрийг хүчингүй болгон, ПЁЗЗАЖурмын 6.13 болон НДЗХАШШүүх 7268 дугаарт Захирамж, ЗХДЗШШүүх 221/ШТ2023/0793 дугаарт Тогтоолд заасны дагуу УЕПрокурорт 13 дугаарт дүгнэлтэнд холбогдуулан шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “О” ХХК-иас МУЕПт холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн журмын 6.13-т заасны дагуу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. “О” ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд хандаж “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.8 дугаар зүйлийн 6.8.1-д заасны дагуу мэргэжлийн ур чадваргүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан прокурор Д.Мг өмгөөлөн хаацайлсан Ерөнхий прокурор Э.А ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлт гаргаж өгнө үү” гэх гомдол гаргасан. МУЕПын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар дүгнэлтээр “...Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Э.А нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна” гэж шийдвэрлэснийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14/841 дүгээр албан бичгээр “О” ХХК-д мэдэгдсэн байна.
3.2. “О” ХХК-иас дахин 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Я2/23/084 дугаартай албан бичгээр Улсын ерөнхий прокурорт хандаж “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 14/841 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгохоор Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.13-т заасан Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг гаргаж өгнө үү” гэх гомдол гаргасны дагуу МУЕПын газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14/1716 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “... Прокурорын ёс зүйн зөвлөл нь Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг баримтлан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, Зөвлөлийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн хариу өгсөн байна.
3.3. Мөн “О” ХХК-иас Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7268 дугаар захирамжаар “...Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд холбогдох гомдлыг гагцхүү Улсын ерөнхий прокурор хянан шийдвэрлэхээр, харин Улсын ерөнхий прокурорын шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэх талаар нарийвчилсан журмаар зохицуулсан тохиолдолд Прокурорын ёс зүйн зөвлөлд гомдол гаргагчаас дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй ...” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0793 дугаар тогтоолоор “... журмын зохицуулалтын дагуу Улсын ерөнхий прокурор нь прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 13 дугаар дүгнэлттэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байх бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Д.Энхтөрийн 14/1716 дугаартай албан бичгээр өгсөн хариуг Улсын ерөнхий прокурорын шийдвэр гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.5. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж “...хариуцагч Улсын ерөнхий прокурор нь гомдол гаргасан “О” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлж хариу өгсөн байх тул хариуцагч нь хууль бус эс үйлдэхүй гаргаагүй гэж үзнэ”” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.6. Тодруулбал, МУЕПын газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14/841 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “...Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Э.А нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан болно”, МУЕПын газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14/1716 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “... зөвлөлийн хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна ... прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийн талаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно” гэсэн хариуг өгсөн нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
3.8. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “О” ХХК-иас гаргасан гомдлыг шийдвэрлэж тухай бүр хариу өгсөн нь тогтоогдож байх тул хариуцагч МУЕПыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ