Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2018/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын 0 тоотод оршин суух, *** овогт ***ийн ***ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хүний гавъяат эмч *** нэрэмжит Говь-Алтай аймгийн ***сумын ***д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн төлөөлөгч *** , түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***  миний бие Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн  тогоочоор 2017 оны 09 дүгээр сарын 19-нд ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч байгууллагын дарга *** нь 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү. Би 2017 оны 09 дүгээр сарын 19-нд ажилд томилогдож ороод 6 сарын хугацаа чинь дуусаж байна гээд ***  эмч 3 сард надад хэлсэн. Тэгэхээр нь тогооч авах гэж байгаа юм бол ямар тогооч авах юм бэ? гэхэд мэдэхгүй ээ би шийдээгүй байна гэхээр нь би өргөдлөө өгчихье гээд ***  эмчид өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин нийгэм болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг хүсэж байна. Өмнөх тушаалаар явна. Шинээр гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнөх эмчтэй гэрээ хийгээд хөдөлмөрийн гэрээгээрээ ажилласан. 01 дүгээр сарын 18-ны өдөр хугацаагүйгээр гэрээ байгуулсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад тогоочоор түр ажиллаж байсан *** ыг дараах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Сумын ард иргэдэд шаардлагатай шинжилгээг газар дээр нь авч эмчилгээний чанар, үйлчилгээний чанарыг сайжруулахад Лаборантын орон тоог заавал нэмэх шаардлагатай байсан тул тус байгууллагад лаборантын ажлын байрыг нэмэгдүүлж үйлчилгээний ажилчдаас түр тушаалтай байгаа ажилтанг чөлөөлсөн. ***  нь өмнө нь цомхотголоор ажлаасаа гарч тэтгэмжээ авсан бөгөөд тус байгууллагад өргөдөл өгөхдөө түр ажиллаж хүсэлт гаргасан байсан. *** ын ажлын байран дээр өмнө нь тогтвор суурьшилтай ажиллаж байсан үйлчилгээний ажилчдаас тогооч мэргэжилтэй хүнийг томилсон болно. Иймд *** ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ***  нь ажилд орохдоо өөрийн дүү ***ийн оронд 6 сарын хугацаатайгаар тогоочоор ажиллах хүсэлтээ өргөдлөөр өгсөн байсан. Тэгээд 6 сарын хугацаа нь дууссан тул ажлаас нь чөлөөлсөн. Өнөөдрийн тухайд хуулийн үндэслэлээ буруу хэрэглэсэн учраас тушаалаа хүчингүй болгосон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *** ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ***  нь Говь-Алтай аймгийн *** сумын *** төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч ***  нь Говь-Алтай аймгийн *** сумын ***-д тогоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хүний гавъяат эмч ***ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн  даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 тоот *** ыг ажилд түр томилох тухай тушаал, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот *** ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хүний гавъяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** ын цалингийн тодорхойлолт зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нь Хүний гавъяат эмч ***ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ** төв нь *** тай тогооч ***ийн 6 сарын чөлөөтэй байх хугацаанд тогоочоор түр томилон ажиллуулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж тогоочоор ажиллуулсанаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч тал нь *** ыг ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн гаргасан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар хүчингүй болгож, 16-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч маргажээ.

Шүүх ажилтны эрх ашиг хэзээ зөрчигдсөн цаг хугацааг тогтоох ба нэхэмжлэгчийн эрх ашиг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар зөрчигдсөн байна.

Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа тогооч ***-нийн чөлөөтэй байх хугацаанд буюу 6 сарын хугацаанд түр ажиллахаар харилцан тохиролцож ажилд авсан ба хугацаа дууссан учраас ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл... байгуулахаар хуульчилсан байна.

Шүүх хуралдаан дээр зохигчдын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд өмнө нь тогооч байсан ***  ажилдаа эргэн орохгүй болсон талаар тайлбарлаж байх бөгөөд ***-ийн ажиллаж байсан тогоочийн байнгын ажлын байранд өөр хүн авч ажиллуулах уу, оронд нь ажиллаж байсан *** ыг үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдгийг тухайн үед шийдвэрлэх ёстой байсан байна. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч *** тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч *** ын ажилд орохдоо бичиж өгсөн ***ийн оронд 6 сар тогоочоор ажиллах гэрээг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гэж үзэж хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч *** ыг Хүний гавъяат эмч ***-ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн  тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч *** ын 2018 оны 02, 03, 04, дүгээр саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 454.969+454.969+632.406=1.542.344 төгрөг байна. 1.542.344:3=514.114 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 214.114 : 21.5 = 23.912 төгрөг байна. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт ажлын 53 хоногийн цалинг тооцож 1.267.336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хүний гавъяат эмч ***-ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***-д үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хүний гавъяат эмч ***ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***өөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.267.336 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.966 төгрөг нийт 105.166 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогт ***ийн ***ыг Хүний гавъяат эмч ***ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн  тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хүний гавъяат эмч ***ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.267.336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар *** ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хүний гавъяат эмч ***ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хүний гавъяат эмч ***ын нэрэмжит Говь-Алтай аймгийн *** сумын ***өөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.267.336 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.966 төгрөг нийт 105.166 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ              Ц.ҮЙТҮМЭН