Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00474

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 18 001/ХТ2021/00474

 

 

 

Ц.Сансартуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2020/00647 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 906 дугаар магадлалтай,

 

Ц.Сансартуяагийн нэхэмжлэлтэй,

ФЛСМИДТ монголиа ХХК-д холбогдох

 

ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам болон Хөдөлмөрийн дотоод журам хууль зөрчсөнийг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 49,440,960 төгрөг, 2019 оны 13 дахь сарын цалинд 3,740,080 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Инжинашийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

шүүгч Б.Мөнхтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Сансартуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Инжинаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Сансартуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019.09.23-ны өдөр Блю Скай цамхаг дахь 402 тоотод ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээд сууж байхад ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал (Сайнхүүгийн Оргил) мөн өдрийн 16 цагт өрөөндөө шууд дуудаж сахилгын зөрчлийн улмаас ажлаас чамайг халлаа хэмээн мэдэгдэж захирлын тушаал уншуулсан буюу хууль бусаар ажлаас халсан тул Захиргааны ажилтны ажлын байранд эргүүлэн тогтоолгох, хууль бусаар халагдсан 2019.09.23-ны өдрөөс хойш ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрыг 49,440,960 төгрөгөөр тооцож гаргуулах, 2019 оны 13 дахь сарын цалин болох 3,740,080 төгрөгийг нэмж гаргуулах, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх нэхэмжлэл гаргаж байна. ...Ц.Сансартуяаг дээрх өдөр ажлын байрандаа байх үед ажлаас халсан тухай тушаал уншуулмагц 16 цагийн үед түүний цахим хаягийг хаасан бөгөөд нууц үгийг нь сольж, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон. Ажлаа зохих хугацаанд, бүрэн хүлээлгэн өгөх боломж олгоогүй бөгөөд мөн 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллах боломжгүй болсон. Ажлаас халсан тухай гүйцэтгэх захирлын тушаалд сахилгын зөрчлийн талаар дурдсан байгаа. Ц.Сансартуяа нь тэдгээр зөрчлийг үйлдээгүй, эдгээр зөрчлийг зохих байдлаар тогтоогоогүй байдаг. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахад хүргэх ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Удаа дараа буюу 3 түүнээс дээш удаа зөрчил гаргасан зүйл байхгүй, өмнө нь сахилгын шийтгэл тооцуулаад дахин зөрчил гаргасан зүйл байхгүй. Миний бие энэ компанидаа болон хамт олондоо дассан, хамт олноо гүнээ хүндэтгэж явдаг бөгөөд компанийнхаа эсрэг ямар ч үйлдэл хийгээгүй, ямар ч хохирол учруулаагүй. Дөрвөн жилийн турш ажилласан компани, хамт олондоо хохирол учруулах ямар ч санаа бодол байхгүй. Харин ч даалгасан ажлыг хугацаанд нь, даалгаагүй ажлыг сайн дураар чанартайгаар, хариуцлагатайгаар гүйцэтгэж, чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргаж ажиллаж ирсэн. Ажилдаа санаа зовниж жирэмсний болон амаржсаны амралт болох 6 сарыг дуусгахгүйгээр, бага охиноо 3 сартай байхад нь хүртэл ажилдаа эргэн орсон байдаг. Одоо нөхөр, 16 настай охин, 11 настай хүү, 6 настай охин болон 1 нас 8 сартай охиныхоо хамт амьдардаг. Цагийн бүртгэлийн хувьд миний бие хуурамчаар бөглөсөн, зөрчил гаргасан зүйл байхгүй. Ажил тарах ёстой 17 цагт би ихэнх тохиолдолд тарж чаддаггүй ба харин ч илүү цагаар ажилладаг байсан. Нөгөө талаар гадуур ажил хөөцөлдөх, ажилдаа ирэх үедээ албан бичиг хүргэж өгөх, ажлын асуудлаар иргэн, аж ахуйн байгууллагатай уулзах шаардлага, гэнэтийн шаардлага ч гардаг. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах тохиолдол ч гардаг, чөлөө авсан байх үедээ ч гадуур ажил хөөцөлдөж ажлаа гүйцэтгэдэг байсан. Гадуур ажлын гүйцэтгэлийг ажлын болон ажлын бус цагаар гүйцэтгэх шаардлагатай байдаг. Учир нь ажлын байрандаа байх үедээ гадуур ажлыг гүйцэтгэх шаардлага ч гардаг юм. Өглөө ажил эхлэх үед ч яаралтай ажил амжуулах шаардлага ч гардаг. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ч өглөөний 8 цагаас хойш ирэх тохиолдол ч гардаг. Гэлээ гээд би 4 жилийн турш ажилласан компаниа хохироогоогүй бөгөөд ажлын цагаа нөхөөд л ажилладаг. Цаашид ч би компанийнхаа төлөө үнэнч сэтгэлээр ажиллана. Ажлын цагтай холбогдох журамд энэ талаар тодорхой заалтууд байгаа. Дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг зөрчиж сахилгын шийтгэл хууль бусаар үндэслэлгүйгээр ногдуулж хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1 дэх хэсэг, 128.1.2 дахь заалтын дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гомдлыг шүүхэд гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгохоор заасныг үндэслэсэн болно. Нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.5 дахь заалтыг үндэслэн нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлов. Хөдөлмөрийн гэрээний дагуу нэг сарын цалинг 3,740,080 төгрөгөөр нэг жилээр тооцож 44,880,960 төгрөгөөр, хоол унааны төлбөрийг нэг сарын 330,000 төгрөгөөр нэг жилээр тооцож 3,960,000 төгрөгөөр, үүрэн утасны төлбөрийг нэг сарын 50,000 төгрөгөөр нэг жилээр тооцож 600,000 төгрөгөөр, ийнхүү нийт 49,440,960 төгрөгийг ажил олгогчоос дундаж цалин хөлсөөр нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзсэн. Мөн 2019 оны 13 дахь сарын цалин болох 3,740,080 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй. Дээрх болон хуульд заасан бусад үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, захиргааны ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоож, хууль бусаар халагдсан 2019.09.23-ны өдрөөс хойш ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрыг 49,440,960 төгрөгөөр тооцож гаргуулах, 2019 оны 13 дахь сарын цалин болох 3,740,080 төгрөгийг нэмж гаргуулах, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Үүнд: ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам болон ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 48.3 дах хэсэг, 70.1 дэх хэсэг, 73.1 дэх хэсэг, 130 дугаар зүйлийг тус тус зөрчсөнийг тогтоолгохоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гомдлын хамтаар гаргаж байгааг хангаж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй байтал ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмыг тусад нь баталсан ажил олгогч нь хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: ...ФЛСМИДТ монголиа ХХК нь Ц.Сансартуяаг Захиргааны ажилтан албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Ц.Сансартуяаг компани 2 үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ц.Сансартуяагийн ажилдаа удаа дараа 3 ба түүнээс дээш удаа хоцорсон гэх сахилгын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон, мөн тухайн зөрчлийг шалгаж байх явцад цаг бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн, цаг бүртгэлийн журамд заасны дагуу цаг бүртгэлээ тухай бүр бөглөөгүй, нөхөж бөглөсөн, үнэн зөв бөглөөгүй, гадуур ажлын тэмдэглэлийг баталгаажуулж урьдчилж мэдэгдээгүй зэрэг сахилгын зөрчил гаргасан болох нь өөрийнх нь тайлбар болон холбогдох бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Ц.Сансартуяа нь нэхэмжлэлдээ 2019.09.23-ны өдөр гэнэт халлаа хэмээн мэдэгдсэн, сахилгын зөрчлийг тогтоогоогүй талаар дурджээ. Компанийн зүгээс Ц.Сансартуяатай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын тэмдэглэл үйлдсэн. Уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Уулзалт 2019.09.20-ны өдөр болсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. 

13 дахь сарын цалин урамшуулал нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, үнэнч шударга, гүйцэтгэлийн үнэлгээ сайн байгаа ажилтнуудад олгогддог. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/022, R19/023 тоот тушаал, түүний хавсралтуудаар хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмуудыг тус тус баталж, ажилтнуудад танилцуулж, мөрдөн ажиллаж эхэлсэн. Энэхүү журмуудыг хуульд нийцээгүй талаар өнөөдрийг хүртэл Ц.Сансартуяа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Гэхдээ 3 сарын дотор л гомдол гаргах ёстой. Бүртгэлийг буруу бичсэн байгаа учраас ажлаас халсан юм. Өөрөөр хэлбэл Сансартуяаг хоцорч ирсэн гэдгийг нотолсон баримт байхгүй гэж байна.

...Цаг бүртгэлийн хуудсанд байгаа гарын үсгийг нь харна уу. Гарын үсэгтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас маргаагүй. Тийм учраас Сансартуяагийн гарын үсэг гээд иш татаж тайлбарлаад байгаа юм. Гарын үсэгт шинжээч томилуулах эрх нь байгаа гэтэл шинжээч томилуулаагүй. Иймд Ц.Сансартуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00647 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ФЛСМИДТ монголиа ХХК-д холбогдох, ФЛСМИДТ монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам болон ФЛСМИДТ монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам нь хууль зөрчсөнийг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговорт 49,440,960 төгрөг, 2019 оны 13 дахь сарын цалин болох 3,740,080 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.Сансартуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Сансартуяагийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 906 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 181/ШШ2020/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Инжинаш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх (цаашид Шүүх гэх)-ийн магадлалыг давж заалдах шатны шүүхээс 2020.05.04-ний өдөр өөрийн биеэр очиж гардан авсан. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Ажил олгогч болон анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, хүний эрхийг хамгаалаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүх шударгаар шүүгээгүй, хууль дээдлэх зарчмыг мөрдөөгүй гэж үзэж байна. Шүүхийн тухай хуулийн 17.3.1 дэх заалтын дагуу Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх бүрэн эрхийг Улсын Дээд шүүх хэрэгжүүлнэ. Энэ заалтаас Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах... гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2015.10.30-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хүчингүй болгож, мөн заалтанд 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Энэхүү гомдолд дурдсан нэхэмжлэлтэй холбогдуулж Хөдөлмөрийн хуулийн зөв хэрэглэх талаар хүчин төгөлдөр албан ёсны тайлбар байхгүй байна. Ажилдаа 2-3 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон гэдэг нь нөхцөл тогтоогдоогүй байхад шүүх шууд өөрийн үзэмжээр, хэт нэг талыг баримталж, хэрэгт байгаа баримтуудыг тал бүрээс нь үнэлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, иргэний хөдөлмөрлөх эрхийг шүүх ноцтойгоор зөрчиж байна. ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.09.23-ны өдрийн НК-К/029 дугаар тушаалын (Цаашид Тушаал гэх) 1-д 2019.09.02, 06 болон 09-ний өдрүүдэд ажилдаа удаа дараа буюу 3 буюу түүнээс дээш удаа хоцорсон, цаг бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн, Цаг ашиглалтын журамд заасны дагуу цаг бүртгэлээ тухай бүр бөглөөгүй, нөхөж бөглөсөн, үнэн зөв бөглөөгүй, гадуур ажлын тэмдэглэлийг баталгаажуулж, урьдчилан мэдэгдээгүй зэрэг сахилгын зөрчил гарган, сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил тус тус гаргасан тул 09 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. гэжээ.

Ц.Сансартуяа 2019.08.02-ны өдөр 08:05 цагт ирээд 17:20 цагт тарсан байдлаар бөглөсөн байна. Цагийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантайг урьдчилан мэдэгдэж, хоцорсон гэх цагийг дараа нь нөхөж ажилласан байна. 2019.08.06-ны өдөр 08:00 цагт ирээд 13.25 цагт ажлаас гарсан байдлаар бөглөсөн байна. Гадуур гэнэт ажил хөөцөлдөх шаардлагатай байдгийг дурдсан бөгөөд ажил олгогч болох шууд удирдлага үүнийг үгүйсгээгүй байна. 2019.08.09-ний өдөр 08:00 цагт ирээд 17.15 цагт тарсан байдлаар бөглөсөн. Ажилдаа хоцорсон нь дүрст бичлэгээр тогтоогдохгүй байгаа. Тушаал дээр дээрх 3 цагийн талаар дурдсан байдаг бөгөөд шүүх ажил олгогчийг ямар үндэслэлээр төлөөлж ажилтныг өөрт цагт хоцорсон байна гээд буруутгаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 12.4.7.V дахь заалтыг үндэслэсэн байгаа.

Хөдөлмөрийн гэрээний 12.4.7.V дахь заалтанд Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилж мэдэгдэлгүйгээр нэг сард 3 эсхүл үүнээс дээш удаа хоцорч ирэх, эрт ажлын байраа орхин явах зөрчил гаргасан тогтоогдсон бол ноцтой зөрчилд хамааруулжээ. Гэтэл ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаанаа ажил олгогчид урьдчилан мэдэгдсэн байна. Энэ нь маршрут гэх баримт бичгийн хувьд 2 км шороон замаар явж Төв аймгийн засмал замд хүрч 38 км явдаг талаар дурдсан байдлаар, Замын ачааллаас болж 40-60 минут орчим явдаг талаар мэдээлснээр нотлогдоно. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны талаар ажил олгогчид урьдчилан мэдэгдсэн байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг үндэслээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар: 43.1.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

2019.09.23-ны өдөр Ц.Сансартуяагийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халсан тушаалыг нь өгөөгүй бөгөөд үүгээр дээр дурдсан 43.3 дахь хэсгийг ажил олгогч зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд тушаалыг танилцуулна. Иргэний хуулийн 369.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ. Иргэний хуулийн 72.1 дэх хэсэгт зааснаар 72.1. Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно. хугацаа тодорхойлох дээрх нөхцөлийг ажил олгогч зөрчсөн байна.

Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байдлыг харгалзахгүйгээр шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, шударга бус, хүнлэг бус гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, 131.1 дэх заалтын дагуу Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131.1.1.сануулах; Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах. Дээрх заалтанд хэд хэдэн зөрчилд шийдвэр гаргаж сахилгын шийтгэл ногдуулах талаар дурьдаагүй байдаг. Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд хуульд заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэсэн байна. Сахилгын шийтгэлийг тухайн зөрчил бүрийг тогтоож, шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байна. Хэд хэдэн зөрчлийг дурдаж тогтоохгүйгээр нэг тушаалаар сахилгын шийтгэлийг тухайн зөрчилд нь тохирохгүй байдлаар ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзэж байна.

Тэгтэл ажил олгогч тухайн зөрчилд шийдвэр гаргаж сахилгын шийтгэл ногдуулаагүй байна. Тухайн зөрчилд шийдвэр гаргаж ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгтэй шууд холбоотой гэж үзэж байна. 131.2. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу 43.1 дэх хэсгийн дагуу Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй байна.

Үүгээр ажилтны хууль ёсны эрхийг ажил олгогч ноцтойгоор зөрчсөн байна. Ажил хүлээлцэхгүйгээр шууд цуцалсан нь иргэний нэр хүнд, нэр төрд халдах, эд хөрөнгө дутагдвал иргэнийг буруутгах гэх зэрэг нөхцөлийг ажиллагч бүрдүүлсэн байна. Ажил хүлээлцэх үйл явц нь хөдөлмөрийн гэрээний эрх тэгш харилцааны нэг нөхцөл болох бөгөөд уг нөхцөлийг ажил олгогч биелүүлээгүй байна. Үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1-д заасан эрх тэгш байдлыг хангах зорилго хангагдаагүй байна. 43.3 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Эдгээрийг ажил олгогч зөрчсөн гэж үзэж байна. Ажлын цаг дуусахаас өмнө буюу 17 цаг болохоос нэг цагийн өмнө ажлаас халагдсан тухай амаар мэдэгдсэн, 16 цагт цахим хаягийг нь хаасан байсан. 2019.07.01-ний өдөр байгуулсан НК-НС-19/019/013 дугаар Хөдөлмөрийн гэрээ (Цаашид Хөдөлмөрийн гэрээ гэх)-ний 2.1 болон Ажилтан ажил эхлэх болон дуусах цагаа баталгаажуулах хуудас дээр Ц.Сансартуяагийн удирдлагын нэр С.Оргил (Компанийн гүйцэтгэх захирал) байна. ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн К19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.8 дахь заалтад зааснаар Байгууллагын удирдлагын шийдвэрээр ажиллах, өдөр, ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулна гэжээ.

Гадуур их ажил хөөцөлддөг Ц.Сансартуяагийн ажил, үүргийн онцлогийг цагийн хуваарийг тогтоохдоо харгалзаагүй байна. Гадуур ажил хөөцөлдөх шаардлагатай байдгийг уулзалтын тэмдэглэлд Ц.Сансартуяа удаа дараа дурдсаныг түүний шууд удирдлага үгүйсгээгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гадуур ажлын тэмдэглэлд шууд удирдлагын баталгаажуулалт хийх нь шууд удирдлагын үүрэг гэж ойлгож байна. Шууд удирдлагын үүргийг яагаад ажилтанд тохоод байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. 2019 оны Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.5 дахь заалтын дагуу Ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөн тухай бүрд нь өөрөөр болон зохих удирдлага, хамт олон, холбогдох хүмүүсээс тайлбар, тодорхойлолт бичүүлэн авч баримтжуулна гэжээ. Эдгээрийг баримтжуулаагүй, шууд уулзалтын тэмдэглэлээр сахилгын шийтгэл ногдуулахаар тогтсон байна. Угтаа бол Компани 2015 оноос хойш Сахилгын шийтгэл тогтоосон тухайн тэмдэглэлийг үйлдэж ирсэн. Уг тэмдэглэлээс харахад дээрх заалтын дагуу тогтоох ёстой нөхцөлүүд бүгд багтсан байна. Ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөн тухай бүрт нь өөрөөр болон зохих удирдлага, хамт олон, холбогдох хүмүүсээс тайлбар, тодорхойлолт бичүүлэн авч баримтжуулаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны мэргэжил, мэдлэг чадварыг харгалзан ажилд томилохдоо ажилтанд тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж гарын ажилтантай хийх хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ажилтанг ажилд авах тухай тушаалыг бичгээр гаргана. Дээрх хэсэгт Ажлын цаг баримтлах журмын талаар дурдаагүй, ажил олгогчид эрх олгогдоогүй, тийм нөхцөлийг Хөдөлмөрийн гэрээний талууд хэлэлцэн тохироогүй байна. Ажилтны мэргэжил, мэдлэг чадварыг харгалзан Захиргааны ажилтнаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч нь ажилтан сахилгын болон ажлын хариуцлага алдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтын дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ. гэжээ. Үүнд мөн Ажлын цаг баримтлах журмын дагуу гэрээний талууд хэлэлцэн тохироогүй байна. Хөдөлмөрийн гэрээний 5.6 дахь хэсэгт зааснаар ажилтан нь Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар албан ёсны чөлөө аваагүй, харьяа удирдлагадаа энэ талаар мэдэгдээгүй тохиолдолд түүнийг ажилд тасалсанд тооцох бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын дагуу холбогдох сахилгын шийтгэл ногдуулна. гэжээ. Үүнд Цаг ашиглалтын журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах талаар Гэрээний талууд хэлэлцэн тохироогүй байна.

2019.07.01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12.4.7 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд 28 хэлбэрийн зөрчлийг хамааруулсан байгаа. Эдгээр хэлбэрийн ноцтой гэх зөрчил цааш 2-5 төрөлд хуваагдаж байна. Ийнхүү нийт 100 гаруй зөрчлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамааруулж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хэт нэг талыг баримталсан, хууль зөрчсөн, гэрээний эрх тэгш байдлыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн гэрээний 12.4.7.2-д дотоод, дүрэм, журмуудад Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэхээр зохицуулсан аливаа хэм хэмжээг зөрчсөн гэсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтын ...эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэсэн нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байна. Аливаа хэм хэмжээг зөрчсөн гэсэн нөхцөл нь хуульд тухайлан заасан ноцтой зөрчил гэснийг зөрчсөн байна. Ноцтой зөрчилд хамааруулж байгаа үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд боломжит бүх зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулсан. Тухайлбал 12.4.7.1 дэх заалтанд 2 буюу түүнээс дээш өдрөөр тасалсан бол ноцтой зөрчилд хамааруулжээ. Тэгтэл мөн ноцтой зөрчилд 12.4.7.V дахь заалтанд Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилж мэдэгдэлгүйгээр нэг сард 3 эсхүл үүнээс дээш удаа хоцорч ирэх, эрт ажлын байраа орхин явах зөрчил гаргасан нь тогтоогдсон бол ноцтой зөрчилд хамааруулжээ. Ажлын 2 өдрийг тооцоод бол 16 цаг буюу түүнээс дээш хугацаагаар таслахаар байна. 3 буюу түүнээс дээш удаа нэг сард ажлаас хоцорч ирэх, эрт тарах тохиолдолд энэ цагт хүрэхгүй байна. Ажлын цагийн хувьд баримталж буй үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байна. Нөгөө талаар ажлын цагаа баримтлахгүй бол ФЛСМИДТ монголиа ХХК их хэмжээний эрсдэл, хохирол, аюул учрах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ компани нь уул уурхайн баяжуулах үйлдвэр болон цементийн үйлдвэрийн төхөөрөмж, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Ц.Сансартуяа нь захиргааны ажилтны ажлын байранд ажиллаж байсан. Ажлын цагийг баримтлаагүйгээс, ажлын цагаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон өөр ажил олгогчид эд хөрөнгийн ямар хохирол учирсан, үйл ажиллагааг ямар байдлаар саатсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд ямар байдлаар хохирол учирсан, ямар сөрөг үр дагавар учруулсан талаар тогтоогоогүй байна. Ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь яагаад харш байгаа нь ойлгомжгүй байна. 2019.09.20-ны өдрийн 15 цаг 30 минутанд хийсэн уулзалтын тэмдэглэлийн эхний хэсгийг уншихад уулзалт эхлэхээс өмнө нь цаг бүртгэлийн баримтыг үнэн зөв бөглөөгүй, цагийн бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн зөрчил, түүнтэй холбогдсон асуудлаар хийсэн хуралдааны тэмдэглэл гэсэн байгаа бөгөөд уулзалтаар тодруулахаас өмнө нь зөрчил мөн гэдгийг шууд баталсан байна. Шууд батлахын тулд зөрчил хэмээх зүйлийг тулгасан, дарамталсан, хөтөлсөн байдлаар асууж шууд буруутгасан уулзалт болжээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйл болон Иргэний хуулийн бусад нийтлэг зарчмын дагуу тухайн иргэний бичлэг хийж байгаа тохиолдолд түүнээс зөвшөөрөл авах ёстой. Гэтэл А.Нарантунгалаг, Ц.Мөнхбат нар нь Ц.Сансартуяагийн бичлэг хийхдээ түүнээс зөвшөөрөл аваагүй байна. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Ц Сансартуяагаас асууж тодруулсны үндсэн дээр зөвшөөрөл аваагүйг мэдэгдэж байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дэх хэсгийг зөрчиж нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэж байна. Дээрх нөхцөлийг шүүхэд тайлбарласан боловч шүүх харгалзан үзээгүй болно. Уулзалтын тэмдэглэлийг уншихад Ц.Мөнхбатын 9 сард танд хэр их хоцролт байсан бэ. Хоцорсон уу гэсэн асуултанд Ц.Сансартуяа нь Мэдэхгүй, би бөглөөд л явж байсан. гэж хариулжээ. Ц.Мөнхбатын Хоцроогүй гэсэн үг үү? гэж тулгасан, хөтөлж асуусан асуултанд Ц.Сансартуяа Хоцорсон байх аа. Хоцорсон бол хоцорсноороо бөглөөд л явж байсан. хэмээн итгэлгүй хариулжээ. Үүнээс харахад Ц.Сансартуяа нь зориуд хуурамчаар бөглөсөн зүйл байхгүй, тогтоогдохгүй байна. Бичгээр үйлдсэн цагийн бүртгэлдээ өөрөө эргэлзсэн нь тодорхой байна. Харин ажлаа гүйцэтгэхийн тулд, гэнэтийн шаардлагаар гадуур ажил хөөцөлдөх шаардлага гардаг талаар тодорхой дурджээ. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа гэж Ц.Сансартуяа нь ойлгож байсан, ажлын шаардлагаар цагийн бүртгэлийг тухай бүрт нь бөглөөд явж байх боломж муутай, хоцорсон байх аа гэсэн өөрийн чин сэтгэлээр хэлсэн зүйлийг өөрийнх нь ашиглаад байхад уг нөхцөлийг ямар учраас харгалзахгүй байгааг ойлгохгүй, гомдолтой байна. Ц.Мөнхбат ямар тушаалын дагуу Компанийг төлөөлж оролцсон нь, төлөөлөх эрхтэй эсэх нь ойлгомжгүй, холбогдох тушаал эсхүл итгэмжлэлийг Ц.Сансартуяад танилцуулаагүй болно. Ц.Сансартуяа үдийн хоолны цагаар ажилладаг байсан нь, тэр цагийг ажилласан хугацаанд тооцдоггүй байсан нь, илүү цагаар ажилладаг байсан нь, мөн тэр цагийг ажилласан хугацаанд тооцдоггүй байсан нь уулзалтын тэмдэглэлээс тодорхой байна. 2 удаагийн дүрст бичлэгийг харахад Ц.Сансартуяа нь ажлаас хоцорсон нь тогтоогдохгүй, Ц.Сансартуяагийн нүүр царай нь харагдахгүй байгаа. Уулзалтын тэмдэглэл болон бичлэгийг харахад 9 дүгээр сарын 2-ны өдрийн, мөн сарын 6-ны өдрийн цагийн бүртгэлийн талаар тодруулжээ. Өөрөөр хэлбэл 2 удаагийн зөрчлийн талаар ярилцсан байна. Гэтэл 2019.09.23-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалд 3 удаагийн зөрчлийн талаар дурджээ. Уулзалтын тэмдэглэлийн эцэст нь эргэлзээтэй байгаа, тогтоогдохгүй байгаа нөхцөлийг шууд Ц.Мөнхбат, А.Нарантунгалаг нар өөрсдийн үзэмжээр сахилгын зөрчил гаргасан болохыг тогтоов гэсэн байна. Уулзалтанд Компанийн гүйцэтгэх захирал С.Оргил оролцсон мөртлөө Ц.Сансартуягийн шууд удирдлагын хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй байна. ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/022 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.8 дахь заалтанд зааснаар Байгууллагын удирдлагын шийдвэрээр ажиллах, өдөр, ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулна гэжээ. Гадуур их ажил хөөцөлддөг Ц.Сансартуяагийн ажил, үүргийн онцлогийг цагийн хуваарьт нь харгалзаагүй байна.

2019 оны Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.7 дахь заалтын дагуу ...шийтгэлийн хөнгөнийг хүндэд багтаан шийдвэрлэнэ гэжээ. ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/023 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ажил цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл, заалтанд үндэслэж баталсан нь байхгүй байна. Уг Тушаалд үндэслэсэн Компанийн тухай хуулийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. гэжээ. Хөдөлмөрийн гэрээний харилцаанд Гэрээний талууд харилцан тохиролцоогүй, хуульд заагаагүй нөхцөлийг Ажил олгогч эрх мэдлээ хэтрүүлэн ажилтныг хохироосон гэж үзэж байна. ...Ажилтан ажил эхлэх болон дуусах цагаа баталгаажуулах хуудас дээр Ц.Сансартуяагийн удирдлагын нэр С.Оргил (Компанийн гүйцэтгэх захирал) байна. С.Оргил нь сахилгын зөрчлийн асуудалд ямар саналтай байсан нь, тухайн үед удирдлагын даалгавраар ажил хөөцөлдөж явж байсныг үгүйсгээгүй, гэнэт ажлын шаардлагаар гадуур ажил хөөцөлдөх шаардлага гардаг, урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсдгийг удирдлага нь үгүйсгээгүй байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд ажлаас сахилгын зөрчлийн улмаас ажил олгогчийн санаачилгаар Ц.Сансартуяаг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг хэрэгсэхгүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөхгүй хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна. Хуульд нийцэхгүй байгаа зөрчил нь, иргэний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй хэвээр тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журмыг тусад нь Ажил олгогч хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч нь хууль тогтоомж хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж мөрдүүлнэ: 48.3.1. ажил, албан тушаалын жагсаалт; 48.3.2. ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах; 48.3.3. хөдөлмөрийн норм, норматив; 48.3.4. үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам. Дээрх хэсэгт Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам батлах талаар заагаагүй, эрх олгоогүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2 дахь хэсгийн дагуу Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Мөн хуулийн 73.1 дэх хэсгийн дагуу Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно гэсэн. Гэтэл Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам нь ердийн журмаар үргэлжлэх ажлын нөхцөлийг дордуулж сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах үндэслэл болгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурдсан хэсэгт заасан нөхцөлийг дордуулсан, эөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд зааснаар Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ. Гэтэл Хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудаас саналыг харгалзаагүй байна. Баталсны дараа ажилтанд танилцуулахаар Хөдөлмөрийн дотоод журмын эхний нүүрэнд тусгасан байгаа. Дээрх нөхцөлийг шүүх шударгаар шүүгээгүй, тал бүрээс нь үнэлээгүй бөгөөд хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Сахилгын зөрчил гаргасан талаар тодорхой тогтоогоогүй байна. Зөвхөн уулзалтын тэмдэглэлд үндэслэж ажлаас халсан. Эдгээр нөхцөлийг шүүх тал бүрээс нь үнэлээгүй болно. Анхан шатны болон давж заалдах шүүхүүд тухайн нэхэмжлэгчийн гэр бүлийн байдал, хувийн байдал, хүүхдийн тоо, нас, хөдөлмөрлөх эрх, эргэлзээтэй байгаа зөрчлийн шинж чанар гэх олон нөхцөлийг харгалзаагүй болно. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх аль хуулийн ямар зүйл, хэсэг, заалтанд үндэслэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн зарим нэг ажилтны хууль бус үйл ажиллагаа, дарангуйллаас Монгол Улсын иргэнийхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, шударгаар шүүхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэт их нэг талыг баримталсан, нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзээгүй, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны ажилтны ажлын байранд эргүүлэн тогтоолгох, хууль бусаар халагдсан 2019.09.23-ны өдрөөс хойш ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрыг 49,440,960 төгрөгөөр тооцож гаргуулах, 2019 оны 13 дахь сарын цалин болох 3,740,080 төгрөгийг нэмж гаргуулах, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилгийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Сансартуяа ...удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан, цагийн бүртгэлийг хуурамчаар бөглөсөн зөрчил гаргасан зүйл байхгүй. ...хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 43, 131-д заасныг зөрчиж, хууль бусаар ажлаас халсан... гэж марган, ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.01-ний өдрийн R19/023 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам болон Хөдөлмөрийн дотоод журам хууль зөрчсөнийг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 49,440,960 төгрөг, 2019 оны 13 дахь сарын цалинд 3,740,080 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Анхан болон давж шатны шүүх тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

 

Ц.Сансартуяа нь ФЛСМИДТ Монголиа ХХК-д захиргааны ажилтны албан тушаалд 2015.6.17-ны өдрөөс томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байх бөгөөд тус компанийн захирлын 2019.9.23-ны өдрийн HR-R/029 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн ..., 40 дүгээр зүйлийн 40.1.4, ...Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.4.7 v, w дахь заалтыг тус тус баримтлан, 2019.09.02, 06 болон 09-ний өдрүүдэд ажилдаа удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа хоцорсон, цаг бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн, ...үнэн зөв бөглөөгүй, ...сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг хуульчилсан.

 

ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн, ажилтан Ц.Сансартуяатай 2019.07.01-ний өдөр байгуулсан HR-HG-19/013 дугаартай хөдөлмөрийн гэрээний 12.4.7-ийн v)-д ажилтан нь ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилж мэдэгдэлгүйгээр нэг сард 3 эсхүл үүнээс дээш удаа хоцорч ирэх, эрт ажлын байраа орхин явах зөрчил гаргасан нь тогтоогдсон, w)-д Ажилтан цаг бүртгэл чөлөө авалт, хоцролт зэрэг үйл ажиллагаанд чөлөө авах, хоцрохдоо хүндэтгэх шалтгаантайгаа мэдэгдсэн боловч ажилдаа ирсэн даруйд нотлох баримтаа авчрах үүрэг хүлээх бөгөөд ажилд ирэхдээ нотлох баримтгүй буюу хуурамч баримт бүрдүүлсэн, цагийн бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Ц.Сансартуяа 2019 оны 01 дүгээр сард сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл хүлээсэн, мөн 2019.09.02-ны өдөр 5 минут ажилдаа хоцорсон, 06-ны өдөр 13 цаг 35 минут хүртэл ажиллаж, ажлын байраа эрт орхин явсан, 09-ний өдөр 10 минут хоцорсон зөрчил гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, Ц.Сансартуяагийн өөрийн гарын үсгээ зурж бүртгэсэн цаг бүртгэлийн хуудас /хх-124-126/, Ажилтан ажил эхлэх болон дуусах цагаа баталгаажуулах хуудас /хх-127/, ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.01.04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-130-131/, үзлэгийн тэмдэглэл /хх-183-185/ болон бусад баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж тохиролцсон буюу ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилан мэдэгдэлгүйгээр нэг сард 3 удаа ажилдаа хоцорч ирсэн, ажлын байраа эрт орхин явсан, цагийн бүртгэлээ хууран мэхэлж бөглөсөн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогджээ.

 

Иймээс хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын HR-R/029 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Ц.Сансартуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан, ФЛСМИДТ Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.8.1-ний өдрийн R19/023 дугаар тушаалаар баталсан Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн журам болон Хөдөлмөрийн дотоод журам хууль зөрчсөнийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь мөн хуульд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2020/00647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 906 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ