Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2021/0016

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Иргэн Б.Болдбаатарын гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Гантулгад холбогдох “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0176853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан, прокурор Ч.Батзориг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Б.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшихдээ хууль журмын дагуу Аудитын газарт шалгуулж албан ёсны хариу авч сонгуулийн хорооноос нэр дэвших эрхээ авсан. Би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг юм. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр над руу Татварын улсын байцаагч Л.Гантулга гэх хүн 2-3 удаа утсаар холбогдож зарим нэг зүйл лавлаж асуусан. Танд ийм хэрэг үүсэх гэж байгаа юм байна. Та холбогдох баримтуудаа өгөөрэй гэж ярихад надад Мөрөн сумынд контенерт бүх бичиг баримтуудаа хураасан байсан бөгөөд Ковид19 гарсан байгаатай холбогдуулан хөл хорио тогтоосон байгаа болохоор ирэх боломжгүй байсан. Тэгээд өчигдөр орой Улаанбаатар хотоос ирлээ. Над руу 2021 оны 02 дугаар сарын 22-ны шуудангаар шийтгэлийн хуудас  явуулсан. Энэ нь унших боломжгүй байсан. Намайг ямар ч эрхээр хангаагүй бөгөөд нэг ч удаа байцаагаагүй. Би холбогдох зүйлсийг асуусан, прокурорын дугаарыг хүртэл асуусан. Надад тодруулга хэлээгүй, прокурорын дугаарыг нь өгөөгүй. Тэгээд чимээгүй байж байгаад гэнэт ийм шийдвэр гаргасан байсан. Шийтгэлийн хуудас ямар шийтгэл оногдуулж байгаа нь харагдахгүй байна. Аливаа хэрэг үүсгэхдээ олон төрлийн эрхээр хангаж байж хэрэг үүсгэх болов уу гэж бодож байна. Би 100 хувь танилцсан байх ёстой. Гэвч бүрэн танилцах боломжгүй байна. Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт шалгуулах зэрэг бусад хуульд заасан эрхийг эдлэх ёстой байхад эдлүүлээгүй. Ямар зөрчилд холбогдсоноо мэдэх, хохирогчийн гомдолтой танилцан тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой  хүсэлт гаргах эрхээр хангаагүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Над руу утсаар холбогдоход нь байнга хариу өгч байсан. Тэгээд шийтгэлийн хуудас нь гаргагдахгүй байна гэж хэлсэн. Дараа нь над руу явуулсан байсан. Энэ нь хуулбар хувь байсан. Л.Гантулга гэх хүн утсаар ярихдаа ямар  ч бичиг баримт үзүүлээгүй. Зүгээр л Л.Гантулга гэх хүн байна гээд л яриад байсан. Тэгээд үнэхээр Л.Гантулга гэх хүн нь татварын улсын байцаагч мөн үү, биш үү гэдгийг шийтгэвэр үүссэний дараа 2 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн. Л.Гантулга нь надад өөрийгөө улсын байцаагч мөн байна гэдгээ танилцуулах ёстой байсан. Үүнийгээ нотлоогүй утасны цаанаас ярьсаар байгаад хэрэг үүссэн. Би энэ хүн мөн эсэх дээр эргэлзэж гайхаж байсан. Л.Гантулга өөрийгөө танилцуулах боломжтой байсан. Сүүлд миний мэйл хаягийг аваад нэг ч удаа мессенжерээр харилцаагүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Болдбаатарын хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Татварын улсын байцаагч Л.Гантулга нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0176853 дугаартай шийтгэлийн хуудсаар сонгуулийн зардлын банкны дугаар, банкны нэрийн мэдэгдлийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.21 дүгээр зүйлд зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч, зөрчилд шийтгэл оногдуулсан 0176853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Улсын байцаагч нь зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллаагааг хуульд заасан үндэслэл журмаар явуулаагүй. Б.Болдбаатарт хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй. Зөрчил шалгах ажиллагаанд нотлох баримт цуглуулах, баримт мэдүүлэг гаргуулах, мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлээгүй, тэмдэглэл үйлдээгүй, оногдуулсан шийтгэлийн хуудас болох хэргийн материалыг танилцуулаагүй, хуульд заасан эрхийг нь хангахгүйгээр шийтгэл ногдуулжээ. Бичигдсэн шийтгэлийн хуудас нь хуульд заасан үндэслэлгүй байна. Бичигдсэн хуулийн заалт нь буруу бичигдсэн ба Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 гэхийг  17 дугаар зүйлийн 21-т гэж хуульд байхгүй заалт бичсэн байна. Мөн Б.Болдбаатарын төлбөрийн чадвартай эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Энэ байдлыг тогтоогоогүй байж хэсэгчлэн төлүүлэх талаар шийдвэрлээгүй, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах оныг бичээд сар, өдрийг нь бичээгүй байна. Шийтгэлийн хуудсыг Б.Болдбаатарт танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Б.Болдбаатар нь Хаан банк дахь хуучин харилцах дансандаа сонгуулийн зардлын данс нээлгэсэн байхад үүнийг шалгаж тогтоож, сонгуулийн зардлын гүйлгээтэй холбоотой дансны хуулганы лавлагааг Хаан банкнаас шаардан авч хэрэгт хавсаргаагүй. Татварын хэлтэс Хаан банкнаас холбогдох лавлагааг авахад Хаан банкны зүгээс данс эзэмшдэггүй гэсэн албан тоот өгсөн, үүнийг нотлох баримтаас хасуулах саналтай байна. Зөрчил үйлдсэн үйл баримт нь бүрэн нотлогдоогүй байхад Улсын байцаагч шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Хуульд зааснаар нэр дэвшигчийн дансны гүйлгээний мэдээллийг сонгуулийн зардлын дансанд байршуулсан банк нь сонгуулийн санал авах хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой байхад хүргүүлээгүй үйлдэлд нь зохих захиргааны хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байсан. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 26 дахь хэсэгт заасан үүргээ банк өөрөө биелүүлээгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Б.Болдбаатарт оногдуулсан шийтгэлийн хуудас нь хууль ёсны бус бөгөөд илтэд Б.Болдбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах тайлбар гаргаж байна. Шийтгэлийн хуудас нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, Л.Гантулга нь Б.Болдбаатартай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гээд хоёр удаа л утсаар холбогдож ярьсан. Гэхдээ зөрчлийн хэрэг нээсэн гэж танилцуулаагүй. Харин Ковид19 цар тахалтай холбогдуулаад хэрэг бүртгэлийн хугацааг сунгасан талаар албан ёсоор мэдэгдсэн. Өөр зүйл яриагүй. Мөн Б.Болдбаатар нь би өөрийн Хаан банк дээрх харьцдаг дансаа сэргээж зардлын дансаа нээсэн юм гэж хэлээд байхад үүнийг нь шалгах ёстой байсан. Цагаан Үүр сумын Хаан банкинд данс нээлгэсэн байхад төв Хаан банкинд данс нээлгээгүй гэх худал лавлагаа гарч ирсэн. Энэ талаар холбогдох байгууллагаас шалгах ёстой байсан. Сая нотлох баримтаар гаргаж өгсөн сонгуулийн бүх зардлын тайланг Хаан банк нь Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газарт өөрсдөө хүргүүлэх ёстой байсан. Хэрвээ хүргүүлээгүй байвал тухайн Хаан банкинд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Болдбаатар нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн нь Үндэсний аудитын тодорхойлолтоор тогтоогдож байна. Б.Болдбаатар нь тайлбартаа аудитын байгууллагад шалгуулаад нэр дэвшихээсээ өмнө бүрдүүлэх зүйлсээ сайн  бүрдүүлээд ямар нэгэн зөрчилгүй байгаад нэр дэвшин үнэмлэхээ авсан. Энэ нь үнэн. Сонгуулийн хорооны тогтоолд тодорхой байгаа. Манай татварын улсын байцаагчийн шалгасан зөрчлийн асуудал бол нэр дэвших эрх авсны дараа Үндэсний аудитын газарт Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данс болон банкны нэрээ бүртгүүлэх гэх үүргээ биелүүлээгүйг шалгасан. Энэ зөрчил нь нэр дэвшээд хуульд заасан шаардлага хангасан асуудал биш юм. 2020 оны 9 дүгээр сард татварын улсын байцаагч утсаар ярьсан гэж байна. Энэ үед ярих боломжгүй юм. Учир нь энэ шийтгэлийн хуудас нь 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдөр гарсан. Хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа 58 хоног байдаг. Энэ дээр худал хэлж байна. Шуудангаар 2 дугаар сарын 22-ны өдөр бичиг өгөхдөө гомдол гаргасан оныг бичсэн боловч сар, өдрийг бичээгүй байна гэж тайлбарлаж байгаатай холбогдуулан хэлэхэд манайх шууданд хийснээс хойш ажлын 10 өдрийн дотор тухайн шийтгэлийн хуудас холбогдогчид очсон гэж тооцдог. Мөн тодруулга асуухаар хариу өгдөггүй гэж байна. Уг зөрчлийн хэрэг нь тодорхой байсан.  Үндэсний аудитын газрын дотоод аудитын хяналт шинжилгээгээр тогтоогдсон. Үүнд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2879 дугаартай зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 2020 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч байна гэсэн байх бөгөөд үүнд Б.Болдбаатарын нэр орж байгаа юм. Бусад хуульд заасан 4 зөрчил илэрсэн. Энэ нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасан нам эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20 -оос доошгүй өдрийн өмнө Төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлэн зарцуулна. 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хандив нь иргэний хувьд 5.000.000 төгрөг, хуулийн этгээдийн хувьд 20.000.000 төгрөг байна гэх зэргийг зөрчсөн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар Үндэсний аудитын газарт хариу ирүүлнэ үү гэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд  заасны дагуу шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь Татварын хэлтэс ба харьяаллын дагуу татварын улсын байцаагч шалгаж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд манай татварын байцаагч нэлээдгүй олон удаа Б.Болдбаатартай утсаар холбогдож байсан. Б.Болдбаатарын зүгээс эсэргүүцсэн байр суурьтай байсан. Холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдсэн, удаа дараа энэ талаар өөрт нь тайлбарласан. Б.Болдбаатарын эрх, үүргийг тодорхой танилцуулаад тайлбар мэдүүлэг авах хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэтэл Б.Болдбаатарын зүгээс сөрөг тайлбар хэлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас, мэдүүлэг тайлбар өгөхөөс удаа дараа татгалзаж байсан. Үүнд хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад Б.Болдбаатар нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт би өөрийн биеэр очно, тэгэхдээ өөрийн сонгуульд нэр дэвшсэнтэй холбоотой баримтуудаа Хөвсгөл аймагт байгаа агуулахаас гаргаж өгнө гэсэн. Гэтэл өөрөө ирээгүй юм. Би Л.Гантулга байцаагчийг Б.Болдбаатартай утсаар ярьж байхад нь хамт байлцаж байсан. Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй байсан. Тийм ч учраас өнөөдөр гомдол гаргагч нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа байх. Мөн хэргийн материалтай танилцаж тайлбар гаргах эрх нь бүгдэд нь нээлттэй байсан. Эдгээр эрхүүдийг нь тайлбарлах гэж татварын улсын байцаагч нь утсаар ярих болгондоо хичээж байсан. Ер нь бол утсаар ярихдаа зөрчлийн хэрэгтэй холбоотой зүйлс, эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх зорилготой, өөр ямар нэгэн ашиг сонирхлоор холбогдож байгаагүй юм. Холбогдогч нь мөн хуульд заасан үүрэг хүлээдэг. Б.Болдбаатар нь эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, ирнэ гэсэн мөртлөө худал хэлээд алга болсон. Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Б.Болдбаатар нь прокурорын утасны дугаарыг өг гэсэн. Прокурорын утсаны дугаарыг өгөх боломжгүй юм. Учир нь прокурор энэ хэргийг шалгаагүй, прокурор нь зөвхөн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Прокурорын утасны дугаарыг яах гэж авах гээд  байгаа нь ойлгомжгүй. Оролцогчид хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх гэсэн мөн зохицуулалт байдаг. Тэгээд прокурорын утасны дугаарыг өгөх боломжгүй тул нэрийг нь хэлж өгсөн юм. Б.Болдбаатар нь татварын улсын байцаагчид мэдүүлэг өгөхгүй гэж удаа дараа хэлсэн. Зөвхөн цагдаад л мэдүүлэг өгнө гэж байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг тайлбар авах эрх нь татварын улсын байцаагчид олгогдсон байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх тал дээр төрийн ажил хийж байгаа хүмүүсийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан гэж үзэж байна. Учир нь нэг ч удаа ирээгүй, тодорхой баримт материалаа гаргаж өгөөгүй байна. Энэ зөрчилд шийтгэл оногдуулах нь нотлох баримтын хувьд хангалттай байна гэж үзсэн. Мөн прокурорын хяналтад явсан. Хуулийн дагуу шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь сонгуулийн зардлын данс нээсэн талаар тайлбарлаж байна. Хуульд зааснаар бол зардлын дансны дугаар болон банкны нэрийг Төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Тэгэхээр данс нээсэн нээгээгүй гэдэг нь чухал биш юм. Нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа баримт нь Цагаан Үүр сумын Хаан банкнаас авсан лавлагаанаас илүүтэйгээр хэрэгт авагдсан төв Хаан банкнаас өгсөн албан тоот нь илүү ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн шийтгэлийн хуудаст юу гэж бичсэн нь гаргагдахгүй байгаа талаар тайлбарлаж байна. Тэр гаргахгүй байгаа хэсэг нь холбогдогч ( харьяалах байгууллага, хуулийн этгээдийн нэр), хүний овог, нэр, регистрийн дугаар, ажил албан тушаал, хаяг зэрэг байна. Б.Болдбаатар нь сая уншихдаа дээрх зүйлсийг уншсан болохоор ойлгосон байна гэж үзлээ. Нэхэмжлэгч тал өөрсдөө утсаар ярьсан өдрийг тэмдэглэж авсан бол үнэн яримаар байна. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр утсаар холбогдсон нь үнэн. 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ганцхан удаа ярьсан гэж  худал яриад байна. Хоёр удаа л утсаар ярьсан асуудал биш юм. Хэрэгт утсаар ярьсан тэмдэглэл байгаа. Нэхэмжлэгч тал сонгуулийн зардлын дансыг шалгаагүй бөгөөд бас өөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой гэж тайлбарлаж байна. Б.Болдбаатар нь өөрөө сонгуулийн зардлын данс нээсэн гэж байгаагаасаа эхлээд хууль зөрчсөн байгаа. Хуульд яагаад зардлын дансыг нээн гэж байгаа нь нээсэн дансыг ашиглах юм уу эсхүл шинээр данс нээх юм уу гэдгийг тодорхой тусгасан. Банкинд данс нээлгэхэд цанаасаа анкет бөглүүлдэг. Ямар зорилгоор ашиглах данс болох дээр сонгуулийн зардлын данс нээлгэх гэж байгаа юм гээд явсан бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа Үндэсний аудитын газарт банк хүргүүлэх үүрэг нь хэрэгжих ёстой байсан. Ямар ч хамааралгүй өөр бусад зориулалтаар хэрэглэж байсан дансаа нээсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Сонгуулийн зардлын дансанд зориулж нээсэн данс гэдэг нь тусдаа зүйл. Данс нээлгэсэн гээд байхад энэ тал дээр шалгаагүй гэж байна. Манай зүгээс нягталж шалгасан учраас бүх банкны албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Бид нар өөрсдийн эрх хэмжээнийхээ хүрээнд төв Хаан банкнаас  тодорхойлолт авсан. Данс нээсэн нээгээгүйдээ гол асуудал биш юм. Сонгуулийн данс  нээгээд бүртгүүлээгүй үйлдэл нь зөрчил болж байгаа юм. Энэ зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Энэ зөрчил нь илт тодорхой байхад зөрчлийн хэрэг нээгээд яагаад 58 хоног буюу хуульд заасан боломжит бүх хугацааг ашигласан юм бэ гэхээр ерөөсөө татварын улсын байцаагчийн зүгээс Б.Болдбаатар гэх хүний бүх эрхийг нь хангуулах нөхцөл байдлыг харгалзсан юм. Тэгээд утсаар ярьсан зүйлээ хэрэгжүүлдэггүй. Ирнэ гээд ирээгүй. Агуулахад нотлох баримт байгаа гээд гаргаж өгөөгүй. Сая Б.Болдбаатар шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Хаан банкнаас гаргаж өгсөн тодорхойлолтын он, сар, өдрийг хармаар байна. Түүнийг Б.Болдбаатар хэлэхдээ агуулахад байсан тодорхойлолт юм.  Сая гаргаж өглөө гэж тайлбарлаж байна. Тэгвэл 11 дүгээр сард агуулахад түгжээтэй байсан баримт мөн эсэх талаар он, сар, өдөр нь таарч байгаа эсэхийг шалгуулмаар байна. Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад өөрийгөө танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. Утсаар танилцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдогч нь дуудсан цагт ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл Б.Болдбаатар нь дуудсан цагт тодорхой шалтгаан хэлээд ирээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүхий л цаг хугацаанд ирээгүй. Хэргийн хугацаа нь шууд холбогдогчоос шалтгаалж байсан. Холбогдогчоос авах нотлох баримт болон бусад оролцогчоос авах нотлох баримтууд бүрдсэн байсан. Хэргийн хугацааг сунгасан нь холбогдогчийн эрхийг эдлүүлэхэд л байсан юм. Тэгээд чатаар холбогдож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх. Утсаар ярихдаа улсын байцаагч нь өөрийгөө танилцуулсан” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор  гаргасан дүгнэлтдээ: “Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ч.Батзориг би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасны дагуу дараах дүгнэлтийг гаргаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн зөрчил нь илт тодорхой байна. Тухайн асуудал дээр Гомдол гаргагч талаас сонгуулийн дансыг нээлгээгүй болох нь мөн тогтоогдож байна. Сонгуулийн зардлын дансыг нээлгэхдээ шинээр данс нээлгэж, тухайн дансанд зориулагдсан асуумжийг бөглөж данс нээлгэдэг. Гэтэл Б.Болдбаатар нь урьд огт ашиглаж байгаагүй боловч харилцагчийн зориулалтаар нээлгэсэн дансыг сонгуулийн дансаар ашиглах боломжгүй. Тийм учраас хуульд шинээр данс нээлгэн гэж заасан. Иймд уг зөрчил нь илт тодорхой байна. Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн гомдол Үндэсний аудитын газраас ирсэн дариуд утсаар холбогдогчид мэдэгдэж танилцуулсан. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг нээгээд дугаар авсан. Дугаар авсны дараа 3 хоногийн дотор оролцогчдод мэдэгдэнэ гэж заасан. Мэдэгдэнэ гэж байгаа нь утсаар танилцуулаад танд зөрчлийн хэрэг нээсэн гэдгийг хэлснийг хэлээд байгаа юм. Танилцуулж гарын үсэг зурна гэсэн зүйл хуульд байхгүй юм. Тэгэхээр энэ нь хууль ёсны дагуу явагдсан байна гэж үзэж байна. Тухайн зөрчлийн хэрэг нээсэнтэй холбогдуулан мэдэгдсэний дараа тухайн холбогдогчоос танд эрх, үүрэг танилцуулъя гэх асуудлыг ярьсан. Тэгээд эрх, үүргийг нь танилцуулахаар холбогдоход холбогдогч нь өөрөө өөр зүйл яриад тухайн зүйлийг сонсоогүй. Мөн прокурорын даалгаварт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүйн улмаас гэсэн нь өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэг тал өөрөө ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу, үгүй юу гэдгийг нотолж хэлж чадахгүй байна. Ганц хэлж байгаа зүйл нь Ковид-19 цар тахал гэж байгаа юм. Өөрөө тайлбарлахдаа Тариалан сумаас орж ирсэн гэж байна. Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос орж ирж байгаа Намнангийн ар гэх нэг л пост байгаа. Тэр постоор нэвтэрсэн тохиолдолд энд ирээд ямар байгууллагаар явах эрх нь нээлттэй байсан. Гэтэл өөрийнх нь хэлж байгаа тайлбараас Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод оруулах боломжгүй болсон юм гэх зүйл ярьж байна. Энд өөрт нь холбогдох гомдол шалгагдаж байгаа талаар хамаагүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хот руу хол хорио тогтоох гэж байсан гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.  Гомдол гаргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой хэлээгүй. Эрх бүхий албан тушаалтан нь утсаар холбогдоход хэлээгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд мэйл хаягаар явуулах талаар асуудал байхгүй. Гэхдээ зарим нэг зүйл дээр утсаар холбогдож ажиллагаа явагдаж байгаа. Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэврийн хуудаст юу юу тусгагдах ёстой вэ гэдэг асуудлыг тусгасан байгаа. Яаг энэ хуульд зааснаар тусгавал зохих асуудлыг бүрэн дүүрэн тусгаж, шийтгэврийн хуудас бүрэн дүүрэн бичигдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ гэсэн. Энэ хуульд заасан ажиллагаагаар шийтгэлийн хуудас нь холбогдогчид хүргэгдсэн байна. Иймд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Холбогдогчийн эрхийг эдлүүлэх, үүргийг хүлээлгэх талаар тодорхой арга хэмжээнүүд авсан боловч холбогдогч маань өөрөө эрхээ эдлэхээсээ татгалзсан. Эрхээ эдлэхээс татгалзаж байгаа хүний эрхийг хүчээр эдлүүлж чадахгүй юм. Иймд эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан зохих арга хэмжээг бүрэн дүүрэн авч, шийтгэлийн хуудсыг бүрэн дүүрэн бичсэн байна. Татварын улсын байцаагчийн холбогдогч Б.Болдбаатарт оногдуулсан шийтгэлийг хуудсыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 Гомдол гаргагч Б.Болдбаатар нь гомдлын шаардлагаа: Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Гантулгад холбогдуулан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0176853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч Б.Болдбаатар нь “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Гантулгад холбогдуулан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0176853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдол гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг зөрчиж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр 10,000,000.00 төгрөгөөр торгосон байна.

            Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор зохицуулжээ.

Татварын улсын байцаагч нь гомдол гаргагч Б.Болдбаатарыг  Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нэр дэвшигчийн Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй,  тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Болдбаатарт зөрчлийн хэрэг нээж, зөрчил холбогдогч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хувийг хүргүүлсэн  тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй шалтгаанаа “…төрийн үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж олон удаа утсаар дуудсан боловч ирээгүй …” гэж тайлбарлаж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлд заасан холбогдогчийг дуудан ирүүлэх журмыг хэрэгжүүлсэн талаар утасны дуудлага хийсэн жагсаалтаас өөр баримтууд байхгүй тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 1.13 дугаар зүйлд заасан хүсэлт гаргах болон мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэгтэй танилцуулах, шаардлагатай бол түүнийн цахим хаяг болон гэрийн хаягаар шуудангаар холбогдох ажиллагаа хийж байгаа тухай баримтуудаа илгээгүй зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, 57.5-д “сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар нэр дэвшигч Б.Болдбаатар нь өөрийн сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэн, дүгнэлт гаргуулж, сонгуулийн зардлын данс байршуулсан банкнаас дансны бүх гүйлгээний хуулгыг Аудитын газарт хүргүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил гаргагчид холбогдуулан ажиллагаа хийхдээ Захиргааны Ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх хуульд дээр дүгнэсэн заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргасан байна гэж үзлээ.

Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Гантулгын үйлдсэн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0176853 дугаартай шийтгэлийн шийтгэлийн хуудас нь гомдол гаргагч Б.Болдбаатарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Болдбаатарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Гантулгын үйлдсэн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0176853 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун төгрөгийг  гаргуулан гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЭНХТАЙВАН