Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0162

 

 

 

 

 

 

 

    М.П******* нарын нэр бүхий 24 иргэний

     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Л*******

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, Б.А*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: М.П*******

Нэхэмжлэгч: О.М*******

Нэхэмжлэгч: Д.Г*******

Нэхэмжлэгч: Р.О*******

Нэхэмжлэгч: Д.М*******

Нэхэмжлэгч: Д.М*******

Нэхэмжлэгч: Б.О

Нэхэмжлэгч: Ш.Д

Нэхэмжлэгч: Д.М

Нэхэмжлэгч: Б.С

Нэхэмжлэгч: Д.М

Нэхэмжлэгч: П.С

Нэхэмжлэгч: С.Ц

Нэхэмжлэгч: Х.Ч

Нэхэмжлэгч: А.С

Нэхэмжлэгч: Б.Ц

Нэхэмжлэгч: А.С

Нэхэмжлэгч: А.С

Нэхэмжлэгч: Ц.Ч

Нэхэмжлэгч: П.Ж

Нэхэмжлэгч: Ц.Х

Нэхэмжлэгч: С.Х

Нэхэмжлэгч: Д.Т

Нэхэмжлэгч: С.Д

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: “З” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “З” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0001 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Т

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ждорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0155/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.П******* нарын нэр бүхий 24 иргэнээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “З” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр: 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 20 дугаар зүйлийн 20.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.7 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “З” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, Б.А******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Б.Л******* 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 19-ний өдрүүдэд өвчтэй байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирэхэд энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/11721 тоот албан бичиг гарсан байсан.

Шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцаж орох зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/11721 тоот албан бичгийн хамт 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хүргүүлсэн боловч хүлээн авалгүйгээр шүүх хурал явагдаж шийдвэрээ гаргасан болно. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан эрхээ эдлэх боломжгүй болгон шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зарчмыг хангаагүй болно.

3.2. Мөн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр дүгнэлтээр улсын бүртгэгч Э.Эрдэнэбилэгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18/08 дугаар татгалзсан шийдвэрийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн байна. “З” ХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр байхгүй байна. Шүүхийн шийдвэрт санхүүгийн тайлан аваагүй гэсэн байх боловч 2017 оны тайлан хавсаргасан байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй буруу дүгнэлт хийн шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож М.П******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0001 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гуравдагч "З" ХХК-иас дор дурдсан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

4.2. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актыг хэзээ мэдсэн болох түүнд хэзээ, хэрхэн гомдол гаргасан, хариуцагч захиргааны байгууллагын ямар шийдвэрийн улмаас тэдгээрийн эрх ашиг хөндөгдсөн зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Манай компани нь 24500 гаруй хувьцаа эзэмшигчтэй ба маргаан бүхий буюу 2017 оны Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэхэмжлэл гаргагч 24 иргэний 22 нь зөвшөөрсөн саналыг өгсөн байдаг ба нэхэмжлэгч П.С уг хурлын тооллогын комиссын даргаар, Б.С тооллогын комиссын гишүүнээр, А.С, Д.Т нар нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан Тооллогын комиссын шийдвэр, ТУЗ-ийн тогтоол зэргээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 15-ны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар гарсан тогтоолыг тухайн үедээ мэдсээр байж 5 жилийн дараа, маргаан бүхий бүртгэл хийгдсэнээс хойш 3 жилийн дараа өөрсдийнх нь эрх, ашиг сонирхол зөрчигдсөн мэтээр тайлбарлан шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй, шүүхээс үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

"З" ХХК нь анх маргаан бүхий бүртгэлийг хийлгүүлэхээр 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хандсан ба сүүлд улсын бүртгэгч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгэхээс татгалзсан. Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 9/4883 дугаартай "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичиг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирсэн. Уг албан бичигт “...”З” ХХК-ийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ. Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын хяналтын байцаагчийн ... “З” компаниас тус газарт хандан 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгч Э.Эрдэнэбилэгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18/08 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцох дүгнэлт гарснаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэгдсэн.

Энэхүү улсын хяналтын байцаагчийн дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасан эрх хэмжээний хүрээнд гарсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд бүртгэхээс татгалзах зохицуулалтыг зааж өгсөн бөгөөд түүнд нь улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд бүртгэхээс татгалзаж болох тухай тусгаж өгөөгүй байна. Энэхүү үйл баримтаас 2019 оны 1 дүгээр сарын 11-ний бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын хяналтын байцаагчийн дагуу бүртгэгдсэн болох нь тогтоогдоно. Гэтэл шүүхээс тухайн бүртгэлийг хэзээ бүртгүүлэхээр гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт гаргасан тэрхүү процесс нь хэрхэн үргэлжилж 2019 оны 1 дүгээр сарын 11-нд бүртгэгдсэн болоход ач холбогдол өгч, дүгнэлт хийгээгүй.

4.3. Мөн нэхэмжлэгч Д.Г*******, Ш.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр маргаан бүхий хурлын шийдвэр буюу "З" ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгох иргэний нэхэмжлэл, бусад 24 иргэн мөн адил шаардлага бүхий иргэний нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

"З" ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит болон ээлжит бус хэлбэрээр тогтмол явуулж, хурлын зарыг удаа дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байсан, улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээллийн сангаас компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг мэдэх боломжтой байсан зэргээс дүгнэхэд 2022 онд улсын бүртгэлийн лавлагаа авахдаа энэ бүртгэл хийгдэж, нэгж хувьцааны үнэ 105 төгрөг болтлоо буурсныг мэдсэн гэх нь үгүйсгэгдэнэ. Түүнчлэн тус хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг олонхын саналаар гаргадаг ба бусад 24500 орчим иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.4. Маргаан бүхий акт бодитойгоор хэрэгжсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дараа бүртгэгдсэн бүртгэл буюу 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэл хэрэгжсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдоно.

- Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл 2019.01.19

- Б.М*******ыг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон болон хаягт өөрчлөлт орсныг бүртгэх тухай хүсэлт 2019.06.11

 - Үйл ажиллагааны чиглэл хассаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл 2019.07.19 

- Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл 2019.06.12

- Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл 2019.03.15

- Компанийн дүрмийн хавсралт болон бүртгэлд оруулж буй өөрчлөлтүүдийг бүртгэх хүсэлт 2019.03.15

"З" ХХК нь гидро металлургын аргаар катодын зэс гаргах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй ба 2018 онд "Э" ХХК /одоогийн ТӨҮГ/-тай байгуулсан “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” гэрээгээ цуцлуулсан байсныг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлаар Б.М******* томилогдон гэрээ цуцалсан асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж, 300- аад тэрбум төгрөгийн хөрөнгийг дотоодын хөрөнгө оруулалт, банк санхүүгийн байгууллагын зээлээр шийдвэрлэн, өнөөдрийн байдлаар компанийн үндсэн үйл ажиллагаа болох Зэсийн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болж, туршилт, тохируулгын шатандаа явж байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэл хүчингүй болсноор түүнээс хойших бүх бүртгэлүүд хүчингүй болох үр дагаварт хүргэх ба дээрх гүйцэтгэх удирдлагын байгуулсан гэрээ, хэлцлүүд хүчингүй болж, хөрөнгө оруулагч нарын хөрөнгө оруулалт үнэгүйдэхэд хүрч, уг компанийн хувьцаа эзэмшигч 24500 гаруй иргэд Компанийн тухай хуульд заасан ногдол ашиг авах асуудал нь эргэлзээтэй, ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөлд хүргэхээр байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Мөн нэхэмжлэгч нарт хариу өгсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан бичигт дурдсан Д.Аийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь 24 иргэний нэхэмжлэлд дурдсан бүртгэлээс хойших буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 5620 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай байдаг. Энэхүү үйл баримтаас нэхэмжлэгч нарын маргаж буй 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэл нь хэрэгжсэн болох нь мөн л тодорхой харагдана.

4.5. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль, захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэж шийдвэр гаргасан тухайд:

Бүртгэлийн байгууллагад "З" ХХК нь 2017 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийг бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хандсан ба энэ үед шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдаагүй, Хууль зүйн сайдын 2018 оны А/208 дугаар тушаал мөн л батлагдан гараагүй байсан. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж дагаж мөрдсөн хугацаа нь хуулийн 28.1-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байна. Өөрөөр хэлбэл хэрэгжиж эхлээгүй хууль, хэм хэмжээний актыг үндэслэл болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4.6. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож чадаагүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-т тус тус заасан нотлох зарчмыг хэрэгжүүлж чадаагүй буюу шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон баталгаажсан санхүүгийн тайлан "З" ХХК-ийн архивт байсныг энэхүү гомдолд хавсаргаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0001 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг үндэслэн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангав.

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000176034 тоот гэрчилгээнээс үзэхэд “З” ХХК нь нийт 24552 хувьцаа эзэмшигчтэй, харин хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Эчнээ санал хураалтын дүнг баталгаажуулах тухай” 01 дүгээр тогтоолоор компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг, тухайлбал компанийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулах төслийг нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 99.4 хувь зөвшөөрснөөр,

-энгийн хувцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгож, компанийн дүрмийн санг 2.579.000.000 төгрөгөөр тогтоохыг 99 хувь зөвшөөрснөөр,

-“Б” ХХК-ийн оруулсан санхүүжилтийг зээлд бүртгэхийг 99.5 хувь зөвшөөрснөөр,

-6.028.393.070 төгрөгийн өрийг хувьцаагаар солих тухай төслийг 99.5 хувь зөвшөөрснөөр өрийг хувьцаагаар сольж, 57.413.267 ширхэг хувьцаа нэмж гаргахаар,

-өрийг хувьцаагаар солих зорилгоор нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ эдлэхгүй байхыг 99.5 хувь зөвшөөрснөөр,

-өрийг хувьцаагаар солихтой холбоотойгоор 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн 3, 4, 5 дахь хэсгийг 99.3 хувь зөвшөөрснөөр,

-компанийг өөрчлөн байгуулах, дүрмийн санд өөрчлөлт оруулах, өрийг хувьцаагаар солихтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмыг Төлөөлөн Удирдах Зөвлөл /цаашид ТУЗ гэх/-ийн  зургаадугаар хавсралтаар батлагдсан төслийг 99.4 хувь зөвшөөрснөөр тус тус баталж, мөн компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийн санд өөрчлөлт оруулах, өрийг хувьцаагаар солихтой холбоотой ажиллагааг хариуцан гүйцэтгэх ажлын хэсгийг зохих бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг 99.5 хувь зөвшөөрснөөр томилжээ.

Нэр бүхий нэхэмжлэгчдээс дээрхи шийдвэрүүдээс нэгж хувьцааны үнэ 1000 төгрөг байсныг 105 төгрөг болгож өмнөхөөс 9.5 дахин бууруулсныг эс зөвшөөрч маргадаг, гэтэл Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.1.“нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах”, 31.2.2.“хувьцаа нэмж гаргах замаар өсгөх” гэж заасан байна.

Хэдийгээр Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан аливаа шийдвэртэй холбоотой маргаан иргэний журмаар шийдвэрлэгдэх боловч энэ тохиолдолд нэгж хувьцааны үнийг бууруулсан буюу хэлбэрийн хувьд “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол” гэсэн бланкан дээр ТУЗ-ийн дарга, гишүүд гарын үзэг зурах байдлаар шийдвэр гаргасныг дээрх хуульд заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээнд халдсан гэж буруутгах, энэ үндэслэлээр хариуцагч маргаан бүхий бүртгэлийг хийхээс татгалзах үүрэгтэй байсан гэж дүгнэх боломжгүй.

Учир нь компанийн энгийн хувьцааны нэрлэсэн үнэ 1000 төгрөгийг 105 төгрөг, дүрмийн санг 2.579.000.000 төгрөг болгож тус тус бууруулах шийдвэрийг ТУЗ гаргаагүй, харин “З” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар, тухайлбал эчнээ санал хураалтад оролцсон хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн төдийгүй мөн өдрийн тооллогын комиссын тогтоолд дурдсанаар энэхүү саналын нэгдсэн дүнг ТУЗ-д мэдээлсэн байх тул ТУЗ-ын дарга, гишүүдийн гарын үсэг бүхий Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор зөвхөн эчнээ санал хураалтын дүнг баталгаажуулсан гэж үзнэ.

2.Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан саналын дүнг одоогийн нэр бүхий нэхэмжлэгчдээс ТУЗ-ийн гишүүд болох А.С, Д.Т, П.С нар гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, мөн энэхүү тогтоолоос гадна эчнээ санал хураалтад оролцсон хувьцаа эзэмшигчдийн саналын дүнг нэгтгэх Тооллогын комиссын даргаар нэхэмжлэгч П.С, гишүүнээр нэхэмжлэгч Б.С нар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тогтоолуудаар тус тус батлагдаж байна.

Мөн гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр бүхий 22 нэхэмжлэгч оролцож саналаа өгсөн талаар дурдсаныг энэхүү гомдолд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М бичгээр гаргасан хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн болох нь “…нэхэмжлэгч 24 иргэнээс 2 иргэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд огт оролцоогүй буюу Хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарсныг мэдээгүй, харин 22 иргэн мөн өдрийн хуралд оролцсон бөгөөд зарим нь эсрэг санал өгсөн бол зарим нь дэмжсэн агуулгаар санал өгсөн…” гэснээр тогтоогдоно.

3.Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралд саналын эрхтэй 24552 хувьцаа эзэмшигчдийн 7157 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 50-иас дээш хувь нь оролцож, хуульд заасан ирцийн шаардлага хангагдсан, түүнчлэн дээр дурдсанчлан асуудлыг 99.0-99.5 хувийн саналаар шийдвэрлэсэн, мөн Хувьцаа эзэмшигчдийн хурлын энэхүү тогтоол хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд нэр бүхий 24 иргэний нэхэмжлэлээр улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.

4.Процессын хувьд анх 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу холбогдох өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч бүртгэхээс татгалзсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18/04 дүгээр мэдэгдэлд “…2012 онд хувьцаат компани болгосон бүртгэлийг хяналтын улсын байцаагч хянаж үзээд хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариуг хүргүүлсэн байна. Иймээс 2012 онд хуулийн этгээдийн хэлбэр өөрчилсөн бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэгдтэл бүртгэл хийх боломжгүй….” гэсэн,

-Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 5/6305 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “…Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эрүүгийн …дугаартай хэрэгт “З” ХК-ийн хэлбэрийг өөрчлөн бүртгэх болон өөр бусад хэлбэрээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, бусдад шилжүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгасан Орхон аймгийн прокурор Б.Бын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5/353 дугаар зөвшөөрлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 295 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн хэлбэрийг өөрчлөн бүртгэх болон өөр бусад хэлбэрээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, бусдад шилжүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон хоригийг цуцална уу” гэсэн,

-Нийслэлийн прокурорын газрын прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 2018 оны 295 дугаар тогтоол болон дээрх албан бичгийг тус тус үндэслэн “З” ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 18/047 дугаар албан бичгээр дахин Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт компанийн хэлбэрийг ХХК болгон өөрчлөн байгуулах, энгийн хувьцааны тоо, нэрлэсэн үнэ, компанийн дүрмийн сангийн хэмжээнд орсон өөрчлөлт, шинэчилсэн дүрэм, өрийг хувьцаагаар сольсны дүнд “Бльюмон Металс” ХХК нь “З” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 70 хувийн хувьцаа эзэмшигч болох өөрчлөлтүүдийг тус тус бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч улсын байцаагчийн мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18/08 дугаар шийдвэрээр “…2012 онд хуулийн этгээдийн бүртгэлийн газар хувьцаат компани болгон бүртгэснээс хойш өдийг хүртэл нээлттэй, хаалттай хэлбэрээ сонгож эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна…” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан,

-Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 9/4883 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “… “З” компанийг хувьцаат компани хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх боловч тус компанийн хэлбэр, төрөл нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна” гэж заасантай нийцээгүй. …Харин тус компани нь хувьцаагаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нийтэд санал болгохыг зөвшөөрч үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, Монголын хөрөнгийн биржээр нийтэд санал болгон арилжаалаагүй, түүнчлэн хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр “Ү” ХХК-д бүртгүүлээгүй байсан. Иймд Хорооны 2017.10.05-ны өдрийн 9/2922 дугаар албан бичгээр шаардлага хүргүүлсний дагуу “Зэс Эрдэний Хувь” компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор компанийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулахыг нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 99.4 хувь нь зөвшөөрсөн тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17/070 тоот албан бичгээр Хороонд мэдэгдсэн байна. Тус компани нь Хороонд хувьцаат компаниар бүртгэлгүй, иймд Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасны дагуу Хорооноос зөвшөөрөл олгох шаардлагагүй тул “З” компанийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн хариу өгсний дагуу улсын байцаагчийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 9 дүгээр дүгнэлтээр “… “Зэс Эрдэний Хувь” компанийн гаргасан өргөдөл, түүнд хавсарган өгсөн баримтууд нь ямар хууль тогтоомжууд зөрчсөн болох, түүнчлэн зөрчсөн бол ямар баримт бичиг, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болж байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, улсын байцаагч Э.Эрдэнэбилэгийн 2018.12.11-ны өдрийн 18/08 дугаар шийдвэр бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй, ийнхүү татгалзсан нь өргөдөл гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн уг шийдвэрийг хүчингүй болгосон байна.

5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:

18.1.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”,

18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”,

18.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэжээ.

Гэвч “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийг өөрчлөн байгуулах, мөн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл тухайн үед байгаагүй, түүнчлэн бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагчаас өргөдлийн дагуу бүртгэх үүрэгтэй, ийнхүү бүртгэл хийгдсэний улмаас нэр бүхий нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Гэтэл шүүхийн шийдвэрт “… “З” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нийтэд санал болгохыг зөвшөөрсөн арилжих үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй байж улсын бүртгэлд ХК /хувьцаат компани/ болгон өөрчлөлтийг бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчдээс энэ талаар маргаагүй болно.

6.Харин хуулийн этгээдийн мэдээлэлд, тухайлбал хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцлийг бүрдүүлэх шаардлагатай болохыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д заасан, хэрэгт санхүүгийн тайлан авагдаагүй, мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүртгэл хийхэд тайлан байгаагүй гэх боловч тухайн үед санхүүгийн тайланг өргөдөлдөө хавсаргасан эсэхээс үл хамаарч саналын эрхтэй 7157 хувьцаа эзэмшигчдийн 99.0-99.5 хувийн саналаар дэмжигдэж, шийдвэрлэгдсэн нэгж хувьцааны үнийг бууруулсан шийдвэрийг бүртгэсэн маргаан бүхий бүртгэлийн улмаас нэр бүхий 24 нэхэмжлэгчдийн эрх зөрчигдөхгүй.

7.Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо улсын бүртгэгчийн дардас бүхий “З” ХХК-ийн болон “Бльюмон Металс” ХХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайланг тус тус хавсаргаж ирүүлсэнийг давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй болохыг, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг эс зөвшөөрч 3 жил 9 сар гаруйн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж хариу авсан үеэс нэхэмжлэл гаргах хугацааг тооцож буй нь хангалтгүй болохыг тус тус тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.П******* нарын нэр бүхий 24 иргэний гаргасан “З” ХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын  улсын бүртгэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, Б.А*******, гуравдагч этгээд “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                  

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН