Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулга,

иргэний нэхэмжлэгч М.Банзар,

иргэний хариуцагч Б.Цэнддэмбэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баяржаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

шүүгдэгч Б.Цэнд-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Банзарын Цэнд-Очирт холбогдох эрүүгийн 201619000252 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодиз зураг зүйн мэргэжилтэй, Цогт гурван хэмжээст ХХК-д захирал ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Монлаа 9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Арсланмижээ овогт Банзарын Цэнд-Очир РДЧБ84061919 гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

            Шүүгдэгч Б.Цэнд-Очир нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын төвд 128 дахь километрийн шонгийн ойролцоо хатуу хучилттай асфальтан замд М.Банзарын эзэмшлийн 20-59 УБР улсын дугаартай, Тоёото Корона маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.А-д заасан жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, мөн дүрмийн 2.7.А-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., мөн дүрмийн 2.3.Б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гарган М.Бямбажаргалын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.Цэнд-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Хэрэг гарах өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  талийгаач бид хоёр  Төв аймгийн Лүн суманд очиж газрын кадастр хийх ажилтай байсан ч тог тасраад цөөхөн хэдэн айлын ажлыг гүйцэтгэж өгөөд байж байтал талийгаач дүү маань надад хүн энэ архийг өглөө гээд 0,33 граммын архи гаргаж ирээд ууя гэсэн. Бид хоёр тэр архийг нь хувааж уусан. Талийгаач би ажлын талбайгаа ер үзээгүй. Та надтай яваад заагаад өгөөч гэхээр нь би яваад ажлын талбайнуудыг нь зааж өгөөд хүний юм уучхаад яаж зүгээр байх вэ? гээд  дэлгүүр орж 0,75 граммын дарс авч бид хоёр дахин хувааж уусан. Тэр дарсаа хувааж уучихаад дахин дарс авч хувааж уусан. Тэгээд тэндээсээ Лүн сумаас зүүн тийш хотруу явдаг зам дээр осол гаргаж дүү маань нас барсан. Би талийгаачийг архи гаргаж өгөхөд нь уухгүй гэсэн бол энэ хэрэг гарахгүй байх байсан. Би архи дарс хэтрүүлэн ууснаас болж согтуугаар осол гаргаж талийгаач дүү маань амиа алдахад хүрсэн. Би энэ хэрэгт маш их гэмшиж байна. Энэ ослоос болж дүү минь нас барж миний баруун чих сонсголгүй, гар салгалж, тэнцвэр алдах болсон. Толгой байнга өвдөж, ой тогтоолт муудсан. Бас баруун бөөр үрэвссэн байгаа. Талийгаачийн ар гэрээс нэхэмжилсэн 9 сая 50 мянган төгрөгийн хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан. Талийгаачийн  ээжээс уучлал гуйж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би их гайхдаг юм. Талийгаач миний хоёрдахь охин байсан. Миний охин архи дарс уудаггүй хүүхэд байсан. Тэр осол гарах өдөр яагаад архи уух болсоныг би ойлгодоггүй юм. Цаанаасаа л  явах цаг нь болоод  архи уусан юм болов уу л гэж бодох юм. Талийгаач охиныхоо оршуулгын зардлыг өмгөөлөгчийн зардлын хамт л нэхэмжилсэн. Нэхэмжилсэн мөнгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Цэцэглэж явсан залуу сайхан охиноо алдчихаад эх хүн ямар л байх вэ? дээ. Би арваад жилийн өмнө хүүхдүүдийнхээ эцгийг алдчихаад зовж шаналж байснаасаа илүү зовж шаналж байна. Тэр үед одоогийнх шиг ийм хэцүү байгаагүй. Би анхандаа ийм хэрэг болсонд итгэж чадахгүй байсан. Би охиндоо маш их харамсаж  эмгэнэн гашуудаж байна. Надад ийм хэцүү байгаа ч гэсэн би энэ хүүхдийг одоо яая гэх вэ? дээ. Өөрийнх нь ар гэр болоод биеийг нь харахад хэцүү харагдаад өрөвдөөд байх юм. Энэ хүүхдийг шоронд суулгалаа гээд миний охин буцаад ирэх биш. Ийм болсон биетэй хүн эмнэлгээр яваад биеэ эмчлүүлж байсан нь дээр биз дээ. Ардаа гурван нялх хүүхэдтэй юм байна. Зовлон жаргал үзсэн хүний хувьд энийг л хэлмээр байна гэв.

Иргэний хариуцагч Б.Цэнддэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би осол гарах тэр өдөр ахтай хамт явсан. Ер нь бол ахыг ажилд явахад нь машиныг нь бариад явдаг байсан. Осол гарах өдөр хамт явсан гэдгээрээ иргэний хариуцагчаар тогтоогдсон. Тэр өдөр би сонгуулийн ажилтай байсан болохоор хотоос намайг дуудаад би яалт ч үгүй хот явсан. Машинаа орхих болсон нь тэр өдөр Лүн суманд тог тасраад машин дотор 12 вольтын цахилгаан үүсгүүр байсан болохоор нотебоок энэ тэрээ цэнэглэнэ гэхээр нь машин үлдээгээд явахдаа битгий машин бариарай гэж захиж хэлээд явсан. Машин бол аавын эзэмшлийн машин байсан гэв.

 Иргэний нэхэмжлэгч М.Банзар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  Б.Цэнд-Очир бол миний хүүхэд. Би өөрөө геодезийн албанд 35 жил ажиллаж байгаа юм. Цэнд-Очир миний мэргэжлийг өвлөж аваад энэ чиглэлээр ажилладаг байсан юм. Ажилд явахдаа сая аваарт орсон машиныг дүүгээрээ бариулаад явдаг байсан. Энэ машиныг авахад Цэнд-Очир ихэнх мөнгийг нь гаргаж авсан болохоор машин өөрийн л машин. Машины бичиг баримт миний нэр дээр байдаг ч энэ машиныг авахад Цэнд-Очир өөрөө ихэнх мөнгийг нь гаргаж авсан болохоор машин Цэнд-Очирынх л  юм. Надад нэхэмжлээд байх зүйл алга. Хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Тэр өдөр яах гэж машин өгч явуулав даа гэж харамсдаг юм гэв.          

 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Гэрч Э.Адъяасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17-18 цагийн үед Цэнд-Очир нь сумын газрын даамал Бямбажаргал, олон нийтийн ажилтан Сугархишиг нартай шуугилдаад ороод ирсэн. Тэгээд манай дэлгүүрт орж ирчихээд шуугилдаж байгаад Цэнд-Очир 1 шил Porto  дарс аваад орой ирэхээр мөнгийг нь өгье гээд гараад явсан. Цэнд-Очир нь Сугархишигтэй тоглоод л авч явах гээд л байх шиг байсан. Тухайн үед олон хүнтэй би их ажилтай завгүй байсан. Манайх уг нь камертай байсан. Тухайн үед тог тасарсан болохоор камер ажиллаагүй.  Эрүүл, согтуу байсныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх-39 тал/,

Гэрч Ц.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ...Энэ хүн өчигдөр манай дэлгүүрээс юм худалдаж авсан хүн мөн байна. Би таньж байна. Энэ хүн өчигдөр үдээс хойш 14 цагийн үед ганцаараа орж ирээд 1 шил дарс, самар, шоколад, тамхи, жүүс аваад гарсан. Түүнээс хойш 1 цаг орчимын дараа дахиж орж ирээд 1 шил дарс, 1 том савтай пиво аваад гарсан. Тэгээд дахиж орж ирээгүй. Ингээд нийтдээ 36.700 төгрөгийн бараа аваад гарсан. Энэ хүн анх орж ирэхдээ эрүүл байсан. Дараа нь орж ирэхдээ бас эрүүл байх шиг байсан. Тэр хүн ганцаараа орж ирсэн. Өөр хүнтэй хамт явж байсныг мэдэхгүй байна. Энэ хүн нэг машинтай явж байсан. Ямар машинтай явж байсныг би мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-40 тал/,

Гэрч Д.Солонго мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ  ..2016 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагт ажил дээр уулзаад ажлаа хийгээд өдөр цайны цагаар талийгаачийн гэрт орж хоол идчихээд уух юм байхгүй байсан болохоор манай гэрт цай уучихаад 14 цагийн үед хамт ажил руу явсан. Тэгээд кадастрийн хүн ирчихсэн талийгаачийг хүлээгээд байж байсан юм билээ. Тэгээд намайг ажлын гадаа байж байхад талийгаач ногоон өнгийн суудлын машинд суугаад хөдөлсөн би бодохдоо кадастрийн зургаа хийх гээд явлаа гэж бодсон. Тэгээд орой 18 цаг 45 минутын үед хуучин газрын даамал Алтанхуяг гэх хүн яриад талийгаач аваарт орчихлоо ээжийнхэн дугаарыг мэдэх үү гэж асуусан юм. Тэрнээс өмнө 18 цаг 05 минутын үед над руу залгаад тог ирсэн үү гэж асуухаар нь би тог ирээгүй гэсэн чинь аан за за тэгвэл би шууд гэрлүүгээ явлаа гэхээр нь би тэг тэг угаасаа тог байхгүй юм чинь шууд гэр лүүгээ харихгүй юу даа гэж ярилцсан гэсэн мэдүүлэг /хх-42 тал/,

Гэрч Б.Саруул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ .. 2016 оны 07 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 46 минутанд манай бага эмч Ариунаа осолд орсон тамгын газрын даамал охиныг хүргэж ирсэн. Тэгээд би тэр хүнийг үзэхэд биеийн байдал маш хүнд, ухаангүй, амьсгалгүй 1 минутанд 8 удаа зүрхний цохилт 72, артерийн даралт цохно, хүчилтөрөгч 80 хувьтай, биеийн температур 34.5, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, арьс цайвар цонхигор, хэсэг газрын үзлэгээр духны зүүн талд улайж хавдаж хөхөрсөн, толгойн зүүн талын дээд хэсэгт халцарсан, биеийн зүүн талд хөхнөөс доош ташаа хүртэл нэлэнхүйдээ халцарсан шархтай, дээд уруул хөхөрч хавдсан, уруулын дээд хэсэгт язарсан шархтай уг шарх нь 1 см орчим хэмжээтэй, зүүн талын 2-3 хавирга хугарсан бол уу гэмээр тэмтрэгдэж байсан. Би тэр хүнд хоёр гарт нь уян зүү тавиулаад яаралтай эрчимт эмчилгээ хийсэн. Хүчилтөрөгч 1 минутанд 2 ммтрээр хамрын гуурсаар өгсөн. Тэгээд цус зогсоох эмчилгээ, цус сэлбэх, даралт өсгөх эмчилгээ, тархины хаван хөөх эмчилгээ хийж өвчтнөөс цусны шинжилгээ авч гемолглобин, цусны бүлэг, редуслексор үзсэн. Гемоглобин 60г-л, цусны бүлэг В+ гарсан. Тэгээд Хоролгарав эмчийг дуудаж хамарсан үзлэг хийсэн. Мөн аймгийн гэмтлийн эмнэлэгээс зөвлөгөө авч баг дуудсан. Хамарсан үзлэгийг 18 цаг 50 минутанд хийгээд 18 цаг 55 минутанд АНЭ-н гэмтлийн эмч Жамъяангараваа  зөвлөгөө авсан. Тэгээд 19 цаг 20 минутын үед амьсгалын  үед 74 болж багасаад артерийн даралт 50/30, зүрхний цохилт 52 болж буурсан. Тэгээд 19 цаг 50 минутанд амьсгал, зүрх судас зогсож амьсгал хураасан гэсэн мэдүүлэг /хх-43 тал/,

Гэрч Б.Ариунаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ..2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 23 минутанд эмнэлэгт дуудлага ирээд би зам тээврийн ослын хэргийн газар 18 цаг 33 минутанд очсон. Намайг очиход ногоон өнгийн суудлын машин замын хойд талд дээшээ харсан байдалтай онхолдсон. Машинаас зүүн зүгт 10 орчим алхамын зайд толгойн урагшаа харсан, дээшээ харсан, баруун гар нь толгой дээрээ байрлаж эмэгтэй хүн гэмтсэн байдалтай байсан. Намайг очиход тэр хүн амьд байсан би тэр хүнд адернелин гэх тариаг булчинд хийгээд амин үзүүлэлтийг нь хянаад шууд эмнэлэг дээр авчраад их эмчид хүлээлгэж өгсөн. Анх үзлэг хийхэд зүрхний цохилт 40, амьсгал 8 удаа, биеийн халуун 34,4 хүчилтөрөгч 78 хувьтай артерийн даралт тодорхойлогдохгүй, харагдах байдлаараа духны зүүн дээд хэсэгт хавдаж хөхөрсөн, уруул язарч цус гоожсон хоёр талын хүүхэн хараа өргөссөн, ухаангүй байсан. Биеийн байдал маш хүнд байсан.  Хэргийн газар дээр жолоо барьж байсан бололтой согтуу эрэгтэй хүн би хүн алчлаа гээд энд тэнд орилж гүйгээд байсан гэсэн мэдүүлэг /хх-45 тал/,

Гэрч Х.Мөнгөнтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой хөдөөнөөс ирэхэд талийгаачийг зам тээврийн ослоор нас барсан гэж мэдсэн. Би талийгаачтай өмнөх өдөр нь уулзсан. Би өмнөх өдрийн шөнө 12 цагт хөдөөнөөс ирэхэд талийгаач манай гэрт орж ирж зурагт үзэж байгаад шөнийн 3 цагийн үед гэр лүүгээ орж унтсан гэсэн мэдүүлэг /хх-46 тал/,

 

Гэрч Б.Цоггэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ2016 ны 04 дүгээр сарын 19-ний орой цайны цагийн үед байх би яг цагийг нь сайн санахгүй байна. Талийгаач нэг ногоон өнгийн суудлын машины ард юм уншаад сууж байсан. Тэр машины жолооч гээд эрэгтэй хүн 10000 төгрөгөнд бензин аваад явсан. Би тэр машиныхан дугаар болон маркийг нь мэдэхгүй байна. Ямар ч л байсан ногоон өнгийн суудлын тэрэг байсан гэсэн мэдүүлэг /хх-47 тал/,

 

Гэрч Д.Алтансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18-19 цагийн үед Төв аймгийн Лүн сумын төвийн засмал зам дээр 97-06 УНТ дугаартай портер машинтай Ариунбатын хамт явж байсан. Тэгтэл бид хоёроос 200-300 метрийн цаана нэг ногоон өнгийн жижиг суудлын машин түүний ард Асиа автобус явж байсан. Тэгтэл тэр ногоон өнгийн машин явж байснаа зам дээр хэд хэдэн удаа хоёр тийшээ дайвалзаж байгаад замын хойд тал руу ороод эргэлдээд битүү улаан тоос болоод тэр машин дээшээ хараад зогссон. Араас нь явж байхад нээх их хурдтай яваагүй байсан. Тэгээд би осол болсон газар очсон чинь нэг хүүхэн машины цаана доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд тэр машины жолооч жолооны арын суудал дээр сууж байсан. Тэгсэнээ тэр хүн машиныхаа хойд суудал руу мөлхөж байтал миний араас ирж зогссон том машины жолооч шууд гүйж очоод тэр залуугийн хөлнөөс татаад машинаас гаргаж ирсэн. Тэгээд тэр хүн эмэгтэй хүн дээр очоод Бямбаа гээд дээш нь харуулаад тэврээд би дүүгээ алчихлааш шдээ гээд орилоод байсан. Тэр хүнийг эмэгтэй хүнээ хөдөлгөөд байхаар нь би хөөе боль битгий оролд гэж хэлээд би сумын их эмчийн гэрт нь очоод дагуулж ирсэн. Тэгээд би эмч цагдаа нар ирэх хүртэл хэргийн газар дээр байсан. Намайг хэргийн газар дээр очих үед тэр эмэгтэй хүн амьсгаатай байсан гэхдээ ухаангүй байсан. Жолоо барьж явсан хүн нэлээн согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх-49 тал/,

 

Гэрч Б.Алтанхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед танихгүй дугаараас Цэнд-Очир над руу залгаад би осол аваар хийчихлээ, хүн алчих шиг боллоо хүрээд ир гэхээр гэхээр нь би хэрэг гарсан газар очиход Цэнд-Очирын машин нь дээшээ харчихсан уг машинаас зүүн талд 5-6 м-н зайтай дээшээ харсан байдалтай амьд хэвтэж байсан тэгэхээр нь би талийгаач дээр очоод яаж байна миний дүү бие нь зүгээр үү гэсэн чинь юу ч дуугарахгүй, нүд нь хараата, амьсгаатай, сулхан ёолоод байгаа юм шиг их сонин байсан. Нүүр ам нь халцраад цус болчихсон байсан.  Цэнд-Очир машиныхаа хажууд толгойгоо салаавчлаад би хүн алчихлаа гээд орилоод явган сууж байсан. Машины эд анги болон дотор нь байсан эд зүйл нь энд тэнд гарчихсан, машин нь нилээд эвдэрчихсэн байдалтай байсан. Тэгээд эмч дуудсан чинь очсон дуудлага авсан гэж байсан. Тэгээд ирэхгүй удаж байх шиг болохоор нь эмнэлэг рүү давхиж очсон чинь явчихсан гэж байсан. Тэгээд би буцаад хэргийн газар дээр очих үед түргэний машин надаас түрүүлж очсон. Тэгээд эмч талийгаачийг үзээд тариа хийлгээд машиндаа суулгаад аваад явсан. Цэнд-Очир замын цагдаа дээр үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-52 тал/,

Гэрч Д.Ариунбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2016 оны 04 сарын 19-ний 18 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг Алтансүхийн хамт албаны машинтай Лүн сумын төвийн засмал зам дээр явж байсан юм. Бид хоёрыг явж байхад урд starix  машин тэрний урд ногоон өнгийн суудлын машин явж байсан. Тэгтэл тэр ногоон өнгийн жижиг машин чигээрээ явж байснаа хойшоо гэнэт эргээд замаас гараад шороогоор орчихсон. Тэгээд шороо манараад юу ч харагдахаа болиод шороо намжиж байхад тэр машин нэг эргэж байсан. Тэр ногоон машин туулын гүүрний баруун талд бид хоёрыг Лүн сум  руу орох гээд явж байхад зам дээр их удаан явж байсан юм. Тэгээд осол болсны дараа бууж очиход Алтанхуяг оччихсон өөр хүмүүс ирээд хараад зогсож байсан. Намайг ослын газар дээр очиж харахад тэр машины жолооч машинаасаа гараад ирчихсэн машин нь дээшээ харчихсан хамаг юм нь гарчихсан байсан. Талийгаач охин машины зүүн хойд талд толгой нь урагшаа харчихсан дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би ойртож очоогүй. Тэгээд тэнд байсан эмнэлэг, цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх-54 тал/,

 

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4 тал/,

-зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-5 тал/,

-осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/,

-2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг Лүн сумын Шунхлай колонкийн зүүн талд 128 дахь км-ийн шонгийн орчим Корона маркийн 20-59 УБР дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 24 настай М.Бямбажаргал нь нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 тал/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 тал/,

-2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-13 тал/,

-цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14 тал/,

-2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Лүн сум эмэгтэй 24 настай М.Бямбажаргалын цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-20 тал/,

-2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сум сэжигтэн Б.Цэнд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-23 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-24 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-25 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-26 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-27 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-28 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-29 тал/,

-жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-30 тал/,

-хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-31 тал/,

 

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №43 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт/

1. М.Бямбажаргалын биед хуйханд цус хуралт, зүрхний уг, голт, уушигны угын цус харвалт, өвчүүний хөндлөн хугарал, элэгний язралт, нүүр их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

3. Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

4. М.Бямбажаргал нь нас барах үедээ цусанд илэрсэн 2.6% этилийн спирт нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэжээ /хх-57-58 тал/,

 

-2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №58 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

1. М.Бямбажаргалын цусанд 2,6% этилын спирт, ходоодны шингэнд 7,2% этилийн спирт илрэв. М.Бямбажаргалын цусанд илэрсэн 2,6% этилын спирт нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.

2. М.Бямбажаргал нь ABO системээр Oaв I бүлгийн цустай байна гэжээ /хх-59 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №96 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1.Шинжилгээнд 48 мм х 74 мм-ийн хэмжээтэй гарын мөр тэнцэнэ. Үлдсэн 48 мм х 85 мм, 48 мм х 80 мм-ийн хэмжээтэй гарын мөр тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх 48мм х 102 мм-ийн хэмжээтэй гарын мөр нь  иргэн Б.Цэнд-Очирын гарын дардастай тохирч байна гэжээ /хх-65 тал/,

 

-Шинжээчийн №96 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-66 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №3984 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. Б.Цэнд-Очирын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Цэнд-Очирын гэх цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрч байна.

3. Цусанд илэрсэн 2,9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх-70 тал /,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №7267 тоот шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актад/

1.Цэнд-Очирын биед бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй гэжээ /хх-72 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-74 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №3109 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Toyota Corona маркийн 20-59 УБР улсын дугаартай, ST191-4000835 тоот арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүр асахгүй, явах боломжгүй, урд, хойд бамбай, их гэрлүүд, арын дохионы гэрлүүд, капот байхгүй, баруун хойд хаалганы гурвалжин шилнээс бусад бүх шил, цонх хагарсан, зүүн баруун урд, хойд далбаа, зүүн баруун талын хаалганууд, дээвэр, тээшний таг зэрэг эд ангиуд нугарч, хонхойж, үрчийж зурагдаж, будаг халцарч ховхорсон, баруун хойд хөндлөн гарнууд гулзайсан, баруун хойд хөндлөн, дагуу гарнууд хугарч тасарсан, баруун урд гар гулзайсан, баруун хойд гар амортизатор гулзайж тос хаясан, зүүн талын урд, хойд, голын баганууд гулзайсан, бүхээг доторх урд самбар заадлаар салсан, урд тэнхлэгний баруун босоо татуурга хугарсан, баруун урд тооромсны зээрэнхий хагарсан, жолооны хүрдний чагтан голын боолтны эрээс элэгдсэн, баруун, зүүн хойд дугуйн обод хаймар дугуйн завсар шороо, чулуу, өвс мэт зүйл хавчуулагдаж бохирлогдсон, баруун хойд дугуй ободны дотор талд ирмэг зорогдож, элэгдсэн зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

2. Уг автомашины жолооны механизм шингэн хүчлүүртэй, битүүмжлэл алдаагүй, ажиллана. Жолооны хүрдний голыг жолооны аппаратны голтой холбодог чагтан голын боолтны эрээс элэгдэж суларсан нь жолооны хүрдийг эргүүлэхэд сул эргэж урд дугуйнууд залагдахгүй байв.

Тооромсны систем шингэн дамжуулгатай, битүүмжлэл алдаагүй баруун урд тооромсны зээрэнхий хагарсан, энэ гэмтэл ослын үед үүссэн. Тооромсны хавчигч поршенгууд тэлж ажиллаж байв. Автомашины хөдөлгүүр асаж, явах боломжгүй тул тооромсны хүч, идэвхижилтийг тогтоох боломжгүй.

3. Жолоочийн болон урд зорчигчийн суудлын аюулгүйн даруулга бүс ил, татахад ажиллана, арын суудлынн дарууллага бүснүүд суудлын бүрээсээр далдлагдсан.

4. Уг автомашины 4 дугуйнууд хийтэй, хагараагүй байна.

5. Баруун, зүүн хойд дугуй обод, хаймар дугуйн завсар хавчуулагдсан шороо, чулуу, өвс мэт зүйлүүд, баруун хойд дугуйн дотор талын ободны ирмэг зоргодож, элэгдсэн гэмтлүүд ослын үед үүссэн байна гэжээ /хх-79 тал/,

 

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-89 тал/,

-2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №0000003 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.Иргэн Б.Цэнд-Очир нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Б.Цэнд-Очир нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д зааснаар жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, мөн дүрмийн 2,7а-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг мөн дүрмийн 2,3б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн мөн МУ-ын ЗХД-ийн 9 дүгээр бүлгийн 9,2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын фото зургийг үндэслэхэд Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

3. Осол болоход автомашины эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

4. 20-59 УБР улсын дугаартай Тоёото Корона маркийн авто машин жолоодож явсан Б.Цэнд-Очир нь дээрх ЗХД-ийн заалтуудыг зөрчсөнөөс Зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав гэжээ /хх-91 тал/, 

 

-яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-108 тал/,

-түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар /хх-111 тал/,

-осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-112 тал/,

-Б.Цэнд-Очирын өвчны түүх /хх-115-119 тал/,

-хохирлын баримтууд /хх-157-177 тал/,

 

            -шүүгдэгч Б.Цэнд-Очирын ял шийтгэлийн хуудсыг шалгахад ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-113 тал/,

 

- шүүгдэгч Б.Цэнд-Очирыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх-99-100 тал/, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар /хх-101-102 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цэнд-Очир нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын төвд 128 дахь километрийн шонгийн ойролцоо хатуу хучилттай асфальтан замд М.Банзарын эзэмшлийн 20-59 УБР улсын дугаартай, Тоёото Корона маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.А-д заасан жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, мөн дүрмийн 2.7.А-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., мөн дүрмийн 2.3.Б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гарган М.Бямбажаргалын амь насыг хохироосон  болох нь шүүгдэгч Б.Цэнд-Очирын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Энхжаргал /хх-40 тал/, гэрч Д.Солонго /хх-42 тал/, гэрч Б.Саруул /хх-43 тал/, гэрч Б.Ариунаагийн /хх-45 тал/, гэрч Б.Цоггэрэл /хх-47 тал/, гэрч Д.Алтансүх /хх-49 тал/, гэрч Б.Алтанхуяг /хх-52 тал/, гэрч Д.Ариунбат /хх-54 тал/ нарын өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан /хх-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-5 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг Лүн сумын Шунхлай колонкийн зүүн талд 128 дахь км-ийн шонгийн орчим Корона маркийн 20-59 УБР дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 24 настай М.Бямбажаргал нь нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 тал/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-20 тал/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-30 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №43 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /хх-57-58 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №3984 тоот шинжээчийн дүгнэлт /хх-70 тал/, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №0000003 тоот шинжээчийн дүгнэлт /хх-91 тал/ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Цэнд-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.      

Шүүгдэгч Б.Цэнд-Очирт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дах хэсэгт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

           

Хохирлын талаар

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулга нь хохирлын төлбөрт 9050000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Б.Цэнд-Очир нь хохирлын төлбөрт нэхэмжилсэн 9050000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх тул  энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол, төлбөр байхгүй гэж үзэв.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичиг баримтын талаар

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий 20-56 УБР улсын дугаартай Тоёото Корона маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн 8000 0000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ханатай монгол гэр, 200 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөргөгч, 8000 000 төгрөгийн үнэлгээ бүхий south нэртэй электрон техометр багаж зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №00136006 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч М.Банзарт буцаан олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Цэнд-Очир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Арсланмижээ овогт Банзарын Цэнд-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Цэнд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/  жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Цэнд-Очирт оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар ялтан Б.Цэнд-Очир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0013606 дугаар бүхий 20-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч М.Банзарт буцаан олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт тус тус зааснаар 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн 8000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ханатай монгол гэр, 200000 төгрөгийн үнэлгээ бүхий хөргөгч 1 ширхэг, 8000000 төгрөгийн үнэлгээ бүхий south электрон техеометр 1 ширхэг зэргийг битүүмжлэсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий 20-56 УБР улсын дугаартай Тоёото Корона маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Цэнд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгын хохиролд нэхэмжилсэн 9050000 төгрөгийг Б.Цэнд-Очир нь бүрэн төлсөн болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Цэнд-Очирт цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА