Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

Б.Цэнд-Очирт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Б.Энхбат  

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                           М.Өлзийцэцэг, Ж.Энхтуяа

Шүүгдэгч                                                       Б.Цэнд-Очир           

Нарийн бичгийн дарга                             А.Солонго  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Б.Цэнд-Очирт холбогдох эрүүгийн 2016 1900 0252 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодиз зураг зүйн мэргэжилтэй, Цогт гурван хэмжээст ХХК-д захирал ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Монлаа 9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Арсланмижээ овогт Банзарын Цэнд-Очир, /РД:ЧБ84061919/.

 

            Шүүгдэгч Б.Цэнд-Очир нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын төвд 128 дахь километрийн шонгийн ойролцоо хатуу хучилттай асфальтан замд М.Банзарын эзэмшлийн 20-59 УБР улсын дугаартай, Тоёото Корона маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.А-д заасан жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, мөн дүрмийн 2.7.А-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., мөн дүрмийн 2.3.Б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гарган М.Бямбажаргалын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор: -1.Шүүгдэгч Арсланмижээ овогт Банзарын Цэнд-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Цэнд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/  жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Цэнд-Очирт оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар ялтан Б.Цэнд-Очир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 00013606 дугаар бүхий 20-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч М.Банзарт буцаан олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт тус тус зааснаар 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ханатай монгол гэр, 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөргөгч 1 ширхэг, 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий south электрон техеометр 1 ширхэг зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 20-56 УБР улсын дугаартай Тоёото Корона маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Цэнд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялыг эдэлж дууссан үеэс тоолж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгын хохиролд нэхэмжилсэн 9.050.000 төгрөгийг Б.Цэнд-Очир нь бүрэн төлсөн болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Цэнд-Очирт цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тавьсан Б.Цэнд-Очирт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналыг хүлээн авалгүй түүнд 3 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Цэнд-Очир нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч Б.Цэнд-Очирын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, уг гэмт хэргийн улмаас Б.Цэнд-Очирын нурууны сэртэн яс нь хугарч, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан, түүний эхнэр Ч.Мөнх-Эрдэнэ нь булчирхайн сүрьеэ гэх өвчний улмаас эмчийн байнгын хяналтанд байдаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, Б.Цэнд-Очир нь 9 настай 2 ихэр хүүхэдтэй, мөн 13 настай 1 хүүтэй, хүүхдүүдийнхээ сурч боловсорход шаардагдах санхүүгийн болон бусад асуудал, гэр орныхоо ажил амьдралыг ганцаараа зохицуулдаг, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, энэ айлыг авч яваа ганц хүн нь юм. Мөн Б.Цэнд-Очир нь уг гэмт хэргийн улмаас өөрөө хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. Гэмтлийн улмаас өмнө нь үрэвсэлтэй байсан чихний үрэвсэл нь сэдэрч хүний тэнцвэрийн эрхтэн болох алх дөш дөрөөний алх, дөш нь үрэвсэлдээ идэгдэн байхгүй болсны улмаас тэнцвэрээ олж явж чадахгүй, байнга гуйвдаг, ганцаараа бие даан явахад маш хүндрэлтэй, чихнээс нь байнга цус болон шингэн зүйлс гоождог, үүнийхээ улмаас нэг чих нь огт юм сонсдоггүй /энэ талаархи баримтуудыг хэрэгт хавсаргасан/.

Иймд Б.Цэнд-Очирыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн болон түүний эхнэр нь өвчтэй, байнгын эмчийн хяналтанд байдаг. Ерөнхий боловсролын 3 хүүхэдтэй, өөрөө хүндэвтэр зэргийн гэмтэлтэй зэрэг зүйлүүдийг харгалзан түүнд оногдуулсан 3 жил 10 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэж өгнө үү  гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос “Шүүгдэгч Б.Цэнд-Очир тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж  согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний хэд хэдэн заалтыг зөрчсөн. Энэ хэргийн улмаас Монгол улсын 24 настай, ид цэцэглэж яваа охины амь нас хохирсон байдаг. Ингээд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 247 тоот шүүхийн шийтгэх тогтоол гарч, 3 жил 10 хоног хорих болон мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хассан нь хууль зүйн бүрэн дүүрэн үндэслэлтэй байна. Гэвч шүүгдэгчийн хувийн байдал, биеийн байдал, хохирол төлсөн байдал, өөрөө хохирсон байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзээд  хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бан үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.  

Шүүгдэгч Б.Цэнд-Очир нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 18 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын төвд Арвайхээр, Улаанбаатар хотын чиглэлд байрлах  128 дахь километрийн шонгийн ойролцоо хатуу хучилттай асфальтан зам дээр М.Банзарын эзэмшлийн 20-59 УБР улсын дугаартай, Тоёото Корона маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоодон яваад  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  “2. Жолоочийн үүрэг “гэсэн хэсгийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-тэй байна гэсэн заалт, “2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”  б/-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт,

“2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно” а/-д “согтууруулах ундаа... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт ,

мөн дүрмийн “9. Тээврийн хэрэгслийн хурд” гэсэн хэсгийн 9.2-д” Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган М.Бямбажаргалын амь насыг нь хохироосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Цэнд-Очир, хохирогч Д.Мөнхтулга, гэрч Э.Адьяасүрэн, гэрч Ц.Энхжаргал, гэрч Д.Солонго, гэрч Б.Саруул, гэрч Б.Ариунаа,гэрч Б.Цоггэрэл, гэрч Д.Алтансүх,гэрч Б.Алтанхуяг,гэрч Д.Ариунбат нарын өгсөн мэдүүлгүүд, хэрэг учрлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны задлан шинжилгээ хийсэн №43 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон,хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Цэнд-Очирыг  зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироосон гэм буруутай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Гэвч хорих ялаар шийтгэгдсэн Б.Цэнд-Очир нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, уг гэмт хэргийн улмаас   бүсэлхийн 4-р нугалмын баруун сэртэнгийн яс хугарч, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан /хх-71/, баруун чихний үрэвсэл нь сэдэрсний улмаас мэс ажилбарт орж удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, цаашид нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээ хийлгэх  шаардлагатай болсон /хх-106-115,135-155 / зэрэг биеийн эрүүл мэндийн байдал, шүүхийн шатанд хохирол төлбөрт 9.050.000 төгрөгийг төлж барагдуулсан, /хх-175-176,185/ шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгаас “...Энэ хүүхдийг шоронд суулгалаа гээд миний охин буцаад ирэх биш. Ийм болсон биетэй хүн эмнэлгээр яваад биеэ эмчлүүлж байсан нь дээр биз дээ. Ардаа гурван нялх хүүхэдтэй юм байна” гэж мэдүүлсэн /хх-190-191/, гэр бүлийн байдлын хувьд ам бүл 5, эхнэр Ч.Мөнх-Эрдэнэ сүрьеэ өвчтэй эмчийн хяналтанд байдаг, 8-13 насны 3 хүүхэдтэй зэрэг  нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.