Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 120/ШШ2021/0006

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Дэлгэрбаяр,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Хан уул говь дисковери ХХК,

Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/342 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай захирамжийн 4 дугаар заалтын иргэн Х.Дэлгэрбаяр болон Хан ууль говь дисковери ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, гуравдагч этгээд Хан уул говь дисковери ХХК-ийн захирал Х.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, А.Батмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны 567 дугаар захирамжаар Даланзадгад сумын Хүнсний 1-р дэлгүүрийн урд талд байрлах нэгж талбарын 5502674 дугаар бүхий 300 м/кв газрыг газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших эрх олж авсан.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар миний эзэмшлийн газрыг Хан уул говь дисковери ХХК-д шилжүүлсэн гэжээ.

Гэтэл Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүйгээр хууль зөрчин газар эзэмшигч миний хүсэлт, гэрээгүйгээр миний эзэмшлийн нэгж талбарын 5502674 дугаар бүхий газрыг Хан уул говь дисковери ХХК-д шилжүүлсэн байна.

Аймгийн засаг даргын Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн а/342 дугаар захирамж гарсан талаар надад урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд би хүнд өвчний учир урт хугацааны эмчилгээ хийлгэж, эмчилгээний зорилгоор Солонгос улсад удаан хугацаагаар сууж байсан тул надад өөрөө олж мэдэх боломж байгаагүй.

2019 оны 11 дүгээр сард Өмнөговьд ирж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний газрын эрх бусдад шилжсэн талаар бусдаас дуулсан.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт өөрийн биеэр очиж газрын хувийн хэрэгтэй танилцсанаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн а/342 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай захирамжаар миний эзэмшлийн газрыг Хан уул говь дисковери" ХХК-д хууль бусаар шилжүүлсэн болохыг олж мэдсэн.

Хувийн хэрэгт хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ганцхан Хан уул говь дисковери ХХК-н хүсэлтэд үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн а/342 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухайзахирамжийн 4 дүгээр заалтын иргэн Х.Дэлгэрбаяр болон Хан уул говь дисковери ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Х.Дэлгэрбаяр миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Аймгийн Засаг даргын захирамжийг эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна. 2009 онд Засаг даргын захирамжаар 5502776 дугаар бүхий 300 мкв газрыг 60 жилийн хугацаатайгаар н.Жаргалсайхан эзэмших болсон. н.Жаргалсайхантай 2009 оны 10 дугаар сард газар шилжүүлэх гэрээ байгуулсан. Ингээд газар эзэмших эрх нь Х.Дэлгэрбаярт хуулийн дагуу үүссэн. Тэгэхээр хууль зөрчиж гуравдагч этгээдийн нэр дээр газрыг шилжүүлсэн гэж үзэж байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяраас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа Х.Дэлгэрбаярын эзэмшилтэй газрыг гуравдагч этгээд болох компанийн захирал Х.Алтанцэцэг 2015 оны 03 дугаар сарын 19, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар шилжсэн эсэх талаар маргаан бүхий газартай холбоотой баримт хувийн хэрэгт авагдаагүй байгаа тул Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэдэг.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа бол шилжүүлэх хүсэлтийг талууд гаргана, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хавсаргана гэж заасан. Тэгэхээр маргаан бүхий газрыг бусдад шилжүүлсэн эсэх талаар баримт хувийн хэрэгт авагдаагүй байсан гэдэг нь хариуцагчийн хариу тайлбараас харагдаж байна.

Иймд дээрх хуулийн заалтыг аймгийн Засаг дарга зөрчиж захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Мөн Х.Алтанцэцэг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ манайх 2009 онд аймгийн Засаг даргын захирамжаар 300 мкв газрыг эзэмшдэг. Уг нь Х.Дэлгэрбаяр гэдэг хүн эзэмшдэг. Гэтэл уг газрыг өөрийн эзэмшдэг газар гэж бичсэнийг ойлгоогүй. Тэгэхээр хүсэлтдээ уг газрыг эзэмшдэг гэж худлаа бичсэн.

Мөн хариу тайлбартаа Х.Дэлгэрбаярын хүү Д.Хаш-Эрдэнээс итгэмжлэл олгосон гэдэг. Итгэмжлэл олгох үйл явц Д.Хаш-Эрдэнээс шилжүүлж авсан талаар нотлох баримтаа гаргаж өгдөггүй. Хэрэгт авагдсан баримтаар Х.Дэлгэрбаяраас хүү Д.Хаш-Эрдэнэд олгосон итгэмжлэл нь 6 сарын хугацаатай байсан. Мөн маргаан бүхий акт нь 0243684 дугаартай 200 мкв газрыг 20292569 дугаар газартай шилжүүлж авах хүсэлт гаргасан. Тэгэхээр маргаан бүхий захирамжаар зөвхөн 300 мкв талбайг шилжүүлж өгөөгүй. Х.Дэлгэрбаяр гэдэг хүний эзэмшдэг газрыг би эзэмшдэг гэдэг хүсэлтээр шилжүүлээд авчихсан. Энд Х.Дэлгэрбаяр гэдэг хүний хүсэл зориг огт байгаагүй.

Газрын тухай хуульд заасан нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байхгүй, хувийн хэрэгт нотолгоо байхгүй. Зөвхөн гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу шилжүүлчихсэн хууль бус захиргааны акт байгаа. Эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэдэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/342 дугаар захирамж нь хууль зөрчсөн. Газар эзэмшигчийнх нь хүсэл зориг байхгүй байхад Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангалгүйгээр хууль бусаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гарсан.

Үүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа хариуцагчаас өмнө нь гаргасан байдаг. Энэ бол зөрчил гэдэгтэй нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс 2009 онд худалдаж авсан гээд байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад анх газрыг Х.Дэлгэрбаяр эзэмшиж байсан. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 567 дугаар захирамжаар Даланзадгад сумын хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд байрлах, нэг талбарын 15050274 дугаартай, 300 мкв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, 60 жилийн хугацаатай иргэн Х.Дэлгэрбаярт эзэмшүүлснийг мөн аймгийн Засаг даргын 2015 оны а/342 дугаар захирамжаар зэргэлдээх газар эзэмшигч Хан уул говь дисковери ХХК-д шилжүүлэн олгосон байна.

Хан уул говь дисковери ХХК-д иргэн Х.Дэлгэрбаярын эзэмшлийн газрыг шилжүүлэхдээ тус компанийн захирал Х.Алтанцэцэгийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлт, Хан уул говь дисковери ХХК-ийн захирал мөн Х.Аптанцэцэгийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн а/342 дугаар захирамж гарсан бөгөөд Х.Дэлгэрбаярын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь эзэмшлийн газартай холбоотой хувийн хэрэгт авагдаагүй байх тул маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн гэх нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2009 онд маргаан бүхий газрыг Х.Дэлгэрбаярт хуулийн дагуу газар эзэмших эрхийг олгосон юм байна. 2015 онд Хан уул говь дисковери ХХК-ийн захирал Х.Алтанцэцэгийн хүсэлтийн дагуу гуравдагч этгээдэд шилжсэн байна. Газрын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж үзээд тухайн маргаан бүхий газар дээр гуравдагч этгээд томоохон бүтээн байгуулалт хийж, үйл ажиллагаа явуулж байгаа учраас гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул эвлэрэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Хан уул говь дисковери ХХК-ийн захирал Х.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засаг даргын 2009 оны 09 сарын 30-ны өдрийн 567 дугаар захирамжаар тухайн газарт 300 м2 газрыг эзэмших эрхийг Х.Дэлгэрбаяр олж авсан нь үнэн боловч бид харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн газрыг эзэмших эрхийг тус компанид шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу Х.Дэлгэрбаяр тухайн газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах нотариатаар гэрчлүүлэх эрхийг хүү Д.Хаш-Эрдэнэдээ итгэмжлэлээр олгосон. Солонгос явж эмчлүүлэхээсээ өмнө шилжүүлнэ гэж байсан юм.

Нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбарт дурдсанаар хувийн хэрэгт байх ёстой баримт бичгүүд байхгүй гэсэн байна. Байгууллагын баримт бичиг байх байхгүй асуудлыг хэлж мэдэхгүй, гагцхүү тухайн үед бүх асуудал хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч газар эзэмших эрх шилжсэн асуудлыг мэдээгүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй, мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж, 94 дүгээр зүйлийн 94.2-т энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж тус тус хуульчилсан.

Гэтэл өчнөөн хугацаа өнгөрсний дараа гэнэт маргаан гаргаж байгааг ойлгохгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байхад нэхэмжлэгч энэ хугацааг мөн зөрчсөн.

Шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргасан. Уг захирамжид урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийх шаардлагатай гэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэлд дурдсанаар газрын албаны хувийн хэрэгт материал байхгүй гэсний дагуу бид хохирох ёсгүй, байгаа байхгүйг бид үзээгүй. 10-аад жилийн дараа ийм асуудал гаргаж байгаа нь үндэслэлгүй, ах дүү улс дотроо учир зүйгээ ололгүй хууль шүүхийн байгууллагад хандсан нь харамсалтай. Бидэнтэй ирж ярьж тохиролцож эв зүйгээ олно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хууль шүүхийн байгууллагад хандах хугацаагаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Бид нар ярилцаж байгаад Х.Дэлгэрбаяр өөрөө ч мэдээгүй байхад нь нэр дээр нь шилжүүлж газар эзэмших гэрчилгээнд гэрээ хийсэн хүн нь хамгийн бага дүү Х.Ургамалцэцэг байгаа. Газар эзэмшүүлэх гэрээн дээр бичсэн хүн нь хамгийн том эгч Х.Цэцэгмаа байсан. Компаниа байгуулж байгаад газраа нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсон байсан. Х.Дэлгэрбаярын хувийн эзэмшлийн зүйл биш.

Уг газрыг шилжүүлээд авсан гэдгийг бүгд мэдэж байсан. Худлаа юм яриад байна. Яагаад ийм жудаггүй, увайгүй зүйл хийгээд байгаа юм бэ. Тэгээд хүүгээ ажлаасаа гарчих шүүхэд өгнө гэсэн, яах гэж байгаа юм бол гэж бодож байтал шүүхэд өгчихсөн. Буруу юм хийвэл дүүдээ хэлэх эрх надад байна. Өөрт нь амьдрал бэлэглэлээ. Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох бүх зардлыг төлсөн.

. Х.Дэлгэрбаяр нь биднийг өөрийн хүүдээ байр авч өгсөнгүй гээд ийм асуудал гаргаж шүүхэд хандлаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хувийн харилцааны талаар тайлбар өгч чадах уу.

Мөн Д.Хаш-Эрдэнэ мэдүүлэгтээ огт худлаа ярьсан байсан. Гэрчийн мэдүүлэг худлаа өгсөн бол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалт байвал би цаашид эрүүгийн хэрэгт ч юм уу татаж оролцуулах хүсэлтэй байна. Х.Дэлгэрбаяр, Х.Түмэнбаяр нарыг шүүх хуралдаанд оролцуулъя. Бүгдээрээ байж байгаад нүүрэлдье. Ийм зан гаргаж болохгүй.

2015 оны гэрээнд н.Хаш-Эрдэнэ бид 2 өөрсдөө сууж байгаад шилжүүлж авсан. Гарын үсэг зураг ёстой хүн нь н.Хаш-Эрдэнэ байсан. Газрын албан дээр очиж гарын үсгээ зураарай гэдгийг хэлсэн байдаг. Та нар хуулийн хүмүүс байж хүнд буруу байна гэдгийг нь яагаад хэлэхгүй байгаа юм бэ. Хэдэн төгрөгийн төлөө ийм увайгүй үйлдэл хийгээд байгаа юм бэ. Үнэхээр хариуцлагагүй байна. Тэр Х.Дэлгэрбаяр ичээд ирэхгүй байгаа юм. Эв эрүүл байгаа. Элэг солиулаад эрүүл болсон. Яагаад өвчтэй гээд худлаа яриад байгаа юм бэ. Бид нар төрсөн ах дүү хүмүүс байж мэдэхгүй байх юм уу. Чи төлөөлж чадахгүй байж энд юугаа хийгээд байгаа юм бэ. Шударга бус үйлдлийг өөгшүүлээд байж болохгүй гэж бодож байна гэв.

Гуравдагч этгээд Хан уул говь дисковери ХХК-ийн өмгөөлөгч А.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Дэлгэрбаяр, Х.Алтанцэцэг, Х.Ургамалцэцэг, Х.Түмэнбаяр гэсэн хүмүүс бүгд төрсөн ах дүү хүмүүс юм.

Төрсөн дүү нар болох Х.Ургамалцэцэг, Х.Отгонбаяр, Х.Цэцэгмаа нар гэрчийн мэдүүлгээрээ Х.Дэлгэрбаярт газар эзэмших эрх шилжсэнийг 2 жилийн өмнө мэдэж байсан гэдэг.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Тайлбартаа худлаа хэлдэг. Д.Хаш-Эрдэнэ гэрчийн мэдүүлэг 11 дүгээр сарын 18-нд ТҮЦ машинаас тодорхойлолт аваад мэдсэн гэж мэдүүлдэг. Харин Х.Дэлгэрбаяр 11 дүгээр сарын 11-ний өдөр бусдаас сонссон гэдэг. ТҮЦ машинаас тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхээ хийгээд, хурууныхаа хээг уншуулаад мөнгөө тушаадаг. Тэгэхээр Х.Дэлгэрбаярын өмнөөс Д.Хаш-Эрдэнэ болон өөр хэн нэгэн ТҮЦ машинаас тодорхойлолтыг аваад нэр дээр нь газар байна уу, байхгүй байна уу гэдгийг мэдэх ямар ч боломжгүй.

Ингээд аав хүү 2 худлаа яриад байгаа нь мэдүүлгээс харагдаж байна. гэрчүүдийн мэдүүлгүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Хан уул говь дисковери ХХК-ийн өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн гаргасан тайлбар үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэж эрх, ашиг нь зөрчигдсөн этгээдийг хэлнэ. Х.Дэлгэрбаярын ямар эрх, ашиг нь зөрчигдсөн бэ. Тухайн газрыг ямар эд зүйлээр худалдаж авсан бэ. Тэгээд ямар этгээдэд зарсан бэ гэхээр анхны өмчлөгчөөс Х.Дэлгэрбаяр худалдаж аваагүй гэдэг нь иргэний шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Уг шийдвэр нь хараахан гараагүй байна. Энэ маргаан бүхий газрын анхны өмчлөгч А.Жаргалсайханаас Х.Түмэнбаяр гэдэг хүн худалдаж авсан гэх үйл баримтын иргэний хэргийн шүүх тогтоосон. Ийм ач холбогдолтой үйл явдал болж байжээ гээд тогтоосон. Тэгэхээр нэхэмжлэгч анхны өмчлөгчөөс нь хууль ёсны дагуу шилжүүлж аваагүй байна.

Тэгвэл хэнийг эзэмшигчээр бүртгэх вэ гэвэл хууль ёсны дагуу эзэмшигчийг эзэмшигчээр бүртгэх ёстой. Хэн нэгэн өөр этгээд бүртгэгдэх боломжгүй.

Анхнаасаа Хан уул говь дисковери ХХК, Х.Түмэнбаяр нар газрыг эзэмшиж байсан. Эзэмшигчээр тогтоолгох эрх нь нээгдчихсэн. Шийдвэрээ хүлээж байна. Тэгэхээр шууд бүртгэлд өөрчлөлт оруулах эрх нь мөн нээгдсэн. Ингээд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх маргаанд зайлшгүй шаардлагатай болж байна.

Хэрэв Х.Түмэнбаяр А.Жаргалсайхан нар хоорондоо тохирсон байх юм бол Х.Дэлгэрбаяр, н.Жаргалсайхан нарын хийсэн хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үүнийг шүүх дүгнэх шаардлагатай.

Анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. асуудалд ийм маягаар дээрэмчин шиг хандаж болохгүй. Бүх байдал нь тогтоогдоно шүү дээ. Миний нэр дээрээс бүртгэл нь зөвшөөрөлгүй шилжчихлээ гэж болохгүй.

Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Шаардлагатай гэвэл шүүх нотлох баримт цуглуулах эрхийн хүрээнд иргэний хэргийн шүүхийн шийдвэр, холбогдох нэгэнт тогтоогдсон үйл баримтыг тодруулж авах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй гэвэл эзэмшлийн асуудал шийдэгдтэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх хэмжээ нь байгаа.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудал өнгөрчихсөн. Д.Хаш-Эрдэнийн мэдүүлгээр 11 сард ТҮЦ машинаас лавлагаа авч мэдчихээд, өөрсдөө очиж үзье гээд үзсэнээсээ хойш сарын хугацаагаа тооцсон. Хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа бол үүнтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 1 сар байдаг. Тэр хугацааг хаанаас эхэлж тоолох вэ гэвэл эрх зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх боломжтой үеэс эхэлж тоолно.

Гэрч нар сэтгэлийн хөөрөл, санаа зорилгоороо тааж мэдүүлээд байгаа зүйл биш. Худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ гэдгийг нь мэдэгдэж байгаад мэдүүлэг авсан. Өмнө нь мэдээд яриад явж байсан талаар гэрч нар мэдүүлдэг. Тэгэхээр гэрч нар хүсэл зоригоо илэрхийлсэн учир энэ хүмүүсийн хууль заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг өгсөн хүсэл, сонирхлыг нь хамгаалж, үнэлбэл газар өөрийнх нь нэр дээр байхгүй болсныг аль эрт мэдэж байсан болох нь тогтоогдож байна. Үнэхээр эрх зөрчигдсөн бол сарын хугацаанд гомдол гаргах болохоос хэдэн жилийн дараа ч юм уу, эсхүл ямар нэгэн шаардлага тавиад түүнийг нь биелүүлэхгүй бол гомдол гаргана гэсэн байдалтай байж болохгүй. Эрх зөрчигдчихлөө гэж мэдсэн л бол сарын хугацаанд гомдол гаргах боломжтой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Дэлгэрбаяр нь гуравдагч этгээд Хан уул говь дисковери ХХК-д газар эзэмших эрх олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны а/342 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...хууль ёсны эзэмшигчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... гэж тодорхойлсон.

Хариуцагчаас газар эзэмших эрх шилжүүлэх хуульд заасан холбогдох баримтуудыг дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр маргаагүй ба гуравдагч этгээд ...Х.Дэлгэрбаяр нь анхнаасаа энэ газрын эзэмшигч болсон гэдгээ огт мэдээгүй байсан...дүү Х.Түмэнбаяр, Х.Алтанцэцэг нар зочид буудал барихаар уг газрыг бусад этгээдээс худалдан авч, том ах Х.Дэлгэрбаярын нэр дээр компаниа байгуулах хүртэл хугацаанд түр хугацаагаар газар эзэмших эрхийг бүртгүүлсэн бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, газар хүлээлгэн өгсөн актад[1] Х.Дэлгэрбаяр гарын үсэг зураагүй, бага дүү Х.Ургамалцэцэг гарын үсэг зурсан гэж... гэж тайлбарласан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, 52.5.1-д захиргааны актыг ...хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж зааснаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгааг болон зөрчигдөж болзошгүйг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой заах шаардлагатай бөгөөд шүүхээс түүний үндэслэлт байдлыг магадлан, мөн хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба татгалзлын үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Х.Дэлгэрбаяраас гадна гуравдагч этгээд Хан уул говь дисковери ХХК-ийн газар эзэмших эрх хэзээ, ямар журмаар үүссэн болох, тэр нь хуульд заасан газар эзэмшүүлэх журамд нийцсэн эсэх талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэлээ.

Иргэн А.Жаргалсайхан нэхэмжлэгч Х.Дэлгэрбаяр нарын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний[2] дагуу аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 567 дугаар захирамжаар Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талд гэх хаягт байршилтай, 300 кв.м хэмжээтэй, үйлчилгээний сууцны зориулалттай газрыг Х.Дэлгэрбаярт эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон[3], 2015 онд аймгийн Засаг даргын а/342 дугаар захирамжаар[4] уг газрын зориулалтыг үйлчилгээний болгож өөрчлөн, түүний газар эзэмших эрхийг Хан уул говь дисковери ХХК-ийн бусад эзэмшил газартай нь нэгтгэн, газрын хэмжээг нэмэгдүүлэн тус компанид эзэмшүүлсэн, маргаан бүхий газарт одоо зочид буудал, зоогийн газар бүхий 6 давхар барилга баригдан Хан уул говь дисковери ХХК үйл ажиллагаа явуулж буй үйл баримт тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах болон түүнд хавсаргах баримтуудыг заасан байх ба хэрэгт авагдсан нэгж талбарын 150502674 дугаар бүхий газрын хувийн хэрэгт Хан уул говь дисковери ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0243684 /маргаан бүхий газрын/, 0292562 /нэгж талбарын дугаар 4608002676/ дугаартай гэрчилгээг нэгтгэх тухай хүсэлт, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн газрын хэмжээг сунгах тухай хүсэлтээс[5] өөр баримт байхгүй байна.

Улмаар аймгийн Засаг даргын 2015 оны а/342 дугаар захирамжаар дээрх гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэн нэгж талбарын 4608002676 дугаартай, үйлчилгээний зориулалттай 2000 м.кв газрыг Хан уул говь дисковери ХХК-ийн эзэмшүүлсэн байна.

Гэвч газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ, хүсэлтгүйгээр газар эзэмшүүлсэн гэх мэт аймгийн Засаг даргын 2015 оны а/342 дугаар захирамжид хамаарах шийдвэр гаргах ажиллагаан дахь хэлбэрийн шаардлагуудыг биелүүлээгүй алдаа нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн зөрчилд хүргэх үр дагавартай боловч энэ тохиолдолд маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхдээ уг газрыг хэн бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг захиргааны байгууллага харгалзан хүсэлтийг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг, үзлэг, ...нэхэмжлэгч Х.Дэлгэрбаярын төрсөн дүү Х.Алтанцэцэг, Х.Түмэнбаяр нар тухайн газарт зочид буудал, зоогийн газрын зориулалттай барилга барьж, одоог хүртэл ашиглаж байгаа... талаар гэрч Х.Цэцэгмаа, Х.Ургамалцэцэг, Х.Отгонбаяр нарын мэдүүлэг зэргээр гуравдагч этгээд Хан уул говь дисковери ХХК[6] уг газрыг бодитоор ашиглаж байгаа / энэ талаар талууд маргаагүй/ болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... ах дүү нарын хамт зочид буудлын барилга барихаар уг газрыг Х.Дэлгэрбаяр өөрийн хөрөнгөөр бусдаас хариу төлбөртэй шилжүүлэн авсан... гэх боловч тухайн газрыг хэрхэн ашиглаж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэж чадаагүй болно.

Мөн А.Жаргалсайханы Х.Дэлгэрбаярт газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ[7], 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд[8] Х.Дэлгэрбаяр гарын үсгээ зураагүй болох нь хэлбэрийн хувьд илэрхий үйл баримт бөгөөд дээрх баримтуудыг бодит нөхцөл байдалд хийсвэр байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэх боломжгүй юм.

Уг баримтуудад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэхээр шүүх шийдвэрлэсэн боловч шинжилгээ хийхээс татгалзсан болохыг дурдав.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх гуравдагч этгээдийн маргасан тухайд, маргаан бүхий захиргааны акт болон түүний утгыг илэрхийлсэн мэдэгдлийг Х.Дэлгэрбаярт хаягаар болон бусад аргаар хүргүүлсэн, гардуулан өгсөн, мэдэгдсэн баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн 2015-2019 онуудад өвчтэй байсан...Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уг газрын талаар мэдээлэл авахаар хүсэлт гаргаж[9], 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр газрын хувийн хэрэгтэй танилцаж бусдад шилжсэнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэх тайлбар үндэслэлтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Х.Дэлгэрбаярын хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул түүний эрх, хууль ёс ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхээс үл хамааран нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий захиргааны актын хууль бус алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодит байдал дээр зөрчигдсөн эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах шууд үндэслэл болохгүй ба шүүхийн үндсэн зорилго нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх буюу сэргэхгүй, түүний эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Дэлгэрбаярын гаргасан Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн а/342 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай захирамжийн дөрөвдүгээр заалтын иргэн Х.Дэлгэрбаяр болон Хан уул говь дисковери ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА


[1] Хэргийн 129-132 дахь хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 148-153 дугаар хуудас

[6] Улсын бүртгэлийн гэрчилгээ

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудас

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас