Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00554

 

 *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1318 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, буруу шилжүүлсэн үеийн ажил албан тушаалын цалингийн зөрүү олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, өмгөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын өөрчлөн байгуулах тухай 328 дугаар тогтоолоор тус газар Төрийн орон сууцны корпорци ТӨХХК болж өөрчлөгдсөн. Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталсан. Энэхүү шинээр батлагдсан байгууллагын бүтцээр Орон сууц, ашиглалтын хэлтэст ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Гүйцэтгэх захирал Ж.Хичээнгүй нь намайг дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэдэг үндэслэлээр хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж мэргэжилтнээр түр томилсон. Энэхүү тушаал шийдвэрийг гаргахдаа зөвшилцөөгүй. *******-ийн гүйцэтгэх захирал нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/096 дугаар тушаалаар Орон сууц, ашиглалтын гэрээгээр гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон нь хууль бус байна. Энэхүү тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримталсан байх бөгөөд байнгын ажлын байранд ажилладаг. Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны цалингийн зөрүү цалин буюу сарын 600,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, уг хугацааны Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 328 дугаар тогтоолоор тус газар Төрийн орон сууцн корпораци ТӨХХК болж өөрчлөгдсөн бөгөөд улмаар *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлтэй байгааг харгалзан бүтэц орон тоог багасгах шаардлагатай байна гэсэн үүрэг чиглэлийн дагуу зарим орон тоо, газар хэлтэс хасагдаж, зарим хэлтсийг нэгтгэсэн. Шинээр батлагдсан байгууллагын бүтцээр Орон сууц, ашиглалтын хэлтэст ямар нэг өөрчлөлт ороогүй батлагдсан. Бүтэц орон тоо шинээр батлагдаж байгаатай холбогдуулан Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 01/4514 тоот албан бичгээр *******ыг тус байгууллагын дэд захирлаар томилохыг санал болгосон тул дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэсэн үндэслэлээр гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон. Орон сууц ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ 1,250,000 төгрөг авдаг байсан бөгөөд гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр томилогдож цалин 1,001,000 төгрөг болсон. Үүнээс үзэхэд сарын 600,000 төгрөгийн цалингийн зөрүү нь үндэслэлгүй.

Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны зөрүү цалин буюу сарын 600,000 төгрөг гаргуулах Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх зөрүү 558,796 /таван зуун тавин найман мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай зөрүүг тооцож бичилт хийхийг хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 17,414 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1318 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 17 414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1318 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

ТОСК ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 тоот тогтоолоор батлагдсан бүтэц, орон тоо болох 4 газар. хэлтэс. албатай нийт 60 орон тоотой ажиллаж байсныг Засгийн газрын 328 дугаар тогтоолоор ******* болон өөрчлөн байгуулагдаж, Төрийн орон сууцны корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөл-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн 3 газар. 3 хэлтэс нийт 50 орон тоотойгоор ажиллахаар бүтэц орон тоог бууруулж баталсан. Энэхүү байгууллагын шинэ бүтцээр Орон сууц ашиглалтын хэлтэс. Маркетинг борлуулалтын хэлтэс 2-ыг нэгтгэж байгаатай холбогдуулан 1 хэлтсийн даргын албан тушаал хасагдсан бөгөөд шинээр байгуулагдсан Орон сууц ашиглалтын хэлтсийн чиг үүрэг болон Орон сууц ашиглалтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг болох Орон сууцны барилгад захиалга авах. гэрээ байгуулсан иргэдийн гэрээг арилжааны банканд шилжүүлэх гэрээ байгуулсан иргэдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн төлбөрийг гэрээ. журамд заагдсан хугацаанд багтаан төлүүлэх байгууллагын зорилтот тувшинд тусгагдсан борлуулалтын ажлыг зохион байгуулах. маркетингийн бодлого. чиг уургийг хэрэгжүүлэх үндсэн чиг уургийг харгалзан үзэж маркетинг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Сарангэрэлийг томилж *******ыг Орон сууц ашиглалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ байгууллагын удирдлагын зүгээс *******ыг дараагийн албан тушаалд томилогдох хүртэл буюу Барилга хот байгуулалтын Сайдын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/4514 тоот албан бичгээр *******ыг ТОСК ТӨХХК-ийн Дэд захирлын албан тушаалд томилох чиглэл ирүүлснийг мөн харгалзан үзэж, Гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байдаг. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүхээс үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. гэснийг 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, мөн 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1318 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

******* нь *******-д холбогдуулж гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Орон сууц ашиглалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч *******-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан ба түүнийг тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.01.14-ний өдрийн Б/06 тоот тушаалаар гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилжээ /хэргийн 5 дугаар тал/.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, ТОСК ТӨХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8 дах заалтыг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...дэд захирлын албан тушаалд өрсөлдөөгүй, мэргэжилтнээр томилохдоо зөвшилцөөгүй гэж тодорхойлсон, хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...шинэ бүтцээр Орон сууц ашиглалтын хэлтэст ямар нэг өөрчлөлт ороогүй, ...*******ыг дэд захирлаар томилохыг санал болгосон гэсэн тайлбар гаргажээ.

ТОСК-ийн ТУЗ-ийн 2019 оны 5 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2019.12.27-ны өдрийн А/97 дугаар тушаалаар бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, орон сууц ашиглалтын хэлтэстэй байхаар зохион байгуулалтын бүтцийг баталсан ба маркетинг борлуулалтын хэлтсийг орон сууц ашиглалтын хэлтэст нэгтгэсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн тушаалын үндэслэл хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар ажилтан сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Нэхэмжлэгч ******* нь дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна түүний ажиллаж байсан Орон сууц ашиглалтын хэлтсийн даргын орон тоо шинэ бүтцээр хэвээр үлдсэн байна.

Иймд ажил олгогчийн тушаалын үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1318 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 17,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ