Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/00904

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч дүүрэг, дугаар хороо, хороолол, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар / Ж овогт З-ын Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байрлах,  /регистрийн дугаар / Т ТӨХХК-д холбогдох 

 

Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, буруу шилжүүлсэн үеийн ажил албан тушаалын цалингийн зөрүү олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х, хариуцагчийн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Т ТӨҮГ-ын өөрчлөн байгуулах тухай 328 дугаар тогтоолоор тус газар Т ТӨХХК болж өөрчлөгдсөн. Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Т ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталсан. Энэхүү шинээр батлагдсан байгууллагын бүтцээр Орон сууц, ашиглалтын хэлтэст ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Гүйцэтгэх захирал Ж.Х нь намайг дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэдэг үндэслэлээр хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж мэргэжилтнээр түр томилсон. Энэхүү тушаал шийдвэрийг гаргахдаа зөвшилцөөгүй. Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/096 дугаар тушаалаар Орон сууц, ашиглалтын гэрээгээр гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон нь хууль бус байна.  Энэхүү  тушаалын  үндэслэлдээ  Хөдөлмөрийн  тухай  хуулийн  23 дугаар зүйлийн 23.2, 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримталсан байх бөгөөд байнгын ажлын байранд ажилладаг. Иймд Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны цалингийн зөрүү цалин буюу сарын 600,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, уг хугацааны Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ТӨХХК шүүхэд болон төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 328 дугаар тогтоолоор тус газар Т ТӨХХК болж өөрчлөгдсөн бөгөөд улмаар Т ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлтэй байгааг харгалзан бүтэц орон тоог багасгах шаардлагатай байна гэсэн үүрэг чиглэлийн дагуу зарим орон тоо, газар хэлтэс хасагдаж, зарим хэлтсийг нэгтгэсэн. Шинээр батлагдсан байгууллагын бүтцээр Орон сууц, ашиглалтын хэлтэст ямар нэг өөрчлөлт ороогүй батлагдсан. Бүтэц орон тоо шинээр батлагдаж байгаатай холбогдуулан Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 01/4514 тоот албан бичгээр З.Эыг тус байгууллагын дэд захирлаар томилохыг санал болгосон тул дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэсэн үндэслэлээр гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон. Төлөөлөн удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдах бөгөөд энэ хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд З.Эыг дэд захирлаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байгаа болно. Орон сууц ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ 1,250,000 төгрөг авдаг байсан бөгөөд гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр томилогдож цалин 1,001,000 төгрөг болсон. Үүнээс үзэхэд сарын 600,000 төгрөгийн цалингийн зөрүү нь үндэслэлгүй. Иймд Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны зөрүү цалин буюу сарын 600,000 төгрөг гаргуулах Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч З.Э хариуцагч Т ТӨХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, буруу шилжүүлсэн үеийн ажил албан тушаалын цалингийн зөрүү олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай гаргажээ.

 Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч З.Эыг дэд захирлаар томилох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэх гэж байгаа. Тэрээр сард 1,260,000 төгрөгийн цалин авч байсан тул зөрүүг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ажил олгогч “Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дах заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Т ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8 дах заалтыг үндэслэн Орон сууц, ашиглалтын хэлтсийн дарга Занд-Очирын Энх-Оргилыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан  мэргэжилтнээр түр томилон  ажиллуулсугай” гэж шийдвэрлэсэн болох нь Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1, Т ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8 дах заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолыг үндэслэн Т ТӨХХК-ийн батлагдсан бүтэц орон тооны хязгаарт багтаан нэгжүүдийн ажил, албан тушаалын жагсаалтыг хавсралтаар баталжээ. /хх-ийн 40

 

Дээрх тушаалын хавсралтад “Орон сууц, ашиглалтын хэлтэс нь хэлтсийн дарга 1, ашиглалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 1, Маркетинг, борлуулалтын мэргэжилтэн 2, Гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн 1, Хангагч байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн 1, Иргэдтэй харилцах мэргэжилтэн 1 байхаар бүтэц зохион байгуулалт /хх-ийн 41-42 тал/ зурагджээ.

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд хэвээр байгаа тул бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж үзэхээргүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж зохицуулсан.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.У нь Монгол улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/4514 тоот “Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Т ТӨҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай 328 дугаар тогтоолоор тус газрыг Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилсөн бөгөөд Т ТӨХХК-ийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг салбарын сайдад даалгасан байдаг. Засгийн газрын газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Т ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж улмаар тус зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталсан. Иймд тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Т ТӨХХК-ийн дэд захирлаар тус салбарын мэргэшсэн боловсон хүчин болох Т ТӨҮГ-ын Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Монгол улсын барилгын зөвлөх инженер З.Эыг томилуулах саналтай байна. Уг саналыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх албан бичиг ирүүлсэн  тул Төлөөлөн удирдах зөвлөл хуралдах хүртэл ”түр хугацаагаар” хөдөлмөрийн гэрээ байгуулж, Гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томисон гэж тайлбарлаж мэтгэлцэв.

 

Иймд ажил олгогч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 тоот тушаал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, ажилтан З.Эыг хариуцагч Т ХХК-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэстэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр  зүйлийн 69.1.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн бага цалинтай ажил хийж байсан цалингийн  зөрүүтэй тэнцэх олговрыг 2020 оны 01 дүгээр сарын үндсэн цалинг 1,125,500 төгрөгөөр тооцож зөрүү 124,500 төгрөг, 2 дугаар сарын үндсэн цалинг 1,001,000 төгрөгөөр тооцож зөрүү 249,000 төгрөг, 3 дугаар сард ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралтыг 11 сарын дундаж цалингаар тооцдог тул зөрүү гараагүй байх ба 3 дугаар сард ажилласан хоног 2 гэж тэмдэглэж амралтын мөнгийг бодож олгосон болох нь “Цалингийн дэлгэрэнгүй” баримтаар /хх-ийн 97 тал/ тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 3 дугаар сард 2 хоног ажиллаад ээлжийн амралтаа эдэлсэн гэж үзвэл 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс ажлын 20 хоног амарч 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орохоор байх тул 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх 16 өдрийн цалингийн зөрүү /16 х 11,581 төгрөг/ 185,296 төгрөг нийт 558,796 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

Урьд авч байсан дундаж цалин хөлс 1,250,000 төгрөг байсныг 1,001,000  төгрөгөөр тогтоогдсон тул /сард зөрүү 249,000 төгрөгийг хуваах нь 21,5/ өдөрт 11,581 төгрөг гэж тооцсон бөгөөд дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай зөрүүг тооцож бичилт хийхийг хариуцагч даалгах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр  зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Эыг Т ХХК-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх зөрүү 558,796 /таван зуун тавин найман мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч З.Эд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай зөрүүг тооцож бичилт хийхийг хариуцагч Т ХХК-нд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 17,414 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ