Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00475

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 18 001/ХТ2021/00475

 

 

 

С.Оюундарийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00242 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 802 дугаар магадлалтай,

 

С.Оюундарийн нэхэмжлэлтэй,

Сити баз консалтинг ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017.09.04-ний өдрөөс Сити баз консалтинг ХХК-ийн хяналт шалгалтын хэлтэст шалгагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал хүлээж байгаагүй. 2019.08.23-ны өдөр гишүүд итгэл хүлээлгэн нийт 100 гаруй ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахаар Сити баз консалтинг ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдсон. Ийнхүү даргаар сонгогдсоноос хойш захиргааны зүгээс дарамт, шахалт ирэх болж хамтын гэрээ байгуулах төсөл өгсөн боловч хуулийн хугацаанд хариу өгөхгүй, хамтын гэрээг байгуулаагүй. Хамтын гэрээгээ байгуулъя гэхээр Үйлдвэрчний эвлэл байгуулсан тогтоол, тэмдэглэлээ өг гэж шаардаж, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх хамтын гэрээ хэлэлцээ хийх, ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл, шийдвэр гаргах асуудал дээр шаардлага тавихаар ажил олгогчийн зүгээс хамт олны эв нэгдлийг үймээн бутаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Иймд Сити баз консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.22-ны өдрийн 6/421 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,280,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: ...Үйлдвэрчний эвлэлийн хороонд дарамт шахалт үзүүлээгүй. 2019.09.10-ны өдөр Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос Сити баз консалтинг ХХК-ийн ажилчид манай байгууллагын гишүүн болсон гээд ҮЭХ-той хамтарч ажиллах тухай албан бичиг ирсэн. Сити баз консалтинг ХХК-ийн ҮЭХ нь хуулийн этгээдийн эрх эдэлж байгаа боловч хамтран ажиллах тухай албан бичиг ирүүлээгүй тул энэ тухай сануулан ҮЭ-ийн хороотой хамтын гэрээ байгуулахаа илэрхийлсэн. 2019.10.10-ны өдөр компанийн ҮЭХ-оос ирүүлсэн 03 тоот албан бичигтээ хамтын гэрээний төсөлтэй танилцаж санал болон оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, ҮЭХ-д ирүүлж хуулийн хүрээнд хамтран ажиллахыг хүссэн. ҮЭХ-оос хамтын гэрээнд оролцох гишүүд тодорхойгүй, хамтын гэрээний төслийг гишүүдээр эцэслэн хэлэлцэж хүргүүлж байна гэж дурдсан ч хамтын гэрээний төсөлд нэг ч гишүүн гарын үсэг зураагүй. 2019.10.29-ний өдөр компанийн зүгээс ҮЭХ-ны дарга, тэргүүлэгч гишүүдийг сонгосон болон гишүүдийн сарын татварыг хэдэн хувиар тогтоосон талаарх хурлын тэмдэглэлийг ирүүлэх тухай албан бичиг явуулсан боловч 2019.11.12-ны өдрийн хариу албан бичигтээ энэ талаар хариу өгөөгүй, хүний нөөцийн албаны дарга энэ талаар С.Оюундариас тодруулахад өгөх шаардлагагүй гэсэн. Уг албан бичигт 2019.08.13-ны өдөр хийсэн компанийн ажилтны бүх гишүүдийн хурлын тогтоол хавсралтаар ирсэн. Энэ тогтоолд гарын үсэг зурсан гишүүдийн гарын үсэг нь нэг хүний бичиг мэт байсан. Мөн ҮЭХ-ны тэргүүлэгч сонгуульт гишүүн Д.Мөнхтуяа гарын үсэг зураагүй гэсэн боловч гарын үсэг зурагдсан байдаг. С.Энхтайван, Ц.Мөнхцэцэг нарын гарын үсэг, А.Цэцэгмаагийн нэр огт байхгүй. С.Оюундарь нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа удирдах албан тушаалтны тавьсан ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг хүлээж авдаггүй, үл тоомсорлодог, зохисгүй авир /хэл амаар доромжлох гэх мэт/ гаргадаг төдийгүй хамт олны, байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг удаа дараа өдөөн турхирдаг байсан ч өрх толгойлсон эмэгтэй учир компанийн зүгээс сахилгын арга хэмжээ авч байгаагүй. МҮЭХ-ны дүрмийн 14.1-д заасныг ноцтойгоор зөрчин компанийн ажилчдаас бэлнээр 2 сарын татвар авсан. Иймд тушаал үндэслэлтэй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00242 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Оюундарийг Сити баз консалтинг ХХК- ийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,248,000 төгрөгийг Сити баз консалтинг ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Оюундарьд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Сити баз консалтинг ХХК-д даалгаж, хариуцагч Сити баз консалтинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 34,502 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 802 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.29-ний өдрийн 182/ШШ2020/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.502 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Сити баз консалтинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр анх шинээр томилогдсон учраас нэмэлт тайлбар бичгээр гаргахын тулд 2020.01.22-ны өдөр хэрэгтэй танилцаад мөн тэр өдрөө шүүгчийн туслах Ж.Гэрэлчулуунд шинжээч томилуулж, гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэх тухай хэлэхэд ямар ядаргаатай юм бэ гэж уурлаж, уцаарласан тул нэмэлт тайлбар болон хүсэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдааны өмнө өгөхөд шүүх хүлээн аваагүй, миний хуулиар олгосон эрхийг шууд хязгаарлаж, шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараа гаргаж, хамгаалж оролцох боломжгүй болгож, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хүлээн авалгүй хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн билээ. Давж заалдах шатны шүүх энэ байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж миний гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл энэ байдлыг шалгаж тогтоох, хуулиар олгогдсон эрх надад байхгүй, дээрх зөрчил нь шүүх хурлын өмнө болсон асуудал учраас баримтаар нотлох боломж байхгүй юм. Харин давж заалдах шатны шүүхэд эдгээр зөрчлийг засуулах бүрэн боломжтой байсан билээ. ИХШХШТХ-ийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, мөн хуулийн 38.7-д нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн. Үүний улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хуулиар олгосон үндсэн эрхийг зөрчиж, шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн аваагүйгээс болоод дараах үр дагавруудыг үүсгэж байна. Үүнд: Шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хүлээж аваагүй, хэргийн материалд авагдаагүй учир нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэх боломжгүй болгосон. Гэрчийн мэдүулэгт шүүх хууль бус дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх нь: хуралдааны хэлэлцүүлэгт зөвхөн нэхэмжлэгч С.Оюундарийн сахилгын зөрчлийн талаар өгсөн гэрч П.Мөнгөнхуяг, Б.Анужин нарын мэдүүлгээр ҮЭ-ийн хороо байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж үзэхээр байна гэж шүүхийн шийдвэрт үндэслэлгүй зааж ноцтой алдаа гаргаж, хууль бус шийдвэр гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэг гэрчүүдийн гаргасан мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн энэ алдаатай гаргасан шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж, анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд нэрлэн заасан ноцтой зөрчил нь шалгагдаж тогтоогдсон байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэжээ. С.Оюундарь нь компанийн эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан эсэргүүцэж биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан нь компанийн 2019.11.20-ны өдрийн хурлын тэмдэглэлд үг хэлсэн хүмүүс маш тодорхой нэг бүрчлэн ярьсан байгаа.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Анужин, С.Жамбалдорж нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байгаа. ҮЭ-ийн гишүүдийн 2 сарын татварыг хууль зөрчиж, бэлнээр хурааж аваад хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, сахилгын зөрчлийг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан ҮЭ-ийн гишүүдийн гарын үсэг болон гэрч С.Жамбалдоржийн мэдүүлгээр тогтоогдож байна. Ажлын байран дээрээ байгаагүй, ажил тасалсан, мөн урьд өмнө нь ийм зөрчил удаа дараалан гаргасан боловч арга хэмжээ авч байгаагүй талаар хяналтын ажилтан гэрч П.Мөнгөнхуяг, С.Жамбалдорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэрхэн яаж шийдвэрлэж байгаа нь тодорхой бус шүүх хуралдаанд хууль сануулж, гэрчүүдээс авсан мэдүүлгийг яагаад ор тас үгүйсгэж, шүүхийн шийдвэр гаргаж байгаа юм бэ. Тухайлбал: С.Оюундарь нь 2020.11.15-ны өдөр ажил дээрээ байхгүй, ажил тасалсныг гэрч П.Мөнгөнхуяг маш тодорхой мэдүүлж байхад шүүх орхигдуулж асуудлыг шийдвэрлэж байгааг юу гэж ойлгох вэ. Гэтэл дээр гаргасан сахилгын зөрчлүүдийн талаар С.Оюундарийн шүүхэд гаргаж өгсөн нэг ч нотлох баримт болон тайлбар хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн компанийн зүгээс С.Оюундарь нь ҮЭ-ийн хороон даргаар хууль, журмын дагуу сонгогдоогүй. ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүдийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, тогтоолыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн, хурлын тэмдэглэл огт гаргаж өгөөгүй, манай компанийн сонгуульт ажилтан биш гэсэн нотлох баримтуудыг гарган өгч, тайлбар гаргасаар байхад энэ талаар хууль зүйн ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлыг бүхэлд нь орхигдуулан хэргийг дутуу шийдвэрлэж байгаа нь буруу байна. Мөн нэхэмжлэгч С.Оюундарийн компанийн ҮЭ-ийн сонгуульт ажилтан мөн эсэх нь бүрэн гүйцэд шалгаж тогтоогдоогүй, маргаантай байхад анхан шатны шүүх 1991.04.19-ний өдрийн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай ганц хуулийн заалтыг үндэс болгон зөвхөн нэг талыг барьж, мөн адил хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль түүнд үндэслэн гаргасан Байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг үгүйсгэж, зөвхөн илтэд нэг талын эрх ашгийг хамгаалан шүүхийн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ИХШХШТХуулийн 118.3-т Шүүхийн шийдвэрийн агуулгад хариуцагчийн татгалзал тайлбарын агуулгыг заана, мөн хуулийн 118.4-д Шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заана гэсэн хуулийн заалтыг зөрчин хуучин ажлаа өгөөд гарсан хүний хариу тайлбараас зарим нэгэн зүйлийг хагас дутуу дурдсан болоод С.Оюундарийн удаа дараалан гаргасан сахилгын зөрчлүүдийн талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүй маш хангалтгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Гомдлоор үүссэн хэрэг нь онцлогтой учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зөрчлийн талаар асуулт тавьж, хариулт авах боломжоор хангагдаагүй, гомдол гаргагч шүүх хуралдаанд оролцож хууль бус гэж үзсэн тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэл нотолгоог гаргаж, мэтгэлцэх ёстой байтал шүүх хуралдаан дээр ямар ч мэтгэлцээн явагдаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж, тулгаж шийдвэрлэсэн. Шүүх ИХШХШТХуулийн 159.2-т Гомдол гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол гомдлыг буцаах тухай шүүгчийн захирамж гаргана гэж гомдол гаргагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулж, хэргийг шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийн алдаануудыг нөхөн гүйцээж, засварлах боломжгүй болгосон тул шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Оюундарь ...2019.8.23-ны өдөр гишүүд итгэл хүлээлгэн Сити баз консалтинг ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдсон. ...энэ үеэс захиргааны зүгээс дарамт шахалт ирэх болж, ...хамтын гэрээ хэлэлцээ хийх, ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл, шийдвэр гаргах асуудал дээр шаардлага тавихаар хамт олны эв нэгдлийг үймээн бутаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халж хохироолоо гэж марган, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.Оюундарь нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Анхан болон давж шатны шүүхээс тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг хуульчилсан, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтны ноцтой зөрчил гаргасан нь шалгаж тогтоогдсон байхыг шаардана. Тодруулбал, ноцтой зөрчил гэдгийг гэрээгээр талууд тухайлан тохирсон, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гаргасныг ойлгох бөгөөд гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх учиртай.

 

Нэхэмжлэгч С.Оюундарьтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.3-ын 6-д Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах ...арга хэмжээ зохион байгуулсан, ...бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэг байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, Компани, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учирсан бол, 9-д Удирдлагын зүй ёсны шаардлага, анхааруулгыг үл тоомсорлох, эсэргүүцэх, хамт олныг өдөөн турхирах, компанийн эрх ашгийн төлөө шаардлага тавьсан албан тушаалтантай хэрэлдэх, доромжлох зэргээр компанийн соёл, ажилтны ёс зүйг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцохоор тухайлан зааж тохиролцжээ.

 

Хариуцагч Сити баз консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.22-ны өдрийн Б/421 дүгээр тушаалаар, тус компанид шалгагчаар ажиллаж байсан С.Оюундарийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтын 6, 9-д заасныг тус тус үндэслэн удирдлагын зүй ёсны шаардлага, анхааруулгыг үл тоомсорлох, эсэргүүцэх, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах, өдөөн турхирах, компанийн эрх ашгийн төлөө шаардлага тавьсан албан тушаалтантай хэрэлдэх зэргээр компанийн соёл, ажилтны ёс зүйг ноцтойгоор зөрчсөн, удирдлагад ямар нэгэн шалтгаанаар дарамт, шахалт үзүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх боловч уг тушаалд заасан ноцтой зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар тогтоогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл 2 шатны шүүхийн, нэхэмжлэгч С.Оюундарь нь ажлаас халсан тушаалд заасан зөрчлийг хэзээ, хаана гаргасан нь тодорхойгүй буюу компанийн эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчид ямар шаардлага тавьж анхааруулга өгсөн, түүнийг ажилтан хэрхэн эсэргүүцсэн, хамт олны эв нэгдлийг ямар хэлбэрээр үймүүлсэн, удирдлагад ямар дарамт шахалт үзүүлсэн нь тодорхойгүй гэж, мөн нэхэмжлэгчийн сонгуульт үүрэгтэй холбогдуулан хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч С.Оюундарийг Сити баз консалтинг ХХК-ийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,248,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

 

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00242 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 802 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ