Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Бэхбатад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01176 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Бэхбатад холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 27.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,  хариуцагч Г.Бэхбатын 2013 оны 11 дүгээр сарын 13 ны өдрийн 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Бэхбатад 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 14 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан өгсөн. Тухайн үед Г.Бэхбат нь манай охины 4-16-22 тоот байрыг хөлслөн суудаг байсан бөгөөд ГОК-д “Цагийн зүү” ХХК, “Бүдүүн Цахир” ХХК-ийн нэр дээр 700 сая төгрөгний гэрээ хийсэн удахгүй мөнгө орж ирнэ гээд гэрээгээ үзүүлээд найдвартай, хүү алдангитай нь төлнө гэж итгүүлэн авсан. Гэрээний хугацаа дууссан боловч Г.Бэхбат нь надтай ирж уулзаад ГОК мөнгөө өгөхгүй байна, та гэрээгээ сунгаад явж бай санаа зоволтгүй, төлөх хүртэлх хугацааны хүү алдангийг төлнө гэж амласан. Г.Бэхбатад өгсөн 18.000.000 төгрөгийн өнөөдрийг хүртэлх хугацааны зөвхөн хүү нь 54 сая төгрөг болж байна. Иймд Г.Бэхбатаас үндсэн зээл болох 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөг болсон. Үүн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан 250.000 төгрөгийг нэмээд нийт 27.250.000 төгрөг болж байгаагаас авсан мөнгө 16.650.000 төгрөг гэж үзээд одоо 10.600.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Бэхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Н.Мөнхтуяагаас 18.000.000 төгрөг зээлдэж аваагүй бөгөөд 2013.11.21-ний өдөр 14.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10% хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Энэ мөнгийг дараах байдлаар 24.739.000 төгрөг болгож төлсөн. Үүнд надад байгаа баримтаар 2014.10.23-ны өдөр 165.000 төгрөг, 2015.2.26-ны өдөр 2.895.000 төгрөг, 2015.03.05-ны өдөр 80.000 төгрөг, 2016.02.06-ны өдөр 10.000.000 төгрөг тушааж зээлээ бүр мөсөн хаасан. Надад баримт байхгүй 2015 онд 4.000.000 төгрөг, нэг удаа 300.000 төгрөг, 5.000.000 төгрөг нэг удаа, 500.000 төгрөг нэг удаа, нийт 9.800.000 төгрөг дансанд хийснээ санаж байгаа боловч санахгүй байгаа мөнгө бас байна. Дээрх мөнгөнүүдийг Н.Мөнхтуяагийн төрсөн охин Ганболдын Учралынх нь Хаан банкин дахь 5090588044 дугаартай данс руу хийдэг байсан. 2013 оны 12 дугаар сард намайг урагшаа Хятад улс руу явахад гуталнууд бэлэн хувцас захиснаар би 700.000 төгрөгийн үнэ бүхий хувцсыг Н.Мөнхтуяад авчирч өгсөн. 3 ширхэг монгол дээл захиалуулж хийлгэсэн. Эдгээр дээлнүүдийн нийт үнэ 1.099.000 төгрөг болсон. Энэ мэтээр дээл хувцасны нийт үнэ 1.799.000 төгрөг болж нийт тооцоо одоогийн байдлаар 24.739.000 төгрөг болж байна. Би Н.Мөнхтуяагаас 4.000.000 төгрөг огт зээлдэж аваагүй бөгөөд 4-16-22 тоот 2 өрөө сууцыг нь 10 сарын хугацаатай сарын 500.000 төгрөгөөр тооцон хөлсөлж анх орохдоо 1.000.000 төгрөг өгөөд орсон бөгөөд үлдэх 4.000.000 төгрөг дээр нь 2013.11.13-ны өдрийн зээлийн гэрээг хийсэн юм. Энэ өдөр нэг ч төгрөг аваагүй учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд төлбөр тооцоогоо бүрэн хийж дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бэхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа 2013.11.13-ны өдрийн 4.000.000 төгрөгийг 2013.11.13-ны өдрөөс 2014.01.08-ны хооронд 4.000.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлэв гэсэн зээлийн гэрээг надад 4.000.000 төгрөгийг өгөөд хийгээгүй. Энэ гэрээг өөрийн төрсөн охины байр гэж 4-16-22 тоот 2 өрөө орон сууцанд намайг 10 сарын хугацаатай сарын 500.000 төгрөгийн хөлс төл гэж урьдчилгаа 1.000.000 төгрөгөө аваад үлдэх 4.000.000 төгрөгөндөө гэрээ хийсэн. Энэ гэрээ нь орон сууц хөлслөх гэрээг халхавчилж хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бус гэрээ учраас би энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаж байна. Иймд Н.Мөнхтуяа, Г.Бэхбат бид 2-ын хооронд 2013.11.13-ны өдөр хийгдсэн 4.000.000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Г.Бэхбат нь тухайн үед 4.000.000 төгрөгийг нотариатчны дэргэд бэлнээр хүлээн авч зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батуулсан. Г.Бэхбат нь ГОК-д бараа нийлүүлэх гэсэн мөнгө дутаад байна та надад 18.000.000 төгрөг зээлдүүлээч гэсний дагуу би 2013.11.12-нд 4.000.000 төгрөг, 2013.11.13-нд 4.000.000 төгрөгийг тус тус нотариатаар батлуулж бэлнээр өгсөн юм. Мөнгө авахдаа Г.Бэхбат ганцаараа нотариат дээр намайг хүлээж байсан. Миний таксины мөнгийг төлсөн. Ямарч хүнтэй байгаагүй мөртлөө одоо болохоор ор зүс танихгүй хүмүүсийг цуг явж байсан гэж гэрчээр дуудаж байгаа нь ор үндэсгүй юм. Нотариатаар батласан зээлийн гэрээ нь нотлох баримттай байгаа учир 4.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01176 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Бэхбатаас 4.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас      22.850.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Г.Бэхбатын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 81.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа хариуцагч Г.Бэхбатаас 27.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаас авсан мөнгөө аваагүй гэж тайлбарлаж байсан боловч түүний төрсөн охин Г.Учралын хаан банкин дахь 5090588044 дугаартай дансанд 28.350.000 төгрөг орсон болох нь баримтаар нотлогдсон учир түүнд ямар нэгэн төлбөр төлөх үндэслэл байхгүй байхад шүүх 4.150.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь учир дутагдалтай боллоо.Мөн нэхэмжпэгч Н.Мөнхтуяа Хятад улсын Эрээн хотоос захиалж авахуулсан хувцаснууд гэр бүлээрээ хийлгүүлсэн дээлний үнэ зэрэг нийт 2.499.000 төгрөгийн тооцоо байгаа бөгөөд энэ бараа дээлнүүдийг аваагүй гэдэг байсан боловч сая хурал дээр Бэхбатад би 500.000 төгрөг өгсөн тухайгаа ярьсан. Тэгэхээр дээл болон хувцаснуудын нийт үнэ 2.499.000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан учир энэ мөнгийг хасаж тооцох учиртай. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө зээлийн хүүгээ бүгдийг нь авсан учир одоо зөвхөн үндсэн зээл алданги нэхэмжилж байна гэдэг. Нэхэмжлэгч дансаар орсон мөнгөө аваагүй гэж байгаа хүн бэлэн авсан мөнгөө огт хүлээн зөвшөөрөхгүй байх нь ойлгомжтой шүү дээ. Хуульд заасан журмын дагуу бол талууд шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах учиртай байтал авсан мөнгө болон эд зүйлүүдээ аваагүй гэж байгаа учир шүүх үүнд бодит дүгнэлт хийх учиртай гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгийн тооцоо байхгүй гэсэн байхад шүүх хүү тооцож хариуцагчаас төлбөр гаргуулж байгаа явдал нь зүйд нийцсэнгүй. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь хариуцагч Г.Бэхбатад холбогдуулан үндсэн зээл 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Бэхбат нь нэхэмжлэгч Н.Мөнхтуяад холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 13 ны өдрийн 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор,

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор нэхэмжлэгч Н.Мөнхтуяа хариуцагч Г.Бэхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. х/х-ийн 5, 6 хуудас/

Шүүх нэхэмжлэгчийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4.000.000 төгрөг, 2 сарын хугацааны хүү 800.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 14.000.000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 4.200.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, нийт 32.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч Г.Бэхбат нь нийт 28.350.000 төгрөгийг Н.Мөнхтуяад өгсөн гэдэг нь банкны дипозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  ба зохигчид энэ талаар маргаангүй болно.

Нэхэмжлэгчийн шаардах эрхтэй 32.000.000 төгрөгнөөс түүний зээлийн үүрэгт буцаан авсан 27.850.000 төгрөгийг хасч үлдэх 4.150.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22.850.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хариуцагч 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх тайлбараа нотлож чадаагүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч 27.000.000 төгрөг дээр шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлсөнд төлсөн 250.000 төгрөгийг нэмж нийт 27.500.000 төгрөг нэхэмжилж  байгаа боловч 250.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлээ бичгээр гаргаагүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдол дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд :

 Дээл болон хувцаснуудын нийт үнэ 2.499.000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан учир энэ мөнгийг хасч тооцож өгнө үү гэсэн боловч хариуцагч Г.Бэхбат нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ тус тус биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгийн тооцоо байхгүй гэсэн байхад шүүх хүү тооцож хариуцагчаас төлбөр гаргуулж байгаа явдал нь зүйд нийцсэнгүй гэжээ. Шүүх нэхэмжлэгчийг 2 удаагийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги нийт 32.000. 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэн үндсэн зээлийн хүүг оруулан тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                             Б.БАТТӨР