Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 233

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэд холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17.914.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч Д.Оюунсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод  1982 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12А байр, 42 тоотод оршин суух, “Иргэний шудрага шүүх” Төрийн бус байгууллагад өр барагдуулах ажилтангаар ажилладаг.

                               Чонос овогт Амардалайгийн Алтангэрэл  

                               регистрийн дугаар ХЙ–82052716

         Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1979 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 5 дугаар байр, 9 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг

                 Жинчин овогт Минжийн Соёл-Эрдэнэ

                 Регистрийн дугаар МЬ-79011911 

                 Хариуцагч М.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:     

       Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       Нэхэмжлэлийн шаардлага: Минжийн Соёл-Эрдэнээс 16.900.000  төгрөг гаргуулах тухай            

       Нэхэмжлэлийн агуулга: Монгол Улсын иргэн Д.Оюунсүрэн миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай, KIA-5 маркын суудлын авто машиныг Монгол улсад оруулж ирэн худалдан борлуулах гэж байтал миний танил н.Чинбатын найз болох М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг 22.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас авч явсан.

       Ингээд М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр над руу утсаар яриад “иргэн Г.Сүх-Очирт машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрөй, би мөнгийг нь өөрөө гаргаад чамд өгнө” гэсний дагуу Г.Сүх-Очирт шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сард 5.100.000 төгрөгийг танил н.Чинбатаар дамжуулан надад төлсөн. Өөр мөнгийг надад дахин төлөөгүй ба М.Соёл-Эрдэнэ машин дамжуулан худалдан авсан гэх хүнээсээ Дархан-Уул аймгийн шүүхэд хандаж авах гэж байна гэсээр өнөөдрийг хүрээд байна.

        Иймд М.Соёл-Эрдэнээс машины үлдэгдэл төлбөр болох 16.900.000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү!... гэжээ.

        Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    ... Би 2015 онд Л.Чинбатаас  “...Надад КIA5 маркийн автомашин байна зараад өгөх боломж байна уу” гэхэд тэр “М.Соёл-Эрдэнэ гээд миний найз Сэлэнгэд байдаг бид хоёр олон удаа наймаа хийж байсан” гэж хэлж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 15-нд М.Соёл-Эрдэнэ Улаанбаатар хотод ирсэн. Л.Чинбат над руу залгаад “М.Соёл-Эрдэнэ Улаанбаатар хотод ирсэн байна. Чиний машины талаар хэлэхэд тэгье,  аваад явъя, борлуулаад өгье” гэж байна гэж хэлсэн. Тэгээд Л.Чинбат бид хоёр миний машиныг аваад 19 дүгээр хороололд очоод М.Соёл-Эрдэнэтэй уулзсан. М.Соёл-Эрдэнэ миний машиныг унаж үзээд аваад явсан. Миний бие болон Л.Чинбат М.Соёл-Эрдэнэ нар хоорондоо ярилцаад миний машин борлогдсон ч борлогдоогүй ч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 22,000,000 төгрөгийг надад өгөхөөр амаар тохиролцсон. Над руу Л.Чинбат залгаад “чиний машин чинь зарагдсан байна одоо чам руу нэг хүн залгана чи очоод шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Би найдвартай юм уу гэхэд найдвартай, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд М.Соёл-Эрдэнэ мөнгөө шилжүүлчихнэ” гэхээр нь би очоод шилжүүлж өгсөн. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болоход М.Соёл-Эрдэнэ над руу яриагүй. Тэгэхээр нь би 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Чинбат руу залгаад “нөгөө мөнгө маань юу болсон бэ? гэхэд “М.Соёлоо одоохондоо яриагүй байна 2015 оны 7 дугаар сарын сүүлээр өгнө гэж хэлсэн М.Соёлоо найдвартай” гэсээр байгаад 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өнгөрч би Солонгос улс руу явсан. Би 2015 оны 7 дугаар сарын дундуур Солонгос улсаас ирээд ахиад маш олон удаа залгасан. Ингэсээр байгаад 8 сар өнгөрсөн. Тэгэхээр нь би Л.Чинбатад хандан “энэ чинь луйвар юм бишүү? гэж уурлахад М.Соёл-Эрдэнэ 2015 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатарт ирэх юм байна ирэхээр нь очиж уулзъя гэж хэлсэн. Очиж уулзахдаа Л.Чинбат М.Соёл-Эрдэнэ нар миний мөнгийг 9 дүгээр сарын сүүлээр өгнө гэж хэлсэн. Хүлээсээр байгаад 10 сар гарсан. Сүүлдээ М.Соёл-Эрдэнээс мөнгөө нэхэхэд хэн нь ч мэдэгдэхгүй олон хүмүүсийн нэр хэлээд байдаг болсон. Одоо миний машин хаана хэнд байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Тийм болохоор анх авсан М.Соёл-Эрдэнээс мөнгөө гаргуулж авахыг хүсч байна... гэжээ.

         Нэхэмжлэгч Д.Оюунсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ... Үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. М.Соёл-Эрдэнэд итгэлцлийн үндсэн дээр уг машиныг өгөөд явуулсан. М.Соёл-Эрдэнэ нь машины үнэ болох 22.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд өгнө, машин зарагдаагүй байсан ч өгнө гэж хэлчихээд бусдын машиныг хэнд шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү!... гэжээ.

        Хариуцагч М.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг машиныг огт аваагүй. 2015 оны 05 дугаар сард Л.Чинбат над руу залгаад “чамтай уулзмаар байна” гэхээр нь бид хоёр Хан-Уул дүүрэгт уулзсан. Уулзаад Л.Чинбат нь “энэ машиныг зарж өгч туслаач” гэж хэлсэн. Би “ямар учиртай машин юм бэ” гэхэд “манай найз Д.Оюунсүрэн Солонгос улсад ажил хийж ирээд энэ машиныг авсан юм”. Улаанбаатар хотод зарагдахгүй байна. “Чи Сэлэнгэ рүү унаж хүн зарах талаас нь үзүүлж харуулаад өг” гэж хэлсэн. Тэр үед л Д.Оюунсүрэнтэй танилцсан. Л.Чинбат бид хоёр өмнө бие биедээ тусалж байсан болохоор би машиныг нь аваад явсан. Гэхдээ би машины бичиг баримтыг нь аваагүй. Ингээд би уг машиныг нь Сэлэнгэ аймагт авч иртэл хүмүүс “бензин машиныг газан болгосон байна гэж хэлсэн. Тэгэхээр би Л.Чинбат руу залгаад энэ машин чинь зарагдахгүй юм байна буцаагаад ав гэхэд Соёлоо чи яаж ийгээд наадхаа далд оруул гэж хэлсэн. Ингээд Дарханд байдаг миний танил Ц.Ариунтуяа гэдэг хүн над руу залгаад “чамд prius байна уу”” гэж асуусан. Тэгэхээр нь би “надад prius байхгүй харин КIA5 маркийн машин байна. 22.000.000 төгрөгөөр намайг зараад өгөөч гэж хэлсэн юм” гэж ярьсан. Тэгээд Ц.Ариунтуяа “10.000.000 төгрөгөнд нь түлш үлдсэн 12.000.000  төгрөгийг нь намар тарьсан будаагаа хураахаараа өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ хүний машин болохоор би асууж байж болъё” гэж хариулсан. Л.Чинбат ч гэсэн Ц.Ариунтуяаг танина. Тэгээд би Л.Чинбаттай яриад Ц.Ариунтуяагийн тавьсан саналыг хэлэхэд “өг, өг” гэж хэлсэн. Ц.Ариунтуяа 2015 оны 5 сард 3.000.000  төгрөгнийхөө түлшийг өгсөн. Дахин 2.100.000 төгрөгийн түлш өгөөд түүнээс хойш утсаа унтраагаад алга болсон. Тэгээд Л.Гантулга над руу яриад “Д.Оюунсүрэн уурлаад байна. Дархан орж Ц.Ариунтуяатай уулзъя” гэж хэлсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сард Д.Оюунсүрэн, Л.Чинбат, Ц.Ариунтуяа болон миний бие уулзалдаад би Ц.Ариунтуяагаас түлш гэж авсан 5.100.000 төгрөгийг Л.Чинбатад өгөөд та нар өөрсдөө өгөө аваагаа тохир. Одоо надад хамаагүй шүү гэж би хэлсэн. Тэгтэл 16.900.000 төгрөгийг сарын дотор өгөхөөр тохиролцож байсан. Ингээд наймаа тохиролцсон гэж бодоод 2015 оны 10 дугаар сард надад холбогдуулаад залилангийн хэргээр эрүү үүссэн байсан. Улмаар хуулийн байгууллага шалгаад надад ямар ч буруу байхгүй болохыг тогтоосон. Энэ хэрэг маш олон шатны шүүхээр орсон. Тухайн үед Д.Оюунсүрэн нь М.Соёл-Эрдэнэ миний төлөө явсан гэж хэлж байсан. Би хүнд туслах үүднээс явж байгаад л ийм нөхцөл байдалд орсон. Түүнээс биш би уг машиныг зарж өөртөө ашиг унагаах гэсэн зорилго байгаагүй. Тиймээс надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү!...гэжээ.  

                Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох

                      баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн хариуцагч М.Соёл-Эрдэнэд холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17.914.000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

       Хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь “...Д.Оюунсүрэнгийн танил н.Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгсөн...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

         Д.Оюунсүрэн нь 2014 оны 01 дүгээр сард БНСУлсаас цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай,  KIA-5 маркийн суудлын авто машиныг Монгол улсад оруулж ирээд, өөрийн танил болох Л.Чинбатын найз болох М.Соёл-Эрдэнэд  2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн байх бөгөөд М.Соёл-эрдэнэ уг машиныг 22.000.000 төгрөгөөр худалдахаар үнийг тохирч авч явсан байна.

        Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг 22.000.000 төгрөгөөр бодож, зээлээр худалдан авахаар болоод...” гэснээр...“ “худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр...” нэхэмжилсэн ба зохигчдын хооронд автомашин худалдсан, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол ... тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр ...” гэрээ байгуулсанд тооцохоор хуульчилсан байх бөгөөд Д.Оюунсүрэн уг автомашиныг М.Соёл-Эрдэнэд шилжүүлснээр  “худалдах- худалдан авах”  гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа   “...Д.Оюунсүрэнгийн танил н.Чинбат нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би н.Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгсөн...”   гэх боловч өмнөх шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Чинбатын “...Уулзаад Д.Оюунсүрэн нь өөрийн машинаа М.Соёл-Эрдэнэд өгч явуулсан. М.Соёл-Эрдэнэ 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болохоос өмнө М.Соёл-Эрдэнэ над руу яриад “чам руу 9911 тэй дугаартай хүн очих байх машиныг шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Түүний дагуу би Д.Оюунсүрэн рүү залгаад “машинаа шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Ингээд Д.Оюунсүрэн шилжүүлж өгсөн. Би уг машины мөнгийг М.Соёл-Эрдэнэ Д.Оюунсүрэнд өгнө гэсэн ойлголттой явж байсан...” гэх мэдүүлэг, Д.Оюунсүрэнгийн “...Над руу Л.Чинбат залгаад “чиний машин чинь зарагдсан байна. Одоо чам руу нэг хүн залгана. Чи очоод нэрийг нь шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Би найдвартай юм уу гэхэд найдвартай, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд М.Соёл-Эрдэнэ мөнгөө шилжүүлчихнэ” гэхээр нь би очоод шилжүүлж өгсөн...”  гэх  мэдүүлгүүд, мөн хэргийн 190 дүгээр хуудсанд авагдсан “Автомашин худалдах худалдан авах гэрээ”-ний нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт “төлбөр тооцоогүй”   гэж бичигдсэн нь нэхэмжлэгч болон гэрч Л.Чинбатын “... машины мөнгийг М.Соёл-Эрдэнэ өгөх юм байна” гэж ойлгосон ...” гэх мэдүүлгийг нотолсон,         Д.Оюунсүрэн нь 2015 оны 11 дүгээр сард найз Л.Чинбатаар дамжуулан М.Соёл-Эрдэнээс машины үнийн урьдчилгаа 5.100.000 төгрөгийг авсан гэж мэдүүлсэн ба уг мэдүүлгийг үгүйсгээгүй зэрэг нь хариуцагч М.Соёл-Эрдэнэ уг автомашиныг анх худалдаж авсан гэх Г.Сүх-Очирт худалдах, автомашины төлбөрийн асуудлын талаар тохиролцсон болохыг үгүйсгэхгүй байна.

      Уг маргаж буй автомашиныг М.Соёл-Эрдэнэ авч явснаас хойш Г.Сүх-Очир, М.Бурмаа, Г.Намсрайтогтох нарын гар дамжин худалдагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд Д.Оюунсүрэнгийн тухайд анх автомашиныг авч явсан М.Соёл-Эрдэнээс машины үнийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.  

       Иймд  хэрэг авагдсан баримтуудыг үндэслэн Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэд холбогдох БНСУлсад 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай,  KIA-5 маркийн суудлын авто машины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөгийг хариуцагч М.Соёл-Эрдэнээс гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг зохигчдын хооронд төлбөрийг барагдуулах хугацааны талаар бичгээр хийсэн гэрээгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

       Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.339 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271.339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.С худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1.014.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.339 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С улсын тэмдэгтийн хураамж 271.339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2-д зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурдсугай.

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн    119 дүгээр   зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар   мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ