Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0231

 

 

 

 

 

 

2021 03 29 128/ШШ2021/0231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Н,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Г.М, Э.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Иргэн Г.Мгийн өмчөөр бүртгэж олгосон, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т.Н хотхонд байршилтай, 36/б-р байрны 216/а тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /Ү-*********/ дугаартай гэрчилгээ, 36/б-р байрны 108/а тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /Ү-*********/ дугаартай гэрчилгээ, 36/в-р байрны 73 тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /Ү-2***********8/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн бүртгэлийг тус бүр хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, Ж.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд Э.Э, гуравдагч этгээд Г.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Д.Б, шинжээч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байршилтай Т.Н хотхоны 36/A, 36/Б, 36/В блок, нийт 504 айлын орон сууцны зориулалттай барилга нь /Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын /36/Б байр 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №2013/180, 36/В байр 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №2014/09/ дугаартай актаар байнгын ашиглалтад орж, Сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан.

Холбооны гүйцэтгэх захирлаар 2017 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ш.Х ажиллаж байсан ба тухайн үед иргэн Г.М гэх хүн тус хотхоны 36/б-р байрны 216/а тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн /Y-2**********0/ тоот гэрчилгээ, 36/б-р байрны 108/a тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн /Y-2**********0/ тоот гэрчилгээ, 36/в-р байрны 73 тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн /Y-2*****8/ тоот гэрчилгээний хуулбаруудыг захирал Ш.Хын цахим хаягаар илгээснээр /сөхэзбнзосбдөэхтх/-н 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах сууцны бус зохион зориулалттай техникийн өрөө буюу /объектууд/-г бусдын өмчлөлд, хууль бусаар шилжсэн болохыг мэдсэн. СӨХ-ийн зүгээс дээрх өрөөнүүдийг хувь этгээдийн өмчөөр бүртгэсэн нь /Сөхэзбнзосбдөэхтх/, Орон сууцны тухай хууль, Иргэний хуульд заасан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа, хамтран өмчлөх болон бусад нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэн тухайн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хандсан.

1.    Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08/05 тоот албан бичгээр, дээрх өмчлөх эрхийн бүртгэлүүдийн талаар тодруулга авахаар хандсан ба тус газраас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичигт, өмчлөх эрхийн бүртгэл нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх тул тухайн асуудлаар маргаантай гэж үзвэл шүүхэд хандана уу гэх хариу авсан.

2.    Сууц өмчлөгчдийн холбооноос Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уг өмчлөх эрхийн асуудлаар иргэн Г.М болон тус барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Б” ХХК-д холбогдуулан ..., шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийг /Өмчлөх эрхийг бүртгэсэн захиргааны байгууллагатай холбоотой/ асуудал тул тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байна гэх дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгосон.

Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн буюу тус хотхоны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа, хамтран өмчлөх болон бусад нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй орчинд амьдрах эрх, баталгаа гэх мэт нь: холбогдох хуулиар зохицуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хөрөнгийг хувь этгээдийн өмчөөр бүртгэж, тус эрх, харилцаанд хамаарах хуулиудаар тогтоосон болон хориглосон хэм хэмжээг зөрчиж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Улсын бүртгэлийн байгууллага, бүртгэгчийн буруутайн улмаас зөрчигдөж байна гэж үзэн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр тус шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлд дурдагдсан Эрхийн Улсын бүртгэлийн Ү-********* дугаартай Баянзүрх дүүрэг 14-р хороо, 14-р хороолол /13336/ 36б байр, 216а тоот, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2**********8 дугаартай, Баянзүрх дүүрэг 14-р хороо 14-р хороолол /13336/ 36/в байр, 73 тоот, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Улаанбаатар Баянзүрх дүүрэг 14-р хороо 14-р хороолол /13336/ 36 б байр, 108а тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.М /Ч*********7/ бүртгэлтэй байх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Төрийн банк-тай байгуулсан 800,000 сая төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Г.М /Ч***********7/-н гаргасан мэдүүлэг, өргөдөл болон 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Б” ХХК иргэн Г.М нарын хооронд байгуулсан Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, “К” ХХК-ийн 2017.05.03-ны өдрийн 40/17 тоот албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын 2017.06.16-ны өдрийн 07/2091 тоот албан бичиг болон бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байна.

Тус барилгын зураг төслийг зохиогч “К” ХХК-ийн өөрчлөн боловсруулсан өөрчлөлтийн шифр: КК10/17-тэй зураг нь айлын сууцны норм нормативын шаардлага хангасныг Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д заалтын дагуу зөвшөөрч баталгаажуулсан байна.

Эдгээр нотлох баримт болон бүртгэлийн хуульд заагдсан бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу бүртгэл хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Т.Н СӨХ нь Г.М миний худалдаж авсан Баянзүрх дүүргийн 14-р хороонд байршилтай Түмэннаст хотхоны 36/Б байрны 216/а тоот, 108/а тоот, 36/В байрны 73 тоот орон сууцнуудыг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Т.Н СӨХ нь ямар учир шалтгаанаар миний өмчлөлийн орон сууцны гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах гээд байгааг ойлгохгүй байгаа бөгөөд миний бие дээрх орон сууцнуудыг шударгаар худалдан авсны үндсэн дээр хуулийн дагуу бүртгүүлж гэрчилгээ авсан.

Гэтэл яагаад миний өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой гомдлыг СӨХ гаргаж байгаа, миний өмчлөлийн орон сууцнуудыг бүртгэсэн бүртгэлийн улмаас СӨХ-ийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж, хохироод байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрх орон сууцнуудыг анх худалдаж авахад ямар нэгэн техникийн өрөө байгаагүй бөгөөд СӨХ-ийн эзэмшил, ашиглалтад байгаагүй, орон сууц дөнгөж шинээр ашиглалтад орж байсан.

Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр №197/12, №196/12, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №246/12 тоот Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулж, төлбөрийг 100 хувь төлөн худалдан авч, зохих журмын дагуу бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Э.Эр нь 13 дугаар хорооллын Т.Н хотхоны 13 дугаар давхрын 73 тоотод 2019 онд Н.М**********д урьдчилгаа 12,500,000 төгрөг өгч орсон. Анх байранд орохдоо дотор засал болон 2 давхар болгож хуваасан иж бүрэн засвар хийсэн нийт өртөг 20 сая төгрөгийн материал орсон.

Хэрвээ Т.Н хотхоны СӨХ байраа буцааж авахаар бол Н.М**********т гэдэг хүнээс бүх зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад Т.Нийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас ...Маргаан бүхий өрөөнүүд нь Иргэний хууль, Орон сууны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу нийтийн эзэмшил, дундын өмч байхад, иргэн Г.М нь өмчлөн авснаар оршин суугчдын аюулгүй байдалд нөлөөлж байгааг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нягтлан шалгалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцэхгүй байна.. гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ

Анх 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2013/180 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт-аар Б*********** ХХК-ийн барьсан 216 айлын орон сууцны барилгыг, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2014/09 дүгээр актаар “Б” ХХК-ийн орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалт явуулахыг тус компанид зөвшөөрсөн байна.

Улмаар оршин суугчдын төлөөлөл болох Т.Н сууц өмчлөгчдийн холбоо нь анх 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж 90 дүгээр гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Гуравдагч этгээд Г.М нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36В байрны 13 дугаар давхрын 67.7 м.кв талбайтай 73 тоот үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт-ийг холбогдох баримт бичгийг хавсарган мэдүүлэг гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно. гэж заасантай нийцсэн байна

Уг хүсэлтийг үндэслэн хариуцагчаас Г.Мд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36В байрны 13 дугаар давхрын 67.7 м.кв талбайтай 73 тоот үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2**********8 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ, 18 дугаар зүйлийн 18.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана, 18.2-д Бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий болон улсын бүртгэгч, орон нутагт улсын бүртгэгч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна гэж заасныг зөрчөөгүй байна.

Барилгын хөгжлийн төвөөс тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1/2651 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36В байрны 13 дугаар давхрын 73 тоот, 36Б байрны 108а, 216а тоот үл хөдлөх хөрөнгүүдэд цэвэр, бохир усны шугам сүлжээ төлөвлөөгүй бөгөөд газар дээр нь очиж үзэхэд шугам сүлжээ угсарсан, зориулалтын бусаар ашигласан... гэсэн бөгөөд шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан тодруулахад 36В байрны 73 тоотыг биечлэн үзээгүй, харин 36Б байрны 108а, 216а тоотуудыг үзсэн болохоо тайбарласан болно.

Тус шүүхээс талуудыг байлцуулан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд үзлэг хийхэд 36В байрны 73 тоот үл хөдлөх хөрөнгөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан орон сууны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд байгаагүй болно. Харин уг хөрөнгөд нэвтрэхийн тулд техникийн өрөө, лифтны өрөөг хамааруулан давхар хаалгаар түгжсэн байсан бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс энэхүү зөрчлийг арилгах боломжтой гэдгийг үзлэгийн болон шүүх хуралдааны үед илэрхийлсэн болно.

Харин маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36Б байрны 108а, 216а тоотуудын хувьд шинжээч нар биечлэн үзсэний үндсэн дээр дүгнэлтээ гаргасан, түүнчлэн тус шүүхээс үзлэг хийхэд тухайн 2 үл хөдлөх хөрөнгө дотор агааржуулалтын хоолой, онцгой үед агааржуулалтын хоолойны инфляторыг удирдах товчлуурууд байрласан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасныг зөрчсөн байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасныг хариуцагчийн зүгээс зөрчиж маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36Б байрны 108а, 216а тоот үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********, Ү-********* дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т .Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 11 дүгээр зүйлийн 11.5.11-д Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх гэж заасны дагуу гуравдагч этгээд Г.Мд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36В байрны 73 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хууль журмын дагуу олгогдсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Г.Мгийн хувьд барилгын захиалагч “Б” ХХК-тай хамаарал бүхий этгээд байх бөгөөл өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Түмэннаст СӨХ-ны хяналтын зөвлөлөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36Б байрны 108а тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн 000593956 дугаартай гэрчилгээ, 216 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204069690 дугаарт бүртгэгдсэн 000593957 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36В байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089688 дугаарт бүртгэгдсэн 000593955 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА