Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Н.Бэхбаатарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01040 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Н.Бэхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 15.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бэхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Х.Болдбаатар, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Эрдсүлж ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2014 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар томилогдон 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж ирлээ. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн манай компаний үйлдвэрлэл ажил төрөлтэй танилцаж, хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байснаа 23.000.000 төгрөгийн алдагдалтай ажилласан байна гэдэг үндэслэлээр ажлаас үнэн худал нь мэдэгдэхгүй шинэ төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гэгчийг гаргаж, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэсэн бичгээр үүрэгт ажлаас минь халж, миний ажлыг Д.Энхбат гэдэг хүнд хүчээр хүлээлгэн өгсөн. Урьдчилан надад анхааруулаагүй, ажил төрөл шалгаж, ажлаас халах үндэслэл гаргаагүй, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ажлын үзүүлэлтийн талаар тайлбар өгсөөр байтал, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн саналыг минь хүлээж авалгүй, Хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваагүй байж гэнэт ажлаас халсанд гомдолтой байгаа тул хуучин ажилдаа эргэн орох, ээлжийн амралт олгосон хугацаанаас хойшхи 2 сарын цалин хөлс болох 3.000.000 төгрөг олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа хувь хүн Даваацэрэнд бус хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд ноцтой заасан зөрчлийг би гаргаагүй байхад ажлаас халсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байх тул Эрдсүлж ХХК-ий гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15.500.000 төгрөгийг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан. Үүнд: 2016 эхний хагас жилийн санхүүгийн тайлан буруу гаргасан.

2016 оны 812 сая төгрөгийг төлөх. Н.Бэхбаатар нь ерөнхий нягтлан бодогч Буянжаргал өөрийн эхнэр Хаш ХХК-аас даавуу худалдаж авах гэрээг байгуулахад хяналт тавихгүйгээр гэрээнд гарын үсэг зурсан. Энэ компани нь эмнэлгийн компани байсан 29.450.000 төгрөгийн даавуу худалдаж авах гэрээг хяналт тавихгүй нуун дарагдуулсан байдлаар байгуулсан. Гэр бүлийн компанид давуу байдал олгосон байна. Энэ гэрээнээс татгалзах ёстой байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бол их хэмжээний болон хувийн ашиг сонирхолтой хэлцэл хийхээр бол төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой байсан аваагүй мэдэгдээгүй. Ашигтай ажиллагааны байдлыг бууруулсан үзүүлэлттэй байна. Компаний эцсийн зорилго бол ашигтай байдал юм. Эдгээр зөрчил нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил гаргасан буюу удаа дараа давтан гаргасан. хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т мөн 4.2.3-т зааснаар, мөн Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-84.4.4 болон 84.4.9, 89 дүгээр зүйлийн 89.1.1, 89.1.2 зэрэгт зааснаар тусгайлан хориглосон байсан. Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т эрх мэдлээ хэтрүүлсэн хувийн зорилтод ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан Н.Бэхбаатар нь төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй худалдах худалдан авах гэрээг байгуулсан. 2016 оны 04 сарын 28-ны өдрийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийсэн гэрээ Буянжаргал Мандах нартай баталгаажуулсан 29.450.000 төгрөгийн гэрээ. Мандах нь Буянжаргалын эхнэр гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.12-т заасан зөрчлийг давтан гаргасан гэдэг 2 удаагийн шийдвэрээр гарсан 812 сая төгрөгийн өр төлбөрийг 3 удаагийн тайландаа тусгаагүй. Буюу эдгээр зөрчлийг 2015 жилийн эцэст 2016 оны 1 болон 3 дугаар тайлан гээд 3 удаа тайлан гарахад гаргаагүй байна. Удаа дараа хайнга хандаж 2015 болон 2016 оны бизнес төлөвлөгөөнд тусгаагүй. Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 болон 76.1.10-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах эрхтэй. Дүрмийн 10.3-т гүйцэтгэх захирлын эрх хэмжээг заасан үүнд компаниас гаргасан санхүүгийн тайлангийн үнэ зөвийг хариуцна гэсэн энэ үүргээ мөн зөрчсөн. төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон эрх хэмжээний хүрээнд хөрөнгөө зарцуулах үүргийг мөн хүлээнэ. Хөдөлмөрийн гэрээний 13.11-т зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалж байнгын хяналтыг хэрэгжүүлнэ. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийлгэж хяналтаа хэрэгжүүлэхгүй яваад байсан байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 13.13-т зааснаар компаниас олгосон эрх хэмжээний дагуу гадаад дотоодтой тогтоосон чиглэлийн дагуу гэрээ хэлцэл байгуулна гэж заасан. Нэр бүхий хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Цалин хөлс олгох нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрсэн хүнтэй захиргааны санаачлагаар шууд цуцлахаар байгаа энэ асуудлыг хязгаарлаж нэхэмжлэх ёстой байсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01040 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Бэхбаатарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-н охин компани Эрдсүлж ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт Эрдэнэт үйлдвэр ХХК-с 15 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бэхбаатарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бэхбаатарын цалинтай тэнцэх нөхөх олговор 15 500 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай тэмдэглэгээ хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас байгууллагаас 305.650 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгч Н.Бэхбаатарын овог нэр, оршин суугаа газар, хаягийг нотолсон иргэний үнэмлэх, хариуцагч Эрдсүлж ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх зүйн байдал, оршин байгаа газар, удирдлагыг /үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл зэргийг/ тодорхойлсон, томилсон нотлох баримтууд буюу Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Н.Бэхбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан албан тушаалтны эрх, хэмжээг тогтоосон баримт зэрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх зүйн байдал, оршин суугаа хаягийг нотолсон хэргийн харъяаллыг тогтоож хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дээр дурдсан нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэлгүйгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хуулийн 20, 22, 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 28 дугаар зүйлийн 28.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.10, 5.1, 11.9, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.4, 16 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 62, 65 дугаар зүйлд заалтыг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь 2014.02.03-ны өдрийн 1208 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.4.2, 3.4.3, 4.2.3, 4.2.6 заалтуудыг болон Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.17, 84 дүгээр зүйлийн 84.1.1 - 84.1.3, 89- 93, 95 дүгээр зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.4.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6, 11 дүгээр зүйл, Эрдсүлж ХХК-ийн дүрэм, олог улсын стандарт зэргийг ноцтой зөрчиж Эрдсүлж ХХК-ийн 2016 оны эхний хагас жилийн тайланг буруу гаргаж, хяналт тавиагүй, компанийн ашигт ажиллагааны түвшин буурсан зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй болохыг нотолсон баримтууд болох шүүхийн шийдвэрүүд, санхүүгийн тайлангууд, төлөөлөн удирдах зөвлөлийн удаа дараагийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тайлбарууд зэрэг чухал ач холбогдол бүхий баримтуудыг огт үнэлсэнгүй, тэдгээрт дүгнэлт хийсэнгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Үүнд: Энэхүү иргэний хэрэг буюу хөдөлмөрийн маргааны нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь Эрдсүлж ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Эрдсүлж ХХК-д хамааралтай байхад үндсэн нэхэмжлэлийг гардаж авсан энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч Эрдсүлж ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, Эрдсүлж ХХК-ийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэхь заалтууд, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,9 дүгээр зүйлийн 9.1 дэхь заалтыг тус тус зөрчсөн.Эрдсүлж ХХК нь нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд “Хувьцаа Эзэмшигчийн гаргасан шийдвэрийн талаар шүүхэд тайлбар гаргах боломжгүй байна гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хариуцагчийг татах" талаар тайлбар ирүүлсэн байх бөгөөд Шүүхээс хариуцагчийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар солих эсвэл хамтран хариуцагчаар татах зэрэг асуудлыг шийдвэрлэлгүй захирамж гаргалгүй хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэхь заалт, 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Компанийн тухай хуулиар компанийн эрх зүйн байдал, удирдлага, зохион байгуулалт, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүрэг зэргииг тодорхойлсон бөгөөд Эрдсүлж ХХК нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулинд зааснаар бие даасан хуулийн этгээд, харин компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт зааснаар Эрдсүлж ХХК-ийн удирдлагын бүтцийн зохион байгуулалтын нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээд биш, шүүхэд Хувьцаа Эзэмшигчийн дангаар гаргасан шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д хамааруулж шийдвэрлэхгүй болно. Гэтэл шүүх бие даасан, тусдаа эд хөрөнгөтэй, санхүүгийн тайлан баланс тусдаа гаргадаг толгой компани Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 15.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д: “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэсэн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсч буй ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус зааснаар болон хавтаст хэрэгт /хх.122/ эх хувиар авагдсан "Эрдсүлж ХХК-ийн Хувь хүний орлогын албан татварын тодорхойлолтоор нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь Эрдсүлж ХХК-ийн байнгын ажлын байр, орон тоонд ажиллаж, Эрдсүлж ХХК-иас цалин хөлс авч байсан зэрэг нь энэ иргэний хэргийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК биш Эрдсүлж ХХК хариуцагч болохыг нотолж байхад шүүх Компанийн тухай хууль, Иргэний хуулийг тус тус буруу хэрэглэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийг, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан “Эрдсүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Бэхбаатарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-н охин компани Эрдсүлж ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт Эрдэнэт үйлдвэр ХХК-с 15.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бэхбаатарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бэхбаатарын цалинтай тэнцэх нөхөх олговор 15.500.000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай тэмдэглэгээ хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани Эрдсүлж ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар дээрхи албан тушаалд нь жинхлэн ажиллахаар болжээ.  

2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч “Эрдсүлж” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Сувдаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “Эрдсүлж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай хурлын шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

“Эрдсүлж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар хурлын шийдвэрээр:

Нэхэмжлэгч Н.Бэхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6, 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.11, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Эрдсүлж” ХХК-ийн дүрмийн 10.3, “Эрдсүлж” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын 02, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоолуудыг тус тус үндэслэн “Эрдсүлж” ХХК-ийн 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг буруу гаргаж, хяналт тавиагүй, компаний ашигт ажиллагааны түвшин буурсан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Н.Бэхбаатарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  охин компани Эрдсүлж ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 15.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдол дараах байдлаар няцаагдаж байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригийн 2012 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр баталсан “Эрдсүлж “ ХХК-ийн дүрмийн 1.2.-т заасан “компани нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2006 оны 10 дугаар сарын 06 ны өдрийн 587 тоот тушаалаар үүсгэн байгуулагдсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч болно, 8.1.-т заасан “компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал буюу Эрдэнэт үйлдвэр ХХК байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал байна гэж заасан байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хариуцагч биш гэж үзэх боломжгүй юм. Иймд Эрдсүлж ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцуулах шаардлага байхгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.3.-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй заасан байх тул шүүхээс хариуцагчийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар солих эсвэл хамтран хариуцагчаар татах зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй, нэхэмжлэгч Н.Бэхбаатарыг ажлаас чөлөөлсөн “Эрдсүлж “ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай хурлын шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийг, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР