Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор А.Баясгалан,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхболд,

          шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Лд холбогдох ....................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сармайхан овгийн Жамбадагвын Ж.Л, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  “Талх чихэр” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ............................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй; /РД:....................../;

         

          Ж.Л нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс Амин-Эрдэнэ” ХХК-ийн “Төгс супермаркет” дэлгүүрийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж дэлгүүрийн өдөр тутмын программ дахь орлогын тайлантай тулгаж дэлгүүрийн кассаас бэлэн мөнгөний орлогыг хүлээн авсны дараа компанийн санхүүгийн “Даймонд” программд тайланг засварлах, талоны огноог өөрчлөх аргаар орлогын дүнг багасган илгээж зөрүү 26,497,683,70 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Лгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт авагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэнэд 4,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Лгийн нэр хөрөнгөөс 23,897,683,70 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол Дунд гол 34-37 тоотод оршин суух хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Буян-Оршихийн Болор-Эрдэнэ /ХЕ75031766/-Д олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Лг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Ж.Л давж заалдах гомдолдоо: “...Хэргийн нөхцөл байдлын хувьд өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож дахин ийм гэмт хэрэгт орохгүй гэмшиж байна. Ар гэрийнхэн маань хохирол төлбөрийг маань төлж барагдуулсан байгаа.

Иймд хийсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа нөхцөл байдал, мөн ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү, 2 жилийн ялаас хасч өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтанд хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд Батцэцэг, Пүрэвсүрэн нарыг шалгуулах хүсэлт дахин, дахин өгсөн боловч шалгаагүй...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Лгийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Болор-Эрдэнэ нь, мөн Ж.Л, Б.Батцэцэг, С.Пүрэвсүрэн нар нь борлуулалтын тайланг хуурамчаар үйлдэж, мөн кассын баримт хуурамчаар үйлдэн 27,082,394 төгрөгийн хохирол учруулсан гэж өргөдөл гаргаж байсан. Мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Болор-Эрдэнийн хуулийн байгууллагад хандаж шалгуулж байсан гэрч Б.Батцэцэг нар нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцсон байна. Ж.Л гэрчээр, сэжигтэнээр, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Пүрэвсүрэн, Батцэцэг нар нь бараа материал болон бэлэн мөнгө авдаг түүнийгээ хар дэвтэртээ тэмдэглэдэг тухайгаа мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд удаа дараа гомдол, хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Мөн шүүхийн шатанд ч мэдүүлсэн байдаг.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Батцэцэгээс гарын үсэг нь мөн бишийг нь тодруулахаар олон хуудас бичүүлж хавтаст хэрэгт хийсэн байсан хэдий ч прокурорын шатанд тэр гарын үсгийг нь зуруулсан хэдэн хуудас алга болсон байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж С.Пүрэвсүрэн, Б.Батцэцэг нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтэнд: “Цэгц төв богд аудит” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй, шинжилгээгээр тооцооллын зөрүү гарсан, “Төгс супер маркет” дэлгүүрийн зөрүү дутагдал нь “Даймонд” санхүүгийн программ хангамжийн серверт хадгалагдсан Посийн гүйлгээний тайлантай тулган шалгаж байгаагүйгээс үүссэн байна.

Иймд шинжилгээнд ирүүлсэн Санхүүгийн баримтанд авагдсан “Төгс супермаркет” дэлгүүрийн нягтлан бодогч болон кассын ажилтан нарын өдөр бүрийн орлого хүлээлцсэн, кассын орлогын ордерын баримтанд хэн гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна. Ж.Л нь тухайн дутагдалыг хариуцах эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй гэсэн атал Ж.Лг ажлын алдаа дутагдал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэснээр нотлогдон тогтоогдож байна гэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхэд хэргийг буцааж мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шүүгдэгч Ж.Л нь гомдолдоо хохирлыг төлж барагдуулсан гэсэн байна. Хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Ж.Лг буруутгахдаа ганцхан өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэн гэж байна. Хавтаст хэрэгт Ж.Лг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хувиар зэрэг баримтууд авагдсан байгаа. Кассчидын хувьд бараа бүтээгдэхүүнийг итгэмжилж авдаг этгээдүүд биш байгаа. Кассын машинд бараа бүтээгдэхүүнийг уншуулаад, орой нь мөнгөө Ж.Лд хүлээлгэж өгдөг байгаа. Аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр бараа дутагдсан зүйл байхгүй. Харин орлогын мөнгө дутагдсан асуудал байгаа. Батцэцэг, Пүрэвсүрэн хоёр мөнгө захиран зарцуулах эрхтэй этгээдүүд биш гэж тогтоогоод Ж.Л нь мөнгийг завшсан гэж зүйлчилсэн. Логын тайлан гэдэг нь тухайн өдрийн талоны огноог өөрчлөөд байгаа үйлдэл нь ганцхан Ж.Лд уг программыг өөрчлөх эрх нь байдаг. Хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд логын тайлангууд байдаг. Энэ нь талоны огноог өөрчилсөн баримтууд байгаа. Талоны огноог өөрчилсөн өдөр нь дандаа төлбөр дутсан өдөр байдаг. Үүгээр Ж.Лгийн үйлдэл цэвэр нотлогдож байгаа. Мөн Интрактив Виайпи компанийн тодорхойлолт байгаа логын тайлан дээр засвар хийх маягаар дутагдуулсан байна гэдэг. Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт дээр хохирол учирсан байна уу гэдгийг тогтоохоос биш үйлдлийг тогтоохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй ...” гэв.

 

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Лг албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Лг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Ж.Лгийн нэр хөрөнгөөс 23,897,683,70 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ нь үндэслэлтэй юм. Шүүгдэгч Ж.Л нь тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан байдаг. Кассчин тухайн өдөр өдөрт нь орлогын мөнгийг Ж.Лд хүлээлгэж өгдөг. Ж.Л цааш нь санхүүгийн программд орлогыг илгээхдээ талоны огноог өөрчилж орлогыг дутуу оруулдаг. Энэ ажиллагааг кассчин хийх боломжгүй. Шүүгдэгч Ж.Л нь Пүрэвсүрэн, Батцэцэг нар мөнгө авсан гэдэг боловч эдгээр хүмүүс мөнгө завшсан болох нь нотлогдоогүй. Эдийн засгийн шинжилгээгээр эдгээр хүмүүс дээр бараа дутагдсан гэх дүгнэлт гараагүй. Хар дэвтэр байгаа гэдэг боловч мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шүүгдэгч болон өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Лд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Ж.Л нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс Амин-Эрдэнэ” ХХК-ийн “Төгс супермаркет” дэлгүүрийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж дэлгүүрийн өдөр тутмын программ дахь орлогыг тайлантай нь тулгаж дэлгүүрийн кассаас бэлэн мөнгөний орлогыг хүлээн авсны дараа компанийн санхүүгийн “Даймонд” программд тайланг оруулахдаа мөнгөний хэмжээг засварлах, талоны огноог өөрчлөх аргаар орлогын дүнг багасган илгээж зөрүү 26,497,683,70 төгрөгийг завшсан болох нь:

 

            Хохирогч Б.Болор-Эрдэнэ /хх 16-17/, гэрч Н.Дансалнамхай /хх 22-23, 153-154/, Д.Сувд-Эрдэнэ /хх 23-24/, Ж.Соёлмөнх /хх 27-28/, Б.Батцэцэг /хх 29-31/, С.Пүрэвсүрэн /хх 32-34/ нарын мэдүүлгүүд, “Цэгц төв Богд Аудит” ХХК-ийн тайлан /хх 37-58/, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний 166 дугаар дүгнэлт /хх 58-66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.   

 

Анхан шатны шүүх, Ж.Л “Төгс Амин-Эрдэнэ” ХХК-ийн “Төгс супермаркет” дэлгүүрийн борлуулалтын орлогоос 26,497,683,70 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Харин шүүгдэгч Ж.Лгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт заасан буюу “... албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэж хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ж.Л нь “Төгс Амин-Эрдэнэ” ХХК-ийн “Төгс супермаркет” дэлгүүрт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар, ийнхүү ажиллах хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 26,497,683,70 төгрөгийг завшсан нь хохирогчийн мэдүүлэг болон “Цэгц төв Богд Аудит” ХХК-ийн тайлан, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний дүгнэлт зэрэг баримтуудаар тус тус нотлогджээ.

 

Ж.Л нь “Төгс Амин-Эрдэнэ” ХХК-ийн “Төгс супермаркет” дэлгүүрт нягтлан бодогчийн ажлыг хариуцан ажиллаж байхдаа тухайн дэлгүүрийн орлогыг компьютерт бичигдсэн дүнтэй тулган шалгаж кассын ажилтнаас орлогын мөнгийг бэлнээр авсныхаа дараа төв компанийн санхүүгийн “Даймонд” программд нэгтгэн оруулдаг өдөр тутмын ажил үүргийн хувиартай ажилтан байжээ.

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Ж.Лг “... албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу байна.

 

            Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Батцэцэг, С.Пүрэвсүрэн нар нь ажил үүргийнхээ дагуу кассын ажлаа хийж Ж.Лд орлогоо тушаадаг байсан ба “Даймонд” программыг зөвхөн Ж.Л нь ажил үүргийнхээ дагуу ашигладаг ба өөр хүн ашиглах эрхгүй, ашигладдаггүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймээс дээрх гэрч нарыг мөрдөн байцаалтын ажиллагаар шалгуулах талаар өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд прокуророос Ж.Лгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Прокуророос шүүгдэгч Ж.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Ж.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Ж.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Лг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ