| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2018/0806/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 319
М.Мад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Д.Чинзориг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Мад холбогдох .............................. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол овгийн М.М, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ................................. тоотод оршин суух хаягтай,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан; /РД:........................./;
М.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч;
1. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Батцэцэгийн халааснаас “Асус” загварын гар утсыг авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим иргэн Б.Батдэлгэрийн халааснаас “Самсунг эс 5” загварын гар утсыг авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвд иргэн Б.Мандхайгийн халааснаас “Айпоне 7” загварын гар утсыг авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элиганс таун”-ны орчим иргэн Ж.Энхтуяагийн халааснаас “Айпонe 7 плас” загварын гар утсыг авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэжүн” хоолны газарт Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ли Сам Ху-ын халааснаас “Самсунг С-8” загварын гар утсыг авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн орчим иргэн Э.Мандухайгийн куртикний халааснаас “Айпонe 7 плас” загварын гар утсыг авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан
7. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 хорооллын эцсийн автобусны буудал дээр иргэн П.Одончимэгийн халааснаас “Хуавей” загварын гар утсыг авч 559,300 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, нийт 8,159,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Мыг 5 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мад оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Мын урьд цагдан хоригдсон 351 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1705010220332 тоот хэргийг нэгтгэсэн, 201526020849 тоот хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч М.Мыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хулгайн гэмт хэргийг байнга үйлдсэн үү, амьдралын эх үүсвэр болгосон уу гэдгийг тогтоосны дараа 5 үйлдэл үү, 7 үйлдэл үү гэдгийг ярих ёстой байх. Шүүгдэгч М.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэг юм. Үргэлжилсэн үйлдлийг хуульд хуульчилсан. Олон удаагийн үйлдэл гэдгээр нь байнга үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон байна гэсэн байдаг. Цаг хугацааны хувьд шүүгдэгч М.Мын үйлдлүүдийг авч үзвэл эхний үйлдэл нь дараагийн үйлдлүүдээсээ 6 сарын өмнө болсон байдаг. 6 сарын дараа 3 үйлдэл болсон энэ гурван үйлдэл нь хоорондоо 19 хоногийн зайтай. Дахиад сүүлийн үйлдэл нь 3 сарын дараа үйлдэгдсэн байдаг. Ингээд цаг хугацааны хувьд аваад үзэхээр үргэлжилсэн, байнга тогтвортой, амьдралынхаа хэвшил болгосон гэж үзэх боломжгүй юм. М.Мыг гэмт хэрэгт буруутгаж байгаа цаг хугацаанд ажил хийдэг байсан. Барилгын туслах ажил хийж байсан гэх баримт болон түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангахгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо ямар зүйлд зарцуулсанаас үл шалтгаалаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг юм гэж дүгнэсэн. Энэ нь харин ч эсрэгээрээ тухайн орлогоо юунд зарцуулсан амьдралынхаа эх үүсвэр буюу санхүүгийнхээ эх үүсвэрийг бүрдүүлж түүгээрээ амьдарч байсан гэдгийг нотлож тогтоосныхоо дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх ёстой. Гэтэл үүнийг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хамгийн эхний үйлдэл болох хохирогч Батдэлгэрт 250,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг шүүгдэгч М.М үйлдсэн гэх нотлох баримт байхгүй. Сиди бичлэг байдаг боловч тэр бичлэгт тодорхой зүйл байхгүй. Бичлэгт 3 хүн явж байсан байдаг, гэтэл ганцхан М.Мыг яагаад хулгайлсан гэж үзээд байгаа юм бэ. Шүүгдэгч уг хэргийг би хийгээгүй, Батдэлгэрийн халааснаас утсыг аваагүй гэж мэдүүлдэг. Харин Мандхай, Мандухай нарын утсыг хулгайлаад цагдаад баригдаад биет байдлаар хүлээлгэж өгсөн. Тэр хулгайлсан утсаа амьдралынхаа эх үүсвэрт зарцуулах боломж ч байгаагүй нь харагдаж байна. Мөн Солонгос улсын иргэний утсыг цааш нь Төгөлдөр гэх хүн зарж борлуулахаар аваад явсан байдаг. Ингээд шүүгээд үзэхээр Энхтуяа болон Одончимэг нарын утсыг М.М өөрөө зараад мөнгөөр нь бааранд найз охинтойгоо наргиж цэнгэхэд зарцуулсан гэдгээ хэлдэг. Тиймээс үүнийг амьдралын эх үүсвэр болгосон, байнга үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай, тооны хувьд авч үзэхэд 3 дээш бол амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж үзэх юм бол амьдралынхаа эх үүсвэрт зарцуулсан 2 үйлдэл гарч ирдэг. Хамгийн гол нь 7 удаагийн үйлдлээр олсон орлогоо хууль бусаар амьдралынхаа эх үүсвэрт зарцуулсан гэдгийг нотлон тогтоож байж эхний хоёр үйлдлийг гэмт хэрэг үү, зөрчлийн хэрэг үү гэдгийг ялгах учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж байхгүй бол эхний хоёр үйлдэл нь зөрчлийн хуульд заасан зөрчлийн хэргийн шинжийг агуулж байгаа. Тэгээд 5 удаагийн үйлдэл дээр нь хохирол төлбөр байхгүй. Энэ төрлийн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 409 дугаартай тогтоол байдаг үүн дээр тодорхой зааж өгсөн. 2 дахь үндэслэл нь гэвэл мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн цагдан хоригдсон хоногийн асуудал байдаг. М.М анх 2015 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдээд тухайн хэрэг дээр 201 хоног цагдан хоригдсон, сүүлд хулгайн гэмт хэрэгтэй нэгтгэгдээд тэрнээс хойш хулгайн хэрэгт нь дахиад өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа. Нийтдээ хулгайн хэрэгтээ 351 хоног, танхайн хэрэгтээ 201 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Өмнөх танхайн хэрэгт цагдан хоригдсон 201 хоногийг оруулж тооцох байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өөрчилж өгнө үү. Шүүгдэгч М.М нь 5 удаагийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрдөг байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, цагдан хоригдсон нийт хугацаа зэргийг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч 7 үйлдэл биш, 5 үйлдэл гээд байна. 2016 оны 12 дугаар сарын 15, 2017 оны 2 дугаар сарын 24-ний үйлдлүүд нь хохирлын хэмжээ болох 300,000 төгрөгт хүрэхгүй тул зөрчлийн шинжтэй гэж байна. Эдгээр үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдсэн хэргүүд харагдаад байдаг. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд учруулсан хохирол хүрч байдаг тул гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Үргэлжилсэн үйлдлийн хувьд гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн бол үргэлжилсэн үйлдэл гэнэ гээд хуульд заасан байдаг. Дээд шүүхийн тайлбарт байнга гэдгийг 3 буюу түүнээс дээш гэж тайлбар зөвлөмж ирсэн байдаг. Анхан шатны шүүх 2 буюу түүнээс дээш үйлдсэн учраас байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэж дууссан эсвэл таслан зогсоосон үед гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулан тооцно гэсэн байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байна гэж үзээд 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Цагдан хоригдсон 201 хоногийн хувьд өмнөх танхайн гэмт хэрэгт цагдан хоригдож байсан хугацааг хулгайн хэргийн ял эдэлсэн хугацаанд тооцуулах үндэслэлгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Мад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл, М.М нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Батцэцэгийн халааснаас “Асус” загварын гар утсыг авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим иргэн Б.Батдэлгэрийн халааснаас “Самсунг эс 5” загварын гар утсыг авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвд иргэн Б.Мандухайгийн халааснаас “Айпоне 7” загварын гар утсыг авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элиганс таун”-ны орчим иргэн Ж.Энхтуяагийн халааснаас “Айпонe 7 плас” загварын гар утсыг авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэжүн” хоолны газарт Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ли Сам Ху-ын халааснаас “Самсунг С-8” загварын гар утсыг авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн орчим иргэн Э.Мандхайгийн куртикний халааснаас “Айпонe 7 плас” загварын гар утсыг авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 хорооллын эцсийн автобусны буудал дээр иргэн П.Одончимэгийн халааснаас “Хуавей” загварын гар утсыг авч 559,300 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, нийт 8,159,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт болох нь:
Хохирогч Б.Батдэлгэр /хх 43-44, 2хх 94-95/, Т.Батцэцэг /хх 131-132, 2хх 83/, Б.Мандхай /2хх 90, 92-93/, Ж.Энхтуяа /хх 227-229, 2хх 96/, Ли Сам Ху /2хх 42-44/, Э.Мандухай /2хх-17-20, 84/, П.Одончимэг /2хх 196-199, 200-201/,
Гэрч Б.Энхзаяа /хх 133/, Н.Алтаншагай /хх 135-136/, С.Лувсанжамба /хх 45/, Б.Дэлгэрцэцэг /2хх 202-203/, С.Оюунтөр /2хх 204-205/, иргэний нэхэмжлэгч Б.Батбаатар /2хх 218-221, 3хх 23-28/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээнүүд /хх 7, 37, 130, 247, 2хх 27, 45, 162, 3хх 169-170/, зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 38-40/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 88, 89, 151/, М.Мын зарим хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.
Анхан шатны шүүх, М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.
М.Мын өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, Халаасны хулгайн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэст бүртгэлтэй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд М.М нь 2016 оны 12 дугаар сараас үйлдсэн хулгайлах гэмт хэргүүд нь тоо, цаг хугацааны хувьд байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангаж байх тул 7 удаагийн гэмт хэргийг “... байнга, тогтвортой шинжтэй, гэмт хэрэг үйлдсэн хүний амьдрал, зан төлөвт нь хэвшсэн ...” гэж дүгнэх үндэслэлтэй байх тул зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан өмгөөлөгч Д.Чинзоригийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал, давтан гэмт хэргийн тухай ойлголтыг халсан боловч урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан нь ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдалд тооцогдоно.
Харин анхан шатны шүүх, М.Мын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан танхайрах гэмт хэрэгт цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд М.Мын 201726020861 дугаартай “хулгайлах” гэмт хэргийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 99 дүгээр пркурорын тогтоолоор 201526020849 дугаартай “танхайрах” гэмт хэрэгт нэгтгэж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 496 дугаар прокурорын тогтоолоор “танхайрах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байх бөгөөд нэгтгэсэн хэрэгт өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцоогүй нь буруу байх тул шүүгдэгч М.Мын цагдан хоригдсон 552 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.Мын “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” талаар өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Мын урьд цагдан хоригдсон 351 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Мын урьд цагдан хоригдсон 552 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ