Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 686

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: П-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А нарт холбогдох

7 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

П.О-д холбогдох 4 157 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч П.О, түүний өмгөөлөгч Д.Н,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Г нар оролцов. 

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С, Б.А нар 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Нийтийн худалдааны 3-1 лангууг надад 4 000 000  төгрөгөөр зарсан. 9 сард нэр дээр чинь болгож өгнө гэсэн. Гэвч хэлсэн ёсоор болгож өгөөгүй, хүний лангууг надад зарж залилан хийсэн. Үйл ажиллагаагаа явуулж байтал Нийтийн худалдааны төвийн Ариунаа дарга 2018 оны 01 дүгээр сарын 03-нд лангуугаа хурааж авсан. 4.9%-ийн хүүтэйгээр ББСБ-иас зээл аваад Амартайваны ээж Саранчимэгт 3 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, 1 000 000 төргөгийг дараа нь бэлнээр өгсөн. Ингээд өгсөн 4 000 000 төгрөгөө хүү 3 000 000 төгрөгийн хамт буюу 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Лангуу аваагүй бол хүү төлж хохирохгүй байсан. Тухайн лангуу нь Хас мандал ХХК-ийн Нийтийн худалдааны төвийн өмчлөлийн лангуу байсан. Хэрэв лангууны гэрээг миний нэр дээр шилжүүлсэн бол би ингэж хохирохгүй байсан. Лангууг хариуцагч нараас худалдаж авсан болохыг хүмүүс гэрчилсэн. 

Би хариуцагчийн нэхэмжилж байгаа 3 657 500 төгрөгийг өгөхгүй. Учир нь би барааг худалдаж аваагүй, харин зараад өгье гэж авсан, тэр бараа нь зарагдаагүй болохоор төлөх ямар ч боломжгүй. Хажуу өөрөө түрээслэсэн 500 000 төгрөгийн хувьд 360 000 төгрөг өгсөн. Одоо 140 000 төгрөг дутуу байгаа. Үүнийгээ өгнө. Байранд 5 сар л суусан гэв.

 

Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П.Огаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн барааны үнэ 3 657 500 төгрөг, 7 сар хажуу өрөө түрээсэлсний үлдэгдэл хөлс 500 000 төгрөг, нийт 4 157 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ч.С, Б.А болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгдмэл байдлаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.С нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч П.Од нийт 3 657 500 төгрөгийн үнэтэй бараа хүлээлгэн өгсөн ба 2016 оны 11 дүгээр сарын дундуур П.О нь барааны үнэнд 3 000 000 төгрөгийг дансаар авсан. Мөн П.О нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ч.Сийн хажуу өрөөнд сарын 100 000 төгрөгийн хөлсөөр амьдарч байсан бөгөөд 7 сарын хугацаанд амьдрахдаа байрны хөлсөнд нийт 200 000 төгрөг л өгсөн, үлдэгдэл 500 000 төгрөгийг өгөөгүй. Огийн хувийн өмчид лангуу зарна гэж огт ярилцаагүй болно. Тохиролцож зарсан барааны мөнгө авсан болохоос лангуу зарсан мөнгө Огаас аваагүй. 

О нь С-тэй уулзаж бараа материалыг нь зах зээлийн үнээр худалдаж аваад тухайн лангууг цааш үргэлжлүүлэн түрээслэе гэж харилцан тохиролцсон. Талууд хоорондоо 2016 оны 11 дүгээр сарны 07-ний өдөр бараа материалыг нэг бүрчлэн тоолж, гарын үсэг зурж лангуугаа хүлээн авсан байдаг. О нь бараа материал худалдан авсан үнийг тухайн үед гаргаж өгөөгүй. О нь 2016 оны 12 сард Жавзмаагаас 1 000 000 төгрөгийг зээлж аваад хариуцагч Саранчимэгт бэлнээр өгсөн гэдэг нь худал. Энэ нь гэрч Жавзмаагийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.  Лангууны өмчлөгч нь Хасу мандал ХХК, түрээслэгч нь гэрээгээрээ О.Баярсайхан байсан боловч Саранчимэг, Амартайван нар ажиллуулж байсан дээр маргахгүй.

С нь бараа материалын үнэ 3 657 500 төгрөг, 5 сарын түрээс 500 000 төгрөгийг, нийт 4 157 500 төгрөгийг хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна.  

Баримт нь байгаа учир О-гаас барааны үнэд 3 130 000 төгрөг авсантай маргахгүй гэв. 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Бараа хүлээлцсэн баримт /хх-н 17, 35-р тал/

- Нэхэмжлэгчийн бусдаас зээл авч байсантай холбоотой гэрээ, дансны хуулга /хх-н 23-26,36, 124-125/

- Гэрч Ү.О, Т.Ж, П.Ц, П.О, О.Б, П.С /хх-н 38-48, 118-119, 132-135-р тал/,

- Хариуцагч нарын ХААН банк дахь дансы хуулга /хх-н 60-100-р тал/.

 

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ч.С, Б.А нарт холбогдуулан үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, уг өгсөн төлбөрт тооцсон хүү 3 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ч.С нь нэхэмжлэгч П.Од холбогдуулан барааны үнэ 3 657 500 төгрөг, орон сууц хөлсөлсний хөлс 500 000 төгрөг, нийт 4 157 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. 

Б.О нь барааны үнийг төлөх үндэслэл байхгүй, барааг зарж өгөх гэж хүлээн авсан, орон сууцны өрөө хөлсөлний төлбөрт 140 000 төгрөг төлнө гэж, хариуцагч нар нь лангууг худалдаагүй учир үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Нэхэмжлэгчээс 3 130 000 төгрөгийг банк дахь дансаар хариуцагч тал хүлээсэн авсан, хариуцагч талаас барааг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  тухайн үеийн ханшаар 3 657 500 төгрөгөөр үнийг нь тооцон Б.О тоолж хүлээн авсан, Б.С-ийн орон сууцны хажуу өрөөг Б.О хөлсөлж байсан, маргаж буй лангууг зохигч харилцан шилжүүлэхэд тухайн лангууны өмчлөгч нь хариуцагч нар биш байсан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбаруудаар тогтоогдсон байна. 

Шүүхийн зүгээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахаар шийдвэрлэв. 

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 

Маргаж буй Нийтийн худалдааны төвийн 3-1 тоот лангуу буюу худалдааны үйлчилгээний зориулалттай талбайг гэрч О.Б нь Хасу мандал ХХК-иас түрээслэхээр гэрээ байгуулсан боловч гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр лангууг Ч.С, Б.А болон П.О нар дамжуулан түрээслэн ажиллуулсан, ажиллуулах хугацааныхаа түрээсийн төлбөрүүдийг өөрсдөө хариуцан түрээслэгч байгууллагад төлж байжээ.  

Одоо нэхэмжлэгч нь тухайн лангууг хариуцагч талаас худалдан авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал нь зөвхөн өмчлөгч этгээд байхаар заасан байдаг. Гэтэл талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбар, гэрч О.Б-ны мэдүүлэг зэргээр Ч.С, Б.А нарын зүгээс П.Од лангууг шилжүүлэх үед лангууг өмчлөх эрх хариуцагч нарт байхгүй байсан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч талаас гаргасан лангуу худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэх мэтгэлцээний байр суурийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар няцаагаагүй, энэ талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг нь дамжмал байдлаар авагдсан мэдээлэл дээр тулгуурласан, үйл баримтыг шууд заагаагүй тул мэдүүлгүүдийн лангууг П.О худалдан авсан гэх хэсгүүдийг үнэлэхгүй орхих нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нарын түрээслэж байсан лангууг хүлээн авч үргэлжлүүлэн түрээсийн журмаар ашигласан байна. 

Иймд хариуцагч тал нь лангууг худалдах өмчлөгчийн эрхгүй байснаас гадна тухайн лангуу нь бусдын өмчлөлд байсан, лангуу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байх учир Ч.С, Б.А болон П.О нарын хооронд лангуу худалдах-худалдан авахтай холбоотой үүргийн харилцаа үүсээгүй байна. 

Өгсөн дүгнэлтийн хүрээнд лангуу худалдах-худалдан авах харилцаанаас үүдэлтэй төлбөр, хүүгийн хохиролд нэхэмжилсэн үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг хариуцагч тал хариуцах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

Лангууг худалдан авсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж байгаа бөгөөд түрээсийн гэрээтэй лангууг зохигч нь харилцан шилжүүлсэн нь ямар үр дагавартай эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй байна. 

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэх байр суурийг илэрхийлсэн боловч хариуцагч талаас барааг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  тухайн үеийн ханшаар 3 657 500 төгрөгөөр үнийг нь тооцон бодитоор тоолж хүлээн авсан, барааг хүлээн авахдаа үнийг тухайн үедээ зөвшөөрсөн, хэргийн 35 дугаар талд авагдсан 3 657 500 төгрөгийн бараа хүлээн авсан гэх баримтыг бараа хүлээлцэх үед 2 хувь үйлдэж, гарын үсэг зурсан гэдэг дээрээ маргаагүй. Ийнхүү бараа хүлээн авснаасаа хойш 3 130 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн байна. Энэ үйл баримтуудад үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 3 657 500 төгрөгийн барааг худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэгчийн төлсөн 3 130 000 төгрөгийг хасч тооцон үлдэх барааны үнэ 527 500 төгрөгийг хариуцагч Ч.Ст олгох нь зүйтэй. Барааг зарагдах болгонд үнийг хариуцагч талд шилжүүлсэн гэх байр сууриа нэхэмжлэгч нь нотлоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүлээн авсан барааны үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргасан боловч үнэлүүлэх барааны зарим хэсэг нь бусдад зарагдсны улмаас одоо тэдгээр эд зүйлсийг  үнэлэх боломжгүй болсон, одоо ямар хэмжээний бараа үлдээд байгаа нь ойлгомжгүй зэргийг харгалзан шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино. 

 

Хариуцагч Ч.Сийг орон сууцны хажуу өрөөг П.О 1 сарын 100 000 төгрөгийн хөлстэйгээр хөлсөлж байсан гэдэг дээр талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч тал нь 5 сар амьдарсан, төлбөрт 360 000 төгрөг төлсөн, хариуцагч тал нь 7 сар амьдарсан, төлбөрт 200 000 төгрөг төлсөн гэх тайлбаруудыг өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчим, хэргийн оролцогчийн эрх, үүрэг зэргийг харгалзан нэхэмжлэгчийг хариуцагч Ч.Сийн орон сууцны  хажуу өрөөг 5 сарын хугацаатай хөлсөлж амьдарсан, ингэхдээ төлбөрт 200 000 төгрөгийг төлсөн гэж үзэн орон сууцны хөлсөнд нэхэмжилсэн 500 000 төгрөгөөс 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, төлөгдөөгүй хөлсөнд 300 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй. 

 

Иймд хариуцагч Ч.Сийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 330 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барааны үнэ 527 500 төгрөг, орон сууц хөлсөлний хөлсөнд 300 000 төгрөг, нийт 827 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч Ч.Ст олгохоор шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно. 

Талуудаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжуудыг төсөвт хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн  243  дугаар  зүйлийн  243.1, 302  дугаар  зүйлийн  302.1,  219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.С, Б.А нараас 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

нэхэмжлэгч П.Огаас 827 500 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Ст олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 330 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөг, хариуцагч Ч.Сээс төлсөн 81 470 төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус хэвээр үлдээж, П.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 25 475 төгрөг гаргуулан Ч.Ст олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ