Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         П.Огийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/00686 дугаар шийдвэртэй

П.Огийн нэхэмжлэлтэй

Б.А, Ч.С нарт холбогдох

7 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

4 157 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, хариуцагч нарын төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Ч.С, Б.А нар 2016.11.15-нд нийтийн худалдааны төвийн 3-1 тоот лангууг надад 4 000 000 төгрөгөөр зарсан. 9 сард нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн боловч хэлсэн ёсоор шилжүүлж өгөөгүй, хүний лангууг надад зарж залилан хийсэн. Үйл ажиллагаагаа явуулж байтал нийтийн худалдааны төвийн А дарга 2018.01.03-нд лангуугаа хурааж авсан. 4,9 хувийн хүүтэйгээр ББСБ-аас зээл аваад А-ы ээж С-гт 3 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, 1 000 000 төгрөгийг дараа нь бэлнээр өгсөн. Ингээд өгсөн 4 000 000 төгрөгөө хүү 3 000 000 төгрөгийн хамт буюу 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Лангуу аваагүй бол хүү төлж хохирохгүй байсан. Тухайн лангуу нь Хасу мандал ХХК-ийн нийтийн худалдааны төвийн өмчлөлийн лангуу байсан. Лангууг хариуцагч нараас худалдаж авсан болохыг хүмүүс гэрчилсэн. Би хариуцагчийн нэхэмжилж байгаа 3 657 500 төгрөгийг өгөхгүй. Учир нь би барааг худалдаж аваагүй, харин зараад өгье гэж авсан. Тэр бараа нь зарагдаагүй болохоор төлөх ямар ч боломжгүй. Хажуу өрөө түрээсэлсэн 500 000 төгрөгийн хувьд 360 000 төгрөг өгсөн. Одоо 140 000 төгрөг дутуу байгаа. Үүнийгээ өгнө. Байранд 5 сар л суусан.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: “Нэхэмжлэгч П.Огаас 2016.11.07-ны өдөр хүлээлгэн өгсөн барааны үнэ 3 657 500 төгрөг, 7 сар хажуу өрөө түрээсэлсэний үлдэгдэл хөлс 500 000 төгрөг, нийт 4 157 500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ч.С нь 2016.11.07-ны өдөр нэхэмжлэгч П.Од нийт 3 657 500 төгрөгийн үнэтэй бараа хүлээлгэн өгсөн ба 2016.11 сарын дундуур П.О нь барааны үнэнд 3 000 000 төгрөгийг дансаар өгсөн. Мөн П.О нь 2016.12.06-2017.08.01-ний өдөр хүртэлх хугацаанд Ч.Сийн хажуу өрөөнд сарын 100 000 төгрөгийн хөлсөөр амьдарч байсан бөгөөд 7 сар амьдрахдаа байрны хөлсөнд нийт 200 000 төгрөг л өгсөн, үлдэгдэл 500 000 төгрөгийг өгөөгүй. П.Од лангуу зарна гэж огт ярилцаагүй болно. Тохиролцож зарсан барааны мөнгө авсан болохоос лангуу зарсан мөнгө П.Огаас аваагүй. П.О нь Ч.Стэй уулзаж бараа материалыг нь зах зээлийн үнээр худалдаж аваад тухайн лангууг цааш үргэлжлүүлэн түрээслэе гэж харилцан тохиролцсон. Талууд 2016.11.07-ны өдөр бараа материалыг нэг бүрчлэн тоолж гарын үсэг зурж лангуугаа хүлээлцсэн байдаг. П.О нь бараа материал худалдан авсан үнийг тухайн үед гаргаж өгөөгүй. П.О нь 2016.12 сард Ж-гаас 1 000 000 төгрөгийг зээлж аваад хариуцагч Ч.Ст бэлнээр өгсөн гэдэг нь худал. Энэ нь гэрч Ж-ийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Лангууны өмчлөгч нь Хасу мандал ХХК, түрээслэгч гэрээгээрээ О.Б байсан боловч Ч.С, Б.А нар ажиллуулж байсан дээр маргахгүй. Ч.С нь бараа материалын үнэ 3 657 500 төгрөг, 5 сарын түрээс 500 000 төгрөг, нийт 4 157 500 төгрөгийг нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна. Баримт нь байгаа учир П.Огаас барааны үнэнд 3 130 000 төгрөг авсантай маргахгүй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/00686 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.С, Б.А нараас 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Огаас 827 500 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Ст олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 330 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хурааамжид төлсөн 126 950 төгрөг, хариуцагч Ч.Сээс төлсөн 81 470 төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус хэвээр үлдээж, П.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 25 475 төгрөг гаргуулан Ч.Ст олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 686 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 686 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал нь зөвхөн өмчлөгч этгээд байхаар заасан байдаг. Тухайн лангуу нь бусдын өмчлөлд байсан. Ч.С, Б.А болон П.О нарын хооронд лангуу худалдах-худалдан авахтай холбоотой үүргийн харилцаа үүсээгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол улсын Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарын /2015 он/ 486 дугаар хуудсанд “б. Худалдах хөрөнгө гэрээ байгуулах үед заавал худалдагчийнх байх ёсгүй бөгөөд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Худалдагч нь үүнийг хэрхэн гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэж чадах эсэхийг дангаар хариуцна. ...в.Худалдагч гэрээ байгуулах үед гуравдагч этгээдийнх байгаа эд юмсыг худалдаж болох уу?... Боломжтой. Учир нь худалдагч, худалдан авагч нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд огт нөлөөлөхгүй. Худалдсан эд зүйлийг олж аван худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх нь дангаар худалдагчийн хариуцах асуудал байдаг.” гэжээ. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ Ч.С, Б.А болон П.О нарын хооронд байгуулагдсан байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 686 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...мэдүүлгүүдийн лангууг П.О худалдан авсан гэх хэсгүүдийг үнэлэхгүй орхих нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хариуцагч Ч.С, Б.А нар нь тухайн лангууны өмчлөгч биш учраас худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэн лангууг П.О худалдан авсан гэдгийг нотлох бичгийн нотлох баримт, мэдүүлгүүдийг үнэлэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн 686 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:... Нэхэмжлэгч нь ...хариуцагч талаас барааг 2016 оны 11 сарын 07-ны өдөр тухайн үеийн ханшаар 3 657 500 төгрөгөөр үнийг нь тооцон ... хүлээн авсан, ... барааг зарагдах болгонд үнийг хариуцагч талд шилжүүлсэн гэх байр сууриа нэхэмжпэгч нь нотлоогүй болно.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал хариуцагчийн хүлээлгэн өгсөн 3 657 500 төгрөгийн бараанаас А өөрөө 105 000 төгрөгийн, ээж С нь 80 000 төгрөгийн, Б.Аы эмэгтэй дүү 75 000 төгрөгийн барааг тус тус лангуун дээр нь ирж П.Огаас авсан талаархи тайлбар болон бусад бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад үнэлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүлээн авсан барааны үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргасан боловч одоо ямар хэмжээний бараа үлдээд байгаа нь ойлгомжгүй ... харгалзан шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь зарж өгье гээд авсан барааны бодит үнийг тогтоолгож барааны үлдэгдлийг үнэн зөвөөр гаргаж ирснээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох байтал шүүх хүсэлтийг хэрэгт хамааралтай эсэхийг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүхийн 686 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...нэхэмжпэгч тал нь 5 сар амьдарсан, төлбөрт 360 000 төгрөг төлсөн, хариуцагч тал нь 7 сар амьдарсан, төлбөрт 200 000 төгрөг төлсөн гэх тайлбаруудыг өгсөн тул ... нэхэмжлэгчийг хариуцагч Ч.Сийн орон сууцны хажуу өрөөг 5 сарын хугацаатай хөлсөлж амьдарсан, ингэхдээ төлбөрт 200 000 төгрөгийг төлсөн” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд харилцан зөрүүтэй байхад ямар нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч П.Ог түрээсийн төлбөрт 200 000 төгрөг төлсөн гэж дүгнэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 686 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.О 2018.03.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.А, Ч.С нараас лангууны үнэ 4 000 000 төгрөг, хохирол 3 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг шаардсан байна. /хх-1/

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх-15/, сөрөг нэхэмжлэл гаргаж /хх-50/ нэхэмжлэгчээс 4 157 500 төгрөг шаарджээ. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. /хх 56-58/

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 827 500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2016.11.07-нд нийтийн худалдааны төвийн лангуу болон хавтаст хэргийн 17, 35 дугаар хуудсанд авагдсан баримтад заасан барааг хариуцагч Б.А, Ч.С нар нь нэхэмжлэгч П.Од шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх лангууг нийтийн худалдааны төв өөр хүнд түрээслэсэн тул П.О нь тухайн лангууг авахаар хариуцагч нарт шилжүүлсэн гэх 4 000 000 төгрөг болон хохирол 3 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд лангуу худалдах-худалдан авахтай холбоотой үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэн Б.А, Ч.С нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хариуцагч тал нь лангууг худалдах өмчлөгчийн эрхгүй байснаас гадна тухайн лангуу нь бусдын өмчлөлд байсан, лангуу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

 

Маргааны зүйл болох лангууг түрээслэсэн түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй, Б.А, Ч.С нар П.Од лангууг шилжүүлэх үед тухайн лангуу хэний эзэмшилд байсан нь тодорхойгүй байхад зөвхөн талуудын тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Мөн шийдвэрийн “Лангууг худалдан авсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж байгаа бөгөөд түрээсийн гэрээтэй лангууг зохигч нь харилцан шилжүүлсэн нь ямар үр дагавартай эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй байна” гэх дүгнэлт ойлгомжгүй, хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 152 425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/00686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.Огаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152 425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

     ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БЯМБАСҮРЭН