Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00311

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2018/00311

                            Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, И

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум,  “Э” ХХК. Захирал А-д холбогдох

            13 924 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.И , А.С  , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э , хариуцагч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.И , А.С   нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны зун Сэлэнгэ аймгийн урд сумдаар бороо хур ороогүйн улмаас сүүлийн 50-60 жилд болоогүй ган гачиг болж Мандал сумын иргэд ургацын болон хадлан өвсний хохирол амссан. Иймд манай сумын иргэд хадлан өвсөө өөр аймаг, сумдын нутгаас бэлдэж, худалдан авсны нэг адил бид интернетээс зар харж байгаад 1 боодол өвс 3 000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу Б.А гэх эмэгтэйтэй утсаар холбогдсон юм. Миний хувьд мэдээлэл авах зорилгоор л холбогдсон, гэтэл энэ хүн араас дахин дахин ярьж сайхан амлалт өгч итгэл үнэмшил төрүүлсэн бөгөөд өөрийн биеэр Орхон аймгаас манай суманд ирж өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөө урьдчилгаа 50 хувь буюу 5 250 000 төгрөгийг Б.А-н дансанд хийх үүргийг бид хүлээсэн тул Ц.Л гэдэг танил ахаас 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.А-н дансанд 5 250 000 төгрөг шилжүүлсэн болно. Бидний авах өвс нь манайх болон аавынх гэсэн 2 айлын малд зориулагдах тэжээл байсан бөгөөд Б.А нь гэрээний үүргээ үл биелүүлснээс 2 айлын өвлийн бэлтгэл ажлыг алдагдуулж, өр ширэнд оруулан сэтгэл санааны хүнд дарамтанд байлгалаа. Бид 2017 оны 10 дугаар сараас 12-р саруудад орон нутгийн зах зээлийн ханшаар 1 боодол өвсийг 6 500-7 000 төгрөгөөр худалдан авч байсан бол 2018 оны 01 дүгээр сараас өвсний үнэ нэмэгдэж одоо 1 боодол өвсийг 8 000 төгрөгөөр авч байна. Бид амаар ч, бичгээр ч өвсийг бэлтгэн нийлүүлэгч тал Мандал суманд хүргэж өгөхөөр тохиролцсон, гэрээ байгуулах үед ч түүнээс хойш ч энэ талаар ямар ч маргаангүй байсан юм. Бодит амьдрал дээр сарын өмнө урьдчилгаа мөнгийг нь өгөөд өвсийг газар дээрээс нь буюу 200 гаруй км-с өөрөө очиж авна гэж байхгүй, урьдчилгаа мөнгө өгч байгаагийн гол утга учир бол бэлтгэн нийлүүлэгч тал өвсийг худалдан авагчийн орон нутагт бэлэн хүргэж өгөх явдал юм. Бэлтгэн нийлүүлэх гэрээнд энэ талаар маш тодорхой тусгасан. Тухайлбал: Гэрээний 5.2-д Бэлтгэн нийлүүлэгч бараа бүтээгдэхүүнийг бэлэн болсны дараа сарын дотор ачуулна. 5.3-д Тээврийн хэрэгслийн төрөл ачааны машин, 5.5-д ачих барааг нийлүүлэгч тал хариуцна. 5.6-д Барааны тээвэрлэлтийг бэлтгэн нийлүүлэгч тал хариуцна. Үүнд: “Э” ХХК-ны менежер Б.Б (0) биечлэн хариуцна. 5.7-д Бэлтгэн нийлүүлэгч тал тээврийн хөлсийг боодол тутамд 1000 ₮-т багтаах үүрэг хүлээнэ гэж тус тус тодорхой заасан байгаа. Гэтэл гэрээний 5.1-д заасан ачаа хүлээн авах газар Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очиж тоолж хүлээж авна гэсэн заалтаар гэрээний агуулгыг мушгин гуйвуулж өвсийг Мандал суманд хүргэж ирэх үүрэг хүлээгээгүй гэж маргаж байгаад гомдолтой байна. Энэ нь гэрээний утга санааг зориуд алдагдуулж гэрээний үүрэг биелүүлээгүйн хариуцлагаас мултрах гэсэн оролдлого гэж үзэж байна. Э.И  миний бие гэрээний 5.1 дэх заалтын дагуу 2017 оны 10 дугаар сарын эхээр Хушаат суманд очиж өвсний чанар байдал, хичнээн боодол өвс бэлэн байгаа талаар үзэж танилцсан. Гэрээнд зааснаар өвсний тээвэрлэлтийг хариуцах “Э” компаний менежер Бээжинтэй уулзахад гэрээний талаар тодорхой ойлголтгүй, Б.А эгч Зүүн хараа руу 1 хүнд хэдэн боодол өвс өгнө гэж хэлж байсан” гэхээс өөр зүйл мэдэхгүй байсан ба гэрээний тухай огт мэдээлэлгүй байсан. Үүнээс үзэхэд “Э” ХХК-ны захирал Б.А нь анхнаасаа л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар анхаараагүй нь тодорхой байна. Иймд гэрээний 7.1-д зааснаар өвс бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний нөхцлийг зөрчсөнөөс учирсан бүх хохирлыг “Э” ХХК түүний захирал Б.Амаржаргалаас дараах байдлаар нэхэмжилж байна. Бэлтгэн нийлүүлэгч тал буюу “Э” ХХК-нь 1 боодол өвсийг 3 500 төгрөгөөр, тээврийн зардлыг 1 боодол өвсөнд 1 000 төгрөгөөр тооцож бүгд 4 500 төгрөгөөр 3 000 боодол өвсийг Э.И  надад бэлдэж хүргэж ирэх үүргээ биелүүлээгүйн хохиролыг бид зөвхөн урьдчилгаанд өгсөн 5 250 000 төгрөгний үүрэг биелүүлээгүй нөхцөлөөр тооцоход 5 250 000 төгрөгөнд 1 боодол өвсийг 4 500 төгрөгөөр үнэлж бодоход 1 167 боодол өвс авах байсан ба Мандал суманд одоогийн зах зээлийн ханшаар буюу 8 000 төгрөгөөр худалдан авахад зөрүү 3 500 төгрөг (1 боодол өвсний), 1167x3500=4 084 500 төгрөг, бид Б.А-д өвсний мөнгө өгөхдөө Ц.Л ахаас 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн ба А.С   миний бие 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авч Ц.Лхагвадоржид гэрээний дагуу буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээл болон зээлийн хүүнд нийт 7 440 000 төгрөг төлсөн. Иймд хүү төлсний 1 440 000 төгрөгийг “Э” ХХК-наас нэхэмжлэх, Гэрээний 7.4-д зааснаар гэрээний үүрэг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэний алдангийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж буй 2018 оны 02 дугаар 01-нийг хүртэл 4 сар буюу 120 хоногоор тооцож 5 250 000*0,5* 120хоног=3 150 000 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжилнэ. Иймд урьдчилгаанд өгсөн 5 250 000 төгрөг дээр үүрэг биелүүлээгүйн хохиролд 4 084 500 төгрөг, 1 440 000 төгрөг, 3 150 000 төгрөг бүгд 13 924 500 төгрөгийг “Э” ХХК-с гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “Э” ХХК-ний захирал Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Э.И тэй хийсэн бэлтгэн нийлүүлэх гэрээний үнийн дүнг 5 250 000 төгрөгөөр 3 000 боодол өвс нийлүүлэхээр тохиролцож, өвсийг бэлтгэж хүлээлгэн өгөхийн өмнө өвсийг ирж үзээд авах машин тээврээ зохицуулахаар яваад тээврийн асуудлаа шийдэж чадаагүй өнөөг хүрсэн. Бэлтгэсэн газраа өвс байгаа тул өвсийг нь хадгалсаар байгаа болно. Энэхүү нэхэмжилсэн 13 924 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгалийн олон удаагийн цас шуурганаас болж давагдашгүй байдлыг үндэслэн өдийг хүртэл өвс татаж чадаагүй  иймд 5 250 000 төгрөгийг алдангийн хамт төлнө гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.И , А.С   нар нь хариуцагч “Э” ХХК-аас 13 924 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч “Э” ХХК-ний захирал Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу урьдчилгаанд авсан 5 250 000 төгрөгийг алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, гарсан хохиролыг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан 3000 ширхэг боодол, тус бүр нь 20 кг өвсийг нэг бүрийг нь 3500 төгрөгөөр нийт 10 050 000 төгрөгөөр худалдаж авах, бүтээгдэхүүний 50 хувийн үнийн дүн болох 5 250 000 төгрөгийг худалдан авагч гэрээ байгуулснаар 1 хоногийн дотор төлж, барааг ачиж ирснээр үлдэгдэл 5 250 000 төгрөгийг төлөх, буулгах барааг хүлээн авагч, ачих барааг нийлүүлэгч тал хариуцах, барааны тээвэрлэлтийг бэлтгэн нийлүүлэгч тал менежер Б.Б хариуцах, 2017 онд бэлтгэсэн, хуурай, бороггүй, шивээгүй байх шаардлага хангасан өвсийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 5-9/

             Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа 5 250 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.А-н 423005935 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, талуудын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч мөнгийг хүлээж авсан талаар маргахгүй байна./хх-10/

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очиж өвсний чанар байдал, хичнээн боодол өвс бэлтгэж байгаа талаар үзэж танилцсан. Хариуцсан менежер Бээжинтэй уулзахад гэрээний талаар ойлголтгүй, хэдэн өвс өгнө гэсэн зүйл хэлсэн. Хариуцагч анхнаасаа л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй энэ талаар анхаараагүй болох нь харагддаг. Иймд урьдчилгаанд өгсөн үндсэн мөнгө 5 250 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 120 хоногийн алданги 3 150 000 төгрөг, өвсний үнэ төлөхдөө Ц.Лхагвадоржоос 6 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан түүний хүү 1 440 000 төгрөг, 5 250 000 төгрөгөөр 1167 боодол /4 500 төгрөгөөр тооцож/ өвс худалдан авах байсан бөгөөд 8 000 төгрөгөөр худалдан авсны зөрүү 4 084 500 төгрөг нийт 13 924 500 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Хариуцагч өвс бэлтгэсэн одоо ч гэсэн газар дээрээ байгаа, нэхэмжлэгч өвсийг авчирч өгөх үүрэгтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би 1 000 төгрөгт машин олж өгье гэсэн болохоос тээвэрлэж хүргэнэ гэж хэлээгүй, энэ талаар тохироогүй, хамаатныхаа нотариатчаар гэрээг батлуулсан. Гэрээний 5.1-д Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очиж тоолж хүлээн авна гэж заасан байгаа тул үндсэн мөнгийг алдангийн хамт төлнө гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй Эийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах Этэй.

Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн, өвс бэлтгэсэн газарт очиж чанар байдлыг үзсэн байх бөгөөд үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна. /хх 21-22, 55-56/

Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний 7.1-д гэрээний нөхцлийг зөрчсөн буруутай тал нөгөө талдаа учирсан бүх хохиролыг барагдуулахаар харилцан тохиролцсон, гэрээг талууд хүлээн зөвшөөрч нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаа төлбөр 5 250 000 төгрөг, урьдчилгаа өгөхөөр зээлсэн зээлийн гэрээний хүүний төлбөр 1 440 000 төгрөг, гэрээний 7.4-т заасан алданги 2 625 000 төгрөг нийт 9 315 000 төгрөгийг хангаж, 4 609 500 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч “Э” ХХК-ний захирал Б.А-д шилжүүлсэн 5 250 000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч А.С   /Э.И ы гэр бүл/ нь Ц.Лхагвадоржтой зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээллэсэн, зээлийн хүү болон үндсэн төлбөрийг цалингийн зээлээр төлсөн болох нь  цалингийн зээлийн гэрээ, иргэд хоорондын зээлийн гэрээ, А.Солонгын Төрийн банкны болон Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгаар тус тус нотлогдож байх тул хүүний төлбөр 1 440 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. /хх-31,12-19/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул анзын хэмжээг хуульд нийцүүлэн 2 625 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нар нь 5 250 000 төгрөгөөр 1167 боодол өвс авах бөгөөд /гэрээний үнэ, тээвэрлэлтийн үнэ/ одоогийн зах зээлийн ханшаар 8 000 төгрөгөөр худалдан авах зөрүү 4 084 500 төгрөгийг гаргуулна гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн хэлэлцүүлэгт өвс 6 500-7 000 төгрөг болсон он гараад 8 000 төгрөгт хүрсэн гэж, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай албан тоот нь бичиг хэргийн шаардлага хангаагүй, албан бланк дээр хэвлэгдээгүй байх тул шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэв. Мөн 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тухайн орон нутагт зарагдсан өвсний үнийг 8 000 төгрөгөөр үнэлэх үндэслэлгүй байх тул энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 227 573 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-с 163 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.И , А.С   нарт олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 9 315 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.И , А.С   нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 609 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 573 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас 163 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.И , А.С   нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах Этэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ