Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0067/З |
Дугаар | 31 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 31
Иргэн Д.Занабаатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Д.Занабаатар, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэгшжаргал, гуравдагч этгээд Д.Оюунхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0719 дүгээр магадлалтай, Д.Занабаатарын нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.Оюунхандын бие даасан шаардлагатай, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрээр 1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Занабаатарын “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.Занабаатар надад олгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсэг хүчингүй болохыг дурджээ.
3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.Занабаатарын нэр дээр олгосон, нэгж талбарын 18642307493405 дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0719 дүгээр магадлалаар 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Занабаатараас Байгаль орчин, ногоо хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.Занабаатарт олгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгосон байна.
2. Шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 болгон, 4 дэх заалтын дугаарын 3, 5 дахь заалтын дугаарыг 4 болгон тус тус өөрчилжээ.
Гуравдагч этгээд Д.Оюунхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргалаа. Д.Занабаатарын гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.3анабааатарт олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслээ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн дагуу эзэмших эрх үүссэн гэж үзжээ. Энэ захирамжаар Д.Занабаатар “Соёмбот 2-1б хаягт эзэмших эрх олж авсан боловч ХУД-ийн өмч газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, ХУД-ийн Засаг даргын 2015 сарын 06 сарын 29-ний өдрийн А/209 тоот захирамжаар уг захирамж хүчингүй болсноор Д.Занабаатарын газар эзэмших эрх дуусгавар болжээ. Энэхүү захирамжийн хууль зүйн үндэслэл нь Тусгай хамгаалалтын газарт иргэдэд газар эзэмших эрх олгохоор шийдвэр гаргах эрх бүхий субьект биш байжээ гэж үзсэн байна. Тухайн захирамжийн өөрт холбогдох хэсэгт Д.3анабаатар гомдол гаргаагүй байх тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Харин маргаан бүхий газрыг Д.Занабаатар бодитоор эзэмшиж байсан бол үргэлжлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ гаргах байсан. Гэтэл Д.3анабаатар ямар нэг өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Тухайн үед зураг радиогоор 11-р хороонд хангалттай сурталчилж, БОАЖЯ сайд Д.Оюунхорол өөрийн биеэр ирж уулзаж байсан. 11-р хорооны Засаг дарга Д.Занабаатарт тодорхойлолт өгөөгүй нь хуулийн бүрэн үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр, Д.Занабаатар Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхээ Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн дагуу баталгаажуулаагүй нөхцөлд тухайн газар эзэмших эрхийн маргаан үүсгэх эрх зүйн боломжгүйг давж заалдах шатны шүүх нягтлан үзэж, дүгнэлт хийгээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий харилцаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Харин Захиргааны хэргийн хэргийн давж заалдах шатны шүүх Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн дагуу үүсэх харилцаанд хамааралгүй, хүчингүй болсон актыг үндэслэж, Д.Занабаатарын хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснээрээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байна.
2. Шүүх Д.Занабаатар, Д.Оюунханд нарын эзэмшиж буй газар давхцаж байгаа гэсэн дүгнэлтийг хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүйн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтыг зөрчжээ. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар Д.Занабаатар маргаж байгаа хаягт хэзээ ч бүртгэлтэй байгаагүй, харин гуравдагч этгээд Д.Оюунханд 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс одоо хүртэл Хан-уул дүүргийн 11 хороо, 5 дугаар хэсэг, 2-4б тоотод шилжин бүртгүүлснээс хойш одоо хүртэл энэ хаягт бүртгэлтэй явж ирсэн, 3-н удаагийн орон нутгийн сонгуульд, УИХ-ийн 2 удаагийн сонгуульд сонгогчийн саналаа өгч байсан нь нотлогддог. Хүү Э.Ариунбатын хүүхдийн мөнгө, ХХС-ийн дэвтрийн хаяг, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн бүртгэлд Д.Оюунханд, түүний нөхөр Д.Эрдэнэ, хүүхэд зэрэг ам бүлийн 6 хүн бүртгэгдэж ирснийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй бөгөөд энэ 2- 4б хаягийг бүрэн ашиглаж байсан байна. Энэ бодит үйл баримтад шүүх эрх зүйн дүгнэлт орхигдуулсан байна. Тухайн хаягийн бүртгэл, газрын давхцлын талаар Д.Занабаатарын аливаа байгууллагад гомдол гаргаагүйн дээр мөн Хорооны Засаг даргад оршин суугчийн бүртгэлд орохоор өргөдөл гаргаагүй ажээ. Иймд оролцогчдын газар эзэмших эрх олж авсан гэх хаяг давхцалгүй байсан нь нотлогдож байна. Энэ нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны зурган мэдээллийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/3212 тоот албан бичгийн хавсралт зургуутай харьцуулан үзэхэд тэдний эзэмшиж байгаа гэх газар өөр өөр солбилцолд байгаагаар давхар нотлогддог. Шүүх “Д.Оюунхандад ашиглуулахаар шийдвэрлэсэн газартай байршлын хувьд давхцаж байгаа талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэж маргааны гол үндэслэлийн талаар оролцогчдыг маргаагүй гэж үзсэн нь дээр дурдсан нотлох баримтын эсрэг хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Ер нь энэ дүгнэлт утга агуулгын хувьд ойлгомжгүй болжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс Д.Занабаатар, Д.Оюунханд нарын газар давхцаж байгаа гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр эдгээр нотлох баримтуудыг нотлох болон үгүйсгэсэн талаас харьцуулсан дүгнэлтийг шүүх огт хийгээгүй, зөвхөн нотлох баримтгүй асуудалд суурилсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулснаараа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх “ шаардлагыг зөрчжээ. Д.Оюунхандын нөхөр Д.Эрдэнэд Д.Занабаатар хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн газрын албаны нягтлан Туяацацралаас газар эзэмших эрхийн гэрчилгээ авч өгсөн нь 2009-09-09-ны өдрийн гэрчилгээний үнийн төлбөрийн баримтаар Д.Эрдэнэ авч өгсөн нь нотлогддог. Гэрч М.Нэргүй, Лхагвасүрэн, Г.Хишигхүү нарын мэдүүлгээр 2-1б, 2-4б тоотууд тус тусдаа газар болох нь тогтоогддог. Д.Эрдэнэ энэхүү гэрчилгээг 2-1б тоот хаягаар авч Д.Занабаатар эзэмшүүлэхээр өгсөн байдаг. Үүний хариуд уг гэрчилгээг ашиглан 2-4б хаягт дураараа буусан Б.Цэцэгмааг нүүлгэх ажлыг Д.Занабаатар хариуцан, шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг үеийн асуудлыг давж заалдах шатны шүүх шууд “газар эзэмшигч” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэгт цугларсан баримтаар энэ цаг хугацаанаас өмнө Д.Эрдэнэ өөрийн эхнэр болох гуравдагч этгээд Д.Оюунхандын эзэмшлийн газар гэж маргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан, Б.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг, Б.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэрэг зэрэгт шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.З-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх оролцогчдоос гаргасан тайлбар, түүний үндэслэл, холбогдох нотлох баримтыг шинжлэн судлахдаа үгүйсгэсэн болон нотолсон байдлыг эрх зүйн талаас нь дүгнэлт хийгээгүй зөвхөн Д.Занабаатарт ашигтай хувилбараар нэг талыг барьсан дүгнэлт хийснээрээ оролцогчид шүүхийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэхээр байна.
4. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн агуулгыг задлан үзвэл: Шүүх шийдвэр гаргах үндэслэл болсон дүгнэлтийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: - “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхол байсан” гэж үзэхдээ Захиргааны харьяаллын биш маргааны үйл баримтуудад үндэслэжээ. – “Газартай байршлын хувьд давхцаж байгаа талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй" гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримттай зөрчилтэй болжээ. Зөвхөн дурдаж байгаа бичилбэрийг шүүхээс өгч буй дүгнэлтийн агуулгад хамааруулан үзэх эрх зүйн боломжгүй. - Дээр дурдсан хоёр чиглэлд суурилан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын бүрэн эрхийн хүрээнд гаргасан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оюунхандад газар ашиглуулахаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэлийг хуульд нийцүүлэн тодорхойлж чадаагүй байна. Тухайлбал, магадлалын “Үндэслэх” хэсэгт “үзэхээр байна”, “дурдах нь зүйтэй”, “боломжтой” гэх зэрэг хууль зүйн шаардлага, хэрэглээний талаас эрх зүйн оновчтой дүгнэлт хийхгүйгээр, сул үг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй байна. - Анхан шатны шүүх Б.Занабаатарын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Оюунхандын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилтэй болсон гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 221/МА2016/0719 дугаар магадлалыг Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсч, энэхүү хяналтын гомдлыг гаргалаа” гэжээ.
ХЯНАВАЛ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тушаалаар иргэн Д.Оюунхандад бичил эко аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 хэсэг Соёмботын 2-4б тоот хашааны 318,7 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Занабаатар “миний 2008 оноос хойш хашаа татан эзэмшиж байсан газар” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар Д.Занабаатарт тус дүүргийн 11 дүгээр хороо Соёмбот 2-1б тоот 0,03 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд Д.Оюунхандад ашиглах зөвшөөрөл олгогдсон 2-4б тоот газрууд нь хаягийн хувьд өөр боловч байршлын хувьд нэг “маргаан бүхий газар” болох нь тогтоогдож байна.
Д.Занабаатар 2008 оноос хойш дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр өөрийн мэдэлдээ байлгаж, хашаалан, бусдыг суулгаж байсан газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тушаалаар тус газар дээр амьдарч байгаагүй Д.Оюунхандад олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмшиж, ашиглах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна захиргааны акт зорилгодоо нийцээгүй байна.
Учир нь, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх “Ажлын хэсэг” байгуулагдаж, энэ хүрээнд Д.Оюунхандад дээрх 2-4б тоот газар олгогдсон байх боловч гуравдагч этгээд маргаан бүхий газарт амьдардаггүй болох нь нотлогджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй удаан хугацаанд оршин сууж байгаа иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх асуудалтай холбогдуулан эрх бүхий захиргааны байгууллагад “газар ашиглах хүсэлт” гаргаж байгаагүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд ийнхүү хүсэлт гаргаагүй байхад түүнд тухайн газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд, давж заалдах шатны шүүх “Д.Занабаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь зөв байна.
Харин хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хоёрдмол утгагүй, ойлгомжтой байлгах үүднээс магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах шаардлагатай гэж үзэв.
Гуравдагч этгээд Д.Оюунхандаас “Д.Занабаатарын нэр дээрх 18642307493405 нэгж талбарын дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан боловч уг кадастрын зураг Газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, газар олгох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй төдийгүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх цаг хугацаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0719 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Д.Занабаатараас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.Занабаатарт олгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Д.Занабаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгон, үлдэх “Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.Занабаатарт олгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН