Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/01696

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/01696

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

             Хариуцагч: М.Ж-д холбогдох,

 

            Тооцооны зөрүү төлбөрт 6 376 897 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н, С.Эг, С.Г, хариуцагч М.Ж, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Жнь 2015 оны 09 сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 сарын 13-ны өдрийн хооронд аж ахуйн менежер, аж ахуйн ахлах менежерээр А ХХК-д ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа дараа тайлангаар бэлэн мөнгө авч бараа материал авах, машин тэрэг засуулах, аж ахуйн материалуудыг авдаг байсан. Манай компаниас дотоод хяналт шалгалт явуулж, М.Жгаргаж ирүүлсэн тайлан тооцоог, түүний гаргаж ирүүлсэн анхан шатны санхүүгийн баримттай тулгаж, хяналт шалгалт хийхэд М.Жнь дараа тайлангаар авсан тооцооны зөрүү 6 376 897 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ талаар акт үйлдэж 2018 оны 1 сарын 31-ний өдөр уг төлбөрийг 2 хувааж төлөхөөр буюу 2018 оны 03 сарын 10-ны дотор төлж барагдуулах хуваарь гаргаж, М.Жнь зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл уг хугацаа болсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул дээрхи төлбөрийг гаргуулж өгнө үү. энэ хүн төлбөр тооцоогоо дуусгачих юм бол бид холбогдож тооцоог дуусгаж, бичиг баримтыг өгөхөд татгалзах зүйл байхгүй бөгөөд ажилтны цалин хөлснөөс төлбөр тооцоог хасаж, тооцож авах эрх бидэнд байхгүй гэдгийг хэлмээр байна гэв.

Хариуцагч М.Жшүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тус компанид Аж ахуйн албаны ахлах менежерийн албан тушаалд 2015 оны 09 сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл 2 жил 5 сарын хугацаанд ажилласан. Ажилд анх ороход А ХХКнь хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Ажлын байрны тодорхойлолтыг ганцхан хувь үлдэж гарын үсэг зуруулж авсан. Надад 1 хувийг өгөөгүй. А ХХК-ий зүгээс над дээр ширээний мөнгө 2 210 200 төгрөг, болон хоолны ажилчдын хоолны зардлын зөрүү 4 166 697 /2 846 222 төгрөг, агуулах доторх тохижилтын зардлын зөрүү 152 000 төгрөг, эм ханган нийлүүлэх төвийн засварын зөрүү 1 515 300 төгрөг, бичиг хэргийн материалын зөрүү 161 750 төгрөг/ нэхэмжилсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “Байгууллагад учирсан хохирлыг хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэж заасан байна. Гэтэл А ХХК-ий зүгээс хохирлыг бодитой гаргаагүй. Жишээлбэл ажилдчын хоолны зардалд 2017 оны 08 сарын 14-ны өдрөөс 2017 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 7 369 180 төгрөгийн дараа тайлангаар авч 7 369 180 төгрөгийн хоол хүнсний худалдан авалтын баримт бүхий тайланг компанид гаргаж өгсөн. Гэтэл үндэслэлгүйгээр материалын кг тоо хэмжээний зөрүү худалдан авалтын зөрүүнээс үүссэн төлбөр гэж надаас 2 846 222 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би уг кг-н зөрүүг хариуцах үндэслэлгүй ажил үүргийн хувьд бараа материалын худалдан авалт хийн тайлангаа гаргаж, тогоочид хүлээлгэн өгсөн. Мөн ширээний төлбөр гэж 2 210 200 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг төлбөрийг мөн би хариуцах үндэслэлгүй. Уг мөнгөөр авахаар төлөвлөсөн ширээ нь эвдэрсэн байсны улмаас 8 хүний 2 хос ширээг 8800 юаниар ханш 368 ханшаар бодож нийт 3 238 400 төгрөгийн үнэ бүхий ширээг 1 800 000 төгрөгийн урьдчилгааг төлж, Хятад улсаас захиалсан байгаа. Тээврийн зардал нь 305 000 төгрөг болж байгаа. Ширээ Хятад улсаас нийлүүлэхэд бэлэн болсон ч үлдэгдэл төлбөр 1 438 400 төгрөгийг төлөөгүй байх тул ширээгээ авч чадаагүй байгаа. Би ажил үүргийн дагуу ширээ захиалж төлбөрийг зохих хувийг хийсэн байхад надаас нэхэмжлэх үндэслэлгүй байна. Би тус компанид ажиллах байх хугацаандаа өдөр бүр илуү цагаар ажилладаг байсан. Мөн 2017 оны 07 сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл Ложистик төвийн төслийн зохицуулагч агуулах хариуцсан мөнөжөрийн албан тушаалыг тус тус давхар хийж гүйцэтгэж байсан боловч ажил олгогчийн зүгээс нэмэгдэл цалин хөлсийг бодож олгож байгаагүй. 2017 оны 12, 2018 оны 01, 02 сарын цалин болон ээлжийн амралтын мөнгө олгоогүй. Эрдслийн сангийн мөнгийг буцаан олгоогүй. Мөн хувиасаа компаний өмнөөс гаргасан зардал зэрэг авлагыг барагдуулаагүй. А ХХКнь намайг ажлаас чөлөөгдөхөд миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, диплом, ажпаас чөлөөлсөн тухай тушаалын гаргаж өгөөгүй. Үүнээс болоод би нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй би хохирч байгаа. А ХХК-ий зүгээс дарамт шахалт үзүүлсний улмаас би 2018 оны 01 сарын 31-ний өдөр Төлбөрийн актыг барагдуулах хуваарьт гарын үсэг зурсан. Тус актад “хуваарийн дагуу төлөх төлбөрийг ажилтаны үндсэн, нэмэгдэл болон ээлжийн амралтын цалин, эрсдлийн сан, төрөхийн өмнөх ба төрсний дараах, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэмгэмж, шагнал урамшуулал, бусад орлогоос суутгаж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно” гэж заасны дагуу миний авлагаас суутгаж тооцох тооцож, төлбөрийг тэглэхээр заасан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М.Жхолбогдуулан тооцооны зөрүү төлбөрт 6 376 897 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч М.Жнь нэхэмжлэгч А ХХК-д аж ахуйн менежер, аж ахуйн ахлах менежерээр 2015 оны 9 сарын 22-ны өдрөөс 2018 оны 2 сарын 13-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б-057 тоот гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч А ХХК нь “М.Жнь аж ахуйн ахлах менежерээр ажиллаж байхдаа дараа тайлангаар авсан бэлэн мөнгөний худалдан авалтын зөрүү төлбөр үүсгэж хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул тооцооны зөрүү 6 376 897 төгрөг гаргуулна” гэснийг хариуцагч “тооцоо нийлсэн актад хүчээр гарын үсэг зуруулсан, хуваарийн дагуу төлөх төлбөрийг ...миний авлагаас тооцохоор тохиролцсон хэрнээ уг тооцоог хийлгүйгээр төлбөр барагдуул гэж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М.Жтэй эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбогдуулан Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.3-т заасантай нийцсэн байна./хх-ийн 23-24/

Тодруулбал, хариуцагч М.Жнь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан компанийн аж ахуй, засвар үйлчилгээ, түгээлтийн машин техник, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой бүхий л ажлыг хариуцан ажиллах хяналт тавих, түүнчлэн дараа тайлангаар санхүүжилт авах, санхүүжилтийн болон аж ахуйн холбогдолтой тайлан мэдээ гаргах, тайлагнах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан байна.

 

Хариуцагч М.Ждээрх ажил үүрэгтэй нь холбогдуулан А ХХК-иас 2018 оны 1 сард хяналт шалтгалт хийж, улмаар 2018 оны 1 сарын 31-ний өдрийн №2018/1 төлбөрийн актаар М.Жийг 6 376 897 төгрөгийг өр төлбөртэй гарсныг тогтоосон байх ба М.Жнь уг актыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна./хх-ийн 17-20/

 Дээрхээс дүгнэхэд тухайн байгууллага дотоод, хяналт шалгалтын хүрээнд М.Жгаргаж өгсөн санхүүгийн баримтад үндэслэн өр төлбөрийн талаар акт тогтоосон нь хууль зөрчсөн зүйлгүй байх ба хариуцагч нь уг актыг үндэслэлгүй талаар хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна.

 

Харин хариуцагч нь уг өр төлбөр нь бодит байдалд нийцээгүй, 4 хос ширээ худалдан авахаар шилжүүлсэн 2 210 000 төгрөгийг БНХАУ руу захиалга хийж шилжүүлсэн бөгөөд уг бараа А ХХК-ийн нэр дээр захиалагдсан тул хасаж тооцуулна гэж маргасан хэдий ч хэрэгт энэ талаараа нотлоогүй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч М.Жээс 6 376 897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Жээс 6 376 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116 980.35 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Жээс улсын тэмдэгтийн хураамжинд 116 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ