Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0294

 

 

2021 05 12                                128/ШШ2021/0294

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ш.Г.Т НҮТББ /РД:..../

Хариуцагч: ...  дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Х.Б, Г.О, Б.А, Б.Б, Х.Б, Б.М.

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Ш.Г.Т НҮТББ-ын газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшиж байгаа иргэд, тэдний гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа ...  дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгах[1]

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гуравлагч этгээд Х.Б, Г.О, Б.М, гуравдагч этгээд Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Б-итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гэрч С.Э, А.О, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ш.Г.Т НҮТББ-ын газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшиж байгаа иргэд, тэдний гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа ...  дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгах. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т.Ш.Г.Т НҮТББ нь Нийслэлийн ард иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлж, нийгэмд болоод гадаадын жуулчдад буддын шашныг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор ...төвийг дэмжигч болон гишүүдийн санаачилгаар барьж байгуулахаар болж, 2012 оноос эхлэн газрыг асуудлыг хөөцөлдсөний үр дүнд Нийслэлийн ...  дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Арцатын задгайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/...дугаар тушаалаар 2015/... дугаартай гэрчилгээтэй 1.0 га хэмжээтэй газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд энэхүү газрын эрхээ зохих журмын дагуу 2020 онд сунгуулсан болно. Гэтэл манай мэдлийн энэхүү газарт Х.Б, Б.М, Б.Б, Б.А, Г.О, Х.Б нарын иргэд ямар нэг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн оршин суух болсон төдийгүй газар чөлөөлж өгөхгүй байгаагаас шалтгаалан уг газрын хууль ёсны ашиглагч Т.Ш.Г.Т НҮТББ нь өөрийн газраа хууль болон гэрээнд заасны дагуу ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрсэн юм. Манай НҮТББ нь өнгөрсөн хугацаанд газрын төлбөрөө тогтмол төлж ирсэн. Бид эдгээр иргэдээс газраа чөлөөлүүлэхээр ...  дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад хандсан боловч бидний гомдлыг шийдвэрлэхгүй эс үйлдлээрээ бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т заасны дагуу Манай мэдлийн газрыг нэр бүхий иргэдийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа ...  дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2002 оноос хойш бид эдгээр иргэдийн байрлаж байгаа газрыг хөөцөлдөж аваад үүний үр дүнд 2015 оны А/222 дугаартай тушаалаар 5 жилийн хугацаатай 1 га газрыг Байгаль орчны сайдын тушаалаар ашиглах эрхтэй болсон. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа Х.Б, Б.М, Б.Б, Б.А, Г.О, Х.Б нь тухайн газар дээр зөвшөөрөлгүйгээр манай төрийн бус байгууллагын ашиглах эрхтэй газрыг дур мэдэн өмчлөлдөө авсан. Өнгөрсөн хугацаанд бид Байгаль орчин аялал жуулчлалын яаманд газрын төлбөрт 70 гаруй сая төгрөгийг төлсөн. Ингээд 2020 оны 5 дугаар сард газар ашиглах эрх дуусгавар болж дахин 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг сунгасан. Гуравдагч этгээд иргэд зөвшөөрөлгүй тухайн газарт амьдарч байгаа учир бид шат шатны байгууллагад хандсан ч газрыг чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд бид шүүхийн журмаар тогтоол, захирамжийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус албанд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Т.Ш.Г.Т НҮТББ-аас ирүүлсэн албан бичгийн хариуг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16/1... тоот албан бичгээр хүргүүлсэн болно. Одоогоор газар чөлөөлөх захирамж шийдвэр тус дүүргийн Засаг даргаас гаргаагүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б, Г., Б.Б, Б.М, нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ... нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны А/235 тушаал гарч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр сарын зүйлийн 2 дахь хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг үндэслэн: Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээрт хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр он удаан жил амьдарсан иргэдийн ашиглаж буй газрыг бүртгүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг өгсний дагуу ажлын хэсэг гарч манай арцатын амны 4 дүгээр хороонд оршин суух 178 өрх айлууд бид тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тендерт ялж эрхээ авсан Г.. ХХК-иар бидний 6 өрх айлууд кадастрын зураглал хийлгэсэн. 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн24 тоот албан бичгээр 4 дүгээр хорооны Засаг дарга Г.Г-ын өгсөн иргэдийн нэрс албан ёсны файлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газар луу явсан боловч 2 дугаар ээлжид өгнө гэсээр байгаад бидний материал алга болсон. Бид дахиад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд өргөдөл, хүсэлт, өөрсдийн материалаа иргэдийн хурлын дарга, хорооны Засаг даргын тодорхойлолтын хамтаар удаа дараа өгч өөрсдийн асуудлаа шийдвэрлүүлэх гэж байхад дэрх давхцал үүсгэсэн байсан... Бидний дээрх огт 6 өрхийг байхгүй мэтээр Богдхан уулын дархан цаазат газрын кадастрын мэргэжилтэн зураглал гаргасан. Т.Ш.Г.Т ТББ газрыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр EAC ХХК-ийн эрхийг цуцлангуут шууд үлдсэн 6 өрхийн дээрх давхцал үүсгэсэн гэжээ.

Гуравдагч этгээд Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.А-н нь аав Х.Б, ээж Г.С төрсөн ах Б.Б-ын хамт 2007-2021 он хүртэл 15 дахь жилдээ амьдарч байна. Хаяг ...  дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот. Бидний өрх 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цахилгаанаар хангагдан айл бүр код авч амьдарсан бөгөөд Монгол Улс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаарт Ажлын эхсэг байгуулах тухай тушаалын дагуу бүртгэлд орж Г ХХК-ны кадастрын зураг хийлгэсэн. ...  дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э нарын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 24 тоотын дагуу хаягжилтад орж, улмаар газрын гэрчилгээ авах алба ёсны бичиг баримтаа бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын газарт энэ айлууд болон 9 дүгээр хэсгийн харьяат айл өрхүүдтэй хамт өгсөн. Бид энэ хаягтай газартаа зөвшөөрөл авалгүй буугаагүйг ...  дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Г-той хийсэн гэрээ болох бичигт миний ээж Г.С******* гарын үсэг гарын үсэг зурсан байдаг.Биднийг ямар ч давхцалгүй газар буусныг тухайн үеийн /2012 он/ газрын байцаагч байсан Ц.О, 4 дүгээр хорооны Засаг дарга С.Э нар мэднэ гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: иргэн Х.Б би Т.Ш.Г.Т ТББ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ...  дүүргийн 4 дүгээр хороо А-18-2-21 тоотод амьдарч байгаад 2019 оны 4 дүгээр сард 2 улсын гэрээгээр гэрээт ажилчнаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монголд Улсад буцаж ирээд 2020 оны 02 дугаар сард буцсан тул 4 дүгээр хорооны үндсэн иргэн би хашаандаа гэрт амьдарч байсан. Гадаад явахдаа гэртээ 100 хувь харааны алдагдалтай эгчээ оруулаад явсан. Т.Ш.Г.Т ТББ нь шашны нэр барьж иргэн миний өмч газар луу дур мэдэн халдаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Г.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн үед газар олгох асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол, шийдвэр гарч хүмүүст газар өгдөг байсан. Дараа нь 2015 оноос хойш Д.О сайд нь олгодог болсон гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2015 онд сайдын тушаал гарсан. Д.О сайдын тушаал гарахдаа энэ газрыг эзэмшиж байгаа хүмүүсийг ялгаж олон жил болсон айлуудын газрыг олгосон. А/235 дугаартай тушаалаар газар олгохдоо тодорхой хаяггүй олон жил суурьшсан айлуудыг гэрчилгээжүүлэх, бүртгэлжүүлэх гэсэн тушаал гарсан. Энэ тушаалын дагуу 4 дүгээр хорооны иргэдийн талаар О.Г тушаал гараад Арцатын аманд байрлаж байгаа 178 өрхийн бүх нэрсийг албан ёсны файлаар явуулсан. 2015 онд ихэнх айлуудад газар ашиглах гэрчилгээ гаргасан. Нийт 28 өрхийн гэрчилгээг хоёрдугаар ээлжид өгнө гэж хойшлуулсан. Тухайн иргэд Богдхан уулын дархан цаазат газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны нутгийн захиргааны холбогдох нэр бүхий хүмүүс, газрын мэргэжилтэн зэрэгт удаа дараа албан хүсэлтээ өгч байсан. Одоо энэ найман айлын асуудлыг шийдвэрлээд байж байтал эдгээр айлын хоёр руу Нефть ХХК дайрсан. Бид яагаад ийм зүйл болсон талаар тодруулахад Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц рүү албан бичиг явуулахад тушаал гаргаж Н.. ХХК-ийн газрыг цуцлахаар н.Ц сайд руу албан бичиг явуулж, тус сайдын албан бичиг гарч тус хоёр айлын газар эзэмших эрх цуцлагдсан.Энэ талаар асуухад та нарын тус хорооны тодорхойлолт авч ир гэсэн. Бид хорооны тодорхойлолтыг аваачиж өгөөд гэрчилгээ гарахыг хүлээж байтал дээрээс Т.Ш.Г.Т НҮТББ-ын татсан байсан. Мөн энэ асуудлыг бид н.Б, Богдхан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс, кадастрын албан хүмүүс зэрэгт тодруулах тухай албан бичиг өгсөн. Ингэхэд та нарын асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаад алга болгосон. Т.Ш.Г.Т НҮТББ-ыг татаад бид хоёр газрын давхцалыг цуцлахад дахин давхцалтай байна гэсэн. Энэ талаар тодруулахад 2019 онд бид нарт тухайн газар Арцатын задгай гэдэг хаягаар орж ирсэн гэсэн. 2015 оны сайдын тушаал дээр гэрчилгээжүүлэх, бүртгэлжүүлэх шийдвэр гарснаар Задгай гэдэг хаягжилт байхгүй болсон. ...  дүүргийн газрын албанаас тодруулахад аялал гэдэг үгийг алл гээд бичсэн албан бичиг байсан. Төрийн нарийн бичиг дарга Ц.Ц-д энэ талаар хүсэлт гаргасан. ...  дүүргийн газрын албанд эргээд хандахад зугтаад алга болсон. Бид 2011 захирамж гэсэн бичиг ирэхэд нь удаа дараа хариу бичиг өгсөн. Найман айлын хоёр айлын газар нь үзлэг хийхэд та байсан, харин одоо зургаан айлыг ингэсэн байна гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тухайн хүмүүсийн талаар бичиж өгөхөд энэ хүмүүсийн асуудлыг яаралтай шийд гэсэн байхад тус газрын албан мэргэжилтэн дундаас нь албан бичиг авч оруулаагүй байсан. Эдгээр байдлаар биднийг үгүйсгэж, биднийг байхгүй мэтээр ярьж байгаад гайхаж байна. Сайдын тушаал гараад тухайн үед байсан ...  дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Г.Г гэдэг хүн байсан. Гол энэ тушаалын тамга, тэмдгийг ашигласан байгаа. Эдгээр ажиллагаа явуулсан. Хорооны тодорхойлолт бүх юм байна. Бид нар 2008 оноос хойш тухайн газарт амьдарч байсан хүмүүс юм. Иймд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Албан тушаалаа ашиглаж хуурамч баримт үйлдэх ёстой юу гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Энэ хэргийг би олон жилийн хугацаанд судалсан. Энэ улсуудын ярьж байгаа шиг мэдэн будилж ярихгүй. Энд 40 гаран хуудас нотлох баримт байгаа. Эдгээрээс өөр нотлох баримт байхгүй. 2015 оны захирамж албан ёсоор технологийн шаардлага хангасан эрхийн акт гарсан байсан. Үүний дагуу бүртгэх ёстой албан тушаалтнууд нь өөрсдийн давуу байдлыг ашиглаж 8 ам бүлийн хохироож байна. Би С.Э гуайд баярлаж байна. Учир нь би хүндэтгэж хэлж байна иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан хүн яруу тод ярьж байна. Ц.О нь мэдэн будилж байна. Өнөөдрийн хэм хэмжээний тогтолцоогоор авч үзвэл эрхийн акт хүчин төгөлдөр үйлчилж байсан гэдэг нь гол юм. Үүнд гэрч С.Э*******гээс эхлүүлэн маш тодорхой ярьсан. Үнэхээр харамсмаар зүйл хийж байна. Албан бичиг хийж байгаа том газар алл гэж бичиж байна. Үүнийг би хэрэв шүүгч байсан бол дор нь цэгцэлнэ. Үүгээрээ далимдуулж байгаа зүйл биш юм. Эрх дархтай хүмүүсийн тоглоом болох биш үү. Иймд улсуудын оруулсан 40 гаран хуудас материалыг аваад явсан байна. Үүнд дүгнэлт хийсэн талаар нэг ч материал байхгүй. Үүнийг шүүх зөв зохистойгоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ш.Г.Т НҮТББ-аас ...  дүүргийн Засаг даргад холбогдуулан Т.Ш.Г.Т НҮТББ-ын газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшиж байгаа иргэд, тэдний гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа ...  дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгах[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 2002 оноос хойш бид эдгээр иргэдийн байрлаж байгаа газрыг хөөцөлдөж аваад үүний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2015 оны А-222 дугаар тушаалаар 1 га газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхтэй болсон. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа маргаан бүхий газарт Х.Б, Б.М, Б.Б, Б.А, Г.О, Х.Б нарын иргэд нь манай төрийн бус байгууллагын ашиглах эрх бүхий газар дээр зөвшөөрөлгүйгээр бууж, амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд Т.Ш.Г.Т НҮТББ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашигласны төлбөр гэж 70 гаруй сая төгрөгийн төлбөрийг төлсөн. Ингээд 2020 оны 5 дугаар сард манай төрийн бус байгууллагын газар ашиглах эрх дуусгавар болж дахин 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг сунгуулсан. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэд нь тухайн газарт газрыг ашиглах зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа бөгөөд тухайн газрыг чөлөөлүүлэхээр манай байгууллагаас шат шатны байгууллагад хандсан боловч газрыг чөлөөлж өгөхгүй байгаа гэж, хариуцагч тухайн маргаан бүхий газар дээр иргэдийн эд хөрөнгө байгаа учир шүүхийн журмаар шийдвэрлүүлье, шүүхээс гарсан шийдвэрийг дагая гэсэн байр суурьтай байна гэж, гуравдагч этгээд нар Маргаан бүхий газарт Х.Б, Б.М, Б.Б, Б.Ануцэцэг, Г.О, Х.Б нарын иргэд 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цахилгаанаар хангагдан айл бүр код авч амьдарсан бөгөөд Монгол Улс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаарт Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын дагуу бүртгэлд орж Г... ХХК-ний кадастрын зураг хийлгэсэн. ...  дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э нарын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 24 тоотын дагуу хаягжилтад орж, улмаар газрын гэрчилгээ авах албан ёсны бичиг баримтаа бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын газарт өгсөн. Бид энэ хаягтай газартаа зөвшөөрөл авалгүй буугаагүйг ...  дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Г-той хийсэн гэрээ болох бичигт миний ээж Г.С гарын үсэг зурсан байдаг. Биднийг ямар ч давхцалгүй газар буусныг тухайн үеийн газрын байцаагч байсан Ц.О, 4 дүгээр хорооны Засаг дарга С.Э нар мэднэ гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч Т.Ш.Г.Т НҮТББ нь Нийслэлийн ...  дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Арцатын задгайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалаар[3] 2015/60 дугаартай гэрчилгээтэй[4] 1.0 га хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх авчээ. Улмаар энэхүү газрын эрхээ зохих журмын дагуу 2020 онд сунгуулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/349 дүгээр тушаалаар[5] газрын хэмжээг 0,96 га болгож, газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж, 0201541 дугаартай гэрчилгээ[6] олгосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар[7] Богдхан уулын хамгаалалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулж, улмаар уг бүртгэлд гуравдагч этгээд Х.Б, Б.М, Б.Б, Б.А, Г.О, Х.Б нарын нэрс орсон байна[8].

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасны дагуу гуравдагч этгээд нар нь уг газарт амьдарч байх хугацаандаа ...  дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 180, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 205, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102, ...  дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02, 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/421 дүгээр албан бичиг, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 205 тоот албан бичгээр[9] удаа дараа газраа гэрчилгээний үндсэн дээр ашиглахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Монгол Улсын Засгийн газар, ...  дүүргийн газрын алба, ...  дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга нарт тус тус хандаж байсан хэдий ч газар ашиглах эрх олгогдоогүй байна.

Тодруулж хэлбэл, Улаанбаатар хот, ...  дүүргийн 4-р хороо, Арцатын 18 дугаар гудамжны А-18-2-21 тоотод оршин суух Х.Б, А-18-2-22 тоотод оршин суух Б.М, А-18-2-23 тоотод оршин суух Б.Б, А-18-2-24 тоотод оршин суух Б.А, А-18-2-25 тоотод оршин суух Г.О, А-18-2-26 тоотод оршин суух Х.Б нар нь Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу газрыг ашиглах, эзэмших эрхийг авалгүйгээр тухайн маргаан бүхий газарт амьдарч байгаа болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай 57 дугаар зүйл. Газрын нэгдмэл санд төрийн хяналт тавих 57.3. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл ирэн, хуулийн этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол харьяа аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах зохицуулалттай байна.

Маргаан бүхий нэхэмжлэгч Т.Ш.Г.Т НҮТББ-ын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/3... дүгээр тушаалаар газрын хэмжээг 0,96 га газар нь Улаанбаатар хот, ...  дүүргийн 4 дүгээр хороонд харьяалагдаж байх тул нэхэмжлэгчээс тухайн газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа иргэдээс газрыг чөлөөлүүлэхээр хариуцагч ...  дүүргийн Засаг даргад хандсан нь үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, тус хэргийн гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгч Т.Ш.Г.Т НҮТББ-ын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/349 дүгээр тушаалаар ашиглах эрх авсан 0,96 га газар дээр газрыг эзэмших, ашиглах эрхгүйгээр амьдарч байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Т.Ш.Г.Т НҮТББ-ын ашиглах эрх бүхий газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшиж байгаа иргэд, тэдний гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа ...  дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., 57.4. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ш.Г.Т НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Т.Ш.Г.Т НҮТББ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/3.. дүгээр тушаалаар ашиглах эрх авсан 0,96 га газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж байгаа иргэд, тэдний гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг хариуцагч ...  дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ГАНБАТ

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 13-14 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-7 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 93-94 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 8-9 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 28 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 44-45 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 121 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 124 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 136, 140-143 дугаар хуудас