Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0207

 

2021 оны 03 сарын 23 өдөр Дугаар 128/ШШ2021/0207 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат би даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч Д.Чанцалням, шүүх хуралдааны тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчО ХХК /РД:О5102... / ,Э.А.Б.Э ХХК /РД:5441... /

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн О ХХК, Э.А.Б.Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, нэхэмжлэгч Э.А.Б.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ү, Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй энэ захирамжийн 2 дугаар хавсралтанд заасан 33 аж ахуйн нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосугай гэсэн заалт бүхий А/609 тоот захирамж гаргаж, 2 дугаар хавсралтанд заасан О ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл-ийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож компанийн субьектив эрхэнд халдсан, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан байна.

Нэг. Дээрх А/609 тоот захиргааны актыг гаргасан процессын хувьд: Нийслэлийн Засаг дарга, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар 26.1-д заасан захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах, боломжийг олгоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан энэ хуулийн 26.1-д гаргалгүйгээр, зааглаж, эрэмбэлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсныг захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийг 37.1.2-д заасанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож тогтоогдсон тохиолдолд энэ талаарх нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргаж уг дүгнэлт, санал, үндэслэлийг захирамжид тодорхой тусгаж үндэслэсэн байх ёстой ба ийм дүгнэлт, саналыг дээрх байгууллагууд огт гаргаагүй, захирамжид ч тусгаагүй байна. Захирамжийн 2 дахь хэсэгт заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр газрын хэвлийн ашиглах эрхийг нь дуусгавар болгосон О ХХК-ийн хувьд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж, эхэлж байх үед буюу 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч үйл ажиллагаа явуулж чадаагүй 2 жил орчим хугацаанд зогсонги байдалд орсон. Хуулийн зохицуулалт өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хийх, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж бичиг баримтад гарын үсэг зуруулах зэрэг ажлууд Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааран хүлээгдэж байх хугацаанд ямар нэгэн шалгалт, тодруулга, үндэслэлийг тодруулалгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тухай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийг О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. О ХХК-ийн хувьд 2008 оны 4 дүгээр сард 135...  гэсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн. 2008 онд Д зөвшөөрөл буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг журмын дагуу авч үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан. 2012 онд А зөвшөөрөл буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч техник эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар 2012 оноос хойш ажиллаж эхэлсэн. 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ой сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дагуу 2 жил орчим үйл ажиллагаа явуулах боломж байгаагүй. Ингээд 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч ТЗҮ батлуулахаар хүсэлтүүдийг зохих шатны байгууллагад өгсөн. Үүнээс хойш ТЗҮ-г батлаагүй. 2017 онд Нийслэлийн Засаг дарга А/609 дугаартай захирамж гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн хоёрдугаар зүйл буюу хоёрдугаар хавсралтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрыг ашиглаагүй гэсэн. Бид хэд хэдэн үндэслэлээр А/609 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахаас өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулна гэсэн. Энэ ажиллагааг Нийслэлийн Засаг даргын зүгээс явуулаагүй гэж маргаж байгаа. Хариуцагчийн тайлбарыг үзэхэд сонсох ажиллагааг явуулсан Ulaanbaatar.mn гэдэг хаягаар 3 дугаар сарын 19-ны өдөр 3 жил үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоосон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт болохоос өмнө сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарладаг.

Хоёрдугаар тайлбар ирүүлэхдээ сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан гэж нэг тайлбараа үгүйсгэсэн хоёр тайлбар ирүүлдэг. Энэ нь сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэдэг нь өөрсдийнх нь тайлбараас харагддаг. Газрын хэвлийн тухай хуульд газрын хэвлийг актаар зөвшөөрөл олгосон газар нь хүлээлгэн өгнө гэсэн зохицуулалтай юм. Нэхэмжлэгч О ХХК нь тухайн газрын хэвлийг актаар хүлээлгэж өгөөгүй ба энэ нь 2012 онд А зөвшөөрлийг авч нийгэм эдийн засгийн үндэслэлээ батлуулахаар төрийн байгууллагад хандаад өнөөдрийн ТЗҮ батлагдаагүй. Хариуцагчийн зүгээс мөн тайлбарладаг Газрын хэвлийн тухай хуульд газрын хэвлий гэж юу вэ гэдэг ойлголтыг тодорхойлсон. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ гэж заасан. Бид газрын хэвлийг ашиглаж эхлээгүй ба техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан тогтооход ашигт малтмалын дээжийг авах, геологийн судалгаа авах ажлуудыг хийж байгаа. Энэ нь газрын хэвлийг ашиглаж байгаа нэг хэлбэр юм. Бид газрын хэвлийг ашиглаж эхэлсэн. Хоёрдугаарт газрын хэвлийг ашиглаж эхлээгүй тухай акт олгосноор газрын хэвлийг ашиглаагүй гэдэг асуудал яригдах ёстой. Гэтэл хуульд заасныг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна гэж үзэж байна.

Гуравдугаарт, захиргааны акт нь хэлбэр болон агуулгын хувьд үндэслэлтэй байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна биетээр гарсан байх ёстой гэсэн байдаг. А/609 дүгээр захирамжийн үндэслэж байгаа хуулийн зүйл заалтыг харвал газрын хэвлийг ашиглаагүй гэдэг нь Түгээмэл тархацтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг барьж газрын хэвлийг ашиглаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй. Хуулийг үндэслэж захирамж гарах ёстой байтал үндэслэлгүйгээр захирамж гаргасан байна гэж нэхэмжлэгч О ХХК-ийн зүгээс үзэж байна. Эдгээр гурван үндэслэл тогтоогдож байгаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Э.А.Б.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А.Б.Э ХХК нь Улаанбаатар хот ... дүүрэг, Б нэртэй 32.76 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV017...  дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эзэмшиж хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар манай компанийн газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргааны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгээс олж мэдээд Нийслэлийн Засаг даргад Уг захирамжийг хуульд заасны дагуу бидэнд гардуулж, хүчингүй болгох тухай гомдол гаргасан боловч 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/1817 дугаар албан бичгээр...захирамж гарсан өдөр хэвлэлийн бага хурал хийж, нийтэд мэдэгдсэн...цахим хуудаст байршуулсан..., танай компанид албан бичгээр мэдэгдэхээр шуудангаар хүргүүлэх гэсэн боловч хаяг тодорхойгүй шалтгаанаар буцаж ирсэн. .... гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн үндэслэлээр хүсэлт болон гомдлыг хүлээж аваагүй. Улмаар компаний зүгээс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/02 дугаартай албан бичгээр тайлбар хүргүүлж, А/609 дүгээр захирамжийг хуульд заасны дагуу эрх, хууль ёснй ашиг сонирхол нь хөндөгдөж буй хуулийн этгээдэд заавал гардуулах ёстой тул Захирамжийг хуульд заасны дагуу бидэнд гардуулж, хүчингүй болгуулах тухай дахин хүсэлт гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/2862 дугаар албан бичгээр....дурдсан асуудлаар 07/1817 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно гэсэн хариуг өгсөн тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар А/609 дүгээр захирамжийг мэдэгдэж, гардуулаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан.

Нэг. Сонсох ажиллагаа хийгдээгүй тухайд: Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Э.А.Б.Э ХХК-аас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актын мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Хуульд өөрөөр заасан тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.4-д Хуульд өөрөөр заасан тохиолдолд захирааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гээд Түгээмэл тархацтай ашигт малтмапын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.14-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж тус тус заасан.

Гэтэл хуульд өөрөөр заасан тохиолдол буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заасан мэдэгдлийг Э.А.Б.Э ХХК-д 10 хоногт багтаан өгөөгүй. Үүний улмаас Захиргааны ерөнхий хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.3-д Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг тодорхой зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, Нийслэлийн Засаг даргад ирүүлнэ гэж заасны дагуу гомдол, санал, тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсон.

Мөн хариуцагч "... А/609 дүгээр захирамж гарсан өдөр хэвлэлийн бага хурал хийж, нийтэд мэдээлсэн бөгөөд ... цахим хуудаст байршуулсан гэх боловч үүнийг нь сонсох ажиллагаа явуулах журмыг зохих ёсоор хэрэгжүүлж, сонсох ажиллагааг хийсэн гэж үзэхгүй, Сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл энэ маргааны хувьд байхгүй байна.

Иймд Захиргааны өрөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж заасан зарчмыг хангахгүйгээр хариуцагч маргаан бүхий А/609 дүгээр захирамжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Мөн дээр дурдсанаар маргаан бүхий акгыг бидэнд мэдэгдээгүй тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл Э.А.Б.Э ХХК тогтмол төлсөөр ирсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчим алдагдаж байна. Түүнчлэн, маргаан бүхий захиргаан акт Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болоогүй.

Хоёр. Бусад үндэслэлийн тухайд: Хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах, газрын хэвлийг дуусгавар болгох нөхцөл буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон, газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх асуудал Э.А.Б.Э ХХК-ийн хувьд огт байхгүй байсан.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах тухай үндэслэлд Тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн давхацсан гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд мөн хуулийн 37.1.3-д зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргасан баримт байхгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг Э.А.Б.Э ХХК-д хуульд заасны дагуу гардуулахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус захирамжийг Э.А.Б.Э ХХК-д гардуулахыг даалгаж, захирамжийн Э.А.Б.Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.А.Б.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О ХХК-тай адилхан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Нэгдүгээрт, Э.А.Б.Э ХХК нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэх, бодит байдалд үйл ажиллагаа явуулсан эсэх, ямар үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжид заасан нийтлэг үүрэг юм. Хэрхэн биелээгүй талаар судалж тогтоолгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан. Сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг дээр нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон үндэслэлдээ тодорхой дурдсан. Сонсох ажиллагаа явуулсан гэдэг тайлбар өгөөд цахим санд байршуулсан гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэхгүй байгаа. Сонсох ажиллагаа гэдэг нь цогц үйл ажиллагаа байдаг ба бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд маргаан бүхий актыг танилцуулж тайлбар авах ёстой байдаг. Энэ ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт нарийвчлан заасан байгаа. Хуулийн этгээдэд заавал бичгээр гаргаж танилцуулах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэг буюу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр байх тохиолдолд тэдгээрт гомдол гаргах зарчмыг хангалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан. Манай компанийн зүгээс 2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр ирсэн. Тиймээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд актыг хуульд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Иймд энэ акт нь хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд тусгай зөвшөөрлийн талбайн усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс бүхэлдээ эсхүл хэсэгчлэн давхацсан гэсэн зохицуулалт байхгүй. Гэтэл энэ үндэслэлээр цуцалсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийг батлах замаар шалгалт хийхийг хориглоно, тус хуулийн 5.9 дүгээр зүйлд шалгалтын хуудсын нэг хувийг шалгуулагч этгээдэд өгнө гэсэн заалт байдаг. Үүний дагуу тухай хуулийг хариуцагч зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хууль-ийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хамтран хийсэн хяналт шалгалтаар тус аж ахуйн нэгжийн MV-119..., М\/-016... дугаартай тусгай зөвшөөрлүүд нь Газрын хэвлийн тухай хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3-н жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан болно. Мөн тус аж ахуйн нэгжийн М\/-016... дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа бөгөөд энэ талаарх нотолгоог Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас албан бичгээр манайд ирүүлсэн. Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Уг шалгалтаар эдгээр аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчилд Улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ундны усны хамгаалалтын бүстэй тусгай зөвшөөрөлтэй талбай нь давхцалтай, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна ундны усны хамгаалалтын бүс, түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо улам ихэссэн нь Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэд эрүүл орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдол ч мөн Нийслэлийн Засаг даргад ирсний дагуу Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дах заалтад заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигг малтмал олборлогч аж ахуйн нэгжуүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдэл хийсэн бөгөөд өөрөөр хэлбэл тусгай зөвшеөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсгох ажиллагаа хийсэн. Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргасан өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны цахим хаяг болох www.ulaanbaatar.mn вэб сайтад байршуулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа хариу тайлбар дээр уурхай акт олгоогүй гэж тайлбарлаж байна. Уурхай акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18 дахь хэсэгт уурхай талбайн гэж энэ хуулийн 4.1.16 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэлнэ гэж заасан байдаг. Тус хуулийн 4.1.16 дахь хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэсэн, 4.1.19 хэсэгт уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай итгэл тусгай зөвшөөрлийг авснаар уурхайн эдэлбэр буюу уурхайн актыг тухайн аж ахуй нэгж авч үйл ажиллагаагаа эхлэх эрхтэй болж байна. Уурхай акт авснаар тухайн аж ахуй үйл ажиллагаа явуулах байсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр аж ахуй нэгж нь сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсох бол тухай орон нутагт хүрэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон эдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх боломжтой. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 29-ий өдөр хэвлэлийн бага хурал зарлаж Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдэд Байгаль орчны тухай хуулийг дагаж мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах тухайгаа 4 сарын өмнө мэдэгдэж тус хэвлэлийн бага хурлыг зарласан ба үүгээр сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гаргасан компаниудын тусгай зөвшөөрөл цуцлагдах болсон үндэслэл нь энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай, газрын хэвлийг гурав болон түүнээс жил ашиглаагүй гэсэн хоёр үндэслэл байгаа. Компаниуд нь хариу тайлбараа гаргахдаа уурхайн эдэлбэрийн акт аваагүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг тайлбар хэлээд байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг эрх үүрэг гэж байгаа. Үүнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн уурхайг ашиглалтад оруулах талаар улсын комисст хүлээлгэж өгснийг дараа уурхайн олборлолт үйл ажиллагааг явуулна гэснийг нэхэмжлэгч компаниуд зөрчсөн. Уурхайг хүлээлгэж өгсөн акт гаргуулаагүй зөрчил дээр байгаа. Нэхэмжлэгч хоёр компаниудад тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 5 жил болсон. Биднийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар урьдчилан нотлох үйл ажиллагаагаар зөрчлийг илрүүлдэг гэсэн тайлбар хэлж байна. Бид ийм үйл ажиллагаа явуулаагүй. Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнө Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтарсан хяналт, шалгалт хийхдээ урьдчилаад талбай дээр үзлэг хийсэн. Талбай дээр үзлэг хийхэд энэ хоёр компани нь олборлолт явуулаагүй, мөн тухайн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг явуулдаг хуулиар заасан эрх үүргийг шалгахын тулд Ашигт малтмал газрын тосны газраас шалгалт хийхээсээ өмнө лавлагаа мэдээллийг авдаг. Үүний дагуу нэхэмжлэгч хоёр компани нь 2009 оноос хойш хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлсэн эсэх, уулын ажлын тайланг батлуулсан эсэх талаарх лавлагааг авахад хоёулаа тайлан, тооцоо батлуулаагүй гэсэн жагсаалтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Бид тайлбай дээр үзлэг шалгалт хийсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн ТЗҮ батлуулаагүй байхад бидний тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн тайлбар өгсөн.

ТЗҮ-г батлуулах нь тухай аж ахуй нэгжийн хуульчлан заасан нийтлэг үүрэг юм. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй газрын хэвлийг 3 дээш жил ашиглаагүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх О ХХК, Э.А.Б.Э ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн О ХХК, Э.А.Б.Э ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн О ХХК, Э.А.Б.Э ХХК-иудад холбогдох хэсгүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэж, улмаар Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дахь хавсралтаар Газрын хэвлий ашиглах эрх нь дуусгавар болж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор 2008 онд олгогдсон О ХХК, Э.А.Б.Э ХХК нарын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-013..., MV-017... дугаартай зөвшөөрлүүд хамаарчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хамтран хийсэн хяналт шалгалтаар тус аж ахуйн нэгжийн MV-013..., MV-017... дугаартай зөвшөөрлүүд нь Газрын хэвлийн тухай хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан болно. Мөн тус аж ахуйн нэгжийн MV-013..., MV-017... дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй О ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай 321.04 га газар буюу 99.7 хувь, Э.А.Б.Э ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай 20.47 га газраар буюу 62.7 хувийн давхцалтай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Мөн Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэнд нэхэмжлэгч хоёр компани хамрагдсан байна.

Уг шалгалтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбай ундны усны хамгаалалтын бүстэй тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Нэхэмжлэгч О ХХК-иас О ХХК хувьд 2008 оны 4 дүгээр сард 135...  гэсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн. 2008 онд Х зөвшөөрөл буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг журмын дагуу авч үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан. 2012 онд А зөвшөөрөл буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч техник эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар 2012 оноос хойш ажиллаж эхэлсэн. 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ой сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дагуу 2 жил орчим үйл ажиллагаа явуулах боломж байгаагүй. Ингээд 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч ТЗҮ батлуулахаар хүсэлтүүдийг зохих шатны байгууллагад өгсөн. Үүнээс хойш ТЗҮ-г батлаагүй. 2017 онд Нийслэлийн Засаг дарга А/609 дугаартай захирамж гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн хоёрдугаар зүйл буюу хоёрдугаар хавсралтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрыг ашиглаагүй гэж үзсэн. Бид хэд хэдэн үндэслэлээр А/609 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахаас өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулна гэсэн. Энэ ажиллагааг Нийслэлийн Засаг даргын зүгээс явуулаагүй гэж маргаж байгаа. Хариуцагчийн тайлбарыг үзэхэд сонсох ажиллагааг явуулсан Ulaanbaatar.mn гэдэг хаягаар 3 дугаар сарын 19-ны өдөр 3 жил үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоосон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт болохоос өмнө сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарладаг.

Хоёрдугаар тайлбар ирүүлэхдээ сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан гэж нэг тайлбараа үгүйсгэсэн хоёр тайлбар ирүүлдэг. Энэ нь сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэдэг нь өөрсдийнх нь тайлбараас харагддаг. Газрын хэвлийн тухай хуульд газрын хэвлийг актаар зөвшөөрөл олгосон газар нь хүлээлгэн өгнө гэсэн зохицуулалтай юм. Нэхэмжлэгч О ХХК-д тухайн газрын хэвлийг актаар хүлээлгэж өгөөгүй ба энэ нь 2012 онд А зөвшөөрлийг авч нийгэм эдийн засгийн үндэслэлээ батлуулахаар төрийн байгууллагад хандаад өнөөдрийн ТЗҮ батлагдаагүй. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ гэж заасан. Бид газрын хэвлийг ашиглаж эхлээгүй ба техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан тогтооход ашигт малтмалын дээжийг авах, геологийн судалгаа авах ажлуудыг хийж байгаа. Энэ нь газрын хэвлийг ашиглаж байгаа нэг хэлбэр юм. Бид газрын хэвлийг ашиглаж эхэлсэн. Хоёрдугаарт газрын хэвлийг ашиглаж эхлээгүй тухай акт олгосноор газрын хэвлийг ашиглаагүй гэдэг асуудал яригдах ёстой. Гэтэл хуульд заасныг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна биетээр гарсан байх ёстой гэсэн байдаг. А/609 дүгээр захирамжийн үндэслэж байгаа хуулийн зүйл заалтыг харвал газрын хэвлийг ашиглаагүй гэдэг нь Түгээмэл тархацтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг барьж газрын хэвлийг ашиглаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Э.А.Б.Э ХХК нь Сонсох ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт нарийвчлан заасан байгаа. Хуулийн этгээдэд заавал бичгээр гаргаж танилцуулах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэг буюу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр байх тохиолдолд тэдгээрт гомдол гаргах зарчмыг хангалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 он хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр ирсэн. Тиймээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд актыг хуульд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Иймд энэ акт нь хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд тусгай зөвшөөрлийн талбайн усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс бүхэлдээ эсхүл хэсэгчлэн давхацсан гэсэн зохицуулалт байхгүй. Гэтэл энэ үндэслэлээр цуцалсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийг батлах замаар шалгалт хийхийг хориглоно, тус хуулийн 5.9 дүгээр зүйлд шалгалтын хуудсын нэг хувийг шалгуулагч этгээдэд өгнө гэсэн заалт байдаг. Үүний дагуу тухай хуулийг хариуцагч зөрчсөн гэж үзэж байна гэж маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Нэхэмжлэгч О ХХК, Э.А.Б.Э ХХК-иуд нь Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй; гэж заасныг зөрчсөн байсан бөгөөд мөн нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайнууд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох тогтоогдсон байдаг. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/609 дүгээр захирамж нь нэхэмжлэгч компаниудыг газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр гарсан боловч тус компаниудын тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1 дэх заалтаараа Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон аж ахуй нэгжүүдийн, 2 дахь заалтаараа Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй аж ахуй нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэжээ[2].

Тус захирамжийн 2 дугаар хавсралтын 3, 7 дугаар мөрүүдэд нэхэмжлэгч О ХХК, Э.А.Б.Э ХХК-иудын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд багтжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэйО ХХК-ийн MV-013... дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 321.04 га талбайгаар буюу 99.7 хувь, Э.А.Б.Э ХХК-ийн MV-013... тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 20.47 га талбайгаар буюу 62.7 хувиар давхцалтай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О ХХК, Э.А.Б.Э ХХК-иудын ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байна.

Гэхдээ нэхэмжлэгч нарын ашиглахаар авсан байсан тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбайнууд нь Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үйл баримт тогтоогддог хэдий ч хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа энэ үндэслэлд хамааруулан захирамжийг гаргаагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нараас шүүхэд маргахдаа энэ үндэслэл хамт байсан гэх байдлаар тайлбарлан маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хяналт шалгалтаар нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан хэдэн төрлийн зөрчил тогтоогдсон, түүнийгээ хэрхэн үнэлж маргаан бүхий захиргааны актынхаа үндэслэл болгосон, зэргээ тодруулж байж дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3., 106.3.11. дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2., 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 3, 7 дугаар мөрүүдэд бичигдсэн О ХХК, Э.А.Б.Э ХХК-иудад холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 36-40 дүгээр хуудас, 4 дүгээр хавтас 68 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 80-84 дүгээр хуудас