Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00000

 

 

                                                         Б.М-ын нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалтай,

 Б.М -ын нэхэмжлэлтэй,

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019.12.09-ний өдрийн Б/5884 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нарын гаргасан гомдлоор

 Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, О.Алтансарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М би “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016.10.24-ний өдрийн Б/1305 дугаар тушаалаар Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажиллах нөхцөл боломжоор хангаагүй ч гэсэн миний бие хүлээцтэй хандаж, өөрийн зүгээс шалтгаалах бүхий л боломжийг эрэлхийлж ажилласан боловч 2019.12.09-ний өдрийн ерөнхий захирлын Б/5884 дүгээр тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, ажиллаж байх хугацаанд буюу 2019.09, 10, 11, 12 дугаар саруудын цалин хөдөлмөрийн хөлсийг ямар нэгэн үндэслэл, шийдвэргүйгээр олгоогүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйд гомдолтой байна. Ерөнхий захирлын тушаалын үндэслэл нь "Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны улмаас орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай" гэсэн байдаг бөгөөд тус үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн үндэслэл байхгүй. Учир нь Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1-д “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино”. Одоогийн байдлаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний орон тоо хасагдсан, уг орон тоог цөөрүүлсэн гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэр гараагүй. Б/5884 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг ерөнхий захирал Х.Бадамсүрэн гаргаагүй бөгөөд түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчиж уг тушаалыг гаргах эрхгүй этгээд тушаал гаргасан байх тул уг тушаалыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажил олгогчдын зүгээс хавчин гадуурхах байдлыг удаа дараа гаргаж, үйлдвэрийн нийт ажилтнуудад олгож байгаа урамшууллыг ганцхан надад олгоогүйн зэрэгцээ ажлаас чөлөөлж буй уг тушаал гарахаас өмнөх 3 сарын хөдөлмөрийн хөлс болох 4,500,000 төгрөгийг олгосонгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулсан. Иймд Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.12.09-ний өдрийн Б/5884 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, хууль бусаар олгогдоогүй цалин хөдөлмөрийн хөлсийг олгуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.М -ын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.12.06-ны өдрийн Б/5884 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх хугацаанд хууль зүйн үндэслэлгүйгээр олгогдоогүй 2019.09, 10, 11, 12 дугаар саруудын цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.06.05-ны өдрийн А/514 дүгээр тушаалаар Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоонд өөрчлөлт орсон тул Б.М-д 2019.07.29-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Б.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ерөнхий захирлын 2019.12.06-ны өдрийн Б/5884 дүгээр тушаалаар 2019.12.10-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. 2019.09-12 дугаар саруудад Б.М нь ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд энэ байдал нь Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудын ирцийн бүртгэлээр баталгааждаг тул түүнд дурдсан хугацаанд цалин хөлс олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана” гэж заасны дагуу ажил олгогч буюу ерөнхий захирлын эзгүйд түүний эрх олгосон албан тушаалтан болох ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер тушаалд гарын үсэг зурсан нь хууль тогтоомж зөрчөөгүй болно” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна

Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх тус хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлан тогтоолгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.12.09-ний өдрийн Б/5884 дугаартай Б.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хүчин төгөлдөр бус эрх зүйн баримт бичиг. Уг тушаал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын тушаалын албан бланк дээр, ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрээр гарсан байх боловч баталгаажуулсан гарын үсэг нь ерөнхий захирлынх биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас үүнийг хүлээн зөвшөөрсөн буюу үгүйсгээгүй байна. Хариуцагчаас ерөнхий захирлын гарын үсэг биш гэдгийг зөвтгөх үндэслэлээ Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д заасны дагуу тайлбарладаг. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.12.04-ний өдрийн А/1116 дугаар тушаалаар ерөнхий захирал нь 2019.12.03-ны өдрөөс 2019.12.07-ны өдрийг хүртэл ОХУ-д томилолтоор ажилласан гэж нотлохыг оролддог. Гэтэл Б.М-ыг чөлөөлсөн тушаал нь томилолтын хугацаа нь дууссанаас хойш 2 хоногийн дараа буюу 2019.12.09-ний өдөр гарсан. Өөрөөр хэлбэл ерөнхий захирал албан үүргээ гүйцэтгэж байхад өөр этгээд тушаалд гарын үсэг зурсан. Түүнчлэн уг томилолтоор ажиллуулж буй тушаал нь томилолтоор явснаас нь хойш 1 хоногийн дараа гарсан бөгөөд мөн л ерөнхий захирлын гарын үсгээр баталгаажаагүй байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 2020.02.05-ны өдрийн 113/67 тоот тодорхойлолтоор ерөнхий захирал нь ОХУ-аас ирээд үргэлжлүүлээд УБ хотод ажилласан гэх боловч ямар ажлаар томилолттой байсан нь тодорхойгүй, томилолтын зардлыг шийдвэрлэсэн баримт байхгүй, жолооч Э.Ганзоригийн УБ хотод ажиллах томилолтын хуудсыг хэрэгт гаргаж өгсөн боловч энэ нь ерөнхий захирал УБ хотод томилолтоор ажилласныг нотлохгүй, Э.Ганзориг нь хэний жолооч болох нь тодорхойгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д зааснаар ерөнхий захирлаас эрх олгосны дагуу дурдсан асуудлаар орлогч дарга нар нь тушаал гаргах ёстой байна. Гэтэл Б/5884 дугаартай тушаалд гарын үсэг зурсан хүнд ерөнхий захирлаас эрх зүйн ямар баримт бичгээр эрх олгосон нь хэрэгт байхгүй, мөн гарын үсэг зурсан этгээд нь хүний нөөцийн асуудал эрхэлсэн орлогч мөн эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд зөвхөн ажил олгогч тушаал шийдвэр гаргахаар заасан. Б.М-той байгуулсан 2016.10.24-ний өдрийн 1554 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах тухай Хөдөлмөрийн гэрээг тухайн үеийн ерөнхий захирал байгуулж ажил олгогч, ажилтны харилцаа үүссэн байдаг.          Иймд Хөдөлмөрийн харилцааг өөр этгээд биш зөвхөн ажил олгогч буюу тус үйлдвэрийн ерөнхий захирал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ёстой юм. Анхан болон давж шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэлгүй, тус хуулийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Б.М-ын Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь мэргэжилтний орон тоо хасагдсан гэсэн байдаг. Анхан шатны шүүх энэ талаар “...А/514 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн УБ хот дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоонд өөрчлөлт орсон байх бөгөөд мэргэжилтний орон тоо 5 байсныг 4 болгож цөөрүүлсэн байна” гэж дүгнэсэн. Гэтэл мэргэжилтний орон тоо цөөрөөгүй 4 байсан нь 4 хэвээрээ батлагдсан бөгөөд өмнө нь мэргэжилтний орон тоо 5 байсан гэх баримт хэрэгт байхгүй байхад шүүх ямар баримт, үндэслэлээр ийнхүү дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан мэдэгдлийг Б.М-д өгөөгүй гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 40.5-д “нэг сар”-ын өмнө мэдэгдэхээр заасан. Өөрөөр хэлбэл хуульд нэг сараас доошгүй хоногийн өмнө гэж заагаагүй яг нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан. Гэтэл Б.М-д 2019.07.29-ний өдөр буюу 4 сар 12 хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдлийг өгснөөс хойш 1 сарын дараа хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байтал цуцлаагүй нь хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 2019.11.09-ний өдөр мэдэгдэл өгөх ёстой байсан. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохоос өмнөх 2019.09, 10, 11, 12 дугаар саруудад Б.М-д цалин хөлс олголгүй, хүний хөдөлмөрийг шулж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх тус хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй л бол ажилтанд хөдөлмөрийн хөлсийг олгох ёстой. Гүйцэтгэх ажил, ажиллах орчин нөхцөлөөр хангах нь ажил олгогчийн үүрэг байдаг. Ажил олгогчийн энэ цалин хөлсгүй ажиллуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлд заасан цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн объектив талын үйлдэлтэй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал ч байж болохоор байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна. Б.М нь 2019.09, 10, 11, 12 дугаар саруудад ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд түүний ажлыг гүйцэтгэгч байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр түүний ажлын өрөө, компьютер зэргийг хураан авч ажиллах нөхцөлөөр хангаагүй ч ажил дээрээ боломжоороо ирж өөрийн компьютер дээр ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл цалин хөлс, нийгмийн даатгалыг төлөлгүй Б.М-ыг хохироосон байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Б.М “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан ерөнхий захирлын 2019.12.09-ний өдрийн Б/5884 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.         Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой бөгөөд түүнд тулгуурлаж хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах учиртай.

 Ажил олгогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.06.05-ны өдрийн А/514 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдаж, бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон байх ба хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон мэдэгдлийг Б.М-д 2019.07.29-ний өдөр хүргүүлж, нэхэмжлэгч уг мэдэгдлийг 2019.07.31-ний өдөр хүлээн авсан байна.

Б.М 2019.09-12 дугаар саруудад ажлаа хийж гүйцэтгээгүй тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудын ирцийн бүртгэл, нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гомдолдоо “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.12.09-ний өдрийн Б/5884 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрээр гарсан байх боловч баталгаажуулсан гарын үсэг нь ерөнхий захирлынх биш...” гэж хяналтын шатны шүүх хүртэл дурдсан хэдий ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын байгууллагын дотоод журмын 2.1-д “үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий захирал удирдах ба түүний эзгүйд ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер ...удирдана.”, 2.5-д “ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын цехийн хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана” гэж заасны дагуу ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх тушаалд гарын үсэг зурсныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг хэрэгт З.Жаргалмаа, О.Алтансарнай нарт олгосон итгэмжлэлээр дамжуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй нь нэхэмжлэгчийн “...тушаалд баталгаажуулсан гарын үсэг ерөнхий захирлынх биш...” гэсэн тайлбар, гомдол үгүйсгэгдэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ       

                                 ШҮҮГЧИД                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                 Д.ЦОЛМОН                

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД