Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 77

 

Б.М-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ЭҮ ТӨҮГ-т

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Мын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭҮ ТӨҮГ-т холбогдох,

“ЭҮ ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансарнай, З.Жаргалмаа, М.Шинэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.М нь ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 10-р сарын 24-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажиллах нөхцөл боломжоор хангаагүй ч гэсэн миний бие хүлээцтэй хандаж, өөрийн зүгээс шалтгаалах бүхий л боломжийг эрэлхийлж ажиллаж ирсэн боловч 2019 оны 12-р сарын 09-ний өдрийн Ерөнхий захирлын Б/5884 дүгээр тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын цалин хөдөлмөрийн хөлсийг ямар нэгэн үндэслэл, шийдвэргүйгээр олгоогүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйд гомдолтой байна. Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь "ЭҮ ТӨҮГ-ийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсоны улмаас орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай" гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна. Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Одоогийн байдлаар ЭҮ ТӨҮГ-ийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын мэргэжилтний орон тоо хасагдсан, уг орон тоог цөорүулсон гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэр гараагүй болно. Б/5884 дүгээр "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг гаргахдаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гаргаагүй байх бөгөөд түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан байна. Монгол улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь толөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажпллагаа явуулна гэж заасан. Дээрхи хуулийн заалтыг зөрчиж уг тушаалыг гаргах эрхгүй этгээд тушаал гаргасан байх тул уг тушаалыг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Гэтэл ЭҮ ТӨҮГ-ын ажил олгогчдын зүгээс хавчин гадуурхах байдлыг удаа дараа гаргаж, үйлдвэрийн нийт ажилтнуудад олгож байгаа урамшуулалыг ганцхан надад олгоогүйн зэрэгцээ ажлаас чөлөөлж буй уг тушаал гарахаас өмнөх 3 сарын хөдөлмөрийн хөлс болох 4.500.000 төгрөгийг /гар дээр олгогдох дүнгээр тооцов/ олгосонгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулсан болно. Иймд ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, хууль бусаар олгогдоогүй цалин хөдөлмөрийн хөлсийг олгуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Жаргалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Мын ЭҮ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/5884 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх хугацаанд хууль зүйн үндэслэлгүйгээр олгогдоогүй 2019 оны 09, 10, 11,12 дугаар саруудын цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. "ЭҮ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр тушаалаар Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоонд өөрчлөлт орсон тул Б.Мд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ЭҮ ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Б.Мтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/5884 дугаар тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. 2019 оны 09-12 саруудад Б.М нь ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд энэ байдал нь Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ажилтнуудын ирцийн бүртгэлээр баталгааждаг тул түүнд дурдсан хугацаанд цалин хөлс олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. ЭҮ ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана заасны дагуу ажил олгогч буюу Ерөнхий захирлын эзгүйд түүний эрх олгосон албан тушаалтан болох Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер тушаалд гарын үсэг зурсан нь хууль тогтоомж зөрчөөгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ЭҮ ТӨҮГ-ын 2019.06.05-ны өдрийн А/5:4 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын орон тоонд өөрчлөлт орсон байх бөгөөд мэргэжилтний орон тоо 5 байсныг 4 болгон цөөрүүлсэн байна.” “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ЭҮ ТӨҮГ-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрлөлтийг өөрчлөх тухай тогтоол шийдвэр гараагүй байна гэж байгаа боловч дээрх тушаалаар Төлөөлөгчийн газрын мэргэжилтний орон тоо болох нь тогтоогдож байна.” гэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дугаартай тушаал нь “УБ хот дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг баталсан тушаал байх бөгөөд тушаалын хавсралтаар баталсан орон тооны хуваарьт мэргэжилтний орон тоо 4 мэргэжилтэн хэвээрээ, харин тэргүүлэх мэргэжилтний орон тоо хасагдсан байдаг. Б.М нь зэрэггүй буюу энгийн мэргэжилтний ажил албан тушаал эрхэлдэг байхад тэргүүлэх мэргэжилтний хасагдсан орон тооны өөрчлөлтөөр энгийн мэргэжилтний хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Шүүх Б.Мын 40.1.1.-д заасан үндэслэлэээр гаргасан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг шийдвэрийн үндэслэл болгон дурдахдаа “... нэхэмжлэгч нь 2019 оны 9-12 саруудад ажил үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд энэ байдал нь Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудын ирцийн бүртгэлээр батлагдаж байх тул түүний дурдсан хугацаанд цалин хөлс олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлага үндэслэлгүй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл шүүх бүтэц орон тооны өөрчлөлтөөр тушаалын үндэслэлийг ирцийн бүртгэлд үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Түүнчлэн Б.Мд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сард танилцуулж, уг хугацаанд түүний ажлын байрны хэрэгсэл, өрөө тасалгаа ажил үүргээр огт хангаагүй, мөн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг гаргаагүй атлаа хөдөлмөрийн хөлс болон нийгмийн даатгалын бичилтийг 4 сараар тасалдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7-д “Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажил олгогчийн буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно” гэсэн заалтыг зөрчин, ажил албан тушаал эрхлэх боломж нөхцлийг нь хаагдуулсан талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь нэхэмжлэгчийг илт хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мыг анх ажилд томилсон тушаал нь түүнийг Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр томилсон боловч нэхэмжлэгч нь “ЭҮ ” ХХК-ийн 49 хувийг төлөөлж ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэх тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаагаагүй болно.” гэж тусгайлан үндэслэх хэсэгтээ дурдсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн заалтыг зөрчиж шүүхээс хариуцагчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлсэн нь нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасан нь тодорхой харагдаж байна гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь гргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 тоот шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагын хангасан байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж хууль бусаар олгогдоогүй байгаа цалин, хөдөлмөрийн хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ЭҮ ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Б.М нь ЭҮ ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/1305 дугаар тушаалаар тус үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн гзарт мэргэжилтнээр анх томилогдон ажилласан ба 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЭҮ ТӨҮГ-ийн ерөнхий захирлын Б/5884 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсны улмаас орон тоо хасагдсан үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалт, Хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.13. дахь заалт, ЭҮ ТӨҮГ-ийн Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын орлогч даргын албан бичиг, Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 54/303 дугаар албан бичгийг үндэслэн Б.Мтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг ЭҮ ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байх ба тухайн тушаалаар нийт 21 ажилтны орон тоотой байхаар нэг мэргэжилтний орон тоо хасагдсан болох нь тогтоогдсон байна.

Энэхүү журмын дагуу орон тоо хасагдсан үндэслэлээр ЭҮ ТӨҮГ-ийн Захиргаа хүний нөөцийн бодлогын газар нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 113/292 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Мд хүргүүлж, мэдэгдсэн нь /2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажилтан н.Ариунаа гардуулсан/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5. дугаар зүйлд нийцжээ.

Нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 09-12 дугаар сард ажлаа хийж гүйцэтгээгүй болох нь Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудын ирцийн бүртгэлээр нотлогдсон ба нэхэмжлэгч энэхүү цагийн бүртгэлийн баримтыг нотлох баримтаар няцаагаагүй байна.

Иймд ажил үүргээ гүйцэтгээгүй тул цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг шаардах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэгийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00401 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.Мийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    С.УРАНЧИМЭГ