Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ч.Г түүний өмгөөлөгч С.Ганбат,

хохирогч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Ч-ын Гд холбогдох эрүүгийн 1917001120068 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Богд суманд 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Ус-Ду ОНӨУҮГазарт цэвэр усны оператор ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ...........тоотод оршин суух,  урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,  Ш- овогт Ч-ын Г /РД:............../,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 441/232 дугаартай километрийн шонгийн орчимд Алтан Шижирт зам ХХК-ний өмчлөлийн 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Э.Эийн жолоодож явсан 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинтай мөргөлдөж зорчигч С.Гын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ”  маркын машинд 843.000 төгрөгний хохирол, 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинд 2.955.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч  Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 441/232 дугаартай километрийн шонгийн орчимд Алтан Шижирт зам ХХК-ний өмчлөлийн 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Э.Эийн жолоодож явсан 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинтай мөргөлдөж зорчигч С.Гын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ”  маркын машинд 843.000 төгрөгний хохирол, 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинд 2.955.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Алтан шижирт зам ХХК-ийн эзэмшлийн Норд бенз маркийн авто машиныг жолоодож 25 дугаар зөрлөг рүү хайрга татах ажилтай явсан. Замдаа Алсын худаг гэх газраас шатахуун авах гээд зам хөндлөн гарах гэж байхад осол гарсан. Би В, С, Е ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. 10 гаран жил машин жолоодож байсан. Осол гарах  үед охинтойгоо явж байсан.  Зам хөндлөн гарах үед хойноосоо тээврийн хэрэгсэл байгаагүй. Урдаасаа хар өнгийн машин ирж байсан. Цагаан өнгийн машин нилээн зайтай байхаар нь амжих байх гэж бодсон. Би зам хөндлөн гараад тормос гишгэсэн. Жижиг машин ч ороод ирсэн. Миний машины гупер нугаларсан байсан. Хүчтэй, хурдтай ирсэн учраас миний машины гупер нугаларсан байх гэж бодож байгаа. Хохирогч нарт ажилгүй байсан болохоор хохирол төлж чадаагүй. Одоо ажилд орсон болохоор одоо төлнө. Энд эмнэлэгт хагалгаанд ороход нь хоол цай зөөж, уулзаж байсан. Үүнээс хойш уулзаж чадаагүй, утсаар ярьж байсан гэсэн мэдүүлэг.

 

            2. Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн үед осол гарсан. Осол гарахаас өмнө 200 метрийн өмнө хамт явж байсан хүмүүстэйгээ цайлчихаад хөдөлсөн. Хар өнгийн Приус машин гүйцэж түрүүлээд өнгөрсөн. Гүйцэж түрүүлээд удаагүй бид нарын урд талд явж байхад гэнэт огцом машин ороод ирсэн. Гэрлэн дохио өгөхгүй байхаар шууд явах гэж байна гэж ойлгосон. Би хурдаа хасаад дуут дохио өгөөд, тормос гишгэсэн. Тухайн үед ах яагаад ийм юм болчихвоо харсангүй юу гэсэн чинь, уучлаарай ах нь охиноороо машин харуулсан чинь охин машин өнгөрчихлөө гэхээр нь гарсан. Яагаад хурдтай гарсан юм бэ гэсэн чинь жаахан далангаар хурдтай гарахгүй бол том машин хүчээ авч дээшээ гарч чадахгүй гэж хэлсэн. Тухайн үед би бичлэг хийсэн. Энэ бичлэг одоо ч миний утсан дээр байгаа. Бусад хохирогч нартай би байнга холбоотой байгаа. Б нь ажилдаа ороод 14 хонож байна гэсэн. Г нь эмчилгээтэй байгаа. Хол замд явж чадахгүй байгаа учраас миний өмнөөс шүүх хуралд ороод өгчих гэсэн. Миний үгийг дамжуулаад өгөөрэй гэсэн. Энэ хоёр хохирогч нь цаашдаа эмчилгээтэй байгаа. Энэ эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Миний хувьд тухайн үед гайгүй байсан боловч одоо толгой жаахан өвдөөд байгаа. Тийм учраас дахин эмнэлэгт үзүүлмээр байна. 6 сард осол гарсаны дараа үнэн учраа хэлэхгүй, худлаа хэлээд чөлөө авчихсан. Тухайн үеийн цалинг надад олгоогүй. Тийм учраас байгууллагын тодорхойлолтоо аваад ирсэн. Мөн ирж буцсан зардлын баримтыг өгсөн. Энэ зардал дээр хоол ундны тооцоог оруулаагүй. Ганцхан шатахууны зардлыг оруулсан. Бид нар ярилцаад Ч.Ггийн ар гэрийн байдлыг хүндэтгэн үзээд машин засаад өгвөл эмчилгээний зардлаа өөрсдөө гаргаад ямар нэгэн гомдолгүй гэсэн бодол байсан боловч бид нартай холбогдоогүй. Үүнд манай бусад хохирогч нар гомдолтой байдаг гэсэн мэдүүлэг.

 

3. Хохирогч  Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би ангийн найз болох С.Г, Д.Э, Т.О нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хамрын хийд явахаар болоод Д.Этай хамт ажилладаг Э гэх залууг машинтай нь авч явахаар болсон. Тэгээд Улаанбаатар хотоос 06 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Эийн 99-57 БРА улсын дугаартай машинтай яваад орой 22 цагийн орчимд Дорноговь аймагт очиж хоносон. Маргааш нь буюу 06 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Дорноговь аймгийн Хамарын хийд орчихоод 12 цагийн үед Дорноговь аймгийн төв дээр ирж хоол идчихээд 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотруу гарсан. Тухайн үед автомашиныг Э жолоодоод Д.Э урд талын суудалд суусан. Ард талын суудалд зүүн талд нь С.Г баруун талд нь Т.О, би дунд нь сууж явсан. Тэгээд 17-18 цагийн орчим байх замдаа цай ууцгаагаад Улаанбаатар чиглэлрүү явсан. Уг зогссон газраас хөдлөөд 1-2 км л болсон байх тухайн үед хар өнгийн Приус маркын машин бид нарын сууж явсан машиныг гүйцэж түрүүлээд явтал ертөнцийн зүгээр баруун талд цагаан өнгийн том ачааны машин зогсож байснаа хар өнгийн Приус 20 маркын машиныг өнгөрөөгөөд л чигээрээ ороод ирсэн тэр үед нь манай жолооч Э баруун талруугаа машинаа дараад уг том машины баруун урд хамар хэсэгт мөргөгдөөд ачааны том машины ертөнцийн зүгээр хойд талд нь машины хамар хэсэг ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон…Би эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг Говьсүмбэр аймагруу ирж очсон зардал 60000 төгрөг, зам тээврийн осол гарсны дараа Улаанбаатар хотруу машин түрээслэж явсан 500.000 төгрөг, Улаанбаатар хотод эмнэлэгрүү таксидсан, шатахууны мөнгө 58000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.110.000 төгрөг нийт 2.728.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-30 хуудас/.

 

4. Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ангийн найзууд болох Б, О, Э, Эы дүү гэх Э бид 5 “Honda insigt” маркын машинтай Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Хамрын хийдрүү аялалаар явсан. 2019 оны 06 дугаар сарын 15-ний шөнө 01 цагийн үед очоод зочид буудалд амарцгаагаад өглөө 10 цаг орчим энергийн төврүү яваад 13 цаг орчим Дорноговь аймгийн Сайншанд суманд ирээд хоол цай идээд 13 цаг 40 минутын үед Улаанбаатар хотруу явсан. Явж байгаад Говьсүмбэр ороход 4-5 км дутуу байхад зүүн гар талд шороон замаар явж байсан том оврын машин хажуу талаас огцом орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг сэрсэн чинь эмнэлэгт байж байсан. Бид нар Сайншандаас гарахдаа огт архи уугаагүй байсан. Манай машин 80 км цагийн хурдтай явж байсан. Миний бие нарийн гэдэсний чацархай тасарсан, зүүн талын 3 хавирга баруун талын 1 хавирга хугарсан, шилэн хүзүү толгой хөшиж өвдөж байгаа. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг дээр би Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11-р хороо Шинэ зам дагуу “Шинэ баян салаа” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Өвчтэй байхдаа дэлгүүрээ ажиллуулж чадаагүй тул өдрийн орлого буюу 10 хоногийн орлого болох 6.000.000 төгрөг нийлээд 7.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 34-37 хуудас/

 

5. Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн энергийн хийд орж яваад буцаж явах замдаа Говьсүмбэр аймгийн хатуу хучилттай замаар өөрийн “Honda insigt” маркын 99-57 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд орж яваад туслах зам буюу шороон замаас Nord benz маркын 79-03 УБО улсын дугаартай ачааны том тэрэг замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж  төв замаар явсан миний машиныг харалгүйгээр шууд төв замруу орж ирэн машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан юм. 18 цаг 15 минутын үед Дорноговь аймгаас Улаанбаатар чиглэлд хатуу хучилттай замд би өөрийн эгч Энхцолмонгийн эзэмшлийн “Honda insigt”  маркын 99-57 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад замын хөдөлгөөнд оролцож явж байх үед Приус-20 маркын хар өнгөтэй тээврийн хэрэгсэл манай машиныг гүйцэж түрүүлээд 50-100 метрийн орчим зайтай миний урд хэсэгт явж байхад замын зүүн гар талд Улаанбаатар хотын чиглэлрүү явах замын хэсэгт буюу туслах шороон замд төв замаар явсан тээврийн хэрэгслийг хүлээгээд зогсож байсан Nord benz маркын 79-03 УБО улсын дугаартай том оврын тэрэг миний урд явж байсан Приус 20 маркын хар өнгөтэй тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд намайг араас нь явж байхад харсан хараагүй нь мэдэхгүй шууд төв замруу шороон замаас нэвтэрч орж ирсэн. Том оврын тэрэг төв замруу орж ирэхдээ ямар нэг дохио өгөөгүй шууд орж ирэн миний барьж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн үед хамт явж байсан 4 хүний 2 хүний биеийн байдал хүнд байсан. Би том тэрэгний жолоочоос яагаад ингээд орж ирэв та төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй биз дээ гэхэд тэр жолооч ах уучлаарай харин хажууд хамт явсан хүүхдээрээ харуулчихлаа гэж байсан. Миний бие хөнгөн бэртэл авсан, толгойн хууч өвчин хөдөлсөн, одоо үе үе толгой өвддөг. Мөн хамт явсан хүмүүсийн биеийн байдал тааруу гэсэн бэртэж гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилмээр байна. Мөн тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн болгож авмаар байна…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 43-44 хуудас/

 

6. Иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”Манай Алтан шижирт зам ХХК-нд жолооч ажилтай Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25 дугаар зөрлөгрүү явж байгаад Чойроос урагш 8 км газарт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозам дээр “Honda insigt” маркын машинтай мөргөлдсөн. Техникийн үнэлгээний компаниас гаргасан 843.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Ч.Г нь Норд бенз маркын 79-03 УБО  улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлаад өгчихвөл манай компаний зүгээс заавал 843.000 төгрөгийг төл гэж шаардахгүй…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 50 хуудас/

 

7.  Иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Миний төрсөн дүү болох Э.Э нь ээлжийн амралтаа аваад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт ирсэн. Тэгээд хотод амжуулах ажил байна, машингүй хэцүү байна гэхээр нь хэд хоногтоо эгч нь гайгүй байх чи машин аваад яв яв гэж хэлээд өөрийн “Honda insigt”  маркын 99-57 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Уг машин миний эзэмшлийн миний нэр дээр байдаг. 2018 оны 09 дүгээр сард Да хүрээ захаас 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний машинд учирсан эвдрэл  гэмтлийн үнэлгээг дутуу гаргасан байна. Будах зардал болон зүүн урд талын багана, шал хормой хэсэг зэргийн үнэлгээ гаргаагүй байна. Дахин үнэлгээг гаргуулмаар байна. Надад учирсан хохирол болох 2.955.000 төгрөгний хохирол дээр Говьсүмбэр аймагт ирэх шатахуун 48000 төгрөг, цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны төлбөр 50000 төгрөг нийт 3.053.000 төгрөгийг Ч.Ггаас гаргуулж нэхэмжилмээр байна…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 53-54 хуудас/

 

8. Иргэний хариуцагч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай компанийн эзэмшлийн 79-03 УБО улсын дугаартай автомашиныг Ч.Г нь жолоодож яваад Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан гэх хэрэгт иргэний хариуцагчаар оролцож мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагчаар оролцохоос татгалзсан шалтгаанаа тайлбарлана …” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 61 хуудас/

 

9. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яг хэдэн цаг гэдгээ санахгүй байна. Дорноговь аймгаас Улаанбаатар хот орохоор 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын тээврийн хэрэгсэлтэй найз Г, О, Э.Э нарын хамт машиныг Э жолоодоод хөдөлсөн. Тэгээд Чойр дөхөөд явж байтал засмал замын ертөнцийн зүгээр баруун гар талаас /явж байсан машины зүүн гар талаас/ шороон замаас засмал замруу орох чиглэлтэй ташуу том тэрэг орж ирээд зам дээр зогссон. Тухайн үед бидний урд талд хар ангийн жижиг тэрэг явж байсан бөгөөд тэр машин засмал замаараа уг том тэрэгний урд талаар нь өнгөрөөд явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр урд суугаад явж байсан. Уг том тэрэг бидний зүгээс харагдах талдаа ямар нэгэн гэрэл дохио өгсөн зүйл байгаагүй. Би бодохдоо тэр машиныг засмал замдаа ороод явах гэж байгаа байх гэж бодсон. Тэгээд миний сууж явсан машины жолооч засмалаар явж байгаад хурдаа хасаад замаасаа баруун гар тийш салж шороон замруу ортол уг машин зам хөндлөн хүчтэй хурдтай орж ирээд шороон замаар явж байсан манай машины зөв талын хажуу талаас урд талын хаалганаас эхлүүлээд хойд талын хаалгыг дамнуулан мөргөсөн. Тэгээд миний сууж явсан машины бөгс нь шидэгдээд ертөнцийн зүгээр баруун тийш харж шидэгдэж зогссон. Тухайн үед би болон жолооч хамгаалалтын бүс зүүсэн байсан. Арын 3 зорчигч бүс зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Мөргүүлээд миний сууж явсан талын хаалганы цонхны шил хагараад надруу үсэрсэн. Мөргүүлсний дараа би шууд мөргөсөн том тэрэг рүү харахад кабинаас нь шар өнгийн подволктой хүн гүйж гарч ирээд бид нар дээр ирээд нэг юм яриад байсан тухайн үед шоконд орчихсон байсан болохоор юу ярьж байсныг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 64 хуудас/

 

10. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Ч.Г  2019 оны 05 дугаар сарын сүүлээр Алтан шижирт зам ХХК-д жолоочоор ажиллахаар болсон юм. Тухайн үед Алтан шижирт зам ХХК нь хэд хоног ажиллуулж үзэж байж болно гээд хөдөлмөрийн гэрээ  байгуулаагүй, аман гэрээгээр л ажиллахаар тохирсон гэж байсан. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Г замын баруун талд байх ажилруугааа 09 цагийн үед явсан. Би 12 цаг өнгөрч байхад охин Г.Будсүрэнг таксинд суулгаад хоол өгч явуулсан. Тухайн үед манай охин аавынхаа ажил дээр үлдэнэ гэж байсан. Тэгтэл манай нөхөр надруу залгаад Чойроос урагш замын төгсгөл дээр жижиг машинтай мөргөлдчлөө хурдан эмнэлэг дуудаад хүрээд ир гэхээр нь би эмнэлэгрүү ярихад дуудлага өгчихсөн байсан. Тэгээд би хамаатны эгчийнхээ машиныг гуйгаад осол гарсан гэх газар очиход Ггийн унаж явсан цагаан өнгийн Норд бенз маркын тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замд ертөнцийн зүгээр зүүн тийш хараад зогсчихсон байсан. Харин жижиг саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь Ггийн унаж явсан тээврийн хэрэгслийн хойд талд замынхаа зүүн талд замаас гарчихсан ертөнцийн зүгээр баруун тийш хараад зогсчихсон байсан. Ггийн машин замын цагаан шугам давчихсан араар нь машинууд гарч явж байсан.…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 70-71 хуудас/

 

11. Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ч.Г нь  Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Говьсүмбэр аймагт 2005 онд шилжин ирж байсан. Одоо эхнэр Б болон 3 хүүхдийн хамт  Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3-р баг 2-45 тоотод оршин суудаг. Говьсүмбэр аймагт УС-ДУ ХХК-д жолооч, Илчит Сансар ХХК-д жолооч, туслах ажилтнаар ажиллаж байсан. Миний мэдэхийн 10 гаруй жил жолоочоор ажилласан туршлагатай жолооч. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, төлөв даруу зантай, гэр бүлдээ халамжтай, муу зуршил муухай зан байхгүй, хүнд их тусархуу хамт олонтойгоо болон хүнтэй их эвсэг харилцаатай байдаг…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 72 хуудас/

 

12. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай дүгнэлтэнд:

- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “ Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

- 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын тээврийн хэрэгслийн жолооч Энхболд овогтой Э нь Монгол Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна.

-79-03 УБО улсын дугаартай Норд бенз маркын тээврийн хэрэгслийн  жолооч Чулуунбат овогтой Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг /Уулзвар нэвтрэх/-ийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Анхааруулах дохио ба таних тэмдэг/-ийн 9.7. Жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тээврийн хэрэгсэлийн эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол  гараар тухайн чигт хандсан дохио өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

- 79-03 УБО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Чулуунбат овогтой Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг /Уулзвар нэвтрэх/-ийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр. /хх-ийн 75-76/

 

13. Шинжээчийн 2018 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 7600 дугаар дүгнэлтэнд:

 Ц.Бгийн биед баруун атгаал ясны далд хугарал, зүүн бугуй, зүүн шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Т.Номинцацрал гэжээ. /1-р х.х-ийн 86 хуудас/

 

14. Шинжээчийн 2019 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар дүгнэлтэнд:

С.Гын биед нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн 6.7.8-р хавирга, баруун 6-р хавирганы хугарал, эрүү, хэвлийд шарх, өвчүүний зүүн доод хэсэгт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р х.х-ийн 93 хуудас/

 

15. Шинжээчийн 2019 оны 06 дүгээр сарын 19-ны өдрийн 7597 дугаар дүгнэлтэнд:

Э.Эийн биед тархи доргилт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, С.Одончимэг гэжээ. /хх-ийн 99/

 

15. Шинжээчийн 2019 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 7598 дугаар дүгнэлтэнд:

Т.Оийн биед зүүн өвдөг, баруун бугалганд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, Т.Номинцэцэг гэжээ. /хх-ийн 105/

 

15. Шинжээчийн 2019 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 7653 дугаар дүгнэлтэнд:

Д.Эы биед цээжинд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, Ө.Сарангэрэл гэжээ. /хх-ийн 111/

 

15. Шинжээчийн 2019 оны 06 дүгээр сарын 19-ний өдрийн 198 дугаар дүгнэлтэнд:

Г.Будсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.  Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 118/

 

15. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаар дүгнэлтэнд:

Ч.Ггийн биед гэмтэл тогтоогдсонгүй.  Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 123/

 

            19. “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 129-131 хуудас/

 

20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / х.х-ийн 3-15,  71 хуудас/

 

21. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл / х.х-ийн 20-21 хуудас/

 

22. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / х.х-ийн 175 хуудас/

 

23. Хохирогч С.Гын Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар өвчний түүхийн хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас / хх-ийн 180-203/

 

24. Хохирогч Ц.Бгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, хохирлын тооцоо, Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Гын цалингийн тодорхойлолт /2-р хх-ийн 01-15, 16-23/

 

25. Хохирогч Э.Эөөс гаргаж өгсөн хохирлын тооцоо /2-р хх-ийн 25-26

 

26. 99-57 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / 2-р хх-ийн 28-29 хуудас/ зэрэг болно.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Гг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ч.Ггийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

            Хохирогч Ц.Бгийн эмчилгээний болон бусад зардал 530320 төгрөг, үүн дээр ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 788750 төгрөгийг нэмж 1.319.070 төгрөгийг, хохирогч Э.Эийн эмчилгээний зардал 134000 төгрөг дээр ирж очсон шатахууны зардал 60000 төгрөг нийт 194000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Эгийн эд хөрөнгөнд учирсан хохирол 3.095.000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар иргэний хариуцагч “Алтан шижир зам” ХХК-аас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Б эмчилгээний зардал болон бусад зардалд 2.728.000 төгрөг нэхэмжилж байх боловч Улаанбаатар хотруу зөөвөрлөсөн 500.000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан гэх 908.930 төгрөг нийт 1.408.930 төгрөгний баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг ,хохирогч С.Г эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 6.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдлаа.

 

Иргэний нэхэмжлэгч “Алтан шижир зам” ХХК-ний эзэмшлийн 79-03 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 843.000 төгрөгнөөс Автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний төлбөр 38000 төгрөгийг шүүгдэгч төлснийг хасаж 805.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ггаас гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            “Шижирт алтан зам” ХХК нь дээрх хохирлыг нэн түрүүнд барагдуулж учирсан хохирлоо гэм буруутай этгэдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

            Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн 419635 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, гэм хорын байдал, анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Гг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Ч-ын Гг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Гд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүйг дурдсугай.

 

5. . Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хариуцагч “Шижирт алтан зам” ХХК-иас хохирогч Ц.Бгийн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.319.070 төгрөг, хохирогч Э.Эийн эмчилгээний болон бусад зардал 194000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Эд гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан 3.095.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт, шүүгдэгч Ч.Ггаас “Алтан шижирт зам” ХХК-ний эзэмшлийн 79-03 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 805.000 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч “Алтан шижир зам” ХХК-д тус тус гаргуулж олгосугай.

 

6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Ч.Гд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг нь тоолохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч Ч.Ггийн 419635 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.АРИУНЖАРГАЛ