Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2019/ДШМ/13

 

Ч.Г холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч С.Г, хохирогч Э.Э, иргэний хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ч.Г холбогдох 1917001120068 дугаартай 2 хавтас 328 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч иргэний хариуцагч ‘’А Ш з’’ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Э гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 441/232 дугаартай километрийн шонгийн орчимд А Ш з ХХК-ийн өмчлөлийн 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Э.Э жолоодож явсан 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинтай мөргөлдөж зорчигч С.Г эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Ц.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Э.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол, 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын машинд 843.000 төгрөгний хохирол, 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинд 2.955.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Ч Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Г оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч, энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “А Ш з” ХХК-иас хохирогч Ц.Б эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.319.070 төгрөг, хохирогч Э.Э эмчилгээний болон бусад зардал 194.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Э гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан 3.095.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт, шүүгдэгч Ч.Г “А Ш з” ХХК-ийн эзэмшлийн 79-03 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 805.000 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч “А ш з” ХХК-д тус тус олгож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Ч.Г хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг нь тоолохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Г 419635 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлжээ.

Иргэний хариуцагч “А Ш з’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Э давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/89 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ш Ч Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 441/232 дугаар километрийн шонгийн орчимд манай компанийн өмчлөлийн 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас: Э.Э жолоодож явсан 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын суудлын авто машинтай мөргөлдөж зорчигч С.Г эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Ц.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Э.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол, 99-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын машинд 843.000 төгрөгийн хохирол, 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын суудлын автомашинд 2.955.000 төгрөгийн хохиролыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Ч.Г үйлдэл нь 100 хувь гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдсон байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/89 тоот шийтгэх тогтоолд шүүгдэгч Ч.Г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн байна. Гэтэл хохирогч Ц.Б эмчилгээний болон бусад зардал 530.320 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 788.750 төгрөгийг нэмж 1.319.070 төгрөгийг, хохирогч Э.Э эмчилгээний зардал 134.000 төгрөгийг, Иргэний нэхэмжлэгч Э.Э эд хөрөнгөнд учирсан хохирол 3.095.000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар иргэний хариуцагч “А Ш з” ХХК-иас гаргуулж олгох нь зүйтэй байна гэснийг “А Ш з” ХХК-н хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр шүүгдэгч Ч.Г жолоодож явсан ачааны автомашин нь манай “А Ш з” ХХК-ийн бүртгэлтэй машин боловч манай компани Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг “ХӨӨТ” гэдэг газарт нүүрсний уурхай олборлон ашигладаг, нүүрсээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Гаалийн хяналтын бүсэд тээвэрлэн хүргэж экспортонд гаргадаг, байнгын үйл ажиллагаатай байсан боловч түүхий, бохир нүүрсийг экспортод гаргахгүй, заавал угаасан нүүрс экспортлох болсноор нүүрс угаах үйлдвэр байгуулаад үйл ажиллагаа эхэлж жигдэрээгүй, түр зогсолттой, нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалт дууссан ч үйл ажиллагаа явуулахад зарим ажил дуусгавар болоогүй байхад тухайн осол хэрэг гарах үед байнгын тээвэргүй байснаас хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, жолоочоор ажиллах хүнээ судлаж байсан юм. Жолоочоор ажиллах хүнийг 5-7 хоногийн хугацаанд том оврын ачааны автомашин жолоодох дадлага, чадварыг шалгах, энэ хугацаагаа дуусгаад хоёр тал зөвшилцөн хөдөлмөрийн гэрээгээ байгуулж албан ёсөөр жолоочоор ажиллуулах ёстой байсан хугацаанд Ч.Г авто осол гаргаж, гэмт хэрэг үйлдсэн юм.

Ч.Г өөрийнх нь 100 хувь буруутай үйлдлийн хохирлыг “А Ш з” ХХК-н хариуцах боломжгүй учраас гомдол гаргаж байна. Иймд хохирогч Ц.Буянзаяа, Э.Э, иргэний нэхэмжлэгч Э.Э нарт учирсан хохиролыг шүүгдэгч Ч.Г нь бүрэн хариуцан төлөх учиртай гэжээ.

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын үндэслэлтэй танилцлаа. Иргэний хариуцагчийн хувьд 2 асуудал ярьж байна. Нэгдүгээрт тухайн осол гарахад хоёр жолооч хоёулаа буруутай байсан. Хоёрдугаарт хохирлыг манай компани хариуцах ёсгүй байсан гэсэн 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Тухайн осол Ч.Г буруутай үйлдлийн улмаас гарсан. Харин Инсайт маркийн авто машины жолооч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэг нь шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон. Нөгөө талаар хэлэхэд Инсайт маркийн авто машины жолоочийн буруутай үйлдэл 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Тийм учраас Инсайт маркийн авто машины жолоочийг буруутгаж үзэх үндэслэл байхгүй. Мөн хохирлыг Инсайт маркийн авто машины жолооч хариуцах ёсгүй. Нөгөө талаар тухайн хохирлыг манай компани хариуцах ёсгүй. Шүүгдэгч Ч.Г 100 хувь хариуцах ёстой гэж тайлбарлаж байна. Тухайн үед Ч.Г нь А Ш з ХХК-д жолоочоор ажилд орсон байсан. Тухайн осол гардаг өдөр компанийн менежер нь Ч.Г 25-р зөрлөг рүү ажилд яв гэсэн үүрэг чиглэлийн өгсөний дагуу явсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэжээ.

Хохирогч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г буруутай үйлдэл нь шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр нотлогдсон. Тухайн авто осол гаргахад би зогсоох үйлдэл хийсэн. Энэ талаар шийдвэр гарсан. Та буруу ойлголттой байна. Ч.Г манай компанид 5-7 хоног ажиллаж байсан гэж мэдүүлсэн байсан. Энэ талаар та эргэж бодоорой гэж хэлмээр байна. 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл авто тээврийн даатгал хийгдсэн байх ёстой. Гэтэл энэ тээврийн хэрэгсэл дээр ямар ч даатгал хийгдээгүй байсан гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагчийн давж заалдсан гомдлыг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

            Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 441/232 дугаартай километрийн шонгийн орчимд А Ш з ХХК-ийн өмчлөлийн 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Э.Э жолоодож явсан 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинтай мөргөлдөж зорчигч С.Г эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Ц.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Э.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол, 79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын машинд 843.000 төгрөгний хохирол, 99-57 БРА улсын дугаартай “Honda insigt” маркын автомашинд 2.955.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

           Иргэний хариуцагч ‘’А Ш з’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч;  ... шүүгдэгч Ч.Г зуун хувь буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б, Э.Э, иргэний нэхэмжлэгч Э.Э нарт учирсан хохиролыг шүүгдэгч нь бүрэн хариуцан төлөх учиртай. Иймд манай компанийг хохирол төлөхөөс чөлөөлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Учир нь: Хэдийгээр иргэний хариуцагч нь шүүгдэгч Ч.Г хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй,  автомашиныг эзэмших, ашиглах зөвшөөрлийг манай компаний зүгээс өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг үгүйсгэсэн   нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн осол болох  үед шүүгдэгч Ч.Г  нь  79-03 УБО улсын дугаартай “NORTBENZ” маркын автомашиныг  жолоодон   замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдлаас үзэхэд тэрээр иргэний хариуцагч байгууллагын зүгээс эрх олгосны дагуу тухайн тээврийн хэрэгслийг өөрийн мэдэлд байлгаж байсан гэж үзэхээр байх тул түүнийг эзэмшигч гэж үзэхгүй, харин түүнд бүрэн эрх олгосон этгээд  нь  ‘’А Ш з’’ ХХК нь   байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т   зааснаар  иргэний хариуцагч “А ш з” ХХК-г тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

        Иймд  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д ‘’ ... тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй’’ гэж  заасны дагуу ‘’А Ш з’’ ХХК нь хохирогч Ц.Б, Э.Э, иргэний нэхэмжлэгч Э.Э нарт учирсан гэм хорын хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин  ‘’А Ш з’’ ХХК нь өөрт учирсан хохирлыг хуульд заасны дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.  

 

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  үзлээ. Үүнд:

         Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд шүүгдэгч Ч.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй атал “эрхгүй” гэж бичсэн нь буруу байх тул зөвтгөх,

        тогтоох хэсгийн 5 дах заалтанд нэмж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг давхар баримтлах ,

        тогтоолын үндэслэх хэсэгт хохирогч Ц.Б, хохирогч С.Г нар нь хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй орхигдуулсаныг, мөн иргэний хариуцагч  “А Ш з” ХХК нь өөрт учирсан хохиролоо хуульд заасны дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх  эрхтэй талаар дурдаагүй байх тул тус тус нэмж оруулах зэрэг болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :  

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/89 дугаар шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд ... “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр’’ гэснийг ...  “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэйгээр’’ гэж,

           Тогтоох хэсгийн 5 дах заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дах хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч “А ш з’’ ХХК-иас хохирогч Ц.Б эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.319.070 төгрөг, хохирогч Э.Э эмчилгээний болон бусад зардал 194.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Э гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан 3.095.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт, Ш Ч.Г “А ш з” ХХК-н эзэмшлийн 79-03 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 805.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А ш з” ХХК-д  тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж,     

           Тогтоох хэсгийн 6 дах заалт болгон ‘’Хохирогч Ц.Б нь эмчилгээний  болон бусад зардал болох 1.408.930 төгрөг, хохирогч С.Г нь эмчилгээний зардал болон бусад зардал болох 7.000.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай’’ гэсэн,

            Тогтоох хэсгийн 7 дугаар заалт болгон ‘’ Иргэний хариуцагч нь хуульд заасны дагуу өөрт учирсан хохиролоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай’’ гэсэн заалтуудыг тус тус нэмж, тогтоох хэсгийн 6,7,8,9,10,11 дүгээр заалтыг 8,9,10,11,12,13 болгон дугаарласугай.

 

          2.Шийтгэх тогтоолын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ТЭГШСУУРЬ

                     ШҮҮГЧИД                                    Х.БАЙГАЛМАА

                                                                        О.ОДНЯМАА