Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 469

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Сод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Т.Оюунжаргал,

          шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

          хохирогч Б.Ганхуяг,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Сод холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Цогхорхойн Ц.С, 1991 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварын мэргэжилтэй, Монголын Үндэсний Их Сургуулийн 4 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 2, эхийн хамт хамт амьдардаг, ...........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

 

Ц.С нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны гадаа иргэн Б.Ганхуягийн эрүүн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Сод мэдэгдэж, Ц.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Соос 1.008.860 /нэг сая найман мянга найман зуун жаран/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ганхуягт олгож, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг болон тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ц.С нь ямар ч шалтгаангүйгээр намайг нүүр лүү 1 удаа гараараа цохиод яах, ийхийн зуургүй зугтаасан. Тухайн үед шүднээс цус гарч, амаа хөдөлгөж болохгүй, ярьж чадахгүй байсан. Маргааш нь компьютерт харуулахад эрүү хугарсан, доод 2 шүд зөрөөд хөдөлгөөн орсон, дээд 1 шүд хөдөлсөн байсан тул эрүүний хагалгаанд ороход доод талын агт арааг шууд авсан. Доод талын шүднүүд нилэнхүйдээ үрэвсэлтэй, буйл үрэвсэлтэй, хар хөх өнгөтэй болж 5 шүд мурийж, хэлбэр алдагдаж, шүднүүд өвчин орсон, дээд 1 шүд хэлбэр алдагдаж, өнгө нь өөрчлөгдсөн учраас эрүүний хагалгаанд 500.000 төгрөг, эрүүний чиг гаргуулахад 300.000 гаруй төгрөг, эм, тариа, эрүүний зураг авахуулж, тухайн үед 1.008.860 төгрөгийн зардал гарсан. Гэхдээ гарсан зардлаа бүрэн өгч чадаагүй байсан. Цаашид шүдний гажиг засуулах аппарат тавиулна, буйлны үрэвслийн эмчилгээ хийлгэнэ, эм тарианы зардалд 3.000.000 төгрөг зарцуулагдах болно. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд жич нэхэмжлэх эрхтэйг дурдаагүй байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож амжаагүй тул шүүгдэгчид хэтэрхий хөнгөн ял оногдуулсан байна. Торгуулийн ялын дээд хэмжээг эсвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг оногдуулах шаардлагатай. Учир нь би эрүүндээ 8 хадаас хадуулах хагалгаанд орсон, дахин хадаасаа авахуулахаар хагалгаанд орно гээд энэ бүх зардлаа тухайн үед нь авч нэхэмжилнэ. Миний өвдөлт, шаналал ямар байсныг тэр хүн мэдэхгүй. Түүний ээж болон өөрөө хэл амаар доромжилж “даварсан гөлөг вэ, зайл” гэх мэтчилэн хэлж, дайрсан. Би гомдолтой хэвээрээ байна. Миний хохирлыг бүрэн барагдуулаагүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, гэм хор арилаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, уучлалт гуйгаагүй, нэг ч төгрөг өгөөгүй байхад яагаад 500 нэгжээр торгож байгааг ойлгохгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж, цаашид гарах эмчилгээний төлбөр болох 3.000.000 төгрөгийг гаргуул, эрүүл болтлоо буюу эдгэртлээ эмчлүүлэх эмчилгээний зардлаа 3.000.000 төгрөгөөс гадна дахин хагалгаанд орох, эм тарианы мөнгө зардлыг гаргуулахаар, мөн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж өгнө үү.

Би “Амуулай” ХХК-д борлуулагчийн ажил хийдэг байсан ч тухайн үед зодуулснаас болж ажилгүй болсон. Миний амьдралд маш их хохирол учруулсан хүнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 1 цагийн өмнө л надад мэдэгдсэн учраас би биечлэн оролцож чадаагүй. Надад ядаж 1 хоногийн өмнө мэдэгдсэн бол би биечлэн оролцох боломжтой бас шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

          Шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.С нь өөрийн гэм буруутай үйлдэл болон хохирол төлбөрийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа ойлгож, хохирол төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

          Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорийн хохирлын талаар нотлох баримтыг шүүх хуралдаан болох хүртэл гаргаж өгөөгүй. Мөн хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй эсэх асуудал яригдаж байна. Шүүх хуралдаанд оролцоогүй ч гэсэн хохирлын талаар нотлох баримтаа өгөх эрх нь нээлттэй байсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид иргэний нэхэмжлэлтэй холбоотой эрх, үүргийг танилцуулсан. Хохирогч давж заалдах шатны шүүхэд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхээ тусгуулах талаар гомдол гаргасан. Тийм учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч Б.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 497 дугаартай “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар “...Ц.Сыг шүүхэд шилжүүлж., ... Ц.Сод холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарыг оролцуулан явуулахаар тогтоосон...” /хх 149/ атлаа хохирогч Б.Ганхуягыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүнд шүүх хуралдааны товыг “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр” буюу шүүх хуралдаан болох өдөр утсаар мэдэгдсэн нь /хх 148/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах”, 1.3-т заасан “мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах”, 1.4-д заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 1.5-д заасан “шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих”, 1.6-д заасан “шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах”, 1.9-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж тус тус заасан хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хохирогч Б.Ганхуягийн “...Миний амьдралд маш их хохирол учруулсан хүнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 1 цагийн өмнө л надад мэдэгдсэн учраас би биечлэн оролцож чадаагүй. Надад ядаж 1 хоногийн өмнө мэдэгдсэн бол оролцох боломжтой, бас шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сод холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сод холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Ц.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ