Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 636

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

Монгол Улсын иргэн, ХХХХ  оны ХХ дугаар сарын ХХ-нд Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ХХ, Баянгол дүүргийн ХХ дугаар хороо ХХ дугаар байрны ХХ  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХХХХХХХХХХХ/,Ц.Сод холбогдох ХХХХХХХХХХХХХ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.С нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны гадаа  иргэн Б.Гийн эрүүн  тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт: Би Б.Гийг цохиогүй гэв.

 

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Ц.Сын цохилтоос миний эрүүний яс хугарч хоёр шүд гэмтсэн.  Энэ гэмтлийг  надад Ц.С учруулсан. Хэрэгт хохиролтой холбоотой  1.008.860  төгрөгийн баримтууд байгаа. Үүнийгээ нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх саналтай байна. Би Ц.Сод гомдолтой байна гэв.

 

      

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байхад хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр гэрээсээ гарсан. Тэгээд гэрээс гарахдаа найз Т, Н, Ш, М, Х нартай уулзаад төв паркийн Хар сувд гээд рестораны хажууд Соёолж асарт үзэхээр явсан. Тэгээд тоглолтоо үзчихээд шөнийн 02.00 цагийн орчим Төмөр замд ирсэн. Тэгээд байрны гадна саравчинд Т, Н, М бид нар 1 литрийн Алтан чингис гээд архи хувааж уусан. Тухайн үед манай Төмөр зам хавиар яваад байдаг С буюу Ц.С гээд залуу бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд ууж байсан архинаасаа нэг аягалаад Сд өгөөд манай найз Н Сг одоо гэртээ хариад амарчих гээд явуулсан. Тэгээд бид нар ууж байсан архиа хувааж уугаад дууссан болохоор гэр гэртээ харих гээд 65 дугаар байрны хойд талын замаас такси барих гээд зогсож байтал нөгөө сааданд ирдэг С гэх залуу бид нар дээр хүрээд ирсэн. Тэр үед бид нар Сг гэр чинь хажуу талын 65 дугаар байр чи гэртээ ороод амарчих гэж хэлээд байж байтал юу болсон юм мэдэхгүй С миний араас татаад эргээд харсан даруй зүүн шанаа орчим нэг гараараа цохиод зугатаачихсан. Тэгээд Сд цохиулсан даруй миний амнаас цус гарахаар нь би тухайн үед шүд цохиод хөдөлчихөж гэж бодоод гэртээ харьж унтаад маргааш нь босоход ам нэг л эвгүй оргиод байхаар нь би тухайн үедээ шүд хөдөлчихөж гэж бодоод гэрийнхээ хажууд байдаг “Туж Смайл” гээд шүдний эмнэлэгт шүдээ үзүүлтэл шүд хугарах биш эрүүний яс хугарсан байна гэсэн. Одоо өвчин зовиур гэвэл амаа нээж ярихад хүндрэлтэй, хоол идэж чадахгүй, зөвхөн шингэн хоол болох тараг ус л ууна ийм байдалтай хамгийн доод тал нь сар явна гэсэн. Хамаагүй их юм яривал хагалгааны үед хийсэн резин сунаж үр дүнгүй болно гэсэн. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Б.Г, Т, Н нарын хамт хөлбөмбөгийн аваргын тоглолт үзээд тэндээсээ шууд төмөр замд ирсэн. Тэгээд гэртээ харихаас өмнө нэг шил архи хувааж уух гээд байж байтал манай төмөр замын С гээд залуу бид нар дээр тамхи байна уу гээд хүрээд  ирсэн. Тэгээд бид дөрөв Ц.Сод ууж байсан архинаас 2 удаа хундагалж өгчихөөд Ц.Соос холдоё гэж бодоод 65 дугаар байрны өөр сааданд сууж үлдсэн архиа уухаар болоод явсан. Тэр үед Ц.С бид нарын анх сууж байсан саравчинд ганцаараа яриад суугаад үлдсэн.  Тэгээд бид нар үлдсэн архиа хувааж уучихаад явах гэж байхад  Ц.С бид нарыг дагаж явах гээд байхаар нь бид нар такси барихаар болоод такси зогсоосон. Би таксины араар тойроод жолоочийн хажууд суух үед манай гурван найз ард чихэлдээд Н, Т хоёр суучихсан байснаа хэн нь билээ мэдэхгүй байна. Б.Гийг нөгөө Ц.С цохичихлоо гэхээр нь  би машинаас буугаад Б.Г дээр очиход Н, Т хоёр Ц.Сыг хөөгөөд явсан боловч хөөж гүйцээгүй буцаад ирсэн. Тэр үед Б.Гийг харахад амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь шүд нь унасан юм болов уу гэж бодоод тэр үедээ салсан боловч дараа нь эрүүний яс нь хугарсан байна гэдгийг мэдсэн. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Т мөрдөн байцаалтанд “...Бид нар сүүлд суусан саадандаа нэг шил архи хувааж уучихаад гэр гэртээ харих санаатай 65 дугаар байрны арын нарийн замаас такси барихаар явсан. Тэгээд дөнгөж такси зогсоогоод М урд суугаад би түрүүлж арын сандал руу ороод суух үед миний хажууд Н суугаад араас Б.Г суух гэж байхад Ц.С ирчихсэн Б.Гтай юм яриад байх шиг байснаа Ц.С Б.Гийг нэг удаа юугаар гэдгийг санахгүй байна нүүр орчим нь цохичихоод зугтаахаар нь Н бид хоёр сууж байсан таксинаасаа буугаад Ц.Сыг хөөсөн боловч Ц.С өөрөө их өндөр туранхай  хүн болохоор 65 дугаар байрыг тойроод алга болсон тул Н хөөгөөд барьж авч чадаагүй. Тэгээд бид хоёр буцаад Б.Г, М хоёр дээр ирээд уулзахад тухайн үедээ Б.Г гайгүй байхаар нь за за харьцгаая гээд  таксиндаа суугаад явсан бөгөөд маргааш нь Б.Г фэйсбүүкийн найзуудын чатаар Н Б.Гийн эрүү нь хугарсан гэж байна гэсэн мэдээлэл бичсэн байсныг уншаад Ц.Сод цохиулснаас эгзэг нь таараад ийм асуудал болжээ гэж бодсон” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч  Н.Н мөрдөн байцаалтанд”...65 дугаар байрны арын замаас такси барих гээд явж байхад Ц.С бид нарыг бас дагаад байсан боловч бид нар тоолгүй замаас такси зогсоогоод М урд суугаад хойно нь Т түрүүлж суугаад би хажууд суунгаа Б.Гийг наашаа шахаад суучих гээд хэлж байтал Ц.С гэнэт Б.Гийн араас нь татаад баруун гараараа нүүр орчим нь нэг удаа цохих үед  Б.Г хөл алдан хажуу тийш унах шахсан бөгөөд Ц.С Б.Гт хандан чи яг уналаа ш дээ гэж доромжлох маягтай хэлээд зугтаах үед би Тгийн хамт хөөсөн болоовч гүйцээгүй. Тэгээд Б.Г дээр ирэхэд түүний амнаас цус  гарчихсан шүдэн завсраар нь цус тунарсан байдалтай байсан” /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8870 дугаартай: Б.Гийн биед эрүү ясны хугарал, 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.  /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,  

 

Сэжигтнээр Ц.С мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад баруун дөрвөн замаас урагш яваад гадна талдаа дал модны зурагтай цахим тоглоомын газар тоглож байгаад 17 цагийн үед тэндээсээ гараад  Нарантуул захын зүүн талын ахмадын хороолол орж Содгэрэл гээд коллежид хамт сурч байсан найзтайгаа уулзсан. Тэгээд тэндээсээ 23 цагийн үед ганцаараа гараад хүүхдийн зууд байдаг гэрэлт гудамж орсон. Тэгээд гэрэлт гудамжинд очихдоо их сургуульд хамт сурдаг С гээд найз руугаа залгасан боловч утас нь болохгүй байсан болохоор ганцаараа хөлбөмбөг үзсэн. Тэгээд цаг хэд болж байсныг мэдэхгүй ямар ч байсан хөлбөмбөг дуусаад гэртээ харихаар гэрэлт гудамжнаас төмөр замруу алхсан. Тэгээд би байрныхаа урдуур алхаж байтал манай байрны саравчинд М, Н, Т бас урьд нь харж байсан залуугийн хамт юм ярилцаад архи уугаад сууж байхаар нь очиж уулзсан. Тэгээд саравчинд тэр  4-ийн ууж байсан архинаас 2 удаа хийгээд өгөхөөр нь уучихаад байж байтал тэр 4 гэртээ харина гээд байрны хойд талын замаас такси барих гээд явахад нь хамт яваад такси бариад явангуут нь би гэртээ орох гээд явж байтал нэг залуу Нар гээд дэлгүүрийн гадаа зогсож байгаад намайг дуудсан...манай байрны гадна явж байсан чинь нөгөө залуу өөрөө гэнэт уурлаад хараал хэлээд яваад байсан. Тэр үед гэр гэртээ орлоо гээд нөгөө залууд хэлтэл намайг шууд цохиод авахаар нь би за больё больё гээд гэр рүүгээ орсон.  /хх-ийн 36/ гэх мэдүүлэг,

Дахин байцаалтаар Ц.С: “Би Б.Гийг таньдаггүй байсан. Тэр өдөр би хүн амьтанд огт гар хүрээгүй” /хх-ийн 44/ гэх мэдүүлэг,

 

 

Шүүгдэгч Ц.Сын хувийн байдалтай холбоотойгоор   Ц.Сын иргэний үнэмлэхийн лавлага /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/, хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49/, шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн /Ц.Сын/ хяналтын картын хуулбар /хх-ийн 64-72/,  

гэрч Л.Н мөрдөн байцаалтанд: Миний хүү Ц.С нь одоо 4 дүгээр курсын оюутан, оюутан байхдаа 3 дугаар курсээ төгсөөд 1 жилийн чөлөө аваад цэргийн 032 дугаар ангид цэргийн алба хаасан тэгээд эргээд сургуульдаа сурсан. Манай хүү хувь хүнийхээ хувьд  зөв хүмүүжилтэй хүнлэг зөөлөн сэтгэлтэй гадуур дотуур тэнээд байдаггүй, ээжийнхээ үгэнд сайн ордог, ажилсаг, хүмүүжилтэй сайн хүүхэд. Манай хүүхэд оюутан байхдаа 2014 онд нэг охинтой танилцаж үерхээд манайд хэсэг хамт амьдарч байгаад жирэмсэн болоод  тэр охин нь хүүхдээ авахуулаад салаад явсан. Тэрнээс хойш манай хүүхдийн сэтгэл санаа нь хямраад сэтгэцэд нь өөрчлөлт орж Шархадны эмнэлэгт хяналтад орсон. Одоо хүүхдийн маань хувьд сэтгэцийн өөрчлөлттэй, зүгээр байгаад  гэнэт ааш зан нь хувираад сонин зан авир гаргах болсон. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 743 дугаартай: Ц.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг баримт үгүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Сэтгэцийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 31-32/ гэсэн дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаартай: Ц.С нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр СЭМҮТөвийн БГД-ийн сэтгэцийн эмчийн хяналтанд хяналтын карт нээсэн гэх эмнэлэгийн бичиг баримт байна. Ц.С нь F 21 буюу “Шизофренийн хэв шинжит эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. Хэрэг үйлдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Одоо  F 21 буюу “Шизофренийн хэв шинжит эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.С нь хэрэг хариуцах чадвартай байсан байна. /хх-ийн 114-121/ гэсэн дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 431 дугаартай: сэтгэцийн онош “F 21 Шизофренийн хэв шинжит эмгэг”. Ц.С нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 141-146/ гэсэн дүгнэлт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 7 дугаар сарын 16-нд  Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны гадаа  иргэн Б.Гийн эрүүн  тус газар нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, 2 шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн”...С миний араас татаад эргээд харсан даруй зүүн шанаа орчим нэг гараараа цохиод зугатаачихсан. Тэгээд...миний амнаас цус гарахаар нь би тухайн үед шүд хөдөлчихөж гэж бодоод...”Туж смайл” гээд шүдний эмнэлэгт шүдээ үзүүлтэл шүд хугарах биш эрүүний яс хугарсан байна гэсэн...” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнх-Эрдэнийн”...Б.Гийг нөгөө Ц.С цохичихлоо гэхээр нь...Б.Гийг харахад амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь шүд нь унасан юм болов уу гэж бодоод тэр үедээ салсан боловч дараа нь эрүүний яс нь хугарсан байна гэдгийг мэдсэн” /хх-ийн 14/ гэх мэдүүлэг, гэрч Т.Тгийн”...Ц.С Б.Гийг нэг удаа...нүүр орчим нь цохичихоод зугатаасан” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,  гэрч  Н.Нын”...Ц.С гэнэт Б.Гийн араас нь татаад баруун гараараа нүүр орчим нь нэг удаа цохих үед  Б.Г хөл алдан хажуу тийш унах шахсан бөгөөд Ц.С Б.Гт хандан чи яг уналаа ш дээ гэж доромжлох маягтай хэлээд зугтаасан...”/хх-ийн 18/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8870 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б.Г “ Ц.Сод холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргалаа.

 

Ц.С мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Гийг цохиогүй гэж мэдүүлж байна.

 

Түүний мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд тэрээр Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгч нь “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхтэй юм.

Харин хохирогч болон гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” ба хэрэв худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээх үүрэгтэй субъектүүд байх бөгөөд  мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Г болон нэр бүхий гэрчүүд хэргийн үйл баримтын талаар хоорондоо зөрүүгүй мэдүүлжээ.

 

Ц.С нь Б.Гийн эрүүн  тус газар нь цохисон талаар хохирогч Б.Г шууд зааж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь нэр бүхий гэрчүүд Г.М, Т.Т, Н.Н нарын мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдож, түүний бие махбодид нь   эрүү ясны хугарал, 2 шүдний булгарал гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8870 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Ц.Сод холбогдох хэргийг цагаатгуулах санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хуулийн зүйн боломжгүй юм.

 

Улсын яллагчаас Ц.Сыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч   шүүгдэгч Ц.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Ц.Сын хувийн байдалтай холбоотойгоор сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг талаархи тус эмнэлэгийн карт хэрэгт авагдсан байх боловч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, мөн одоо хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлтүүдийг Шүүхийн сэтгэцийн шинжээчид анагаахын тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр дүгнэсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад”...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно ....гэж заасан байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ц.Сод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Ц.Сод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.  

 

Хохирол төлбөрийн тухайд

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гийн эмчилгээтэй холбогдох нийт 1.008.860  төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул дээрх нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Ц.Соос гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.   /хх-ийн 24-27/

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Ц.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  36. 2,  36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                        

   ТОГТООХ нь:

 

  1. Ц.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Сыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Ц.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Соос 1.008.860 /нэг сая найман мянга найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Гт олгосугай.

 

  1. Хохирогч Б.Г цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ