Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/1090/З |
Дугаар | 221/МА2024/0252 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0252
“СО” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “СО” ХХК
Хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 128/2023/1090/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 521 дугаар зүйлийн 521.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.2, 10.9.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “СО” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын Хавсралтын 20 дахь заалтыг тус тус хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “...“СО” ХХК нь “ТТ” ХХК-аас зарласан “Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээллийг “МЭ” ХХК болон “Мц” ХХК-аас Сангийн яаманд ирүүлсний дагуу худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай удирдамжийн дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г хяналт шалгалтын ажиллагаа хийсэн. Дээрх хяналт шалгалтын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр “СО” ХХК нь “ТТ” ХХК-аас зарласан “Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохдоо хавсаргасан тус компанийн 2022 онд гүйцэтгэсэн гэх нийт гэрээний үнийн дүн нь тус компанийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангаас зөрүүтэй байгаа нь тендерт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь тогтоогдсон.
Тухайлбал, хяналт шалгалтаар дээрх тендер шалгаруулалтад оролцохдоо “СО” ХХК-ийн ирүүлсэн тендерийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээс татан үзэхэд тус компанийн тендерт ирүүлсэн 2022 онд гүйцэтгэсэн гэх 9 гэрээний мэдээлэл байсан бөгөөд тэдгээр гэрээний нийт үнэ 964,180,620.0 төгрөг байсан. Гэтэл “СО” ХХК-ийн санхүүгийн 2022 оны тайлангийн орлогын дэлгэрэнгүй тайланд борлуулалтын орлого (цэвэр) 542,355,865.46 төгрөг, мөнгөн гүйлгээний тайланд бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 596,591,452.0 төгрөг” байгаа нь тендерт ирүүлсэн нийт гэрээний үнийн дүнгийн мэдээллээс зөрүүтэй болно.
2.2. Тус компанийн баталгаажсан санхүүгийн тайланд 2022 оны борлуулалтын орлого 542.0 сая төгрөг байхад тендер шалгаруулалтад оролцохдоо бэлтгэсэн материалд тухайн онд 964.0 сая төгрөгийн гэрээ гүйцэтгэсэн гэж ирүүлсэн байдаг. Түүнчлэн, тендерт хавсаргасан 9 гэрээг судлан үзвэл “СО” ХХК- ийн “Э” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэх 22/01-01 дугаартай “Бараа худалдах, худалдан авах” гэрээ, гэрээний үнэ 530.0 сая төгрөг байдаг. Үүнээс дүгнэхэд “СО” ХХК-ийн 2022 онд борлуулсан нийт бараа, бүтээгдэхүүний орлого нь тайланд дурдсанаар 542.0 сая төгрөг байхад тухайн жилдээ “Э” ХХК-тай 530.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан гэж ирүүлжээ. “СО” ХХК тендерт “Э” ХХК-тай байгуулсан дээрх 22/01-01 дугаартай гэрээнд холбогдох бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт, “Э” ХХК-ийн тодорхойлолтыг хавсаргасан байдаг боловч тэдгээр баримтууд ижил дугаартай, холбогдох санхүүгийн баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын баримт /НӨАТ/ ирүүлээгүй бөгөөд хэрэв тухайн баримтыг үйлдэгдээгүй гэвэл “СО” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
2.3. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах зарчмаар “Э” ХХК-ийн дэлгүүр, санхүүгийн баримтад үзлэг хийж тухайн гэрээ эх хувиар байхаас гадна, “СО” нэртэй маскууд худалдаалагдаж, хадгалагдаж байгаа нь худалдан авалт бодитой болох нь нотлогдсон гэж үзжээ. Хэрэв тухайн гэрээг бодитой гэж үзэх тохиолдолд тус компани санхүүгийн тайлангаа үнэн зөвөөр тайлагнаагүй буюу 2022 оны санхүүгийн тайлангийн борлуулалтын орлого болон “Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн “СО” ХХК-ийн 2022 онд гүйцэтгэсэн гэх гэрээний нийт үнийн дүн зөрүүтэй байгаа нь худал мэдээлэл болох үндэслэл болох байтал шүүгч үүнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтыг “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.
2.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0114 дүгээр шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч “СО” ХХК-аас “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын Хавсралтын 20 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Маргаан бүхий улсын байцаагчийн 2023 оны 64 дүгээр дүгнэлтээр “СО” ХХК-ийг ... тендерт ирүүлсэн 9 гэрээний үнийн дүн 964,180,620.0 төгрөг буюу 2022 оны санхүүгийн тайланд зааснаас зөрүүтэй байх тул илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн ... тендерт “Э” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаартай “Бараа худалдах, худалдан авах гэрээ” /гэрээний үнэ 530,400,000.0 төгрөг/, “Э” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт ирүүлсэн, ... гэтэл гэрээндээ төлбөр төлөх арга хэлбэрээ бэлнээр гэж тодорхойлоогүй атлаа бэлнээр авсан, дээрх бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд бүгд ижил дугаартай, холбогдох гүйлгээ хийсэн санхүүгийн баримт ирүүлээгүй гэсэн дүгнэлтийг хийж, “СО” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоож, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн сайдад хүргүүлжээ. Уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий Сангийн сайдын 2023 оны 213 дугаар тушаалаар /Хавсралтын 20-д/ нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулж, мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулахыг үүрэг болгожээ.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “СО” ХХК-ийн тендерт ирүүлсэн 2022 оны татварын тайлантай, 9 компанитай гэрээ байгуулж, борлуулалтын орлогоо 964,180,620.0 төгрөг гэж ирүүлсэн нь хоорондоо зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгч “СО” ХХК-ийн “Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаар гэрээг хуурамч гэж үзэх үндэслэл биш...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байна.
4. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... Хэрэв тухайн гэрээг бодитой гэж үзэх тохиолдолд тус компани санхүүгийн тайлангаа үнэн зөвөөр тайлагнаагүй буюу 2022 оны санхүүгийн тайлангийн борлуулалтын орлого болон “Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн “СО” ХХК-ийн 2022 онд гүйцэтгэсэн гэх гэрээний нийт үнийн дүн зөрүүтэй байгаа нь “худал мэдээлэл” гэх үндэслэл болох байтал шүүгч үүнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн” гэжээ.
5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 521.2.1.энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;” гэж ,
мөн хуулийн 521.3-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж тус тус зохицуулсан.
6. Нэхэмжлэгч “СО” ХХК-ийн тендерт ирүүлсэн 2022 оны татварын тайлан, нэг этгээдтэй байгуулсан гэрээ, бэлэн мөнгөний баримтууд ирүүлснээс гадна өөр 8 компанитай гэрээ байгуулж, борлуулалтын орлогоо нийт 964,180,620.0 төгрөг гэж ирүүлсэн нь хоорондоо зөрүүтэй байгаа нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байх боловч энэ нь дээрх хуульд заасан тендерт оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болох “илт худал мэдээлэл” буюу “хуурамч” баримт болох нь тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
7. Учир нь хариуцагч улсын байцаагчийн дүгнэлтэд “... сонсох ажиллагааны үеэр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад дэлгэрэнгүй холбогдох гүйлгээ хйисэн санхүүгийн баримтуудыг “Э” ХХК-иас гаргуулан авч нэмэлтээр өгөхөөр тохиролцсон ч ирүүлээгүй болно“ гэж дурдсанаас үзвэл гэрээ байгуулсан эсэх, гэрээний дагуу борлуулалт хийгдсэн эсэх, хийхдээ бэлэн мөнгөөр хийсэн эсэх талаар хариуцагч өөрөө шалгаж, “худал” болохыг тогтоогоогүй атлаа нэхэмжлэгч компанийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл бүртгүүлэх санал хүргүүлсэн нь дээрх хуулийн 521.2 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг зөрчсөн байх бөгөөд хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Өөрөөр хэлбэл тендерт оролцогчийн ирүүлсэн мэдээлэл алдаатай, зөрүүтэй байх нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан эсэхэд хамааралтай болохоос зөрүүтэй мэдээлэл бүрийг “илт худал” гэж үзэх үндэслэлгүй, гагцхүү дээрх хууль, журмын дагуу хариуцагч улсын байцаагч шалгаж “илт худал” болохыг тогтоосны үндсэн дээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх санал гаргахаар байна.
9. Сангийн яам нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу уг бүртгэлд нэхэмжлэгчийг бүртгэхээр шийдвэрлэхдээ хууль зөрчиж гарсан улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн, үүний улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ