Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00559

 

 

                                                         Б-ын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 205/МА2020/0009 дүгээр  

магадлалтай,

Б.Д-ын нэхэмжлэлтэй,

Хаан банкны Завхан салбарт холбогдох

2018.10.13-ны өдрөөс 2019.11.14-ний өдрийг дуусталх ажилгүй байсан  хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, уг олговроос эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгах, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас ХААН банкнаас 2013.03.22-ны өдөр авсан орон сууц зээл, 2014.04.16-ны өдөр авсан цалингийн зээлийн хэвийн бус ангилалыг тус тус хэвийн ангилалд оруулахыг даалгах, сэтгэл санааны гэм хорын хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Өрнөхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 оноос 2014.09.22-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад жирэмсэн, амаржсаны амралтаа авсан. 2014.10.22-нд төрж, 2014.12.20-ны өдрөөс 2015.07.15-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдөл өгч чөлөө авсан. 2015.07.06-ны өдөр ажилдаа эргэн орох талаар салбарын захирал Б.Өрнөхжаргалтай уулзахад за ямар ажилд орох вэ гэж асуухад нь би өөрийнхөө ажилд орно гэхэд захирал яаж ичихгүй хэлж чадаж байна үлдээсэн ажил чинь авах юмгүй, замбараагүй, бүтэн байгаа юм нэг ч байхгүй байна, тэрийг цэгцлэх гэж чиний оронд орсон Б.Уранчимэг өдөр шөнөгүй ажиллаж, одоо овоо цэгцэрч байна. Б.Уранчимэгийг сургах гэж чамгүй хичээл зүтгэл гаргасан одоо нэг юм сурч жигдэрч байхад дахиад чамайг авч шинээр бүх зүйлийг зааж сургаж чадахгүй, чиний орны хүнийг сургаад авчихсан, чамайг авахгүй гэж хэлсэн. Би та надад сургах хэрэггүй, би 4 жил энэ ажлыг хийсэн таны сэтгэлд нийцэхгүй юм байвал хэл, тавьдаг шаардлагаа тавь, би хийдэг ажлаа хийж чадна” гэсэн бага зэрэг ам зөрөлдсөн.           Чамайг албан тушаал бууруулах шийдвэр гарган бууруулна, теллерээр орвол ор, чадахгүй бол өргөдлөө өгөөд гар гэсэн. Би тэр өдөр өргөдлөө өгөлгүй за тэгвэл би маргааш бичиг хэрэгт өргөдлөө өгье гэж хэлээд явсан. Тухайн үед би 3 сартай жирэмсэн байсан учраас захирлын дарамт албан тушаал бууруулна гэсэн шахалт байсан учир төрснийхөө дараа ажилдаа оръё, 5 сар ажиллаад дахиад жирэмсний амралтаа авах юм чинь жирэмсэн хүнд дарамттай гэж бодоод 09.01-ний өдөр хүртэл чөлөөгөө сунгах өргөдөл өгсөн. Мөн ажил олгогчийн дарамтаас болж 09.01-нээс 11.25-ны өдөр хүртэл дахин чөлөөгөө сунгах хүсэлт өгсөн. 2015.11.01-нээс 12.31-ний өдөр хүртэл жирэмсний листээ бичүүлсэн, 2015.12.28-нд төрсөн, 2016.02.25-нд амаржсаны 2 сарын хугацаа дууссан тул 2016.02.23-нд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдөл гаргасан. 2016.05.23-ны өдөр ажилд орох өргөдлөө өгөхөөр салбарын захиралтай очиж уулзахад мөн л чамайг албан тушаал бууруулах аудитын дүгнэлт гаргасан чамайг нягтлан бодогчоор ажиллуулахгүй, чи хийж чадахгүй чиний оронд орсон ажилтан одоо л ажлаа цэгцлээд бүх юм нь гарт нь ороод жигдэрсэн, чамтай хамтран ажиллаж чадахгүй, 2 нялх хүүхэдтэй ажлын ачаалал даахгүй, ерөнхий нябо өдөр бүр өглөө эрт ирж, орой бүр хааж байгаа гэх мэт шалтгаан хэлж ажилд авахгүй дансны мэдээллийн ажилтан болвол бол гэсэн. Өөрийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар 2016 онд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019.10.03-ны өдөр хүртэл шүүхийн байгууллагаар явж өвчтэй ээж, аавыгаа асарч хамгаалж чадаагүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Олон хөхүүл хүүхэдтэй, өндөр банкны зээлтэй жирийн ажилтан хүнийг үндсэн ажлаас нь чөлөөлж, өөр ажилд оруулангуутаа тэр ажлаас нь туршилтын хугацаа дууссан гэх шалтагаар халж сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Үндсэн ажлаасаа шахалт дарамтаас болж өөр ажилд шилжүүлэгдэж, уг ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдөж, шүүхийн байгууллагаар явах хугацаанд сэтгэл санаагаар их унасан, ходоод өвддөг болсон. Нойр хүрэхгүй нойргүйдэлд өртсөн, толгой өвддөг болсон, хөхний сүү татарсан.

Ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш миний зээлийн хүү Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд орж лизингийн зээл өгдөг бүх газар, ББСБ, үүрэн холбооны компаниуд, банкуудаас зээл авах боломжгүй болж давхар давхар хохирсон. Одоо ч муу зээлдэгчийн ангиллаас гаргаагүй миний эрхийг сэргээгээгүй байна. Миний 2014.04.16-нд авсан 10,000,000 төгрөгийн цалингийн зээл нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд хэвийн бус ангилалд байна. Мөн Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2013 онд авсан 46,400,000 төгрөгийн орон сууцны зээл нь муу ангилалд орж зээл авч чадахгүй хохирч явна. Б.Дминий бие 2016.12.14-нд Хаан банкны Завхан салбарын эдийн засагчийн ажлаас хууль бусаар халагдсан. 2016.12.28-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, НД, ЭМД-ийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар гомдол гаргаж 2019.10 дугаар сар хртэл шүүхийн байгууллагаар хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулсан. Иймд 2018.10.13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагаа дэмжиэ байна. Харин Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас Хаан банкнаас 2013.03.22-нд авсан орон сууцны зээл, 2014.04.16-нд авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулахыг даалгах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа татан авч байна. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Өрнөхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д нь тус шүүхэд 2019.10.08-ны өдөр гаргасан иргэний нэхэмжлэлдээ 2018.10.13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулах, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлэх, зохих дэвтэрт бичилт хийлгэх, Монгол банкны мэдээллийн сангаас орон сууцны болон цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулахыг даалгах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн          2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 19,457,075 төгрөгийг Хаан банкны Завхан салбараас гаргуулан Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 495,271 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 19,457,075 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Хаан банкны Завхан салбарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Д нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас Хаан банкнаас 2013.03.22-ны өдөр авсан орон сууцны зээл, 2014.04.16-ны өдөр авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгөөс нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан тул 164,075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 164,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 255,235 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 205/МА2020/0009 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хаан банкны Завхан салбарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Өрнөхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг удирдлага болгосон, давж заалдах шатны шүүх хуулийн уг заалт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэсэн тус заалт нь “ажилгүй байсан бол цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор харин бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгохоор маш тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгч Б.Д нь 2019.01.01-ний өдрөөс 2019.11.14-ний өдөр дуустал буюу өнөөдрийг хүртэл хугацаанд Завхан санхүүгийн нэгдэл ББСБ-д нягтлан бодогчоор, сарын 800,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажилладаг байсан болохоо зөвшөөрсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд ч зөвшөөрч тайлбарладаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь бага цалинтай ажил хийж байсан бол цалин хөлстэй тэнцэх олгоорыг олгоно” гэж” хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаарлагатай. Ажил олгогч нь ажлаас буруу халсантай холбоотойгоор цалин хөлстэй тэнцэх олговор л олгох болохоос ажилтан илүү цалин хөлсийг авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шудрага бус болно.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв хэрэглэвэл Б.Д-д анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш 2018.10.13-наас 2019.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд сарын дундаж цалин хөлсөөр тооцон 1,521,190 төгрөгөөр тооцон 2,281,785 төгрөгийг олгоно. Харин 2019.01.01-ний өдрөөс 2019.11.15-ны өдөр хүртэлх хугацаанд 11,5 сарын хугацаанд цалингийн зөрүүгээр буюу 1 сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг 1,521,190-800,000=721,190 төгрөгөөр тооцож 8,293,685 төгрөг, нийтдээ 10,575,470 төгрөгийг хариуцагч Хаан банккны Завхан салбараас гаргуулан шийдвэрлэх нь хууль ёсны болохоор байна.          Иймд Б.Д-д 10,575,470 төгрөгийг хариуцагч Хаан банккны Завхан салбараас гаргуулан олгож, харин 8,881,605 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 495,271 төгрөгийг хасч 19,457,075 төгрөгийг ХААН банкны Завхан салбараас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгах, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас ХААН банкнаас 2013.03.22-ны өдөр орон сууцны зээл 2014.04.16-ны өдөр авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулах, сэтгэл санааны гэм хорын хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Б.Д ХААН банкны Завхан салбарт холбогдуулан 2018.10.13-ны өдрөөс 2019.11.14-ний өдрийг дуустал урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгах, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн 720 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.13-ны өдрийн 29 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.04.18-ны өдрийн 549 дүгээр тогтоолоор Б.Д-ыг ХААН банкны баруун бүсийн Иргэдийн банкны Завхан салбарын эдийн засагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар нэгэнт тогтоогдсон буюу ажилтан ажлаас буруу халагдсан үйл баримтыг болон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тогтоогдсон гэж үзэн дахин нотлохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд урьд авч байсан дундаж цалин хөлсийг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцон олгох үүрэгтэй.

Шүүх Б.Д-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ өмнө нь гарсан шүүхийн шийдвэрээс ажилтны ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлсийг өөрөөр тооцсон нь буруу болжээ.

Тухайн шийдвэрээр тогтоогдсон сарын дундаж цалинг 1,422,393 төгрөг гэж тодорхойлсон, түүнээс хойш Б.Д-ын ХААН банкны баруун бүсийн Иргэдийн банкны Завхан салбарын эдийн засагчийн ажил, албан тушаалын цалин нэмэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс дахин тогтоох шаардлагагүй.

Нэхэмжлэгч Б.Д-ын ажилгүй байсан 2018.10.13-ны өдрөөс 2019.11.14-ний өдрийг хүртэлх хугацааны 13 сар 1 хоногт ногдох олговор 18,557,267 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаанд олгосон олговроос зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...ажилгүй байсан бүх хугацаа...” гэдгийг ажилтныг ажлаас чөлөөлснөөс хойш урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох хүртэл хугацааг ойлгоно.

Иймд өөр ажил эрхэлж байсан үндэслэлээр цалингийн зөрүүтэй тэнцэх олговор олгоно гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 205/МА2020/0009 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...19,457,075 төгрөгийг Хаан банкны Завхан салбараас гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 495,271 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...18,557,267 төгрөгийг Хаан банкны Завхан салбараас гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,395,079 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “...хариуцагч байгууллагаас 255,235 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.” гэснийг “...хариуцагч байгууллагаас 250,736 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.11-ний өдөр төлсөн 275,190 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭСУВД   

                             ШҮҮГЧИД                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Х.СОНИНБАЯР

                                                                                Б.УНДРАХ                 

                                                                                 Д.ЦОЛМОН