Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 00204

 

2018 оны 02 сарын 27 өдөр Дугаар 142/ШШ2018/00204 Орхон аймаг 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, 53 настай эрэгтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух, Ш.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э  ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 29 748 232 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ш.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 142/ШШ2016/00979 тоот шийдвэрээр М  намайг Эрдэнэт медикал төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Э  ХХК-аас надад 2015.08.19-ний өдрөөс 2016.07.07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж 2016.09.12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2016.12.16-ны өдөр 001/ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус гаргаж, уг шийдвэр хэвээр үлдсэн. Э  ХХК нь цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон хэдий ч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, намайг ажилд эгүүлэн тогтоохгүй байсан. Иймд миний бие нь Э  ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.04.05-нд гаргасан болно. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.05.29-ний өдрийн 142/ШШ2017/00617 тоот шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,497,712 төгрөгийг надад олгож, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, тус шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж 2017.06.29-ний өдрийн 139 тоот магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2017.11.10-ны өдөр 001/ХТ2017/01376 тоот тогтоол тус тус гаргаж, уг шийдвэрийг хэвээр үлдсэн. Э  ХХК нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 142/Ш32017/01903 тоот захирамжийг биелүүлэхгүй байсан. Миний бие нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гэрээг 2017.04.19-ний өдөр байгуулсан болно. Өнгөрсөн хугацаанд Шийдвэр гүйцэтгэх албанаас намайг ажилд эгүүлэн тогтоолгохоор Э  ХХК-д албан бичгээр удаа дараа мэдэгдэж/2017.11.29/, миний бие тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Б-тэй - 3, Хууль эрх зүйн газрын дарга Д.Ц - 3, Хүний нөөцийн хэлтсийн дарга О.Х-той - 5, хүний нөөцийн менежер н.А, н.Б нартай хэд хэдэн удаа уулзалт хийсэн хэдий ч тодорхой шийдэлд хүрээгүй болно. Өөрөөр хэлбэл, Э  ХХК нь одоо болтол Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 142/ШШ2016/00979 тоот шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, намайг ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байна.

Энэхүү байдлаас үүдэн миний эрүүл мэнд болон санхүүгийн байдалд хүндрэл учирч, ялангуяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт дутуугаас үүдэн аливаа эмнэлэгт ч үзүүлэх боломжгүй болж, эрүүл мэндээрээ асар их хохирч ирсэн. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 142/ШШ2016/00979 тоот шийдвэрээр миний ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 3.762.278 төгрөгөөр тооцсон. Иймд Э  ХХК нь 2017.05.30-ны өдрөөс хойш ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг надад олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд. нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой.

Иймд Э  ХХК-аас 2017.05.30-ны өдрөөс 2018.01.31-ний өдөр хүртэл надад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 29,748,232 төгрөгийг гаргуулж, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ш.М ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ажилтны цалин хөлсөд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2017.05.29-ний өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеээр ажиллаагүй байх тул түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь Э  ХХК-ийн бүтцээс гарсан буюу түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилж ажиллуулах бүтцийн нэгж нь бие даасан байгууллага болсон. Нэгэнт байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаал байхгүй болсон ийм нөхцөл байдалд Ш.М  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэл гаргаж шүүхээр тогтоолгох үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаал ажиллуулах талаар ямар нэг тохиролцоонд хүрч чадахгүй, эсвэл бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаалыг дахин шинэр бий болгоогүй гэх мэт тохиолдолд нэхэмжлэгч нь ажилгйү байсан хугацааны цалин хөлсийг удаа дараалан нэхэмжилсээр байж болох нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэг талаас эрх зүйн хийдлийг ашиглах боломжийг хэргийн оролцогчид олгохоор байна. Энэ мэтээр цалин гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг удаа дараа гаргах нөхцөл боломж гарсаар байвал ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд их хэмжээний эдийн засгийн хохирол амсахаар байна. Иймд дээрх үндэслэлээр иргэн Ш.М ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч Ш.М  нь Э  ХХК-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 29 748 232 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Ш.М  нь Э  ХХК-ийн харъяа Эрдэнэт медикал төв эмнэлэгийн захирлын ажлыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл гүйцэтгэж байгаад, үйлдвэрийн Ерөнхий захирлын Б/952 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байх ба Ш.М  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр 'Эрдэнэт медикал" төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Э  ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2016/01412 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Гэвч хариуцагч Э  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байснаас нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сард шүүхэд хандаж шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 617 дугаар шийдвэрээр Э  ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 38 497 712 төгрөгийн олговор гаргуулж Ш.М ад олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг Э  ХХК-аас шаардах эрхтэй.

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 979 дугаартай, мөн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 617 дугаар шийдвэрээр тус тус нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 3,762,278 төгрөгөөр тооцсон байх бөгөөд шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон, цалин хөлсний хэмжээг дахин тооцох, нотлох шаардлагагүй нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүхшийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Иймд Э  ХХК-аас нэхэмжлэгч Ш.М ын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажлын 150 хоногийн олговор / 3 762 278:21,5=174 990 төгрөг, 174 990х150 хоног=26 248 500 төгрөг / 26 248 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн илүү тооцож нэхэмжилсэн 3 499 732 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэдзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 26 248 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 499 732 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ш.М ын цалинтай тэнцэх олговор 26 248 500 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-нд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э  ХХК-иас 289 192 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА