Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00056

 

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00056

 

 

 

Ш.М ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Э  ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00204 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.М ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э  ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 29.748.232 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ш.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 142/ШШ2016/00979 тоот шийдвэрээр Шаравын М  намайг Эрдэнэт медикал төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Э  ХХК-аас надад 2015.08.19-ний өдрөөс 2016.07.07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж 2016.09.12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2016.12.16-ны өдөр 001/ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус гаргаж, уг шийдвэр хэвээр үлдсэн. Э  ХХК нь цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон хэдий ч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, намайг ажилд эгүүлэн тогтоохгүй байсан. Иймд миний бие нь Э  ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.04.05-нд гаргасан болно. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.05.29-ний өдрийн 142/ШШ2017/00617 тоот шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,497,712 төгрөгийг надад олгож, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, тус шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж 2017.06.29-ний өдрийн 139 тоот магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2017.11.10-ны өдөр 001/ХТ2017/01376 тоот тогтоол тус тус гаргаж, уг шийдвэрийг хэвээр үлдсэн.

Иймд Э  ХХК-аас 2017.05.30-ны өдрөөс 2018.01.31-ний өдөр хүртэл надад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 29.748.232 төгрөгийг гаргуулж, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ажилтны цалин хөлсөд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2017.05.29-ний өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеээр ажиллаагүй байх тул түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь Э  ХХК-ийн бүтцээс гарсан буюу түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилж ажиллуулах бүтцийн нэгж нь бие даасан байгууллага болсон. Хэрэв нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаал ажиллуулах талаар ямар нэг тохиролцоонд хүрч чадахгүй, эсвэл бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаалыг дахин шинэр бий болгоогүй гэх мэт тохиолдолд нэхэмжлэгч нь ажилгйү байсан хугацааны цалин хөлсийг удаа дараалан нэхэмжилсээр байж болох нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэг талаас эрх зүйн хийдлийг ашиглах боломжийг хэргийн оролцогчид олгохоор байна. Энэ мэтээр цалин гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг удаа дараа гаргах нөхцөл боломж гарсаар байвал ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд их хэмжээний эдийн засгийн хохирол амсахаар байна. Иймд дээрх үндэслэлээр иргэн Ш.М ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00204 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 26 248 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 499 732 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ш.М ын цалинтай тэнцэх олговор 26.248.500 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э  ХХК-иас 289.192 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.М  давж заалдсан гомдолдоо:

Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 5-р сарын 30-наас 2018 оны 1-р сарны 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 29,748,232 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх 2017 оны 05 сарын 30-наас өдрөөс 2018 оны 01 сарын 02-ны өдөр буюу 150 хоногоор олговор 26248500 төгрөг гаргуулахаар болсон бөгөөд 2018 оны 01 сарын 31-ныг хүртэл цалин хөлс нэхэмжилснийг ойлгоогүй болно.Тэгэхээр 2018 оны 1 сарын 02-ноос 1 сарын 31 өдөр хүртэлх цалин хөлсөө нэхэмжлэх эрхийг хааж хэрэгсэхгүй болгоод намайг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 499 732 төгрөгийг нэмж олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь 2017.05.29-ний өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеээр ажиллаагүй байхад шат шатны шүүх удаа дараа түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй байна. Хариуцагч талаас урьд урьдны шүүх хуралдаануудад тухайн нэхэмжилсэн хугацааны цалингийн тооцооллыг сар тус бүрээр нь Ш.М ын үндсэн цалингийн хэмжээг үндэслэн шүүхийн шаардлага хангах хэлбэрээр бичмэл нотлох баримтыг гаргаж өгсөөр ирсэн. Гэтэл шүүх хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэлийн татгалзлыг нотлох баримт болохгүй, шаардлага хангаагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтад үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг хянан шийдвэрлэж байна. Нөгөө талаас ажилтны цалин хөлсөд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ.

Энэ нь тухайн ажилтан өөрийн биеэр ажиллаагүй байхад түүний нэхэмжилсэн мөнгөн дүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг хамтатган тооцох нь буруу гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь Э  ХХК-ийн бүтцээс гарсан буюу түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилж ажиллуулах бүтцийн нэгж нь бие даасан байгууллага болсон.

Үүнээс гадна бүтцийн өөрчлөлтөөр тухайн байгууллага, албан тушаал байхгүй болсон ч Э  ХХК нь нэхэмжлэгчид Э  ХХК-ийн Засвар механикийн заводад ажиллуулах талаар саналыг тухайн үед хүргүүлж байсан боловч Улаанбаатар хотод байгаа, удахгүй очоод авна гэх зэргээр тайлбар хийж байсан боловч одоог хүртэл уг мэдэгдлийг гардаж авах үүргээ биелүүлээгүй байна. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Э  ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх тодорхой арга хэмжээ авсан боловч үүнийг нэхэмжлэгч тал хүлээн авахгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй, санал болгосон ажлын байрыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэдэг нэрийн дор хариуцагч байгууллагаас ямар нэг ажил хөдөлмөр эрхлээгүй байж их хэмжээний мөнгийг удаа дараа авч байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн үндсэн зарчмыг алдагдуулж байна. Иймд шийдвэрийн холбогдох хэсгийг буюу Э  ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 26.248.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М ад олгож... гэсэн хэсгийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.М  нь Э  ХХК-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 29.748.232 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 26 248 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 499 732 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ш.М ын цалинтай тэнцэх олговор 26.248.500 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-нд даалгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.М  нь Э  ХХК-ийн харъяа Э  ХХК-ийн Медикал төв эмнэлгийн захирлаар 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллажээ.

Э  ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14 ний өдрийн Б/952 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ.

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр 'Эрдэнэт медикал" төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Э  ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40.772.594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээжээ.

Гэтэл хариуцагч Э  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байснаас нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сард шүүхэд хандаж шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 617 дугаар шийдвэрээр Э  ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 38.497.712 төгрөгийн олговор гаргуулж Ш.М ад олгохоор шийдвэрлэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг Э  ХХК-аас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Ш.М ын ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 3.762.278 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх нэхэмжлэгч Ш.М ын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажлын 150 хоног гэж дүгнэсэн буруу байх тул 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртлэх 170 хоногийн 29.748.232 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.М ын давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч Э  ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.192 төгрөгийг буцаан олгох зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00204 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 26.248.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.499.732 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 29.748.232 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М ад олгосугай ...гэж,

Шийдвэрийн 2 дах заалтыг ... Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ш.М ын цалинтай тэнцэх олговор 26.248.500 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-нд даалгасугай... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ш.М ын цалинтай тэнцэх олговор 29. 748.232 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э  ХХК-нд даалгасугай...гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э  ХХК-иас 289.192 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай ... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э  ХХК-иас 306.691 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай ...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Э  ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.192 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН

 

Б.БАТТӨР