Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00742

 

*******ын нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1180 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох, 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00102 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Одончимэг, ******* нараас нийт 54,118,755 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч *******, Б.Одончимэг нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 151,350,000  төгрөгийн үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 69 дүгээр байрны 18 тоот, 3 өрөө орон сууцыг 91,837,162 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/1165 дугаар мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч мэдлээ. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хотын төвийн А зэрэглэлийн 50,45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Уг үнэлгээг гаргахдаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо нь газар зүйн байршлын хувьд ч ашигтай талбайн хувьд ч Баянзүрх дүүргийн Сансар орчмын 3 өрөө орон сууц нь 120,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийн хооронд зах зээлд худалдан борлогдож байдаг. Уг байр нь зах  зээлийн үнээр үнэлэгдсэн бол 120,000,000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр Б.Одончимэг, ******* нараас 54,617,499 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 69 дүгээр байрны 18 тоот, 50.45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19290656/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 192900656/02 дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч Б.Одончимэг, ******* нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлснийг төлбөр авагчид мэдэгдэхэд зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 91,837,162 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/1165 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үнэлгээг зах зээлийн үнээс хэт бууруулж гаргасан талаар нотлох баримт байхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1180 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэр , Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1180 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 69 дүгээр байрны 18 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлалын дагуу гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн төдийгүй харьцуулалтын аргыг хэрэглэхдээ харьцуулалт хийж буй хөрөнгийн талбайн хэмжээ зөрүүтэй, хэдэн онд баригдсан, ямар чанар хийцтэй хөрөнгөтэй харьцуулсан нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 16-нд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс энэ өдөр дардас дарж хүлээн авсан байтал шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр буюу нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш В дахь хоног дээр иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг зөрчсөн байна . Иймд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байтал давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй шийдвэр гаргасан байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1180 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

Нэхэмжлэгч ...зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн,шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Одончимэг, ******* нараас 54,118,755 төгрөгийг гаргуулж ХХБ-д олгох, барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 69 дүгээр байр, 18 тоотын 50.45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.08-ний өдрийн 00102 дугаар шийдвэр, 2019.03.28-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, улмаар үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч 151,350,000 төгрөгийн санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй байна /хх 83-84 тал/.  

Талууд үнийг тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-г зөрчөөгүй байна.

 Шинжээч Сэлэнгэ эстимейт ХХК нь 3 өрөө орон сууцыг 91,837,162 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргажээ.  

Сэлэнгэ эстимейт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан аргачлалын дагуу өртгийн, орлогын, зах зээлийн аргаар үнэлж, энэ тухайгаа тайланд тодорхой тусгасан бөгөөд нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 76.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1180 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН