Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/00796

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/00796

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Э-н нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00102 дугаар шүүхийн шийдвэрээр Б.О, Э.Э нараас нийт 54 118 755 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч Э.Э, Б.О нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 151 350 000  төгрөгийн үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас С ХХК-ийг шинжээчээр томилон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3 өрөө орон сууцыг 91 837 162 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн   .. дугаар мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч мэдлээ. Иймд Н газраас хотын төвийн А зэрэглэлийн 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулна...”, мөн хуулийн 55.7-д “...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Уг үнэлгээг гаргахдаа ... 15 дугаар хороо нь газар зүйн байршлын хувьд ч ашигтай талбайн хувьд ч  3 өрөө орон сууц нь 120 000 000 төгрөгөөс 150 000 000 төгрөгийн хооронд зах зээлд худалдан борлогдож байдаг. Уг байр нь зах  зээлийн үнээр үнэлэгдсэн бол 120 000 000 төгрөгөөр үнэлэгдэх байсан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр Б.О, Э.Э нараас 54 617 499 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биөлүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох .... 18 тоот, 50.45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулхаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19290656 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгө болох 18 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19290656/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 192900656/02 дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч Б.О, Э.Э нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлснийг төлбөр авагчид мэдэгдэхэд зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор харөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход, 18 тоот орон сууцыг 91 837 162 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/1165 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үнэлгээг зах зээлийн үнээс хэт бууруулж гаргасан талаар нотлох баримт байхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Нгазарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөржээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү- дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.О, байх бөгөөд Худалдаа хөгжлийн банк ХХК, Б.О, Э.Э нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

 

Зээлдэгч Б.О, Э.Э нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00102 дугаар шийдвэрээр хариуцагч Б.О, Э.Э нартай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээг цуцалж, 54 118 755 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ...... тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Н газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ......  дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Б.Оийн өмчлөлийн .....  дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“С” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн ....  дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 91 837 162 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... 3 өрөө орон сууц зах зээлд 120 000 000-150 000 000 төгрөгийн хооронд худалдагддаг” гэж тайлбарлан шинжээчийн дүгнэлтийн судалгаа 1, 2 гэсэн хэсгийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч 150 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц нь 80.88 м2 буюу 1 м2 нь 1 854 600 төгрөг, 120 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц нь 91.3 м2 буюу 1 м2 нь 1 642 935 төгрөг байгаа нь маргаан бүхий орон сууцны 1 м2-ыг 1 820 360 төгрөгөөр үнэлснээс хэт зөрүүгүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.   

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ