Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/274

 

2022            8           05                                  2022/ШЦТ/274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,   

улсын яллагч Ц.Л,

хохирогч З.О,

шүүгдэгч М.У, өмгөөлөгч Д.Г,

шүүгдэгч Ц.М, өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У, Ц.М нарт холбогдох эрүүгийн 2025003220291 дугаартай хэргийг тус шүүх 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, М.У

Монгол Улсын иргэн, Ц.М

Шүүгдэгч М.Унь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа;

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч Ц.М бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд З.О-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.М нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа;

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч М.Утай бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Баттуулд холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан иргэн Б.Уранцэцэгээс залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.У“...Миний бие Орхон аймгийн Цагдаагийн газарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Баг хариуцсан цагдаагийн албан тушаалтай байхдаа Мөнх-Эрдэнээс хууль, эрх зүйн туслалцаа авч хэрэг материалыг шийдэж байсан. Улсын яллагч бүлэглэж гэж ярьж байна, би Идэрцогт болон Отгонхүү нараас нэг ч төгрөг аваагүй, үүнийгээ батлан хэлж байна. Гэм буруугийн асуудлаа ялгаж салгуулах хүсэлтэй байна. Бид нарын ажлын чиг үүрэгт торгуулийн мөнгө тушаах гэсэн зүйл байхгүй, тушаагаад ир гээд явуулдаг байсан.” гэв.

шүүгдэгч Ц.М“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогч З.О-н “...Тухайн үед Хүрэнбулаг багийн байранд аавтайгаа очсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгт өгсний дагуу зүйл болсон. Торгуулийн арга хэмжээ авна гэхээр нь банк дээр очтол банк хаасан байсан, би ааваасаа 100.000 төгрөг аваад өөрт нь бэлнээр өгсөн. Торгуулийн мөнгийг М.Ут өгсөн, гомдол, санал байхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;          

хохирогч З.И-н “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр санагдаж байна, Мөнхзул бид хоёр маргалдаад, охин Мөнхзул цагдаа дуудаад, намайг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд саатуулсан. Маргааш өглөө Мөнхзул нэг цагдаагийн хамт эрүүлжүүлэх байранд ирчихсэн, цагдаа нь намайг “иргэний үнэмлэхээ өг” гэж аваад, “торгуулийн мөнгө 100.000 төгрөг олоод 6 дугаар микрт байх цагдаагийн алба хаагчийн өрөөнд ирээрэй.” гэсэн. ...Одгэрэл захирлаас 100.000 төгрөг бэлнээр авч, 6 дугаар микрт байх цагдаагийн алба хаагчид 100.000 төгрөгийг аваачиж өгсөн. ...Сүүлд 2020 оны 2 дугаар сард Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга гэх хүнтэй уулзаж “2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр танай цагдаагийн алба хаагчид торгуулийн мөнгө 100.000 төгрөг, иргэний үнэмлэхээ өгсөн, иргэний үнэмлэхээ авах гээд цагдаагийн алба хаагчийг олохгүй байна.” гэсэн чинь тасгийн дарга гэх хүнийг дуудаад “энэ хүний асуудлыг шийдэж өг” гээд, тасгийн дарга гэх хүн бичиг баримтаа шүүж үзээд тухайн үед торгуулийн мөнгө, иргэний үнэмлэх авсан алба хаагчийг Ундрахбаяр болохыг тогтоогоод гурван албан хаагчийг дуудаж, өрөөндөө оруулж ирээд “энэ гурван хүний аль хүн нь танаас иргэний үнэмлэх, торгуулийн мөнгө 100.000 төгрөг авсан юм бэ” гэж асуухаар нь би хамгийн баруун талын захын залууг заасан, миний заасан албан хаагчийг “Ундрахбаяр гэдэг, та зөв заалаа, тантай холбоотой гомдол, мэдээллийг тухайн үед шалгасан албан хаагч” гэж тасгийн дарга гэх залуу хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-51 дэх тал/,   

“...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэн гэх цагдаа мэдүүлэг авсан талаар зургийг харж байгаад зааж өгсөн байгаа, зургийг нь зааж өгсөн цагдааг Ундрахбаяр гэдгийг албан шалгалт явуулж байхад мэдсэн. Харин торгуулийн 100.000 төгрөгийг авсан цагдааг Мөнх-Эрдэнэ гэх цагдаа болохыг сүүлд санаж, таньж оруулах ажиллагаа дээр зургийг нь заасан. ...6 дугаар микрт байх цагдаагийн байранд очсон чинь намайг эрүүлжүүлэх саатуулах байрнаас охин Мөнхзулын хамт авсан цагдаа байхгүй, өөр цагдаа сууж байсан, тэгээд тэр цагдаа “яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “торгуулийн мөнгө авч ирлээ” гэсэн чинь “надад өгчих” гээд авсан, сүүлд санахад  надаас торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан цагдаа Мөнх-Эрдэнэ гэх цагдаа байсан, би Мөнх-Эрдэнэ гэх цагдаатай хэд, хэдэн удаа уулзаж, “таны хажууд сууж байсан цагдаа миний иргэний үнэмлэхийг хураан авсан, иргэний үнэмлэхээ авах гэсэн юм” гэх шалтгаанаар иргэний үнэмлэх авсан цагдааг хайж, уулзаж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал/,  

гэрч И.М-н “...би цагдаагийн байгууллагад дуудлага өгсний маргааш нь Цагдаагийн газрын гадаа аавыг эрүүлжүүлэх байрнаас авч байхад Ундрахбаяр цагдаа “аав чинь захирлаасаа торгуулийн 100.000 төгрөг аваад өгнө гэж байна, чи гомдол саналгүй гэх бичгээ өгөөрэй” гэсэн. ...аавд иргэний үнэмлэх нь хэрэг болоод Ундрахбаяр цагдаагаас иргэний үнэмлэхээ авах гээд хайгаад олоогүй. ...Би тухайн үед нэг ч баримт, бичиг, тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй. Ундрахбаяр гэх цагдаа надаас мэдүүлэг аваад удаад байхаар нь миний уур хүрээд гараад яваад өгсөн. Намайг яваад өгөхөөр миний өмнөөс гарын үсэг зурсан байх.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82-85 дахь тал/,  

“...надаас мэдүүлэг авч, 20.000 төгрөгийн 4, 5 ширхэг дэвсгэрт үзүүлж “аавын чинь өгсөн торгуулийн мөнгө гэж үзүүлсэн цагдаагийн алба хаагч, надтай хамт аавыг эрүүлжүүлэх байрнаас авсан цагдаагийн алба хаагч мөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86-88 дахь тал/,  

гэрч Н.Б-н “...2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр намайг дуудаж “энэ иргэн хоёр жилийн өмнө манай нэг алба хаагчид арга хэмжээ авхуулаад 100.000 төгрөгөөр торгуулж, иргэний үнэмлэхээ хураалгасан, одоо иргэний үнэмлэхээ олж авах гээд яваад байна, арга хэмжээ авсан алба хаагч хэн болохыг олоод танилцуул” гэсэн. Би З.Идэрцогт гэх иргэнтэй уулзсан чинь “6 дугаар микрт байх цагдаагийн байранд иргэний үнэмлэх, торгуулийн мөнгө өгсөн” гэхээр нь 6 дугаар микрийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнх-Эрдэнийг дуудаж тухайн иргэн З.Идэрцогтоос “энэ цагдаагийн алба хаагч таны иргэний үнэмлэхийг хураан авч, танд арга хэмжээ авсан хүн мөн үү” гэж асууж тодруулахад “энэ алба хаагч бишээ, гэхдээ тухайн үед энэ байцаагчийн хажууд нь сууж байсан цагдаагийн алба хаагч миний иргэний үнэмлэхийг хураан авч, торгуулийн арга хэмжээ авч байна гэж намайг 100.000 төгрөгөөр торгосон.” гэсэн. Би Мөнх-Эрдэнээс “хэн гэх цагдаагийн алба хаагч чамтай тухайн үед байсан бэ” гэж асуухаар “мэдэхгүй байна, санахгүй байна” гэж байсан, тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагын Зөрчлийн нэгдсэн сангаас хайлт хийсэн чинь “иргэн И.Мөнхзулаас гаргасан 561 дугаартай зөрчлийн гомдлыг хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч М.Ушалгаж “зөрчлийн шинжгүй” гэж 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр татгалзаж шийдсэн бүртгэл байсан. 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хэсгийн байцаагч М.У“З.Идэрцогтын иргэний үнэмлэхийг олоод ирлээ” гээд аваад ирэхээр нь Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Билэгсайханыг байлцуулан М.Уаас иргэн З.Идэрцогтын иргэний үнэмлэхийг хураан авч, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр З.Идэрцогтод иргэний үнэмлэхийг нь хүлээлгэн өгсөн. Иргэн З.Идэрцогтод М.Уыг харуулж “энэ цагдаагийн алба хаагч таны иргэний үнэмлэхийг хураан авч, танаас торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан хүн мөн үү” гэж асуухад “мөн” гэж таньж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

“...Би З.И-с “сая орж ирсэн хоёр цагдаагийн аль нь таниас торгуулийн 100.000 төгрөг, иргэний үнэмлэхийг чинь авсан юм бэ” гэсэн чинь М.Уыг шууд зааж байсан. ...З.Идэрцогтын охин ороод ирэхээр нь М.Уыг гаргаад З.Идэрцогтын охин И.Мөнхзулаас тайлбар авсан, тухайн үед “сая надтай зөрж таны өрөөнөөс гарсан цагдаа надаас мэдүүлэг авч, энэ аавын чинь өгсөн торгуулийн мөнгө гэж 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт үзүүлсэн цагдаа мөн байна” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

гэрч Б.Б “...М.Узөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан мөн. ...2020 оны 2 дугаар сард иргэн З.Идэрцогт гэх иргэний асуудлаас болоод М.Ут холбогдуулан Н.Батнасан дарга албаны шалгалт явуулж байх үед М.Унь З.Идэрцогт гэх хүний иргэний үнэмлэхийг “орон сууцныхаа болкон дээр байх хуучин хувцасныхаа халааснаас оллоо” гээд намайг байлцуулан Н.Батнасан даргад иргэний үнэмлэхийг хураалгасан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

гэрч Б.Э-н “...тухайн материалыг цохогдсон албан хаагч эхнээс нь дуустал өөрөө л шалгах ёстой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал/,     

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч З.И-р таньж олуулах ажиллагааг явуулсан байх бөгөөд “...“2” дугаартай зураг дээрх хүнийг торгуулийн 100.000 төгрөг авсан хүн мөн байна гэж зааж, “4” дугаартай зураг дээрх хүнийг иргэний үнэмлэх хураан, саатуулах байрнаас авсан, мэдүүлэг авсан хүн мөн байна гэж заасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,      

“1”  дугаартай зурагт үл таних хүний зураг,

“2” дугаартай зурагт Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Мөнх-Эрдэнэ,

“3” дугаартай зурагт үл таних хүний зураг,

“4” дугаартай зурагт Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч М.Уын зураг зэргийг дарааллуулан байрлуулсан, таньж олуулах ажиллагааг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн болохыг тэмдэглэсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,      

хохирогч З.Идэрцогтод таньж олуулах ажиллагаа хийсэн гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/, 

Захиргааны зөрчлийн арга хэмжээ авахаас татгалзсан материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал/, 

 

хохирогч Б.У-н “...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Э.Баттуул миний ажиллаж байсан америк барааны дэлгүүрт согтуу ирээд агсан тавиад байхаар нь би дуудлага өгч, цагдаа ирж Э.Баттуулыг цагдаагийн газар луу аваад явсан. Би маргааш өглөө нь Орхон аймаг дахь Цагдаагийн газраас нөхөр Э.Баттуулыг гарган авч, миний гомдлыг 6 дугаар микр хариуцсан Ц.Мцагдаа шалгаад, нөхөр Э.Баттуулыг “105.000 төгрөгөөр торгоно” гээд тухайн үед Э.Баттуулд мөнгө байхгүй, би нөхөр Э.Баттуулын өмнөөс Ц.Мцагдаад торгуулийн 105.000 төгрөгийг өгсөн, Ц.Мцагдаа ямар нэгэн шийтгэлийн, торгуулийн хуудас өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,    

“...манай нөхөр байсан Э.Баттуул нь намайг америк барааны дэлгүүрт ажиллаж байхад хоёр удаа ирж агсан тавиад байхаар нь цагдаа дуудаж шалгуулж байсан. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Э.Баттуул эрүүлжүүлэгдээд маргааш нь би өөрөө цагдаагаас очиж авч, торгуулийн мөнгө гэж 105.000 төгрөгийг Ц.Мцагдаад өгсөн, дараа нь дахин 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эрүүлжүүлэгдээд би маргааш нь бас Э.Баттуулын өмнөөс торгуулийн мөнгө гэж 105.000 төгрөгийг Ц.Мцагдаад өгсөн. Ц.Мцагдаад би хоёр удаа Э.Баттуулын өмнөөс торгуулийн мөнгө гэж 105.000, 105.000 төгрөг өгч байхад торгуулийн хуудас юм уу ямар нэгэн баримт өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,    

гэрч Б.Э “...иргэн Э.Баттуулыг 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 44 минутад эрүүлжүүлэгдсэн гэх мэдээлэл нь зөрчил гаргасан өдөр нь эрүүлжүүлэх байрны эмч санд бүртгэсэн мэдээлэл юм. ...Нэг шивсэн мэдээлэл нь эрүүлжүүлсэн талаар, нөгөө шивсэн мэдээлэл нь зөрчлийг нь шийдвэрлэсэн талаар бүртгэсэн мэдээлэл юм. Манай Орхон аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Э.Баттуул нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан зөрчилдөө холбогдуулан 100.000 төгрөгөөр торгуулсан талаарх материал байна, уг материалыг хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мзөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад торгосон байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,

Ц.М зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан Б.Уранцэцэгийн гаргасан гомдолтой 1100-0006763 дугаартай материалд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 195-205/,       

Э.Б “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт /4 дэх хавтаст хэргийн 57 дахь талын ар тал/,    

Э.Б “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эрүүлжүүлэгдсэн баримт /4 дэх хавтаст хэргийн 57 дахь талын ар тал/,    

Э.Б “2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Согоот баг Пирамид төвийн америк барааны дэлгүүр дотор агсан тавиад байна гэх дуудлаганд дэд ахлагч Мөнхбаяр очиж, Баттуулыг эрүүлжүүлж, 0091993 дугаартай хуудсаар шийтгэл оногдуулсан баримт /4 дэх хавтаст хэргийн 59 дэх тал/,     

Э.Баттуул 100.000 төгрөгөөр торгуулсан тухай, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэ-Очироос гарган өгсөн 1100041190000209 Э.Баттуулд холбогдох зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 8 хуудас материал /4 дэх хавтаст хэргийн 82-90 дэх тал/,     

 

хохирогч Д.Т-н “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Өлзийбуянтай маргалдсан чинь эхнэр цагдаа дуудаад, намайг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Маргааш өглөө нь 6 дугаар микрт байх цагдаагийн хэсгийн байранд очиж, Ц.Мгэх цагдаад мэдүүлэг өгсөн. Ц.Мцагдаа “торгуулийн арга хэмжээ авна, 100.000 төгрөг аваад ир” гэсэн, би тухайн өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 100.000 төгрөг аваад Ц.Мгэх цагдаад “торгуулийн мөнгө” гэж өгсөн, Ц.Мцагдаа надаас торгуулийн 100.000 төгрөг авчихаад ямар нэгэн баримт өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал/,    

хохирогч Д.Тугбадрахын Худалдаа хөгжлийн банкны дансны 2018 оны 12 дугаар сарын 26-28-ны өдрийн хуулга /1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,    

Д.Тугбадрах “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт /4 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,    

шүүгдэгч Ц.М нь хохирогч Д.Тугбадрахад 100.000 төгрөг төлсөн баримт /5 дахь хавтаст хэргийн 41 дэх тал/,  

 

хохирогч З.О-н “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн “Баялаг” төвийн караокед найзуудтайгаа маргалдсан чинь ресейпшн нь цагдаа дуудаад намайг эрүүлжүүлэхэд саатуулсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрнаас М.Угэх цагдаа аав Зундуйн хамт ирж намайг аваад 4 дүгээр микрт байх цагдаагийн байранд М.Уцагдаа надаас мэдүүлэг авсан. Тэгээд М.Уцагдаа намайг “хүнтэй маргалдсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авна, 100.000 төгрөгийг Төрийн банкинд тушаагаад ир” гэхээр нь би торгуулийн 100.000 төгрөгийг тушаах гээд урт цагаанд байх Төрийн банкинд очсон чинь банк хаагдсан байсан болохоор хэсгийн байцаагч М.Удээр очоод “хаалттай байна” гэсэн чинь “надаа торгуулийн 100.000 төгрөгөө өгчих, би өөрөө тушаая” гээд 4 дүгээр микрт байх цагдаагийн байранд ажлын өрөөндөө бэлнээр торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/,    

З.О “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт /4 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,    

шүүгдэгч М.Унь хохирогч З.Отгонхүүд 100.000 төгрөг нөхөн төлсөн баримт /5 дахь хавтаст хэргийн 38 дахь тал/,  

Ц.М яллагдагчаар өгсөн “...Согоот багийн хэсгийн байцаагчаар 2018 онд намайг ажиллаж байх үед Б.Уранцэцэгээс нөхөр Э.Баттуулдаа холбогдуулан гомдол гаргаж, би хэд, хэдэн удаа гомдлыг нь шалгаж байсан, Э.Баттуулд холбогдох зөрчлийн материалыг сайн санахгүй байна, хэрвээ зөрчлийн шинжгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн бол торгуулийн арга хэмжээ авахгүй, гомдол мэдээлэл гаргагчид татгалзаж шийдвэрлэж байгаа талаараа мэдэгдэж, гарын үсэг зуруулдаг. О.Ганхуяг, Д.Тугбадрах нарт холбогдох зөрчлийн материалын талаар санахгүй байна, би З.Идэрцогтод холбогдох зөрчлийн материалыг шалгаагүй, ямар учраас хохирогч З.Идэрцогт гэх хүн намайг торгуулийн 100.000 төгрөг авсан гээд байгаа талаар мэдэхгүй байна, би М.Уын өмнөөс М.Ут цохогдсон материалыг шалгаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

М.У яллагдагчаар өгсөн “...Би эдгээр хүмүүст холбогдох зөрчлийн материалуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Анх З.Идэрцогт гэх хүн надад торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг өгөөгүй, Ц.Мцагдаад өгсөн гэж байхад намайг энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. З.Идэрцогтод холбогдох зөрчлийн хэргийн материал дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, З.Идэрцогтод холбогдох зөрчлийн материалыг хэсгийн байцаагч Ц.Мөнх-Эрдэнийг гуйж шалгуулсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.У-т холбогдуулж явуулсан албан шалгалтаар иргэдээс торгуулийн мөнгө нэрээр 100.000 төгрөг бэлнээр авсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул харъяаллын дагуу шилжүүлэв.” гэсэн мэдээллийг Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картад бүртгэгдсэн бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/, 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Батбаярын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 39/02-3065 дугаартай албан бичиг, 2020047000006 дугаартай албаны шалгалтын материал /1 дэх хавтаст хэргийн 4, 5-46 дахь тал/,   

Ц.М иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 208, 210 дахь тал/,      

гэрч З.Идэрцогт мэдүүлгийн бичлэг гэсэн бичвэртэй,

Таньж олуулах ажиллагааны дуу, дүрсний бичлэг, И.Мөнхзул, З.Идэрцогт нар гэсэн бичвэртэй,   

Б.М, Д.Тугбадрах, З.О, Б.У нарын гэрчээр мэдүүлэг өгөх үеийн видео бичлэг гэсэн бичвэртэй 3 ширхэг хуурцаг /1 дэх хавтаст хэргийн сүүлийн  хавтаст наасан/,      

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч М.У-г 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэсгийн байцаагчаар томилж, цагдаагийн дэслэгч цол олгосон мэдэгдэл, албан тушаалын тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 165, 166-171/,       

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч М.У, Ц.М нар нь 2018 онд зөрчлийн материалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдаас торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авч, материалыг зөрчлийн шинжгүй гэж татгалзан шийдвэрлэсэн байж болзошгүй байх тул уг асуудлыг тогтоох зорилгоор Орхон аймаг дахь Цагдаагийн газрын зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч Э.Баянмөнхийг оролцуулан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын зөрчлийн хэргийн архивт,  М.У, Ц.М нарын 2018 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалуудад үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 206-250, 3 дахь хавтаст хэргийн 1-250, 4 дэх хавтаст хэргийн 1-2 дахь тал/,       

Д.Т, Э.Б, З.О, З.И нар нь 2018, 2019 онуудад Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдаж байсан эсэхийг тогтоох зорилгоор Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд үзлэг хийсэн тэмдэглэл,

“З.И, Д.Т, З.О, Э.Б нар нь зөрчилд холбогдож байсан баримтууд /4 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,    

Эрүүгийн 2025003220191 дугаартай, М.У, Ц.М нарт холбогдох хэргээс М.У нь “...хохирогч Б.М албан тушаалын байдлаа ашиглан, торгуулийн мөнгө 100.000 төгрөг хуурч, залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /4 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,

Эрүүгийн 2025003220191 дугаартай, М.У, Ц.М нарт холбогдох хэргээс Ц.М нь “...хохирогч О.Г албан тушаалын байдлаа ашиглан, торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөг залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /4 дэх хавтаст хэргийн 216 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон М.У, Ц.М нараас  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч М.У-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч М.У нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд З.Отгонхүүд холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүх хуралдааны үед өгсөн хохирогч З.Отгонхүүгийн “...би ааваасаа 100.000 төгрөг аваад У-рт өгсөн.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч З.О-н “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр...хэсгийн байцаагч М.Удээр очоод “хаалттай байна” гэсэн чинь “надаа торгуулийн 100.000 төгрөгөө өгчих, би өөрөө тушаая” гээд 4 дүгээр микрт байх цагдаагийн байранд ажлын өрөөндөө бэлнээр торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан.” гэх мэдүүлгүүд,

З.О “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт, шүүгдэгч М.Унь хохирогч З.Отгонхүүд 100.000 төгрөг нөхөн төлсөн баримтуудаар,  

          Шүүгдэгч Ц.М-гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ц.М нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа,

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Б-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан иргэн Б.Уранцэцэгээс залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч Б.Уранцэцэгийн “...би нөхөр Э.Баттуулын өмнөөс Ц.М цагдаад торгуулийн 105.000 төгрөгийг өгсөн, Ц.М цагдаа ямар нэгэн шийтгэлийн, торгуулийн хуудас өгөөгүй.”,

“...Ц.М цагдаад би хоёр удаа Э.Баттуулын өмнөөс торгуулийн мөнгө гэж 105.000, 105.000 төгрөг өгч байхад торгуулийн хуудас юм уу ямар нэгэн баримт өгөөгүй.” гэх мэдүүлгүүд,

Э.Баттуул “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 12 дугаар сарын 29, 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн тухай баримт лавлагаа, Э.Баттуул “2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Согоот баг Пирамид төвийн америк барааны дэлгүүр дотор агсан тавиад байна гэх дуудлаганд дэд ахлагч Мөнхбаяр очиж, Э.Баттуулыг эрүүлжүүлж, 0091993 дугаартай хуудсаар шийтгэл оногдуулсан баримтуудаар,

хохирогч Д.Тугбадрахын “...Ц.М цагдаа “торгуулийн арга хэмжээ авна, 100.000 төгрөг аваад ир” гэсэн. ...Ц.Мцагдаа надаас торгуулийн 100.000 төгрөг авчихаад ямар нэгэн баримт өгөөгүй.” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Тугбадрахын Худалдаа хөгжлийн банкны дансны 2018 оны 12 дугаар сарын 26-28-ны өдрийн хуулга, Д.Тугбадрах “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт, шүүгдэгч Ц.Мнь хохирогч Д.Тугбадрахад 100.000 төгрөг нөхөн төлсөн баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь энэ гэмт хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.М нь “хохирогч Д.Тугбадрахыг  хуурч, 100.000 төгрөгийг залилж авсан үйлдлийг санахгүй байна” гээд, “хохирогч Б.Уранцэцэгийг хуурч, 100.000 төгрөгийг залилж авсан” үйлдлийг,

шүүгдэгч М.У нь хохирогч 3.Отгонхүүг хуурч, 100.000 төгрөгийг залилж авсан үйлдлийг,

мөн шүүгдэгч нар нь бүлэглэн, иргэн З.И-г хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж улсын яллагчтай маргасан болно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн;

хохирогч Б.Уранцэцэгийн “...Ц.М цагдаад би хоёр удаа Э.Б-н өмнөөс торгуулийн мөнгө гэж 105.000, 105.000 төгрөг өгч байхад торгуулийн хуудас юм уу ямар нэгэн баримт өгөөгүй.” гэх,

гэрч Б.Эрдэнэ-Очирын “...Нэг шивсэн мэдээлэл нь эрүүлжүүлсэн талаар, нөгөө шивсэн мэдээлэл нь зөрчлийг нь шийдвэрлэсэн талаар бүртгэсэн мэдээлэл юм.” гэх мэдүүлгүүд болон Э.Баттуул 100.000 төгрөгөөр торгуулсан тухай материал, Э.Баттуул 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эрүүлжүүлэгдсэн баримтуудаар, 

хохирогч Д.Тугбадрахын “...Ц.Мцагдаа надаас торгуулийн 100.000 төгрөг авчихаад ямар нэгэн баримт өгөөгүй.” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Тугбадрахын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Д.Тугбадрах “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүлжүүлэгдсэн болон  шүүгдэгч Ц.Мнь хохирогч Д.Тугбадрахад 100.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн баримтуудаар,

хохирогч З.Отгонхүүгийн шүүх хуралдааны үед өгсөн “...“би ааваасаа 100.000 төгрөг аваад өөрт нь бэлнээр өгсөн. Торгуулийн мөнгийг М.Ут өгсөн.” гэх,

мөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хэсгийн байцаагч М.Удээр очоод “банк хаалттай байна” гэсэн чинь “надаа торгуулийн 100.000 төгрөгөө өгчих, би өөрөө тушаая” гээд 4 дүгээр микрт байх цагдаагийн байранд ажлын өрөөндөө бэлнээр торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан.” гэх мэдүүлгүүд,

З.Отгонхүү “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэж 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт, шүүгдэгч М.Унь хохирогч З.Отгонхүүд 100.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн баримтууд зэргээр тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх боломжгүйгээс гадна шүүгдэгч нарт ашигтай байдлаар эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч М.У, Ц.М нар нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа, зөрчил гаргагч 3.Отгонхүү, Э.Баттуул, Д.Тугбадрах нарт холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа “торгуулийн мөнгө төл” гэж тэднийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч тус бүрээс 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.У, Ц.М нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий хохирогч нар нь шүүгдэгч нарын эрхэлж байсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч ажил, албан тушаалын байдалтай нь холбоотойгоор итгэл үнэмшил төрж, эд хөрөнгөө шилжүүлж хохирсон болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.У, Ц.М нар нь өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан гэж дүгнэлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.У, Ц.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч М.У, Ц.Мнарыг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.У, Ц.М нь ард түмэнд үйлчлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх Төрийн албаны тухай хуульд заасан хэд, хэдэн зарчмуудыг зөрчсөн, төрийн байгууллагын болон цагдаагийн алба хаагчийн нэр хүндийг унагасан үйлдэл гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Ц.М, М.У нарын бүлэглэн, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.Идэрцогтод холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа “торгуулийн мөнгө” гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан.” гэх үйлдэл холбогдлын тухайд,

хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч нарыг энэ гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, хамтран оролцсон буюу гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хохирогч З.Идэрцогт, гэрч И.Мөнхзул нарын удаа дараагийн мэдүүлэг бүр нь тогтворгүй, эргэлзээ төрүүлэхүйц байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.М, М.У нарыг бүлэглэж, З.Идэрцогтыг хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч М.У, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.У, Ц.М нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх хуралдаан үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.У, Ц.М нарыг тус бүр 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “...хохирол төлсөн байдлыг харгалзан 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч М.У, Ц.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос шүүгдэгч М.Унь хохирогч З.Отгонхүүд 100.000 төгрөгийг,

          шүүгдэгч Ц.М нь хохирогч Д.Тугбадрах, Б.Уранцэцэг нарт тус тус 100.000 төгрөгийг нөхөн төлснийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч М.У, Ц.М нарт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол нөхөн төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

          Бусад асуудал;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, 1 дэх хавтаст хэргийн сүүлийн  хавтаст нааж, үдсэн гэрч З.Идэрцогт мэдүүлгийн бичлэг гэсэн бичвэртэй, таньж олуулах ажиллагааны дуу, дүрсний бичлэг, И.М, З.И нар гэсэн бичвэртэй, Б.М, Д.Т, З.О, Б.У нарын гэрчээр мэдүүлэг өгөх үеийн видео бичлэг гэсэн бичвэртэй 3 ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

         шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч М.У, Ц.М нарыг бүлэглэн, З.Идэрцогтыг хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч М.У, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.У, Ц.М нарыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэрч З.Ид мэдүүлгийн бичлэг гэсэн бичвэртэй, таньж олуулах ажиллагааны дуу, дүрсний бичлэг И.М, З.И нар гэсэн бичвэртэй, мөн Б.М, Д.Т, З.От, Б.У нарын гэрчээр мэдүүлэг өгөх үеийн видео бичлэг гэсэн бичвэртэй 3 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ